Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1018

 

2022         06          30                                   2022/ШЦТ/1018

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Ч.Батбаатар /тээврийн прокурор/,

   Хохирогч Ц.Насанжаргал,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-д холбогдох эрүүгийн 2203 00221 0266 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 10-110 тоотод оршин суудаг, урьд  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай,

Б овогт *******  

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их цайз захын хойд замд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 54 минутын орчим “Субару” маркийн 94-33 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо хонхороос гараад Баянхошууны эсрэг талын замд том машин гарцан дээр зогсож байсан. Гарахын даваан дээр том машины цаанаас хүн гарч ирсэн. Тэр хавьд байсан хүмүүс цагдаа, түргэн дуудсан. Би энэ хохирогч эгчийг аваад машиндаа суулгасан. Тэгсэн чинь энэ эгч эмнэлэг энэ тэр гээд яах вэ, эгчдээ эм тарианы мөнгө өгчих эндээсээ хоёулаа тохиролцъё гэж хэлсэн. Тэгэхээр нь эхлээд хоёулаа эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг явж байх замдаа эгч нь гайгүй гэж хэлсэн. Тухайн үед тэнд ирсэн цагдаа нэг хүний дугаар өгөөд “энэ дугаар руу шаардлагатай бол яриарай” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг орж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд нөгөө цагдаагийн өгсөн дугаар руу ярьсан гэв.

 

Хохирогч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлчихээд гэр рүүгээ явах замдаа машинд мөргүүлсэн. Тухайн үедээ ухаан алдсан байсан. Тэр хугацаанд цагдаа, түргэн ирж үзээд “гэмтэл дээр үзүүл” гэж хэлсэн. Тэгсэн чинь халуун дээрээ өвдөлт нь мэдрэгдэхгүй байсан учраас хоёулаа тохиръё гэж хэлсэн нь үнэн. Гэмтлийн эмнэлэгт очоод зураг авахуулахад нурууны 4 дүгээр үе хугаралтай байна гэж хэлсэн. Тухайн өдөр эм тарианы мөнгө гэж 161.000 төгрөг, томографийн зураг авахуулахад 120.000 төгрөгийг төлж байсан. Надад эхлээд 281.000 төгрөгийн эмчилгээ, эм тариа авч өгсөн. Дараа нь 453.000 төгрөгийн эм тариа авч өгсөн. Энэнээс өөр мөнгө аваагүй. Би 2.223.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тзэврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-10 дугаар хуудас/,

 - Хохирогч Ц.Н-ын: “Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлгээр явж байгаад гэртээ харихаар цайзын хойд талын замын явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлд зам хөндлөн гарч явахад цагаан өнгийн амжиргаа цагаан зогсохгүй намайг мөргөж унагаасан...Гэмтлийн эмнэлэгт нурууны зураг авахуулахад нурууны яс хугарсан байна гэсэн. Оточ манал эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарч гэрээр дэглэм сахиж байгаа...Ослоос хойш эмнэлэгт хэвтсэн 453.000 төгрөг, Цаашид нурууны зураг авахуулах хэд хоног сувилалд хэвтэн эмчлүүлэх зардалд нийт 2 сая төгрөг авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6129 дугаартай: “Ц.Н-ын биед ахар сүүлний 4-р нугалмын цууралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 504 дугаартай: “Субару” маркийн 94-33 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их цайз захын хойд замд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 54 минутын орчим “Субару” маркийн 94-33 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тзэврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Н-ын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6129 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 504 дугаартай магадлагаа, шүүгдэгч *******-ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүх дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй,  хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Н-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.  

Хохирогч Ц.Н нь эмчилгээний зардалд 2.223.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь баримтаар 742.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөнийг дурдах нь зүйтэй байна.  

Хохирогч нь шүүхэд нэмж хохиролын баримт ирүүлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын саналдаа: Гэм буруу зүйлчлэл дээр маргахгүй. Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Мөн өөрөө эмнэлэг, цагдаагийн байгууллага дуудсан. Мөн өөрийн тээврийн хэрэгслээр хохирогчийг гэмтлийн эмнэлэгт аваачиж өгсөн байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан нийт 4 баримтаар нэхэмжилж байгаа 742.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Үүнийг өнөөдрийн байдлаар 100 хувь төлсөн байна. Мөн хувийн байдлын хувьд нөхөр нь 2021 онд нас барсан, 12-13 насны хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэй, гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******: Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

 

Хохирогч Ц.Н: Тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч *******-д 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ц.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2.223.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт 461.000 төгрөгийг баримт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид 742.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь 2.223.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн эмчилгээний зардал гэх 1.481.000 төгрөгийн хохирлын баримтыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Хохирогч нь дээрх хэлэлцэхгүй орхисон эмчилгээний зардлын баримтууд болон цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт *******-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Ц.Н нь өөрт учирсан хохирлоо эмчлүүлэхэд гарсан зардал болон цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ