Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

 

2019            8             1                                               2019/ДШМ/777                                  

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Агар,

хохирогч Ц.Г-гийн өмгөөлөгч А.Бүдханд,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1073 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.А-д холбогдох 1903002540164 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Номгон ....

 

Б.А- нь ....... улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 29 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын хойд талын явган хүний гарцан дээр Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч-д зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:...Тусгай мэдлэгийн хүрээнд гаргаагүй, хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Б.А- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн болох нь тодорхойгүй...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйл 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, хохирол зайлшгүй шаардлагатай нотлох баримт тусгахаар заасан байхад Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, яллах дүгнэлтэд яллагдагчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг тусгах боловч нотлох баримтын агуулга нь тодорхой бус байгаа нь яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокрорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Хашбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

-Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийг шийдвэрлэхдээ мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт гаргуулж байгаа нь буруу юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гээд 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн байна. Гэтэл дээрх төрлийн хэргүүдэд гаргаж байгаа мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын заалтыг зөрчсөн эсэх талаар гарч байгаа ба үүнийг үндэслэн хэргийг шийдвэрлэдэг буруу жишиг тогтсон байна. Шинжилгээ хийхэд шинжилгээний объектийн тухай асуудал яригддаг ба тухайн объектод үүссэн физик, химийн ул мөрийг үндэслэн шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргадаг бөгөөд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүдийн хувьд мөрдөгч магадлагаа, шинжээч дүгнэлт гаргахдаа дүрмийн ийм заалтыг зөрчсөн гэж байгаа нь нотлох баримтыг үнэлж, Замын хөдөлгөөний дүрэм хэрэглэж байгаа явдал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг үнэлэн хууль хэрэглэж, зөрчсөн эсэхийг тогтоох нь өмгөөлөгч, прокурор. шүүгчийн үүрэг бөгөөд үүнээс давсан эрх хэмжээг мөрдөгч, шинжээч нар эдэлж захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, зөрчөөгүй гэж магадлагаа, дүгнэлт гаргаж, тухайн этгээдийн гэм бурууг урьдчилан тогтоож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11, 27.1 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана, ...3.2.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэжээ. Энэ заалтын агуулгаас нотлох баримтын агуулгыг бүрэн тусгахгүйгээр нэрлээд бичихийг хориглоогүй байна.

Иймд Б.А-д холбогдох 1903002540164 дугаартай хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1073 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Хашбаатарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Б.А- нь Замын хөдөлгөөний дүрмийг зохих заалтыг зөрчсөн болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэргийн үйл баримт тодорхой байхад заавал шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэргийг гаргуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой. Мөн яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг бичнэ гэж гэснээс биш нотлох баримтуудын агуулгыг заавал дэлгэрэнгүй бичих шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Ц.Г-гийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Б.А-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

 

Тээврийн прокурорын газраас Б.А-ыг ......... УБЯ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 29 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв шуудангийн уулзварын хойд талын явган хүний гарцан дээр Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж, гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэжээ.

 

Гэтэл Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт болох автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа гаргуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх зарчимд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудал буюу гэм буруугийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ.

Түүнчлэн прокурор яллах дүгнэлтийн “тэмдэглэх” хэсэгт 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Ц.Г-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3399 дугаартай шинжээчийн дүгнэлт гэж нотлох баримтын агуулгыг огт дурдахгүйгээр, нотлох баримтын зөвхөн эх сурвалжийг жагсаан бичиж агуулгыг орхигдуулсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөнөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үр дагавартай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтэд тавигдах шаардлагад нийцээгүй байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан зөрчлийг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1073 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН