Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 615

 

2018 оны 09 сарын 07 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00615

             Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00537/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 6-05 тоотод оршин суух, Шаалай овогт Г.Д /РД:/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, Боржигон овогт П.Т /РД:/-д холбогдох 

            “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч П.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралпаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Т-тай 2012 онд танилцаж, 2014 оны 05 сарын 12-ны өдөр гэрлэлтийн №2301000038 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 04 сарын 08-ны өдөр охин Т.Маргад төрсөн. Би оюутан байсан бөгөөд Тэгшжаргал бид хоёрын дунд хардалт хэрүүл маргаан байнга гардаг болсон. Бид 2015 оноос зан харилцааны таарамжгүй харилцаанаас бол тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хойш охин Т.Маргад нь миний асрамжид өсөж торниж байгаа. П.Т бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж, охин Т.Маргадыг миний асрамжид үлдээж эцэг П.Таас хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад П.Т-тай хүүхдийн тэтгэлэгийн хувьд харилцан тохиролцохоор боллоо. П.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул түүний энэ байдлыг харгалзан үзэж охин Т.Маргадыг насанд хүртэл жил бүрийн 8 сард 500 000 төгрөгийг өгч байхаар мөн охин Т.Маргадыг миний асрамжид үлдээхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэв. /хх-ийн 1х/

 

Хариуцагч П.Т нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Дын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд охин Т.Маргадад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй учраас Г.Дтай харилцан тохиролцохоор болсон. Охины асрамжийн тухайд маргаантай зүйл байхгүй. Эх Г.Д-ын асрамжид өгөхийг зөвшөөрнө гагцхүү миний охин Т.Маргадыг өөр хүнээр овоглох болсон талаар би сонссон учраас үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ Г.Д-д хэлсэн.

Охин Т.Маргадад 18 нас хүртэл нь жил бүрийн 8 сард 500 000 төгрөгийн өгч байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэв. /хх-ийн 14, 21х/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, тэдний хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч П.Таас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

         Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч П.Ттай 2012 онд танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж улмаар 2014 оны 05 сарын 12-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2014 оны 04 сарын 08-ны өдөр охин Маргад нь төрсөн болох нь №2301000215 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  зохигчдын гэрлэлтийн бүртгэлийн №2301000038 дугаартай үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч П.Т нар нь хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцлын улмаас 2015 оноос салж тус тусдаа амьдарч эхэлсэн байх ба цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэл сонирхолгүй болсон, тус тусдаа өөр хүнтэй амьдрал зохиосон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

           

           Хүүхдийн асрамж, тэтгэлэгийн тухайд охин Т.Маргад нь төрсөн цагаасаа эх Г.Дын асрамжинд эрүүл саруул өсч бойжиж, хүмүүжиж байгаа байдал, зохигчдын шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэж эцэг П.Таас охин Т.Маргадыг 18 нас хүртэл жил бүрийн 8 сард 500 000 төгрөгийг өгч байхаар тохиролцсон зэргийг харгалзан охин Т.Маргадыг эх Г.Дын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

           Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй байх тул энэ байдлыг шийдвэрт дурдах нь зүйтэй болно. 

                       

           Иймд нэхэмжлэгч Г.Дын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

     

               1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Шаалай овогт Г.Д /РД:/, хариуцагч Боржигон овогт П.Т /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

               2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 04 сарын 08-ны өдөр төрсөн охин Т овогтой М /РД:СЮ-14240800/-ыг нэхэмжлэгч /эх/ Г.Д-ын асрамжинд үлдээсүгэй.

           

               3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлгийн асуудлаар шүүх хуралдаан дээр  эвлэрлийн гэрээ байгуулан хариуцагч П.Т нь охин Т.М-ыг 18 насанд хүртэл нь жил бүрийн 8 дугаар сард 500 000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг болгон өгч байхаар тохиролцсон  болохыг дурдсугай.

           

                        4. Хариуцагч П.Т нь Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиролдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар уг эвлэрлийн гэрээнд тусгагдсан эд хөрөнгийн хариуцлагыг хариуцагчаар албадан хэрэгжүүлүүлэх болохыг анхааруулсугай.

           

              5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

 

             6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

                                                                                                                    

            7. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Даас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Таас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

 9 . Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР