| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2018/00450/и |
| Дугаар | 611 |
| Огноо | 2018-09-04 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 611
| 2018 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 156/ШШ2018/00611 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ........................................................ оршин суух, Т.Т-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ................................... оршин суух, У.Г-д холбогдох,
"эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Т.Т миний бие 2012 онд У.Г-той танилцаад хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 03 сарын 04 өдөр хүү Г.Л төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 10 сараас салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү минь миний асрамжинд амьдарч өсөж, торнисон.
Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул У.Г-г Г.Л-ийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч У.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Т.Т-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Би Т.Т-тай 2014 оноос үерхэж байгаад 2015 оны 03 сарын 04 өдөр бидний дундаас хүү Г.Л маань төрсөн.
2016 оны 10 сард бид өрх тусгаарлан нэг гэрт орж, амьдарсан бөгөөд 2017 оны 10 сард миний хадам эцэг, эхийн дарамт шахалтаас болж бид хоорондоо амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон билээ. Би өөрийн хүү Г.Л-ийн эцэг мөн гэдэгтэй маргахгүй. Нэгэнт эцэг нь мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учир хүүхэддээ тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй. Харин миний зөвшөөрөлгүй миний овгоос өөр овгоор овоглохыг зөвшөөрөхгүй. Өөр хүнд үрчлүүлэхийг зөвшөөрөхгүй. Намайг хүүхэдтэй минь хүссэн үед уулзуулж байгаасай, эцэг үрийн минь холбоог бүү таслаасай гэж хүсэж байна.
Би өөрөө өөр хүнтэй амьдарч байгаа. Т.Т бид хоёр гэр бүлийн баталгаа хийлгээгүй учир нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин би өөрөө тогтсон тогтмол орлогогүй цөөхөн хэдэн бог малтай, бме муутай ээжийгээ асран хамгаалдаг. А данс нь ээжийнх, би хувьдаа мал хөрөнгө байхгүй улиралын чанартай ажил олдвол түр ажил эрхэлдэг учир сал бүр хүүхдийнхээ тэтгэлэг төлөх боломж бололцоо тааруухан гэдгээ хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Орлого олсон үедээ 2, 3 сараар нь юм уу, хагас бүтэн жилээр нь хийж байх хүсэлтэй байна” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх- 5. 6. 13/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч У.Г-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2012 оноос хамтран амьдарсан байх ба 2015 оны 03 сарын 04 өдөр хүү Г.Л төрөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар[1] зэргээр нотлогдож байна.
Хариуцагч У.Г нь Г.Л-г өөрийн хүү мөн болохыг, мөн тэтгэлэг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4-т тус тус зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч хуульд заасны дагуу хариуцагч У.Г-ийг Г.Л-ийн эцэг нь болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүүхдийн тэтгэлгийн тухайд хариуцагч У.Г нь тодорхой цалин орлогогүй, мал хөрөнгөгүй гэх боловч энэ нь хүүхдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар Г.Л-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийн хэмжээг тогтоож, мөн хуулийн мөн хуулийн 40.2-т зааснаар хариуцагч зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Зохигчид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй ч Г.Л нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул Гэр бүлийн тухай хуулинд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээх, мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Иймд өөрийн асрамжид аваагүй хүүхэддээ ч эцэг, эхийн хувьд анхаарч, тэдний өмнө тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг зохигчдод анхааруулах шаардлагатай гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан У.Г-ийг 2015 оны 03 сарын 04 төрсөн Г.Л-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Л-г 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг У.Г-оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулах, гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
[1] Хэргийн 20-21 дүгээр тал