Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр

       Дугаар 156/ШШ2018/00479

                    Хэнтий аймаг

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00479/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ................................ оршин суух, эмэгтэй, 31 настай, Э.С-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: ........................................ оршин суух, эрэгтэй, 30 настай, Б.Б-д холбогдох,

"гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.С, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансувд нар оролцов. 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э.С миний бие 2008 онд Б.Б-тэй танилцаж улмаар 2009 оны 01 сарын 19 өдөр гэрлэлтийн 03 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 07 сарын 09 өдөр хүү Б.Б, 2017 оны 05 сарын 24 өдөр охин Б.С нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 07 сараас тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш 2 хүүхэд маань миний асрамжид өсөж торниж байна. Нөхөр болох Б.Б тусдаа амьдрал зохиосон учир цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Б.Б, охин Б.С нар нь миний асрамжид байгаа тул ээжийнх нь асрамжид үлдээж эцэг Б.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б-ээс гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Учир нь Б.Б нь өөр хүнтэй амьдрах болсон, бид тус тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Одоо хүү 10 настай, охин 1 нас 4 сартай, би хүүхдүүдээ өөрөө асарч, хүмүүжүүлж байна” гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Э.С-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би Э.С-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ ээжид нь өгч тэтгэлэг төлнө.

Би өөр хүнтэй амьдрахаар шийдсэн, одоогоор би Улаанбаатар хотод хувийн компанид том тэрэг барьж байгаа“ гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх- 4-9, 11/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Б.Б-ээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Б, охин Б.С нарыг өөрийн асрамжид үлдээх, мөн хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх ба хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Э.С, Б.Б нар 2008 оны 07 сарын 21 өдөр гэр бүл болж,  2009 оны 01 сарын 19 өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлжээ[1]. Хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 07 сарын 08 өдөр хүү Б.Б, 2017 оны 05 сарын 24 өдөр охин Б.С нар төрсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар[2] зэргээр нотлогдож байна.

Гэрлэгсэд нь цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл[3] болон одоо хариуцагч Б.Б нь өөр хүнтэй амьдарч байгаа гэх тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргах зүйл байхгүй гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу хүү Б.Б, охин Б.С нарыг нэхэмжлэгч Э.С-ын асрамжид хэвээр үлдээж, хариуцагч Б.Б хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүү Б.Б, охин Б.С нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийн хэмжээг тогтоож, мөн хуулийн мөн хуулийн 40.2-т зааснаар хариуцагч зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Э.С-оос урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.Б-ээс гаргуулан, нэхэмжлэгч Э.С-д олгох нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” гэж заасан байх тул тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг /174 000*50%*2 хүүхэд*12 сар=2 088 000/ тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 48 358 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох үндэслэлтэй байна.

Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан нь Гэр бүлийн тухай хуулинд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээх, мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эхийн үүргээс тэднийг чөлөөлөх үндэслэл болохгүй болно. Иймд өөрийн асрамжид аваагүй хүүхэддээ ч эцэг, эхийн хувьд анхаарч, тэдний өмнө тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг зохигчдод анхааруулах шаардлагатай гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Э.С, Хуучид овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар хүү Б.Б, охин Б.С нарыг эх Э.С-ын асрамжид хэвээр үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Б, охин Б.С нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Э.С-гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С-д олгож, 48 358 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулах, гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.    

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.АРИУНАА

 

 


[1] Хэргийн 4 дүгээр тал

[2] Хэргийн  5, 6 дугаар тал

[3] Хэргийн 11 дүгээр тал