| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2018/00645/и |
| Дугаар | 648 |
| Огноо | 2017-10-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 648
2018 оны 10 сарын 15 өдөр Дугаар156/ШШ2018/00648 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлын “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
хариуцагч: ................................. оршин суух, эрэгтэй, 58 настай, Т.Б-д холбогдох,
нэхэмжлэгч: ................................ оршин суух, эмэгтэй, 48 настай, Д.Н-ийн нэхэмжлэлтэй,
“гэм хорын хохиролд 4 060 000 төгрөг”-ийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Т.Б-ын өмгөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“2018 оны 02 сарын 23 өдөр Т.Б-ын цагаан халтар нохойд боорлуулж, 11 соёо орж, хэвтэрт орж, бие маань өвдсөн хэвээр байна. Нохойд хазуулсны улмаас үр дагавар нь хөх маань өвдөөд хавдар судлалаар явж шинжилгээ өгөхөөр болоод байна.
Иймд би эрүүл мэндээрээ хохирч мөн хүргэн ахынхаа малыг сарын 300 000 төгрөгийн цалинтай охинтойгоо харж байсан боловч нохойд хазуулсан тул биеийн байдлаас болж малыг нь эргүүлж өгсөн. Иймд би эрүүл мэндээрээ хохирч, бүтэн жилийн цалингаараа хохирсон. Сардаа халамж 225 000 төгрөг авдаг тэрийгээ зээл авч эмчилгээнд зарцуулсан. Хүүгийнхээ хүчинд амьдарч байна.
Иймд хариуцагч Т.Б-аас 1 жилийн цалин 2 100 000 төгрөг, эмчилгээний зардал 1 960 000 төгрөг, тэмдэгтийн хураамж, нийт 4 060 000 төгрөгийг олгож өгч тусална уу” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т.Б-аас айлын мал харж сард 280 000 төгрөг авдаг байсан. Нохойд хазуулснаасаа хойш буюу 2018 оны 03 сараас хойш авч чадаагүй хохирсон. Иймд цалин хөлс 2 100 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Мөн эмчилгээнд 1 900 000 төгрөг зарцуулсан тул нэхэмжилнэ. Бүгд 4 000 000 төгрөг нэхэмжилж байгаа.
2018 оны 02 сарын 23 өдөр би Батноров суманд өөрийн эгч Бадарширийнд очихоор 17-19 цагийн үеэр /Т.Б-ын/ урдаас хойшоо чиглэлтэй гудамжаар явж байтал тэдний хашаанаас хөл цагаан халтар нохой хашаан дээгүүр давж гарч ирээд намайг дайрч хазсан.
Баруун өгзөг дагууд 11 шүд орсон байсныг нь эмчид үзүүлж мэдсэн.
Би чулуу, шороо цацаж байж нохойноос салсан. Шөнө нь халуурсан, 3 хоногийн дараа Батноров сумын эмнэлэгт, Бэрхэд 3 сарын 04-05 өдрийн үед үзүүлж вакцинд орсон.
Нохойнд хазуулсан талаараа Т.Б-д хэлэхэд манай нохой хүн хазах ёсгүй дээ гэсэн. Батноровын хүмүүс Т.Б-ын нохойг хүнрүү дайрдаг гэж хэлж байна.
Би эрүүл мэндээрээ хохироод байгаа юм. Т.Б- надаас 1 ч удаа яаж байна гэж асуугаагүй” гэв.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Д.Н нь 2018 оны 02 сард Хэнтий аймгийн Батноров сумын төвд манай нохойд хазуулсан талаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Д.Н нь 2018 оны 02 сарын 23 өдөр манай нохойд хазуулсан гэх боловч тухай өдрөө бидэнд огт мэдэгдээгүй, таг чиг байж байгаад Бэрхрүү яваад 3 хоноод ирсэн гэсэн. 02 сарын 26-ны өглөө гэнэт “танай нохойд хазуулсан” гэж утсаар мэдэгдсэн. Тэр өглөө нь Д.Н-тэй гудманд таараад ямар зүстэй нохойд хаана хазуулсан талаар асуухад “бор” нохойд танай арын гудамжинд хазуулсан гэж хэлэхэд нь би манайд тийм зүстэй нохой байхгүй очиж манай нохойны зүсийг хараарай гэж хэлсэн. Тэгнэ гэж хэлээд явсан 2-3 цагийн ирж, нохойны зүс харна гэсэн яасан бэ гэж утсаар хэлэхэд эмнэлэг дээр байна очно гэж хэлээд ирээгүй явсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа хүү нь утсаар ярьсан. Манай ээж танай нохойд хазуулсан байна. Танай нохой том улаан халтар нохой байдаг гэнэ гэж бас өөр зүстэй нохой хэлсэн.
Улмаар бид хазуулсан нохой чинь мөн үү манай нохойг ирж хар гэхэд огт ирж хараагүй байж хажуу айлаас манай нохойны зүсийг асууж тодруулсны эцэст манай нохойг хазсан гэж гүтгэлгийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Батноровт үнэхээр манай нохойд хазуулсан эсэх, Бэрхэд очоод хазуулсан эсэх нь тодорхойгүй, мөн салхитын 02 дугаар гудамжинд нохойд хазуулсан гэдэг тэгэхээр манай арын гудамжинд нохойд хазуулсан байх боломжгүй юм.
Ямар ч гэрч нотлох баримт байхгүй байхад цагдаа, шүүхэд хандаж бидэнд чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Ямар ч гэрч, нотлох баримтгүйгээр бүхэл бүтэн 4, 5 хоногийн дараа гэнэт танай нохойд хазуулсан гэж бусдаас мөнгө нэхэмжилж байгаа ёс зүйгээ үйлдлээ зогсоох хэрэгтэй.
Ийм учраас энэ хэргийн талаарх гомдлыг цагдаа, прокурорын байгууллага шалгаад 2018 оны 08 сарын 09 өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлдээ дурдсан нохойд хазуулсны улмаас хөх өвдсөн, ажилгүй болсон, сард 300 000 төгрөгийн цалинтай талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч эдгээр нь үндэслэлгүй, мөн өөрөө айлын мал харж байгаагүй, группт байдаг, хүү нь мал харж байгаа гэдгийг нутгийн иргэд мэднэ. Энэ мэтчилэн бусдаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцаг Т.Б-ын өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2018 оны 02 сарын 26 өдөр гэнэт Д.Н нь хариуцагч Т.Б-уу утсаар танай нохойд хазуулсан гэж ярьсан гэдэг. Т.Б нь за манай нохой яг хазсан уу ямар нохой байсан та ирж хар гэж хэлэхэд Д.Н ирээгүй гэдэг.
Нэхэмжлэгчийг анх хазуулсан нохойныхоо зүсийг мэдэхгүй байсан гэдэг ба хажуу айлаас нохойных нь зүсийг асууж байна гэсэн. Т.Б-ынх С-2 гудамжинд байдаг. Д.Н нь С-3 дугаар гудамжинд нохойд хазуулсан байсан. Гэтэл Т.Б-ын нохой 2 метр өндөр хашааг давж гарах боломжгүй юм байна лээ. Надад зураг нь ч байгаа. Мөн өмнө нь Т.Б-ын нохой хүн урж байгаагүй гэдэг. Нэхэмжлэгч нохойд уруулсан гэдгийг мэдээд санаа зовж, хүүхэдтэй нь ярьсан гэсэн” гэв.
Хуралдаан дээр хэрэгт цугларсан /хх 3, 7-8/ нотлох баримтаас шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Т.Б-ын нохойд хазуулсаны улмаас учирсан гэм хор болох 4 060 000 төгрөг Т.Б-аас гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Т.Б нь манай нохой Д.Н гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2018 онд малчин Э.Б-ын малыг харахаар нэг жилийн гэрээ хийж, /сарын цалин 300 000 төгрөгөөр/ мал харж байсан. 2018 оны 03 сард биеийн байдлаас болж малаа эргүүлж өгсөн гэсэн тодорхойлолт[1], нохойд хазуулсан гэх гэрэл зураг[2], “Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №244”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 28 өдрийн 244 дүгээр дүгнэлт[3], “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 сарын 09 өдрийн 5/155 дугаар тогтоол[4], Сумын их эмч Б.Ц-ийн тодорхойлолт[5] зэрэг нотлох баримт хавсаргажээ.
Нохойд хазуулсны улмаас гэм хор учирсан болох нь нохойд хазуулсан гэх гэрэл зураг болон Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 28 өдрийн 244 дүгээр дүгнэлт зэргээр нотлогдож байх хэдий ч нэхэмжлэгчийг хазаж, гэм хор учруулсан нохойны өмчлөгч, эзэмшигч нь хариуцагч Т.Б гэдэг нь нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2-т зааснаар гэрийн тэжээвэр амьтны үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч, эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоотой бол гэм хорыг хариуцахаар заажээ.
Нэхэмжлэгч Д.Н нь өөрийг нь хазсан гэх нохойг хариуцагч Т.Б-ын өмчлөлийн буюу эзэмшлийн нохой болохыг хангалттай нотолж чадаагүй ба Д.Н нь нэхэмжлэлдээ хөл цагаан халтар нохой гэх боловч хариуцагчийн хариу тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь нохойны зүсийг хариуцагчид хэд хэдэн удаа зөрүүтэй хэлсэн байх ба урьд өмнө нь Т.Б-ын нохойг харж байгаагүй гэж тайлбарладаг боловч тухайн нохойг хариуцагчийн өмчлөлийн буюу эзэмшлийн нохой гэж хожим шууд зааж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
Мөн нэхэмжлэгч Д.Н нь нохойд хазуулсны улмаас 1 960 000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэдэг боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ шаардлагаа нотолж чадаагүй байх ба Д.Н 2018 оны 09 сарын 10 өдрөөс 09 сарын 18 өдрүүдэд 9 хоног эмнэлэгт хэвтэхдээ өөр оношоор хэвтэж эмчлүүлсэн болох нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн эмчилгээний картаар тогтоогдсон болно.
Зохигчдийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Т.Б-ын нохой нь Д.Н-ийн эрүүл мэндэд гэм хор учруулжээ гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч Т.Б-аас 1 жилийн цалин 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг, эмчилгээний зардал 1 960 000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, нийт 4 060 000 /дөрвөн сая жаран мянга/ төгрөг гаргуулах тухай Д.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Т.Б-аас 4 060 000 /дөрвөн сая жаран мянга/ төгрөг гаргуулах тухай Д.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжд урьдчилан төлсөн 79 910 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧИД Ж.БОЛДБААТАР
Л.ЦЭРЭНДУЛАМ
[1] Хэргийн 5 дугаар тал
[2] Хэргийн 6 дугаар тал
[3] Хэргийн 7 дугаар тал
[4] Хэргийн 8 дугаар тал