Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар    2022/ШЦТ/996

 

2022        06         28                                   2022/ШЦТ/996

 

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт *******-д холбогдох эрүүгийн 2106 02488 1674 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 203-85 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

 

Х овогт *******

Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа гараараа түлхэж газарт унагааж, дээр нь өвдөглөж, улмаар биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найзуудтайгаа уулзсан. Тэгээд 7, 8 цагийн үед очиход Д нилээн согтуу байсан. Тэгээд орой 10-11 цагийн үед хажуу талын хашааны хүн гарч ирээд “дуу чимээгээ болио” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөгжмөө суллая хэдүүлээ аажуухан байцгаая, дотогшоо оръё гэж хэлсэн. Бид нар байшингийн гадаа байсан. Би намдуухан ярьж сууцгаая гэсэн чинь өөдөөс уурлаад байсан. Тэгээд бид нар маргалдсан. Миний хэлснийг эсэргүүцсэн. Тэгээд би барьж аваад дарж унагаасан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Иргэн Ц.Д-с 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 15 дугаар хуудас),

- Хохирогч Ц.Д-ийн “2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ...найзуудын хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхор толгойд амьдардаг Пүүжээгийн гэрт баяр наадам тэмдэглэхээр очсон. ...ууж идээд орой 23:00 цагийн орчимд би хөгжим тоглож манай хэд дуулж бүжиглээд байж байтал Пүүжээгийн хөрш гэх залуу бид нар дээр ирээд “та нар наад дуу чимээгээ багасгаач ээ, хүүхэд унтахгүй уйлаад байна” гэж хэлэхэд Баттулга уурлаж “чамд ямар хамаатай юм бэ, бусад айлууд хэл ам хийхгүй байхад чи муу юу юм” гээд өнөөх залуу Баттулга 2 маргалдаж, хоорондоо барьцалдаад авсан. Тэнд байсан бусад найзууд Баттулгыг салгаад өнөөх залууг нь цааш аваад явтал Баттулга миний хажууд ирж сууснаа надад “та нар муусайн пизда нар хэний талд орж байгаан” гэхээр нь би Баттулгад уурлаж “чи хүнийг пиздагаар нь дууддаг хэн юм бэ” гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд Баттулга хажуудаа байсан аяллын дэлгэсэн ширээг авч над руу шидэхээр нь би ширээнээс нь бултсан чинь Баттулга уурлаад бид 2 барьцалдаж аваад Баттулга гараараа миний нүүрийг мангасдаж намайг хойш түлхэж газар унагаагаад миний дээр гараад суучихсан. Тухайн үед Баттулга миний дээр суухдаа нэг хөлөөрөө өвдөглөөд миний баруун талын хавирган дээр өвдөглөөд суусан. Тэгсэн миний хавирга эвгүй болоод би амьсгалж чадахгүй болчихсон. Тэгэхэд тэнд байсан найз миний дээрээс Баттулгыг татаж босгоод надаас салгасан. Намайг Баттулгаас өөр цохиж зодсон хүн байхгүй” гэх (хх-ийн 20-23 дугаар хуудас),

... Баттулга над руу ширээ шидэж, миний бүсэлхий цавь хэсэгт оноод араас нь өөрөө гүйж ирэн миний нүүрийг мангасдаж маажаад намайг түлхэж унаган миний дээр гарч суухдаа өвдгөөрөө миний хавиргыг нэдэрчих шиг болсон. Энэ үед миний хавирга эвгүй болчих шиг болсон. Тэр үедээ архины халуунд нэг их тоохгүй байж байгаад шөнөдөө миний хавирга өвдөж хоноод маргааш өглөө нь найзыгаа хотоос дуудаж гэр рүүгээ хүргүүлсэн. Би босч чадахгүй хэвтэрт 1 хоносон боловч миний бие дээрдээгүй тул дүү Ц.Санжааг дуудаж 7 сарын 17-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлгүүд (хх-ийн 25 дугаар хуудас),

- Гэрч Ө.Э-ийн “2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “хөгжилтэй найзууд” гэх группийн гишүүд уулзахаар болж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхор тосгонд амьдардаг Пүүжээ гэж группийнхээ нэг гишүүнийхээ гэрт цуглахаар болсон. ...Даансүрэн Баттулгад хөгжим дагаад дуулж чадахгүй байж гээд хэлсэн чинь Баттулга уурлаж, тэр хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж, Баттулга Даансүрэнг пизда гэж хэлтэл Даансүрэн уурлаж чи намайг пизда гэж хэллээ, би та нарт зориулж хөгжим авч ирж байхад та нар хөгжмөө унтраа гэж хэллээ гээд ...Даансүрэн майхандаа орсон. ...Тэгсэн нэг харсан Даансүрэн майхнаас гарч ирээд Баттулга дээр очоод чи хүнээс ингэж уучлалт гуйдаг юм уу гээд хоорондоо маргалдаж ...Даансүрэн Баттулгыг заамдаж аваад Баттулга Даансүрэнгийн дээрээс давхралдаад газар уначихсан. ...Даансүрэн Баттулгаас өөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39 дүгээр хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6451 дугаар “...1. Ц.Д-ийн биед баруун 7-р хавирганы хугарал, зүүн гуяны дотор дээд хэсэгт цус хуралт, гуяны урд доод хэсэгт цус хуралт, хамрын зүүн талд зулгаралт, зулайн зүүн ар хэсэг, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хх-ийн 30-32 дугаар хуудас),

- 0сол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хх-ийн 55-57 дугаар хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа гараараа түлхэж газарт унагааж, дээр нь өвдөглөж, улмаар биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6451 дугаар “...1. Ц.Д-ийн биед баруун 7-р хавирганы хугарал, зүүн гуяны дотор дээд хэсэгт цус хуралт, гуяны урд доод хэсэгт цус хуралт, хамрын зүүн талд зулгаралт, зулайн зүүн ар хэсэг, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Хохирогч гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Д-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Д-ийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Д-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******-ын үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

Улсын яллагч: “Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн гэм буруугийн саналыг сонслоо. Хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч 07 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Унтаж амрах цагаар дуу чимээгээ аядуу байлгая гэхэд нь хохирогч эсэргүүцсэн байгаа учраас энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж харагдаж байна. Сая төгрөг нэхэмжилж байна гэсэн болохоос баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Торгуулийн ял оногдуулвал төлөх боломжтой гэв.

 

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч  нь хохиролд баримтаар 145.250 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршигийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

 

Шүүгдэгч *******-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Д-ийн  эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 145.250 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол нөхөн төлөгдөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с 145.250 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Д-д олгож, цаашид энэ хэргийн улмаар учирсан гэм хор, хор уршигийн хохирлоо баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ