Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0527

 

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0527

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.О

Хариуцагч: С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.О миний бие 2003 оноос эхлэн С дүүргийн 10 дугаар хороонд нийгмийн ажилтан албан тушаалтайгаар ажилд томилогдож, анхны ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тэр үед хорооны нийгмийн ажилтан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжтай холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан. 2008 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс тусдаа болж хороодод албан ёсны хороо хариуцсан нэг цэгийн үйлчилгээний ажилтны орон тоо шинээр нэмэгдэж, улмаар С дүүргийн Засаг дарга н.Н захирамж гарган 3 нийгмийн ажилтан дүүргээс томилогдож очиж ажиллах болсон төрийн албан хаагчийн нэг нь би байсан.

Сүүлд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн 2 дугаар хорооны халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Миний бие төрийн байгууллагад 13 жил ажиллахдаа эрхэлсэн ажилдаа үнэнч, шударга тууштай ажиллаж, үр дүнгийн гэрээгээр А үнэлгээтэй ажлаа дүгнүүлж явсан эгэл жирийн төрийн албан хаагчийн нэг нь байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар Б/32 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие ийнхүү намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ...дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох" тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэр гарч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0396 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2-р хороо хариуцсан мэргэжилтний ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж уг ажлын байранд үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулж, дахин шинэ актыг гаргахыг уг хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц уг шийдвэрийн талаар С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс рүү удаа дараа залгаж асуухад хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт болно, бидний эрх хэмжээний асуудал, гээд сонгон шалгаруулалт хэзээ, хаана болох талаар хариу өгч байгаагүй.

Тус хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлсэн мэдэгдэх хуудаст ... шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд тус хэлтсээс ажлын хэсэг томилогдон сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд ажлын хэсгээс ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг Ц.Х илүү хангаж байна гэж шийдвэрлэсэн талаар дурдсан. Энэхүү мэдэгдэлд дурдсан асуудлыг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад гомдол гаргасан, мөн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол гаргасан.

Миний бие 2019 оны 02 дугаар сараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 917 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Ийнхүү дуусгавар болгосон үндэслэл нь С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/61 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хэсгээс ажлын байрны шаардлагыг Ц.Х гэх иргэн илүү хангасан тухай шийдвэр болсон.

Дээрх шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарган уг дүгнэлтийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, түүнийг эс зөвшөөрч тус хэлтсийн дарга, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0258 тоот шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулж дахин шинэ акт гаргах үүргийг С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга хүлээсэн боловч уг үүргийг биелүүлээгүй 3 сарын хугацаа өнгөрсөн, мөн дээрх шинэ актыг гаргаагүй бол уг маргаан бүхий акт буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгох ёстой байхад хүчингүй болгоогүй.

С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/61 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-т зааснаар сөрөг нөлөөлөл бүхий акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан акт гэж үзэж хууль зүйн үндэслэлтэй.

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0258 тоот шийдвэрт заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж шинэ акт гаргах 3 сарын хугацаа өнгөрөхөд шинэ акт гаргаагүй, шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох байтал өнөөдрийг хүртэл ажилд авахгүй хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж эрх, ашиг сонирхлыг маань хохироосоор байгаа. 

Иймд С дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/61 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-т зааснаар сөрөг нөлөөлөл бүхий акт гэж үзэх үндэслэлтэй байх тул 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0396 тоот магадлалын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/64 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар Ц-ын Х нь С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2 дугаар хорооны мэргэжилтний албан тушаал, ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан байна гэж үзсэн болно.

Ц.Х нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасны дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, 2 дугаар хороонд Захиргааны хэргийн шүүхийн дагуу Д.Г томилогдсон байсан тул ажилд дахин томилох эрх зүйн үндэслэл үүсээгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.О нь С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдэж байна.

Түүнчлэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр М.О-аас сонгон шалгаруулалтад шаардлагатай бүхий л баримтыг гаргуулан авч, баримт үйлдэж гарын үсэг зуруулсан бөгөөд сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээгүй, оролцоог хангаагүй гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/64 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс М.О, Ц.Х нарын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагыг харьцуулан үзсэний үндсэн дээр дүгнэсэн ажлын хэсгийн шийдвэр хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан хугацааны дотор буюу 30 хоногийн дотор дээрх асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандах эрх нь нээлттэй байсан боловч уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, гомдлыг хянан шийдвэрлэх байгууллагад хуульд заасан хугацааны дотор хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч М.О С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарйн 29-ний өдрийн 3278 дугаар захирамжаар М.О-ийн нэхэмжлэл гаргах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл арван дөрөв хоногоор сэргээснээр нэхэмжлэгч мөн оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд ...сонгон шалгаруулалт хуульд нийцээгүй талаар дурдаж, шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж, хариу авсан учир төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаатай холбоотой асуудлаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан гомдол нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил үг үсгээр бичигдсэн байхыг шаардахгүй. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0258 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/32 тоот тушаалыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэл сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/32 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож  шийдвэрлэжээ.

С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж шалгаруулалт хийхдээ хуульд нийцүүлэх учиртай. 

С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлын хүрээнд 2 дугаар хороонд ажилласан байсан М.О Ц.Х нарын хооронд шалгаруулалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсны дагуу ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж ...Ц.Х-ыг ерөнхий болон тусгай шаардлага илүү хангаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ., 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хуулийн дээрх заалтаас үзвэл иргэн Ц.Х 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн С дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн Ц.Х-ыг ажлаас чөлөөлсөн байна. 

Ц.Х ийнхүү ажлаас чөлөөлөгдсөнөөр төрийн жинхэнэ албан хаагч биш болох бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхгүй байхад хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангасан нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл орон тоо цөөрөхөөс өмнө ажиллаж байсан 2 албан хаагчийн нэг нь сонгон шалгаруулалт явуулахаас өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах баталгаагаар Ц.Х-ыг хангаж, нэхэмжлэгч М.О-тай сонгон шалгаруулалт явуулсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН