Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 618

 

2018 оны 09 сарын 07 өдөр

       Дугаар 156/ШШ2018/00618

                    Хэнтий аймаг

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: .......................... оршин суух, эрэгтэй, 36 настай, Б.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: ................................. оршин суух, эмэгтэй, 31 настай, Б.Ц-д холбогдох,

"гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нар оролцов. 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.Б миний бие 2005 онд Б.Ц-тай танилцаж улмаар 2006 оны 10 сарын 10 өдөр гэрлэлтийн 342 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2007 оны 01 сарын 02 өдөр хүү Б.Б, 2010 оны 10 сарын 04 өдөр охин Б.Б нар мэндэлж, 2012 оноос хойш зан байдал таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин минь эцэг Б.Б миний асрамжинд өсөж, торнисон. Одоо бид 2 тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Б, охин Б.Б нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөр дээрээ байлгах хүсэлтэй байна. Б.Ц-тай 2006 онд гэрлэлтээ батлуулж амьдрах хугацаанд 2007 онд хүүтэй, 2010 онд охинтой болсон. Бид 2 зан харилцааны хувьд таарч тохирохгүй байсан тул 2012 оны 10 сараас хойш тус тусдаа амьдарч байна.

Би одоо өөр хүнтэй амьдрахаар төлөвлөж байна, Б.Ц ч бас өөр хүнтэй амьдарч хүүхэд төрүүлсэн тул эргэн амьдрах боломжгүй” гэв.

Хариуцагч Б.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Б.Ц миний бие Б.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

Жилд нэг удаа хүүхдүүдтэй уулзаж баймаар байна” гэжээ. 

Хариуцагч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Б.Б-оос гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ аавд нь хэвээр үлдээхийг зөвшөөрч байна.

Бид хоёр 2006-2012 оны 10 сар хүртэл хамт амьдарсан. Хүү, охин төрүүлсэн, бид хоорондоо таарч тохирохгүйгээс болоод би гэрээсээ явсан нь үнэн.

Эд хөрөнгийн маргаангүй, би одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болоогүй тус тусдаа байгаа боловч нэг хүүхэд төрүүлсэн 2 сартай“ гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх- 4-11/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Ц-аас гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Б, охин Б.Б нарыг өөрийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх ба хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Б.Б, Б.Ц нар 2006 оны 04 сарын 10 өдөр гэр бүл болж,  2006 оны 10 сарын 10 өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлжээ[1]. Хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2007 оны 01 сарын 07 өдөр хүү Б.Б, 2010 оны  10 сарын 04 өдөр бага охин болох Б.Б нар төрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар[2] зэргээр нотлогдож байна.

Гэрлэгсэд нь цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл[3] болон одоо хэн хэн нь өөр хүнтэй амьдарч байгаа гэх тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргах зүйл байхгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу хүү Б.Б, охин Б.Б нарыг нэхэмжлэгч Б.Б-ын асрамжид хэвээр үлдээж Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Б.Б-оос урьдчилж төлсөн       70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ын  нэхэмжлэлийн шаардлагын хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.Ц-аас гаргуулан, нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.

Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан нь Гэр бүлийн тухай хуулинд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээх, мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Иймд өөрийн асрамжид аваагүй хүүхэддээ ч эцэг, эхийн хувьд анхаарч, тэдний өмнө тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг зохигчдод анхааруулах шаардлагатай гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б.Б, Б.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар хүү Б.Б, охин Б.Б нарыг эцэг Б.Б-ын асрамжид хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-аас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.АРИУНАА

 

 

 

 


[1] Хэргийн 6 дугаар тал

[2] Хэргийн 3, 5, 6 дугаар тал

[3] Хэргийн 11 дүгээр тал