Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0456

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” хоршооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г

Нэхэмжлэгч: “Ө” хоршоо

Хариуцагч: АМГТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0326 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0090/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө” хоршоо нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0326 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” хоршооноос АМГТГт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Ө” хоршооны нэхэмжлэлтэй, АМГТГт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0326 дугаартай шийдвэрт гомдол гаргаж байна.

-Хөдөө орон нутагт утасны сүлжээ интернэт байхгүй, хэвлэл очдоггүй, шуудангийн удааширлыг авч үзсэнгүй.

-Миний биеийн бэртэл гэмтлийг авч үзээгүй.

-Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах эрхээр хангаагүй байхад авч үзээгүйд гомдолтой байна бас би хохирч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг, “Цорж толгой” нэртэй газарт орших 29 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-010196 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит 19 дэх жилийн төлбөр төлөх хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байсан, мөн хуулийн 34.6-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит хугацаа нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ө” хоршоо нь хуулиар тогтоосон дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөөгүй байна.

2.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй шалтгаанаа “... 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мориноос унаж хөлөө хугалсан ...” гэж тайлбарлаж байгаа нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээс чөлөөлөгдөх, хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”,  34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 290 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр “Ө” хоршооны ашигт малтмал ашиглалтын MV-010196 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн, нэхэмжлэгч “Ө” хоршооны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.1. Хариуцагч нь тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11/3797 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10/4198 дугаар албан бичгүүдээр түүний бүртгэлтэй хаягаар хүргүүлж, тусгай зөвшөөрөл цуцлахаас өмнө төлбөрөө төлөх боломж, хугацааг харгалзан үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасанд нийцүүлэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаанаас хойш төлбөрийг алдангитай төлөх боломжит 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа маргаан бүхий актыг гаргасан байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... хөдөө орон нутагт утасны сүлжээ, интернэт байхгүй, хэвлэл очдоггүй, шуудангийн удаашралыг, миний биеийн бэртэл гэмтлийг, намайг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүйг авч үзээгүйд гомдолтой байна” гэжээ.

4.1. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүрэг нь захиргааны байгууллагаас төлбөр төлөхийг мэдэгдсэнээр биелэгдэх ажиллагаа биш юм.

4.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “алс зайдуу амьдардаг, өвчтэй байсан, мэдэгдэл нь манай суманд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шуудангаар ирсэн, мэдэгдлийг хүлээн авмагц 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр лицензийн төлбөрөө төлөхөөр өөрийн төлөөлөгчөө явуулж мэдэхээс өмнө ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

4.3. Түүнчлэн, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувь хүнд бус, хуулийн этгээдэд олгодог. Энэ утгаараа “Ө” хоршооны захирал М.Г өвчтэй, бэртэлтэй байснаас үл хамаарч хуулийн этгээдийн хувьд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой.

4.4. Нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 19 дэх жилийн төлбөрийг төлөөгүй, хариуцагч захиргааны байгууллагаас төлбөр төлөх талаарх мэдэгдлийг “Ө” хоршооны баталгаат хаягаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд гомдолд дурдсан тайлбараар хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ