| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2018/00629/И |
| Дугаар | 476 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 476
| 2018 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 156/ШШ2018/00476 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00629/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ............................. оршин суух, эмэгтэй, 26 настай, Б.Б-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: .................................... оршин суух, эрэгтэй, 27 настай, Б.Д-д холбогдох,
"эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Б.Б миний бие нь 2013 онд Б.Д-тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 09 сарын 28 өдөр охин Д.Б, 2017 оны 07 сарын 16 өдөр хүү Б.Б нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Цаашдаа хамтран амьдрахгүй шалтгаантай байгаа тул охин Д.Б, хүү Б.Б нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би охин Д.Б, хүү Б.Б нарын эцгээр Б.Д-ыг тогтоолгох хүсэлтэй байна. 2 хүүхдээ би өөрөө авах гэсэн боловч Б.Д-ын хүсэлтээр хүүгээ түүний асрамжид өгөхөөр шийдсэн.
Анх 2013 онд танилцаад 2014 оны 09 сарын 28 өдөр охиноо төрүүлэхэд Б.Д Улаанбаатар хотод байсан боловч 4-5 сар ирэхгүй болохоор нь би араас нь очиж байсан. Б.Д ер нь хүүхдүүддээ болон надад анхаарал халамж муутай, ааш зан нь хурц огцом хувирамтгай зантай.
Хамт амьдрах үедээ гэр орныхоо төлөө анхаарал тавьж, амьдрахын төлөө зүтгэдэг байсан. Харин гэрээсээ явсан үедээ бол хүүхдүүддээ 100 төгрөг ч өгч байгаагүй. Эцэг хүний хувьд үр хүүхэд, хань ижлийнхээ өмнө хүлээх хариуцлага байгаа гэдгийг энэ хүнд мэдрүүлэх үүднээс шүүхэд хандсан” гэв.
Хариуцагч Б.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Б.Б бид 2 2013 онд танилцаж 2014 онд охин Д.Б, 2017 онд хүү Б.Б нар төрсөн. Би хүүхдүүдийнхээ эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа Б.Б бид 2 нэг гэрт хамтран амьдраад 4 жил болж байгаа бөгөөд бид гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэр бүлээ батлуулж албан ёсны баталгаа авъя гэж ярилцдаг байсан боловч амжаагүй.
Бид 2014 оны 06 сараас 2017 оны 10 сарын 17 өдөр хүртэл Улаанбаатар хотод амьдарч байсан бөгөөд хотод би ажил хийж амьдарч элбэг хангалуун байж эхнэрээ ажил хийлгэлгүй гэртээ хүүхдүүдтэйгээ юугаар ч дутаалгүй байлгаж байгаад ар гэрт гачигдал зовлон бий болсноос болж би арга буюу хөдөө гарч мал маллаж амьдрахаар шийдвэр гаргаж хөдөө ирж хөдөөний малчин амьдралаар амьдарснаас болж миний эхнэр хөдөө амьдрах дургүйдээ надад салах сарних асуудал ярих болсон. Миний хувьд хотод амьдрах зардал ихтэй амьдрал өөдөө гарахад төвөгтэй гэдгийг мэдсэн болохоор малаа маллаж, өсгөж төв хөдөөг хослуулан амьдралаа өөл татах алсын бодолтой байгаа юм. Гэтэл миний эхнэр энэ санаа бодлыг минь дэмжих байтугай бүр эсэргүүцэж ийм хэмжээнд хүрлээ. Миний зүгээс амьдралаа өөд нь татаж сайн сайханд тэмүүлсэн минь л буруу болоогүй бол надаас шалтгаалсан зүйл үгүй.
Би авгайдаа ааш зан гаргаж агсан согтуу тавьж, загнаж зандарч, эрх чөлөөнд нь халдаж байгаагүй хүн бүр мэднэ. Манай эхнэрийн ээж, аав олон удаа салж, нийлж байсан. Хадам ээж өнөөг хүртэл аавыг номхон хүлцэнгүй байлгасаар өнөөдрийг хүрсэн би үүнийг шүүмжилж засах гэсэн утгаар хэлсэнгүй. Зүгээр л нөлөөлдөг юм болов уу.
Би хань ижил үр хүүхдүүдээсээ салж хагацах бодол санаа өвөрлөж яваагүй. Одоо ч ийм л бодолтой яваа билээ. Нэгэнт өргөдөл өгч шүүхээр шийдвэр гарах хэмжээнд хүрээд байгаа учир би 2 хүүхдийнхээ багыг буюу хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаагаа эхнэртэйгээ зөвшилцөн тохиролцсон билээ. Манай эхнэр энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа шүүхэд хэлэх байлгүй. Хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай асуудлыг бид хоорондоо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Би өөрийн үр хүүхдийг насан туршдаа хайрлан халамжилж явах болно. Миний эхнэр амар хялбар хөнгөн амьдралыг хүссэндээ ийм байдалд хүрч байна даа” гэжээ.
Хариуцагч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2 хүүхдийнхээ эцэг нь мөн болохыг хүлээн зөвшөөрөлгүй яахав.
Жаахан хэл ам зөрөлдөнгүүт л Б.Б яваад өгдөг. Би хүүхдүүдээ харж ханддаг, 3 сартайд нь асарч харж байсан. Одоо ч надад эхнэр хүүхдээсээ салах, тус тусдаа амьдрах бодол байхгүй.
Гэхдээ энэ хүн өөрөө ийм шийдвэр гаргасан бол би юу хэлэх вэ. Одоо би хүүтэйгээ, ээжтэйгээ амьдарч байгаа. Чи тусдаа амьдраад үз, болохгүй бол эргээд ирэхгүй юу гэж би хэлсэн” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4-5/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д-д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд зохигчдын тайлбар мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Б нь Б.Д-ыг хүү Б. Б-ийн эцэг мөн болохыг тогтоолгож, охин Д.Б-ийн өөрийн асрамжид авч үлдэхээр тохиролцож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2013 оноос хамтран амьдарч байсан байх ба хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 09 сарын 28 өдөр охин Д.Б, 2017 оны 07 сарын 16 өдөр хүү Б.Б нар төрсөн болох нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар[1]-аар нотлогдож байна.
Хариуцагч Б.Д нь охин Д.Б болон хүү Б.Б-ийг өөрийн хүүхдүүд мөн болохыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д тус тус зааснаар хариуцагч Б.Д-ыг Д.Б, болон охин Б.Б-ийн эцэг нь болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүүхдийн асрамжийн тухайд талууд харилцан тохиролцож хүү, охин хоёроо нэг нэгээр нь өөрсдийн асрамжид буюу охин Д.Б-ийг эх Б.Б, хүү Б.Б-ийг эцэг Б.Д-ын асрамжид авах болсныг дурдах нь зүйтэй.
Зохигчид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй ч охин Д.Б, хүү Б.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул Гэр бүлийн тухай хуулинд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээх, мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Иймд өөрийн асрамжид аваагүй хүүхэддээ ч эцэг, эхийн хувьд анхаарч, тэдний өмнө тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг зохигчдод анхааруулах шаардлагатай гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Б.Б-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Б.Д нь 2014 оны 09 сарын 28 өдөр төрсөн охин Д.Б, 2017 оны 07 сарын 16 өдөр төрсөн хүү Б.Б нарын эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Зохигчид охин Д.Б-ийг эх Б.Б, хүү Б.Б-ийг эцэг Б.Д-ын асрамжид үлдээхээр тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчид мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
[1] Хэргийн 7, 8 дугаар тал