| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2018/00628/И |
| Дугаар | 640 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 640
| 2018 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 156/ШШ2018/00640 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00628/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ......................................... тоотод оршин суух П.Т-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: .......................................... оршин суух, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, Г.Б холбогдох,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Т, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“П.Т миний бие нь 1996 онд Г.Б-тай танилцсан 1997 оны 10 сарын 11 өдөр нэг гэрт орж, улмаар 2006 оны 04 сарын 26 өдөр 0027426/1 дугаартай баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон билээ.
Бидний хамтрах хугацаанд 1997 оны 12 сарын 25 өдөр Б.Б, 2000 оны 06 сарын 25 өдөр 2 дахь охин Б.Б, 2001 оны 09 сарын 05 өдөр 3 дахь охин Б.Б, 2007 оны 10 сарын 18 өдөр Б.Б нар төрсөн.
Энэ хугацаанд 2012 оны 11 сард баруун нүдийг хавдтал хөх алаг болтол зодож тэр өдөржингөө архи ууж агсам согтуу тавьж гэрийнхээ цонхыг хагалж, гудамжинд тааралдвал хэл амаар доромжилж зодно. Тэгээд дуудлагын цагдаа дуудаж 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан. 2015 оны 07 сарын 11 өдөр аавын бие муу байхад согтуу ирж хазаарын амгаагаар ууц нуруу, хөл, гуя, 2 гарын булчин хөх алаг болтол зодож байсан.
Тэгээд дуудлагын цагдаа дуудаж байснаа аавын бие муу учир хэл ам хийлгүй өнгөрөөж байсан. 2016 оны намар өвсөө бухалдаж байгаад ажилдаа түүртээд өвс овоолж байсан ажилдаа шороор зодож нуруу, далруу хөхөртөл цохьсон, толгой бөөр доргисон байсан.
Бөөлжөөд дотор муухай байсан тул эмч дуудсан. Хэсгийн төлөөлөгч Хэрлэн эмч ирж үзээд аймаг явж эхо-д харуул аймаг яв гэсэн. Аймагт үзүүлээд бөөр доргилттой учир эмчилгээ заалгаж эмчлүүлсэн. 2017 оны 02 сард цагаан сарын өмнө хоолой боогоод зодоод байхаар нь Баян-Овоо сумын Чулуун-Эрдэнэ маргааш нь ирээд Г.Б-ийг баривчлах гэхээр нь би хүүхдүүдээ аваад аймагт очиж цагаан сар гаргаад ирье гээд баривчлуулаагүй явуулж байсан. 2017 оны 02 сарын сүүлээр ээж гэртээ ном уншуулах гээд лам авчраад намайг ирж хоол хийж өг гэхээр нь очтол согтуу орж ирээд хоолой боогоод зодсон. Дуудлагын цагдаа дуудаж өгсөн. 7 хоног баривчилсан.
2018 оны цагаан сараар бас л гэртээ агсам тавьж идээгээ нураагаад намайг зодож хүүхдүүд хориод 111 дүгээр хорих ангид 20 хоног баривчлагдсан. 2018 оны 06 сарын 09-ний шөнө 12 цагт ирээд 2 цаг хүртэл зодуулаад эмнэлэг, цагдаа дуудсан. Эмч үзээд шүүх эмнэлгийн дүгнэлт хийлгэсэн байгаа.
07 сард төв ороод архи ууж ирээд бас л зодсон. Сумын эмч, цагдаатайгаа ирсэн. Ирэхэд нь машинаа унаад зугтаасан. Хэсгийн төлөөлөгч араас нь очиход согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж арга хэмжээ авахуулж байсан. Энэхүү олон жилийн зодуурыг тэвчиж чадахгүй тул 2018 оны 06 сарын 20 өдөр Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгснөөр 2018 оны 08 сарын 17 өдрөөс Хэнтий аймгийн хорих ангил хорих ял эдэлж байна.
Ийм учраас гэр бүл цуцлуулж, 17 настай Б.Б, 11 настай Б.Б нарыг миний асаргаанд үлдээж, эцэг Г.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би Г.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, 18 нас хүрээгүй охин Б.Б, хүү Б нарыг өөрийн асрамжид хэвээр байлгаж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, бидний өмч болох хашаа байшингаа хүүхдүүдтэйгээ авах хүсэлтэй байна.
Бид 200 орчим толгой малтай, 2018 оны 04 сард Хаан банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авсан. Г.Б бид 2 зээлээ төлж эхлэх хугацаа нь 10 сарын 17 өдрөөс болох юм. эхний төлөлт болох 3 660 000 төгрөгийг төлнө. Ер нь машинаараа төлөхөөс өөр аргагүй.
Г.Б нь амьдрах хугацаандаа сүүлийн 7-8 жил эрүүл ч бай, согтуу ч бай зодож, хэл амаар доромжилж, дарамталж байсан. Би салаад ээж, аав дээрээ аймагт хүүхдүүдээ аваад ирэхээр араас ирж, гуйж гувшаад байхаар нь харьдаг байсан боловч энэ хүний ааш авир засраагүй улам дордсон. Хамгийн сүүлд 2018 оны 06 сарын 09 өдөр зодуулаад цагдаад хандсан. Г.Б нь 8 сар ял хүлээсэн. Том охин 21 настай тусдаа гарсан. Дунд охин 18 настай 2 дүүтэйгээ, надтай хамт амьдарч байгаа” гэв.
Хариуцагч Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Г.Б миний бие 2018 оны 08 сарын 17 өдөр Эрүүгийн хэргийн 11.7 дугаар зүйлийн 11.7.1-ээр 8 сарын нээлттэй хориход ял эдэлж байгаа тул П.Т бид 2 банкны зээлтэй тул хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй байна. Г.Б би банкны зээлээ хаасны дараа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ ээжид нь үлдээнэ, хүүхдийн тэтгэлгийг одоогоор төлөх боломжгүй, хорихоос гараад төлнө.
Хашаа байшин, газрыг хүү Б.Б-ийн нэр дээр болгож өгье.
Истана ХЭҮ 3726 улсын дугаартай машин, бог, бод хэдэн малтай.
Би муухай ааш гаргадаг, хаая гар хүрдэг байсан нь үнэн. Энэ хүн бас өөрөө болдоггүй байсан.
Бид хоёр 10 000 000 төгрөг зээлсэн байсан, яаж төлөхөө энэ хүн мэдэж байгаа байх” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх- 3, 6, 7-9/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Т, хариуцагч Г.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Б, хүү Б.Б нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч П.Т нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөс газар, байшинг өмчлөлдөө шилжүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “ ... Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх ... эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч П.Т-г гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөс газар, байшинг өмчлөлдөө шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэх боловч банкны зээлтэй учраас зээлээ төлж дууссаны дараа гэрлэлт цуцлуулъя, хүүхдийн тэтгэлгийн хувьд зээлтэй учир төлөх боломжгүй гэж маргаж байна.
Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Г.Б нь охин Б.Б, хүү Б.Б нарын асрамжийн талаар хариу тайлбартаа дурдаагүй болно.
П.Т, Г.Б нар нь 1997 оны 10 сарын 11 өдөр гэр бүл болж, 2006 оны 04 сарын 26 өдөр гэрлэлтээ Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлд бүртгүүлжээ. Хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 1997 оны 12 сарын 25 өдөр охин Б.Б, 2000 оны 06 сарын 25 өдөр охин Б.Б, 2001 оны 09 сарын 05 өдөр охин Б.Б, 2007 оны 10 сарын 28 өдөр хүү Б.Б нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар[1] зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Г.Б нь Хэнтий аймгийн прокурорын газрын 2018 оны 07 сарын 17 өдрийн 1839002940177 дугаартай прокурорын тогтоолоор 2011 оноос 2018 оны 06 дугаар сарын 09 өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаж[2], улмаар энэ хэрэгтээ ял шийтгүүлжээ.
Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Г.Б-тай цаашид хамт амьдрах боломжгүй байх ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол ... учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байх тул энэ хэрэгт эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах үндэслэлгүй байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн байнгын хүчирхийлэл, дарамтад байдаг гэх ба цаашлаад түүний амь нас эрүүл мэнд, хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй гэж шүүх үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Г.Б-ийн хүүхдүүдээ асран хүмүүжүүлэх, тэдэнд хэр анхаарал халамж тавьдаг, түүний ахуйн нөхцөл байдал, ёс суртахууны байдал, хүүхдүүдтэй төрснөөс нь хойш хэрхэн ойр дотно амьдарч байсан, мөн түүнчлэн хариуцагчийн хувийн байдал, зан харилцаа зэргийг нэхэмжлэгчийн тайлбар болон Хэнтий аймгийн Прокурорын газрын 2018 оны 07 сарын 17 өдрийн 18390002940177 дугаартай тогтоолыг харгалзан дүгнээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 17.7-д заасны дагуу хүүхдүүдийг эх П.Т-ийн асрамжид хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар охин Б.Б, Б.Б нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийн хэмжээг тогтоож, П.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн хэмжээг ихэсгэсэн шаардлагын тухайд, нэхэмжлэгч П.Т нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж заасны дагуу хариуцагч Г.Б-аас гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй.
Хариуцагч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч П.Т-ийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 01-33 тоот хаягт байршилтай 221600541 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 401 м.кв газар, түүн дээр байрлах хувийн сууцны зориулалттай 65 м.кв үл хөдлөх хөрөнгө нь хоёулаа Г.Б болон П.Т нарын өмчлөлийн зүйл бөгөөд хариуцагч нь өөрийгөө дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөсөө хасуулж, хамтран өмчлөгчөөр өөрийн хүү Б.Б-ийг бүртгүүлэх хүсэлтэй байна, харин Хаан банкны зээл 10 00 000 төгрөгийг П.Т төлөх байх гэснийг нэхэмжлэгч П.Т хүлээн зөвшөөрч, зохигчид энэ талаар харилцан тохиролцож бичгээр баримт үйлдэж шүүхэд өгсөн байх тул зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж үзэх боломжтой байна.
Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан нь Гэр бүлийн тухай хуулинд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээх, мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Иймд өөрийн асрамжид аваагүй хүүхэддээ ч эцэг, эхийн хувьд анхаарч, тэдний өмнө тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг зохигчдод анхааруулах шаардлагатай гэж үзлээ.
Тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч П.Т-аас урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Г.Б-гаас гаргуулан, нэхэмжлэгч П.Т-д олгох нь зүйтэй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” гэж заасан байх тул тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг /Б.Б-ын тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тухайд :174 000*1 хүүхэд* 12 сар=2 088 000 төгрөг, Б.Б-ийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: 174 000*50%*1 хүүхэд*12 сар=1 044 000, нийт 3 132 000 төгрөг/ тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 65 062 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан П. Т Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар охин Б.Б, хүү Б.Б нарыг эх П.Т-ийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг баримтлан охин Б.Б, хүү Б.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 насанд хүрсэн /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Б-аас /цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос/ хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагч Г.Б нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 01-33 тоот хаягт байршилтай 221600541 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 401 м.кв газар, түүн дээр байрлах хувийн сууцны зориулалттай 65 м.кв талбайтай дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгөөс өөрийгөө хасуулж, хамтран өмчлөгчөөр хүү Б.Б-ийг бүртгүүлэх, Хаан банкны зээл 10 000 000 /арван сая/ төгрөгийг нэхэмжлэгч П.Т хариуцан төлөхөөр зохигчид тохиролцсон байх тул зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар П.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Т-д олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох 65 062 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчид мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
[1] Хэргийн 10-12 дугаар тал
[2] Хэргийн 8 дугаар тал