Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар    2022/ШЦТ/1040

 

2022        07         04                                   2022/ШЦТ/1040

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-т холбогдох эрүүгийн 2206 01948 1652 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9- 421 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Нийслэлийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 75 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106-р зүйлийн 2, 112-р зүйлийн 2, 112-р зүйлийн 3-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Б овогт *******  

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 13-19 тоотод өөрийн танил *******-тэй бэлгийн харилцаанд орж байх үеийн бичлэгийг түүнд мэдэгдэлгүй хийж, улмаар хохирогчийг автомашины мөнгө болох 15.000.000 төгрөг өгөхийг шаардаж, уг бичлэгийг түүний ойр дотны хүмүүст тараахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ******* уулзъя гэхээр нь манай энд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд манай гадаа уулзаж сууж байгаад манай гэрт орсон. Хохирогчийн зүгээс бичлэг мэдэгдэхгүй хийсэн гэж байгаа боловч хоёулаа бичлэг хийгээд дараа нь үзье гэж надад өөрөө хэлсэн. Бид хоёрын утас том өрөөнд байсан. Бид 2 жижиг өрөөнд байж байгаад очиж утсаа авах гэтэл Объект-ийн утас цэнэггүй байсан. Тэгээд миний утсаар бичлэг хийсэн. Надад бичлэг хийх санаа байгаагүй гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

- Хохирогч *******-ийн..”Би О гэдэг хүнтэй 2021 оны 10 дугаар сарын орчимд фейсбүүкээр анх танилцсан. О нь “Otgoo Badarch” нэртэй фейсбүүк хаягтай. Объект-тай зөвхөн фейсбүүкээр харилцдаг байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байдаг Объект-рын өөрийнх гэрт уулзсан. Тэгээд О бид хоёр, архи, пиво уусан ба удалгүй бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харилцаанд орж байх үед О еерийнхөө гар утсаар болж буй үйл явдлыг бичиж байсныг би гэнэт анзаарсан ба тэр үйлдлийг болиулах гэтэл О “Миний утасны цэнэг дуусчихлаа” гэхээр нь би О-ын гар утсыг аваад шалгатал дүүрэн цэнэгтэй байсан. Тэгээд О гэнэт надаас гар утсаа булааж аваад өөрийн дугаарыг нь нууц кодийг буруу хийгээд блок хийчихсэн, тэгээд надад хандаж “миний дугаарын пук код байдаг карт манай хуучин эхнэрт байгаа гэхээр би” чи тэгвэл Мобикомын лавлах руу залгаад нууц үгээ авчиж болно, тэгээд яаралтай сая хийсэн бичлэгээ устга гэж уурлахад О Мобикомын лавлах руу залгаад өөрийн регистрийн дугаараа тухайн үйлчилгээний ажилтанд удаа дараа буруу хэлээд нууц үгээ авч чадаагүй.Тэгээд би үүнээс хойш аргалаад уулзаж бичлэгээ устгуулах гээд “уулзъя” гэхэд чамтай уулзахгүй, чи миний машиныг доромжилсон, надад мөнгө өг, эсвэл машин авч өг машин доод тал нь 15.000.000 төгрөг байдаг, эхний ээлжинд 3.000.000 төгрөг олж өг гээд заналхийлдэг байсан. Үүнээс хойш өдөр бүр ийм байдал үргэлжилсэн учраас цагдаагийн байгууллагад хандаж байна.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Гар утас, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 13-19 тоотод өөрийн танил *******-тэй цахимаар танилцаж улмаар түүнтэй бэлгийн харилцаанд орж байх үеийн бичлэгийг түүнд мэдэгдэлгүй хийж,  хохирогчийг автомашины мөнгө болох 15.000.000 төгрөг өгөхийг шаардаж, уг бичлэгийг түүний ойр дотны хүмүүст тараахаар заналхийлсэн болох нь хохирогч *******-ийн мэдүүлэг, шүүгдэгч Б.О-ын мэдүүлэг, гар утас, фейсбүүк хаяг зурвасуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь:...... бид тохиролцож бичлэгийг хийсэн. Мөнгө өг гэж сүрдүүлээгүй, миний машиныг ямбий гэж хэлэхээр нь уур хүрээд тэгвэл чи тийм баян юм бол машин аваад өгчих л гэж хэлсэн. Өөрөө л зээл аваад өгье гэж байсан гэж....

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, сэдэлт санаа зорилго гэм буруу нотлогдохгүй байгаа. Мөнгө өгөхгүй бол чат тавина тэгнэ ингэнэ гэсэн үг үсэг хоорондоо бичсэн чатанд байхгүй. О л айсандаа өөрөө зээл аваад өгье гээд байдаг..... гэж мэтгэлцэх боловч иинхүү мэдүүлж буй нөхцөл байдал нь нотолгооны бусад хэрэгсэлээр нотлогдоогүй, харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодруулбал: *******-ын гар утсан дээрх бичлэгт үзлэг хийж дүрс бичлэгийг буулгаж эд мөрийн баримтаар тооцсон сиди, ******* ******* нарын хоорондоо бичсэн гэх гар утасны зурваст бичигдсэн ...харсан биздэ, зарна, эхлээд өг, би одоо нөхөр лүү чинь явуулна, нөхөр чинь таних байлгүйдээ, хүүхдүүд ах дүү төрөл садан чинь хэр журамтай байсныг чинь мэдээд ...биз, машин үнэтэй байгаа, би чамайг бодлоо тэрнээс 15 биш, надад яаралтай 3 хэрэгтэй байна, одоо хэд байна өөрт чинь гэх мэт зурвасууд зэргээр няцаагдан үгүйсгэгдэж байна.  

            Эдгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлж авсан гар утасны дүрс бичлэг, зурвасууд зэрэг баримтууд хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлэгдсэн байх бөгөөд хууль сануулан авсан хохирогчийн мэдүүлэг нь эдгээр баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч *******-ын хохирогчтой цахим хэрэгсэл буюу фейсбүкээр танилцаж танилын харилцаа үүсгэж бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг өөрт нь мэдэгдэлгүй хийж машины мөнгө 15000000 төгрөг өг үгүй бол зарна, гэр бүлд нь үзүүлнэ гэж сүрдүүлж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд заасан Бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч нь өөрийн үйлдлийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

            Шүүгдэгч *******-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иймд  шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* эрүүгийн хариуцлагын саналдаа: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж байгаа баримтуудаар хэрэг нотлогдохгүй байна гэж үзэж уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй байна. Тухайлбал би нотлох баримтыг шинжлэн судлахдаа хохирогчийн мэдүүлгийг уншиж сонсгосон. Мөнгө өгөхгүй бол тавилаа шүү гэсэн мессеж чат дээр алга байна. О өөрөө би зээл авах гээд байна. Зээл авахаараа удахгүй мөнгө өгнө наадахаа устгаад өгөөч гэсэн О-ийн  өөрийн үг явж байна. О-ын хувьд зургийг тавилаа мөнгө өг гэж хэлсэн зүйл алга. Нотлох баримт эргэлзээгүй байх ёстой. О-ийн мэдүүлэгт О хөдөө явж байна гэхээр нь би уурлаад чиний машин чинь Архангай орж чадах уу гэж доромжилоод доошоо хийсэн байдлаар хэлэхэд чи яасан баян хүн юм, тийм баян хүн бол надад машин аваад өгчих гэхэд тэр машин чинь хэдэн төгрөг юм бэ гэхэд 15.000.000 төгрөг байгаа шүү дээ гэсэн яриа болсон байна. О өөрөө айхдаа, миний зургийг олон нийтийн сүлжээнд тавих вий гэдэг үүднээс мөнгө өгье бичлэгийг устгачих гэсэн санаа байгаагаас биш О-ын хувьд заасан сэдэлт, санаа зорилго нь үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “хохирол хор уршиг” тогтоогдоогүй байна. Энэ нь гэмт хэргийн шинжгүй учраас шалтгаан нөхцөл байхгүй байна. Энэ бичлэгийг хоёулаа ярилцаж байгаад хийсэн гэдгийг О мэдүүлэгтээ тайлбарласан. Түүнээс биш санаа зорилгын хувьд тэр бичлэгийг нөхөрт нь үзүүлэх, фейсбүүк дээр тавих биш, айхдаа ийм мессеж чат бичсэн байна. Үүнийг болиулахын тулд буюу фейсбүүк дээр тавиулахгүйн тулд цагдаад хандаад байгаа болохоос биш мөнгө өгье гэж бичиж байснаа өөрөө нотлох баримт гаргаж өгсөн байна. Энэ гэмт хэрэгт гэмт хэргийн шинж байхгүй учраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөргүй, урьд нь ял шийтгүүлж байсан ч засрал хүмүүжил олохоор ажил хөдөлмөр эрхэлж нийгэмшиж байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Шүүгдэгч *******-т 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал:

 

Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч ******* нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор  шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт *******-г “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ