Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 109/2023/0022/3 |
Дугаар | 221/МА2024/0444 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0444
Б.М-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Гуравдагч этгээд Д.С
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Д.С-г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 төгрөгийг гаргуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109/ШШ2024/0012 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, түүний өмгөөлөгч В.У
Гуравдагч этгээд Д.С, түүний өмгөөлөгч Э.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 109/2023/0022/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж “Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Д.С-г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109/ШШ2024/0012 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мг “Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Д.С-г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч Б.М миний бие Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн архив бичиг хэргийн эрхлэгч Д.А-ийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд архив бичиг хэргийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байх хугацаанд 2022 оны 2 сард Д.А нь өмнөх ажилдаа биш эрх зүйн ажилтны орон тоон дээр ажилд орсон тул би үндсэн ажилтан болсон гэж үзэж байгаа.
Ингээд би ажлаа хийж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа авч 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр охиноо төрүүлсэн. Хариуцагч Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа намайг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаанд түр ажилласан гэж тайлбар өгсөн. Гэвч миний бие 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлөгдөөгүй бөгөөд 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажлаа хийж байгаад жирэмсний болон амаржсаны амралтаа авсан болно. Жирэмсний болон амаржсаны цалингаа бүрэн авсан. Хэрэв хариуцагчийн тайлбарласан шиг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бол Засаг даргын Тамгын газар намайг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажиллуулж жирэмсний болон амаржсаны мөнгийг олгохгүй байх байсан.
Ингээд хүүхдээ төрүүлсний дараа хүүхдээ хараад жирэмсний амралттай байхад Тамгын дарга Д.Н нь над руу утасдаж нийгмийн ажилтан 6 сард ажлаасаа гараад хүнгүй ажил хэцүүдээд байна чи энэ ажилдаа ороодхооч гэж гуйхаар нь би хүүхэд дөнгөж 2 сартай бага байна амжихгүй байх гэтэл ирж очоод байж болно гээд гуйгаад байхаар нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс ажиллаж эхэлсэн.
Дарга Д.Н нь намайг Төрийн албаны шалгалтаа өгөөрэй гэснээр 2022 оны 11 сард Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгч тэнцсэн. 2023 оны 3 сард Төрийн албаны туС-гай шалгалтыг өгөхөөр бүртгүүлээд бэлдэж байтал Тамгын газрын дарга миний энэ орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд явуулаагүй байсан учраас туС-гай шалгалтад орж чадаагүй юм.
Ингээд ажиллаж байх хугацаанд хүүхэд маань өвдөөд байсан тул 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын цалингүй чөлөө авсан. Энэ хугацаанд хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтсэн тул чөлөөгөө сунгахаар 2 сарын сүүлээр Тамгын газрын дарга Д.Н-тай утсаар холбогдож 8 сар хүртэл чөлөө сунгуулъя гэж хэлэхэд чи тэгвэл хүүхдээ 3 нас хүртэл чөлөө авах өргөдлөө өг гэснээр 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өргөдлөө өгсөн. Намайг өргөдөл өгөхөөр очиход Тамгын газрын дарга бичиг хэргийн ажилтан нар ажил дээрээ байхгүй эзгүй байсан тул өргөдлөө тамгын газрын даргын хувийн чат руу явуулсан. Миний өргөдлийн хариуг өгөхгүй байхаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Тамгын газрын даргатай уулзахаар очиход дарга ажил дээрээ байхгүй байхаар нь утсаар нь залгаж өргөдлийн хариугаа авъя гэхэд би сургууль дээр тоглож байна гэсэн. Тэгээд өргөдлийн хариуг гаргаад өгөөч гэснээр ирж гаргаж өгсөн тушаалыг үзэхэд намайг 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн байсан. Надад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй. Ажлаас халагдсан тэтгэмж аваагүй.
Иймд миний бие Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний ажлаас “Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд” ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1-д “ 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг хуульд тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 80.1,6-д заасан болон аж ахуй нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эх \ганц бие эцгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан
Мөн би ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хариуцагчийн нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш бөгөөд хариуцагч тал миний гарын үС-гийг хуурамчаар зурж шүүхийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн байдаг.
Хариуцагч Д.Н миний хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр чатаар хүлээж авсан гэдгээ өөрөө зөвшөөрсөн бөгөөд миний өргөдлийг шийдвэрлээгүй. Намайг өргөдөл өгөх үед буюу 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байсан бөгөөд намайг өргөдлийнхөө хариуг авъя гэж очиж уулзсан өдөр буюу 3 дугаар сарын 24-ний өдөр 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зөрчсөн, тушаал шийдвэрээ нөхөж гаргасан болох нь харагдаж байна. Хэрэв намайг өргөдөл өгөхөд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан бол надаас өргөдөл авах шаардлагагүй ажлаас чөлөөлсөн тухайгаа мэдэгдэх байсан.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь зөв үнэлээгүй, хэт нэг талыг барьж албан тушаалтны хууль бус шийдвэрийг хамгаалсан иргэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн захиргааны Нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй, зарлаагүй нь миний үйлдэл, үйл ажиллагаатай ямар ч холбоогүй юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан байдаг.
Тамгын газрын даргын намайг ажлаас халсан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх заалт болох “3 хүртэл насны хүүхэдтэй эх хүсэлт гаргасан бол хүүхэд асрах чөлөө олгох” заалтыг зөрчсөн. Чөлөөний хугацаа дуусаад би ажил таслаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад ажилд орох хугацаа болсон ч ажил олгогч ажлын байрыг ажлын 15 өдөр хадгалах заалттай тул намайг ажил тасалсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэС-гээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэС-гийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Б/** дугаар “Д.С-г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” тушаалаар Д-ийн С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байна.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн архив бичиг хэргийн эрхлэгч Д.Алтанцэцэгийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд архив бичиг хэргийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байх хугацаанд 2022 оны 02 дугаар сард Д.А нь өмнөх ажилдаа биш эрх зүйн ажилтны орон тоон дээр ажилд орсон тул би үндсэн ажилтан болсон гэж үзэж байна, мөн төрийн захиргааны нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй, зарлаагүй нь миний үйлдэл, үйл ажиллагаатай холбоогүй хэмээн маргажээ.
4. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар “Б.М-г ажилд түр томилох тухай” тушаалаар Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч Д.А-ийн жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд Б.М-г Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.М-г нийгмийн ажилтнаар түр томилж, сарын үндсэн цалин ТҮ-6 буюу 709.759 төгрөгөөр бодож олгох тушаал гаргасан байна.
5. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдлээр төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд хууль бусаар томилсон гэж үзэж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгосон цалин хөлс, нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх мэдэгдэл гаргаж, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар “Сул орон тооны захиалга ирүүлэх тухай” албан бичгээр байгууллагын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.
6. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/** дугаар “Баянмөнхийн Мөнхнаранг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвС-гэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн ажилтнаар түр ажиллаж байсан Баянмөнхийн Мөнхнаранг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
7. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/** дүгээр “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалын нэгдүгээр хавсралтад Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн-1, ТЗ-3 ангиллаар, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн-1, ТЗ-9 ангиллаар тус тус баталсан байх ба нэхэмжлэгч Б.М-г 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/** дугаар тушаалаар нийгмийн ажилтнаар түр томилохдоо Б/** дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тоо байхгүй албан тушаалд томилсон болох нь тогтоогдож байна.
8. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27 дугаар зүйлийн 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэж тус тус заасан.
9. Анхан шатны шүүх “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/** дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Мг томилохдоо төрийн албаны туС-гай шаардлага хангаагүй байсан тул түүнийг нийгмийн ажилтнаар түр ажиллуулж байсан, улмаар Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сул орон тооны захиалга ирүүлэх тухай” 23 дугаар албан бичиг ирсэн тул маргаан бүхий Б/** дугаар захирамжийг гаргасныг буруутгах үндэслэлгүй” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.
10. Мөн нэхэмжлэгч Б.М Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд тухайн албан тушаалд туС-гай шалгалт зарлагдаагүй, Б.М нь уг албан тушаалд ажиллаж байгаагүй бөгөөд нийгмийн ажилтны албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлд хамаарахгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109/ШШ2024/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА