| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1083/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1093 |
| Огноо | 2022-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1093
2022 07 19 2022/ШЦТ/1093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 02321 2097 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өгөөж Баян хангай ХХК-нд жолооч, ам бүл-4, аав ээж дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Г овогт *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синглэ” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч П.Ц-той маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар хохирогчийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч П.Ц-ын “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд найз Эрдэнэбулган Энхбат нарын хамтаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах бааранд орсон. Тэгээд дотор нь ууж бүжиглэж байгаад шөнийн 04 цагийн орчимд баарнаас гараад иртэл үл таних 4-5 залуу байж байснаа нэг нь намайг үгийн зөрүүгүй шууд цохиж унагаагаад намайг зодсон. Яг хэдэн хүн байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ...... нарын нэрийг нь хэлж мэдэхгүй байна хамт бааранд ороод 1 виски захиалаад тэрийгээ ууж дуусгалгүй баарнаас тамхи татах гээд баарны үүдэнд би Билгүүнзаяатай хамт зогсож байтал баарны гадаа нэлээн олон хүмүүс зогсож байхаар нь хамгийн захад зогсож байсан нэг залуугаас гал байна уу гээд асуутал тэр залуу та нарын галыг би бэлдэх ёстой юм уу гэхээр нь Билгүүнзаяа бид хоёр тэр залуутай нэлээн удаан маргалдаад зогсож байгаад би бааранд үлдсэн хоёрыгоо гарж ирж байна уу гээд хойшоо хартал гэнэт Билгүүнзаяа яаж байгаа юм пиздануудаа гээд орилоод эхэлсэн тэгэхээр нь би дүү Билгүүнзаяа дээр очоод доош нь газар суулгаад байж байтал баарнаас Энхсайхан, Лхамсүрэн хоёр гараад ирсэн. Гарж ирээд тэр залуутай муудалцаад зогсож байхаар нь би Билгүүнзаяа дээр очтол Билгүүнзаяа газраас босож ирээд би та нарыг ална гээд орилоод байхаар нь би хойш нь татаад буцаагаад газар суулгасан. Эргээд Лхамсүрэн, Энхсайхан хоёр дээр очтол нэг залуу нь намайг цохьчихлоо цагдаа дууд гээд орилоод байсан тэгтэл Лхамсүрэн над руу ирээд би нэгийг нь цохьчихлоо шууд явъя гэхээр нь гүйээ тэр хэд дээр очъё гээд очтол цагдаа нар ирээд тэр цохиулсан залуу эхнэртэйгээ суугаад араас нь Билгүүнзаяа бид хоёр машинд суугаад цагдаа дээр ирсэн /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаартай П.Ц-ын биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстын урагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Синглэ” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч П.Ц-той маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар хохирогчийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад урагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаартай П.Ц-ын биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстын урагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Булган аймагт ажилладаг. Сард 2 сая гаран төгрөгийн цалинтай, байнга ажил эрхэлдэг. Ажлаас нь байнга дуудаж байгаа. Өнөө маргаашгүй дуудагдаад явах гэж байгаа. Хохирогчтой үл ялих шалтгаанаар маргалдаж, бусдын биед халдсан байна. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал учраас улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч П.Ц нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд *******-ээс хохирогчид учруулсан төлбөрт 1,300,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******-г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ