Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр    

      Дугаар 156/ШШ2018/00635

   Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00513/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Номгоны 6-01 тоотод оршин суух, Мээрэн овогт Ж.А /РД:СЮ70123018/-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Цэцэрлэг /эрхлэгч Д.Г/

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төв /эрхлэгч Б.Б/ нарт холбогдох,

            “Ажлаас үндэслэлгүй халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Д.Г, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ж.А миний бие 2011 оны 11 сарын 24-ний өдөр Өлзийт тосгоны цэцэрлэгт галчийн ажилд түр томилогдон ажилласан. Ингээд ямар ч алдаа дутагдалгүй хэвийн ажиллаж байхад 2015 оны 11 сард тосгоны Эрүүл мэндийн төвийн уурын зууханд нэг хүнтэй сольж ажиллуулсан. Гэтэл удалгүй 2016.10 сард эмч Батцэцэг нь хэл амаар доромжилж гэнэт ямар ч шалтгаангүйгээр ажлаас халлаа гэсэн. Энэ учир байдлаа тосгоны захирагчид удаа дараа хэлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Намайг энэ хоёр байгууллага ямар шалтгааны улмаас хоорондоо шилжүүлсэн болохыг бас яагаад ажлаас халсныг би мэдэхгүй. Гэхдээ энэ байдлаас болоод би маш их хохирч байна.

Иймд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн А/40 тоот болон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн б/03 тоот ажлаас чөлөөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

Намайг анх ажил сайжруулахаар сараар шилжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр нь би 1 сар ажиллаад яахав гэж бодоод 1 жил ажилласан юм. Эргээд хуучин ажилдаа орох гэхэд намайг ажилд аваагүй. Намайг тосгоныхоо Энхтөр, Эрдэнэхуяг гэдэг хүмүүст ажил хийж өгөөд улсын  ажил хийхгүй байна гэдэг байсан. Би энэ хоёр хүнийг сайн таних бөгөөд ажил төрөлд нь хааяа ажлаас гадуур тусалдаг. Энхтөр, Эрдэнэхуяг нар нь намайг хүнс бараа татуулахаар Улаанбаатар хот руу машинтай явуулдаг байсан. Би Энхтөр, Эрдэнэхуяг хоёртой 2000 оноос хойш ийм харилцаатай байгаа бөгөөд хэн хэндээ тус дэм болоод явж байдаг. Тэгэхэд намайг ажлаа хийхгүй ингээд өөр юм хийгээд яваад байна гэж хэлдэг байсан. Би ажлын бус цагаар л ийм ажил хийдэг байсан...Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015.04.15-ны өдрийн б/03 дугаартай намайг цэцэрлэгийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015 оны 06 сард авсан. Харин тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016.09.03-ны өдрийн А/40 дугаартай намайг галчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг зун галлахаа байж, зуух зогсох үедээ мэдсэн.       

 

Хариуцагч Хэрлэн сумын Өлзийт тосгоны Цэцэрлэгийн эрхлэгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 10 сард Ж.Аг гэрээт ажилтнаар /галчаар/ түр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Хавар 4 сард галлагаа дуусахаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. 2015 оны 09 сард Өлзийт тосгоны Захирагчийн дэргэдэх зөвлөл хуралдаж төсвийн байгууллагын галч нарыг ажилд авах асуудлаар хуралдсан. Тэр үед тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь их эмч Анхбаяр байсан. Тосгоны захирагчийн зүгээс галч нарыг сэлгэн ажиллуулах санал гаргасан. Цэцэрлэгийн галч Амгалан, Эрүүл мэндийн төвийн галч Уалт нарыг сольж ажиллуулъя гэсэн. Би энэ тухай галч Амгаланд хэлэхэд зөвшөөрсөн. Би Амгаланг дахиж ажилд авсан тушаалыг гаргаагүй. Амгалан нь Эрүүл мэндийн төвд галчаар 1 жил гаруйн хугацаанд ажилласан.

 Амгалан нь 2016 онд ирж нийгмийн даатгалын дэвтэртээ орсон, гарсан тушаалын бичилтийг хийлгэсэн. Би Амгаланд 1 сарын хугацаатай явууллаа гэж хэлээгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 10 сарын 19-ний өдрөөс Өлзийт тосгонд их эмчээр томилогдон ирэхэд Амгалан нь манай Эрүүл мэндийн төвд галчаар ажиллаж байсан. Ж.А гуай 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг Анхбаяр эмчтэй байгуулаад ажиллаж  байсан. Би Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдоод Ж.Агийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дахин сунгаж ажиллуулсан.

2016 оны 05 сарын 01-нээр өвөл цагийн галлагаа зогсож, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход нь Ж.Ад ээлжийн амралтыг нь тооцож олгон, амралтын мөнгийг нь өгсөн.

Өлзийт тосгон нь 2017 онд түүхт 40 жилийн ой нь болох гээд олон ажил төлөвлөсөн байсан. 2016 оны 09 сард над дээр галчаар ажилд орох гээд 11 хүн өргөдөл өгсөн. Олон хүн ажилд орно гэж өргөдөл өгсөн учир би Засаг даргын олон нийтийн зөвлөлөөр асуудлыг шийдвэрлүүлсэн. Надад 4 галч авах шаардлага байсан хуучин ажиллаж байсан галч нараас энэ удаад буцааж авах уу болих уу гэдгийг зөвлөлийн хурлаар ярилцсан. Амгалангийн хувьд өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, бусадтай хэл ам хийдэг, зөвхөн өөрийн галчийн ажлаа л хийнэ, өөр бусад ямар ч ажил хийхгүй гэдэг. Манай Эрүүл мэндийн төв бол онцгой объект бөгөөд 1982 онд 92 ортой хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар барьж байсан, эмнэлгийн зориулалттай биш, ус зөөврийнх, гадаа 00-той, цэвэр бохирын сан байхгүй. Улирлын чанартай гадаа хийх ажил бол их байдаг. Тэр ажлуудыг хийдэггүй. Эмнэлгийн ажилчдаас түргэний жолооч л ганц эрэгтэй хүн байдаг бөгөөд бусад ажилчид нь эмэгтэй хүмүүс байдаг учраас аливаа ажилд хүн хүч дутмаг байдаг.

Эрэгтэй хүн хийх, бидний хүч дутаж байгаа ажлууд их байдаг. Амгалан нь эдгээр ажлуудыг хийхгүй гэдэг ба байгууллагаас болон тосгоноос зохион байгуулж байгаа  ажилд ер оролцдоггүй.

Ингээд би хөдөлмөрийн гэрээ дахин байгуулаагүй. Ж.Аг ажилд эргүүлж аваагүй бөгөөд хамтарч ажиллахыг хүсээгүй. Ж.А нь танай байгууллагад ажиллахгүй цэцэрлэг рүүгээ очиж ажилд орно гэж явсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбарууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                                                                            

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Хэрлэн сумын Өлзийт тосгоны Цэцэрлэг, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвд холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн А/40 тоот болон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн б/03 тоот ажлаас чөлөөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т: ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Агийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь шүүхээр хянан хэлэлцэх маргаан мөн байна.

 

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж. А нь Өлзийт тосгоны цэцэрлэгт галчаар ажиллаж байхад түүнийг цэцэрлэгийн эрхлэгч Д. Гантуяа нь 2015 оны намар “тосгоны захирагчтай тохиролцсон” гэх үндэслэлээр тус тосгоны Эрүүл мэндийн төвд галчаар шилжүүлэн ажиллуулаад сүүлд буюу 2016 оны намар ажилдаа буцаж орох гэхэд Эрүүл мэндийн төв болон цэцэрлэг аль аль нь ажилд эргүүлж аваагүй тул Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 03-ны өдрийн А/40 тоот болон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн б/03 тоот ажлаас чөлөөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага тавьж байна.

Харин хариуцагч нарын хувьд Ж. Атай түр хугацаагаар өөрөөр хэлбэл зөвхөн эмнэлэг, цэцэрлэгийн уурын зуухны намар, өвөл, хавар цагийн галлагааны үед хөдөлмөрийн гэрээ байгуулж түр ажиллуулаад ажлаас нь чөлөөлсөн. Өөртэй нь тохиролцож тосгоны цэцэрлэгээс Эрүүл мэндийн төв рүү галчаар шилжүүлж ажиллуулсан. Ж. А нь цэцэрлэгт эргэж ажилд оръё гэж хандаагүй гэж тус тус маргаж байна.

 

Дашрамд нэхэмжлэгч Ж. А нь Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн А/40 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг тушаал нь 2016.09.03-ны өдрөөр огноологдсон байна. Гэхдээ нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалын сар, өдрийг андуурсан байдал нь нэхэмжлэлийн шаардлагад  нөлөөлөхгүй учир энэ тушаалын огноог цааш зөвтгөн бичих нь зүйтэй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ..улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулахаар заажээ.

Галчийн ажил нь зөвхөн хүйтэн сэрүүний нөхцөлд галлагаа хийж ажилладаг онцлогтой ажил учир улирлын шинжтэй ажил болох бөгөөд нэхэмжлэгч Ж. Агийн хувьд намар галчийн ажилд ороод өвлийн турш ээлжийн галлагаа хийгээд хавар галлагаа, зуух зогсохоор чөлөөлөгддөг байсан болох нь зохигчдын шүүхэд өгч буй тайлбаруудаар тогтоогдож байна.

Ингэхээр Ж. Агийн Өлзийт тосгоны цэцэрлэг болон Эрүүл мэндийн төвд хийж байсан галчийн ажил нь улирлын шинжтэй, түр ажлын байр байсан байна.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т: ажилтан ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байх ба  нэхэмжлэгч Ж.А нь  ажил олгогч болох Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 03-ны өдрийн А/40 тоот тушаал болон Өлзийт тосгоны Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн б/03 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалууд нь хууль бус, өөрийнх нь эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэрүүд гэж үзэж байгаа тохиолдолд уг шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 1 сарын дотор /эсхүл тушаалыг өөрт нь гардуулж өгөөгүй, өөрөө гардаж аваагүй боловч өөрийг нь ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор/ шүүхэд хандаж гомдлоо гаргах  ёстой байсан байна.

 

Нэхэмжлэгч Ж.А нь “ажлаас чөлөөлсөн шийдвэрийн эх хувийг нь аваагүй, ажлаас халагдсан тушаалаа авах гэж маш их гуйж хүлээсэн боловч одоог хүртэл тушаалыг эх хувиар нь энэ 2 байгууллага гаргаж  өгөөгүй учраас шүүхэд гомдол гаргаж чадаагүй учир гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү” гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан нь шүүхэд гомдол гаргахад саад болох хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл мөн гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д: хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч Ж. А-гийн өөрийнх нь шүүхэд өгсөн тайлбараас үзэхэд  Цэцэрлэгийн эрхлэгчийн 2015.04.15-ны өдрийн б/03 дугаартай өөрийг нь цэцэрлэгийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015 оны 06 сард авсан. Харин тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016.09.03-ны өдрийн А/40 дугаартай өөрийг нь галчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг зун галлахаа байж, зуух зогсох үедээ мэдсэн гэсэн дээрх тайлбараар нэхэмжлэгч Ж. А нь Өлзийт тосгоны цэцэрлэгийн галчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад 3 жил болсон, Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн галчаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдээд 2 жил болж байгаа нөхцөл байдал тодорхойлогдож байх ба нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд гомдол гаргах хугацаагаа  хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.       

 

Иймд нэхэмжлэгч Ж.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Агийн Хэнтий аймгийн Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 09 сарын 03-ны өдрийн А/40 дугаартай ажлаас чөлөөлөх тухай болон Хэнтий аймгийн Өлзийт тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР