| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0184/З |
| Дугаар | 128/ШШ2021/0525 |
| Огноо | 2021-08-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2021/0525
| 2021 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 128/ШШ2021/0525 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ж.Ц*******
Хариуцагч: Н*******
Нэхэмжлэлийн шаардлага: Н*******д Ж ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх Urban city төслийн хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газрын дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах;
Ж.Ц-г түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн хэлтсийн дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний дагуу орон сууцанд орох хүртэл түр орон сууцаар хангахыг даалгах;
Гэр хорооллын газрын дахин төлөвлөн баталгаажуулах төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 10,324,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянгол 46 дугаар гудамж, 2 тоот хаягт Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 0******* дугаартай, нэгж талбарын 1******* дугаартай 697 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Г-2******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 000412326 дугаартай 170.14 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус гэрчлэгдэх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан.
Талуудын хоород байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж хашааг авах, Ж ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд баригдах Urban city цогцолбор хорооллын 103-р байрны 2-р орцны 5 давхрын 39.26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас 2, 101-р байрны 2-р орцны 10 давхарт 30.29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнаас 1 ширхэг, 101-р байрны доор 18 м.кв дулаан зогсоол, 101-р байрны W1-д үйлчилгээний 17 м.кв талбайгаар солихоор харилцан тохиролцсон.
Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж ХХК, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай байгуулсан. Тус гэрээгээр Н******* төсөл хэрэгжүүлэгчийн боловсруулсан төсөл төлөвлөгөөг хянаж хэрэгжүүлэх шийдвэр гаргах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гарсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Эдгээр үүргийн хэрэгжилтийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны 408 дугаар тогтоолоор эцэслэн дүгнэсэн. Тодруулбал, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5.2-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын ГХДТ-2012/1 багцын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчилд удаа дараа гаргасан гэсэн үнлэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн байна.
Н******* дээр дурдсан үүргүүдээ хэрэгжүүлээгүйн улмаас миний бие төсөл хэрэгжих хугацаанд түрээсийн төлбөр авах, орон сууцанд орох хүртэлх хугацаанд амьдрах орон байртай байх 2 болон 3 талт гэрээний салшгүй хэсэг байхаар баталгаажуулсан хэлцлээр олж авсан эрхийг ч мөн эдэлж чадахгүй байна. Үүнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01921 дүгээр шийдвэрээс харж болно.
Хариуцагч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, хэрэгжүүлэхийг хүсэхэд хариу өгөхгүй байгаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй. Эрх зүйт нийгэмд иргэн нь захиргааны байгууллагын үйлдэл, зөвшөөрөл, хамтын ажиллагааг хуулийн хүрээнд гэдэгт итгэх эрхтэй бөгөөд захиргааны байгууллагын хууль ёсны үйлдэл, хамгаалалтад итгэсэн иргэний энэхүү итгэл зайлшгүй хамгаалагдах учиртай. Гэтэл төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэх эрхийг яаралтай залгамжлуулах хариуцагчийн үүргийг саадгүй хэрэгжинэ гэдэгт итгэн 77 жил амьдрах хугацаандаа бий болгосон өмч хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө, газраа чөлөөлсөн миний итгэл хамгаалагдахгүй, өмчлөх хөрөнгөгүй, орон гэргүй 5 жилийн нүүр үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ц-с 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Төсөл хэрэгжүүлэг Ж ХХК нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түр суурьшуулах түрээсийн зардлыг 6 сараас дээш хугацаанд төлөөгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1127 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцанд хамруулах журам-ын 2.1.4-т зааснаар түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрх үүссэнийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 62 дугаар тогтоолын 3-т заасан эрхийн хүрээнд миний бие төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, түрээсийн төлбөр авах эрх үүссэн тухай хэлцэл байгуулсан. Тус хэлцлийн дагуу төсөл хэрэгжүүлэгчээс намайг орон сууцанд орох хүртэлх хугацаанд амьдрах орон байртай байлгах, түрээсийн төлбөр төлөх үүргийн дагуу сар бүр 350.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Ж ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах хүртэлх хугацаанд Ж ХХК-иас түр суурьших байрны хөлсийг гаргуулан надад олгохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00881 дүгээр шийдвэр гарсан байдаг.
Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.4-т заасны дагуу Н******* нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Ж ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргамагц төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах үйл ажиллагааг явуулах үүрэгтэй байсан.
Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах ажиллагааг явуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 29 сар 15 хоногийн хугацаанд түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрхээ зөрчигдсөнөөс хойш 10.324.999 төгрөгийн хохирол учирсан.
Иймд Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаар тогтоолын 3-т заасны дагуу хариуцагч Н******* нь үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 10.324.999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын 53.6 га талбайг гэр хорооллын дахин төлөвлөлтөд сонгон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2913 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо 5, 6, 7 дугаар хороо Ханын материал орчмын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд Ж ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1043 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Төслийн хүрээнд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 53.6 га газарт 3992 өрхийн 6 блок орон сууц 720 хүүхдийн цэцэрлэг, 500 хүүхдийн бага сургууль, 960 хүүхдийн дунд сургууль барихаар төлөвлөгдсөн боловч нийт 7058 нэгж талбараас 23 нэгж талбарын газрыг чөлөөлсөн, эхний ээлжийн 213 айлын 1 блок барилга угсралтын ажил суурийн ажлаас өөр ажил хийгдээгүй байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо 5, 6, 7 дугаар хороо Ханын материал орчмын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 2015 онд нийслэлийн төсвөөс 2.807.544.130 төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулан дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
-10/04 кв-ийн хуваарилах байгууламж 1ком /16 гаргалгаатай/
-2*630 кВа хүчин чадалтай ХТП-4 ком /12 гаргалгаатай/
-АББЛУ 3*240 мм-ийн кабель 3,78 км цахилгааны барилга угсралтын ажил
-4 яндантай сувагчлал 130 м урт, 6 яндантай сувагчлал 1350 м урт, 8 яндантай сувагчлал 50 м урт холбооны барилга угсралтын ажил
-11 худгийг томруулж стандартын М худгаар солих ажил тус тус хийгдсэн.
Төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянгол 46-р гудамж, 2 тоот хаягт оршин суух Ж.Ц-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр талт гэрээг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Тус гэрээгээр 697 м.кв газар болон 170.14 м.кв хувийн орон сууц, гаражийг шинээр барьж ашиглалтад оруулах 30.29 м.кв, 39.26 м.кв хоёр орон сууц болон 17 м.кв үйлчилгээний талбай, 18 м.кв дулаан зогсоолоор солихоор тохиролцсон.
Гэвч Ж ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Иймд Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар төслийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн Ж ХХК-ийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэр гарч, Нийслэлийн Засаг даргын А/650 дугаартай захирамжаар цуцалсан.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зарласан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт Нийслэлийн өмчийн түр суурьшуулах орон сууцанд орох тухай хүсэлт ирүүлээгүй болно. Манай байгууллагын зүгээс нийт 4 удаа төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалт зарласан боловч шаардлага хангасан компани байгаагүй.
Иймд нэхэмжлэлийг хангах боломжгүй. Хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн тохиолдолд судалж шийдвэрлэх боломжтой болохыг тус хариу тайлбараар хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц-аас Н*******д холбогдуулан Н*******д Ж ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх Urban city төслийн хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газрын дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн хэлтсийн дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний дагуу орон сууцанд орох хүртэл түр орон сууцаар хангахыг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ц-ыг түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрхтэй болохыг тогтоолгох гэж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Гэр хорооллын газрын дахин төлөвлөн баталгаажуулах төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохиролд нийт 10,324,999 төгрөгийг гаргуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Шүүх, нэхэмжлэгчээс гаргасан дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тодорхойлсон Н*******д Ж ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх Urban city төслийн хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах;
Ж.Ц-ыг түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн хэлтсийн дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний дагуу орон сууцанд орох хүртэл түр орон сууцаар хангахыг даалгах;
Гэр хорооллын газрын дахин төлөвлөн баталгаажуулах төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 10,324,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Ц нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК-тай өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо, Баянгол ... дугаар гудамж, ... тоот хаягт байршилтай 697 м.кв өмчлөх эрх бүхий газар, 170.14 м.кв хувийн сууц, гражийн эд хөрөнгийн эрхийг орон сууцаар солихоор тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2013/197 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г Н*******, төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК-тай тус тус байгуулсан нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;, 11.2-т Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, н******* гурван талт гэрээ байгуулна. гэж заасантай нийцсэн байна.
Хариуцагч дээрх гурван талт гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гэрээ хүчинтэй гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргыг гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар гэрээ байгуулахаас өмнөх үйл баримтын талаар нотлох баримт цуглуулах болон дүгнэх шаардлагагүй.
Н******* 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Ж ХХК-ийн гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан бөгөөд тус захирамжийг Ж ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 408 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 2.2-т Гэрээ нь төсөл хэрэгжих хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Гэр хороолллын хөгжлийн газрын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болно. гэж зааснаар төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд гэрээ дуусгавар болохоор гэрээнд заажээ.
Хариуцагч Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасан гэрээний хэрэгжилтийг хангах эрхийнхээ хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 6.2-т зааснаар Төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гарсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан хуулийн этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. гэж зааснаар төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Улмаар төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулахаар урилга тараасан боловч төсөл хэрэгжүүлэх санал ирээгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2.6-д Түр суурьшуулах асуудлыг иргэн өөрөө зуун хувь хариуцах бөгөөд барилга ашиглалтад орсны дараа орон сууц руу шилжин орох гэж заасан боловч гэрээнд заасан орон сууц ашиглалтад орох хугацаа (101 дүгээр байр 2016 оны 4 дүгээр улирал, 103 дугаар байр 2017 оны 4 дүгээр улирал гэж гэрээнд заасан) нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар төсөл хэрэгжээгүйн улмаас хэтэрсэн тул гэрээнд заасан орон сууц ашиглалтад орох хугацаанаас хойших түр суурьших асуудлыг нэхэмжлэгч хариуцна гэх боломжгүй юм.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7-д төслийн хугацаанд түр суурьших газар, байр, сууцаар хангагдах; гэж зааснаар төсөлд оролцогч иргэн Ж.Ц түр суурьших, байр, сууцаар хангагдах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ж.Ц-ыг түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн хэлтсийн дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний дагуу орон сууцанд орох хүртэл түр орон сууцаар хангахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; зааснаар хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүхээс даалгах шийдвэр гаргадаг.
Гэтэл хариуцагч төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахын тулд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт заасан төсөл хэрэгжүүлэгч оснгон шалгаруулах эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан өдөр тутмын сонинд хэвлүүлсэн урилгаар тогтоогдож байна.
Иймд Нийслэлийн Засаг даргыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 6.2-т заасан үүргээ биелүүлэхгүй байгаа гэж үзэх үндэслэлгүй тул Н*******д Ж ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх Urban city төслийн хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газрын дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох,106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж заажээ.
Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах ажиллагааг явуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүйгээс 29 сар 15 хоногийн хугацаанд түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрх зөрчигдсөнөөс 10,324,999 төгрөгийн хохирол учирсан гэж хариуцагчаас хохирол гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ тодохойлж байна.
Дээр дурдсанаар Н******* 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан Ж ХХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гарсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан хуулийн этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. гэж зааснаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах шийдвэр гаргамагц дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах ажиллагааг явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь 29 сар 15 хоногийн хугацаанд түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрх зөрчигдсөнөөс хохирол учирсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч Н*******, төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулж байгаа болон төсөл хэрэгжүүлэгч Ж ХХК-ийн эрхийг цуцалсан нь үндэслэлтэй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн Н*******д Ж ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх Urban city төслийн хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газрын дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах;
Гэр хорооллын газрын дахин төлөвлөн баталгаажуулах төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 10,324,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэдийгээр шүүх төслийн хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах үндэслэлгүй гэж үзсэн ч хариуцагчийг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, төслийг үргэлжлүүлэх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд харин ч төсөл хэрэгжүүлэгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай сонгон шалгаруулж төсөлд оролцогч иргэдийн эрхийг хангах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, 11.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 22 дугаар зүйлийн 22.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ц-аас Н*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ж.Ц-ыг түр суурьшуулах орон сууцанд хамрагдах эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн хэлтсийн дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний дагуу орон сууцанд орох хүртэл түр орон сууцаар хангахыг хариуцагч Н*******д даалгаж;
нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Н*******д Ж ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх Urban city төслийн хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газрын дарга, Ж ХХК болон Ж.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний эрх, үүргийг шилжүүлж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг даалгах; Гэр хорооллын газрын дахин төлөвлөн баталгаажуулах төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол нийт 10,324,999 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН