Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 631

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

    Дугаар 156/ШШ2018/00631

             Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00621/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын 1 дүгээр гудамж 1987 тоотод оршин суух, овогт О.Г /РД:21/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, овогт Б.З /РД:.../-д холбогдох 

            “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хүсэлтэндээ: О.Г би нөхөр Б.Зтой 2008 онд танилцаж, улмаар 2009 оноос 2016 оны 03 сар хүртэл хугацаанд амьдарсан. Бид хамт амьдрах хугацаанд охин З.Нандин-Эрдэнэ нь 2014 оны 05 сарын 01-ны өдөр төрсөн.

Нөхөр Б.З нь 2016 оноос гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Тусдаа амьдралтай болсоноос хойш охиноо харж хандахгүй эцэг хүний үүргээ биелүүлэхгүй үл тоож, өнөөдрийг хүрлээ. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охин З.Нандин-Эрдэнэ нь одоо эх О.Гг миний асрамжид байгаа бөгөөд би охиноо өөрийн асрамжид авч үлдэнэ.

Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж, охины З.Нандин-Эрдэнийг эх миний асрамжид үлдээж, эцэг Б.Згоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй бөгөөд гадаад руу сургуульд явж байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.  /хх-ийн 16х/

 

Хариуцагч Б.З нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Базарсад овогтой Золбоо миний бие О.Ггийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна.

О.Г-гийн нэхэмжлэлдээ дурдсан зарим зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн асрамжийн хувьд маргаантай зүйл байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  /хх-ийн 18х/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Згоос “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

         Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Зтой 2008 онд танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж улмаар 2009 оны 08 сарын 01-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2014 оны 05 сарын 01-ний өдөр охин З.Нандин-Эрдэнэ нь төрсөн болох нь №1110003280 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын гэрлэлтийн бүртгэлийн №1110000440 дугаартай үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5, 7х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч О.Г, хариуцагч Б.З нар нь хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцлын улмаас 2016 оноос салж тус тусдаа амьдарч эхэлсэн байх ба цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэл сонирхолгүй болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

           

           Хүүхдийн асрамжийн тухайд охин З.Нандин-Эрдэнэ нь төрсөн цагаасаа эх О.Ггийн асрамжинд эрүүл саруул өсч бойжиж, хүмүүжиж байгаа байдал зэргийг харгалзан охин З.Нандин-Эрдэнийг эх О.Ггийн асрамжинд үлдээж, эцэг Б.Згоос Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

           Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй байх тул энэ байдлыг шийдвэрт дурдах нь зүйтэй болно. 

                       

           Иймд нэхэмжлэгч О.Г-гийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:  

     

             1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч овогт О.Г /РД:.../, хариуцагч овогт Б.З /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

             2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 05 сарын 01-ний өдөр төрсөн охин Золбоо овогтой Нандин-Эрдэнэ /РД:УА14250167/-ыг нэхэмжлэгч /эх/ О.Г-гийн асрамжинд үлдээсүгэй.

           

             3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 05 сарын 01-ний өдөр төрсөн охин З.Нандин-Эрдэнэ /РД:УА14250167/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч /эцэг/ Б.З-гоос цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж, охин З.Н-г тэжээн тэтгүүлсүгэй.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Г-д даалгасугай.

           

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

 

              6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

           

            7. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Г-гоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Згоос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

 9 . Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР