Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/836

 

2022         06         06                                  2022/ШЦТ/836

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч Н.Баасанбат, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

            иргэдийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, 

            улсын яллагч Н.Өнөрбаяр,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00000 1330 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хэрлэн 67 дугаар байрны 02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээс 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн сум дундын шүүхээс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1636 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, О овогтой *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын 16-183 тоотод хохирогч Ж.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зүүн гарын бугалга орчимд нь хутгаар хутгалж амь насыг хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний үйлчлүүлэгч ******* нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Хохирогчтой үл ялиг маргалдсан. Хохирогч нь Б-ийн цээж хэсэг рүү нь өшиглөсөн үйлдлээс болоод амьсгаа авч чадахгүй байж байгаад босож ирээд түлхэж унагаад шкаф дээр байсан зүйлийг аваад цохиход тэр нь хутга байсан гэж мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй учир гэм буруугийн тал дээр тусгайлсан саналгүй байна гэв.

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ хоёрыг бол хараагүй. 3 хоногийн өмнө энэ хоёр архидаад л сууж байсан. Одоо заваарч архидаж байхаар боль гэсэн. 6-ны өдөр архидаад сууж байхад нь би ороод гэрээс нь хөөж гаргасан. Энэ нь зүүн тал руу, манай дүү баруун тал руу гараад явсан. Орой нь буцаад нийлсэн байсан. Урд өдөр нь энэ хүн бас хутга гаргасан байсан. Хэрэг болсон орой юу болсон талаар би мэдэхгүй. Миний утас холбогдохгүй байсан, маргааш нь би мэдсэн”. Шударга шүүгээсэй л гэж хүсч байна гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 1-3 дахь тал/,

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний төрсөн дүү Ж.Б нь 1977 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Эхээс наймуулаа байсан одоо зургуулаа болсон талийгаач дүү маань доороосоо гурав дахь хүүхэд байгаа юм. Талийгаач дүү маань Хөдөө аж ахуйн их сургуулийг 2007 онд санагдаж байна Эдийн засагч мэргэжлээр төгссөн байсан дээд боловсролтой...Талийгаач дүү маань 2008 онд Англи улс руу сурахаар явсан. Англи улсад 5 жил болоод 2013 онд Монгол Улсад ирсэн. 2021 оноос Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамалд хашаа хатгаад гэр барьж өгсөн ба гэртээ ганцаараа амьдардаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 дахь тал/,

Гэрч Д.Б-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн “...Би нөхөр Лхагва, 2 настай хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн Ургамалын 18-183 тоотод 2018 оноос хойш амьдарч байна, би нөхөр Лхагвын хамт ууланд гарч мод бэлтгэх болон тогоочийн ажил хийдэг тул манай 2 настай хүү Билгүүнийг зүс таних Даваасүрэн ах түр хардаг байсан. Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд манай нөхөр Лхагва ойролцоо байх Үүрийнгэгээ хүнсний дэлгүүрээс 0.33, 0.5 литрийн 2 шил Хараа нэртэй архи авч Даваасүрэн ах, нөхөр Лхагва бид гурав хувааж ууж дуусгаад 22 цагийн орчимд унтаж амрахаар хэвтсэн тэгээд 22 цаг өнгөрч байсан цагийг нь тодорхой санахгүй байна гэрийн доторх гэрлийг унтраасан телевизорын гэрэл асаалттай байх үед зүс таних Бооноо /Болд-Эрдэнэ/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үл таних 1 залуугийн хамт орж ирээд гэрийн зүүн урд талд суусан бөгөөд Бооноо нь хамт орж ирсэн залуудаа хандаж чанга дуугаар чи намайг барах уу? гэж хашхираад байсан бөгөөд Даваасүрэн ах Б-д хандаж “чи манайд битгий чанга дуугараад байгаарай” гэж хэлэхэд Б гэрийн хойно орон дээр хэвтэж байсан Д-ийн хоолойд нь хутга тулгаж дуугай байгаарай гэж хэлээд хүзүү орчимд нь хутгаар зүссэн тэгээд гэрийн зүүн урд талд ирээд хамт орж ирсэн залууг хутгалаад гэрээс гарч явсан гэхдээ би хаана нь хутгалсныг хараагүй учир нь гэрийн доторх гэрэл унтаасан, телевизорын гэрэл асаалттай байсан, тухайн үед амь хохирогч гэрийн зүүн урд хэсэгт газар цус болсон байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан бөгөөд би гэрийн зүүн урд талын шүүгээнд байсан хар иштэй хутгыг үзэхэд байхгүй байсан тул би Даваасүрэн ахад хандаж хутга байхгүй байна гэж хэлээд .... дугаарын утсаар түргэн тусламжийн 103 төвд болон Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дэх тал/,

Гэрч Д.Б 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: Манай найзууд болон гэрийнхэн Туяа гэж дууддаг болохоор би тухайн үед сандарсандаа өөрийнхөө дууддаг нэрээр дуудлага өгсөн...нөгөө танихгүй залуу /амь хохирогч/ Б-д хандаж чи харанхуй шөнө айлд орж ирчихээд үймүүлээд байхын гэж хэлэхэд Б гал тогооны шүүгээнээс хар иштэй хутга аваад нөгөө залуутай маргалдаж байхдаа чи дуугүй байгаараа чамайг яаж ч чадна шүү гэж хэлээд монгол гэрийн урд хэсэгт цохих шиг болсон чинь нөгөө залуу арагшаа хэвтээд өгсөн. Тэгсэн Г.Даваасүрэн ах намайг гэрэл асаачих гэж хэлэхээр нь би гэрийн хойд талд очиж гэрэл асаахад Бооноо үүдэнд эргэлдээд байсан. Г.Даваасүрэн ах түргэн тусламж, цагдаад өөрийнхөө дугаараар дуудлага өг гэхээр нь би дуудлага өгч байхад Б гэрээс гараад явсан. Б-г гэрээс гарч явсны дараа нөгөө залуу газарт ямар ч хөдөлгөөнгүй цус алдаад хэвтэж байсан. Удалгүй буюу 10 орчим минутын дараа цагдаа, түргэн хоёр зэрэгцээд орж ирсэн. Харин цагдаа нар ирж байхдаа Б-г бариад автомашиндаа суулгасан надаас энэ хүн мөн үү гэж асуусан. Би Б-г хараад мөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-48 дахь тал/

Гэрч *******-ын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд...хүн хутгалуулсан байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч хэрэг учрал болсон хаяг руу очиж байх хугацаандаа дуудлага мэдээлэл өгсөн иргэн Д.Б-тэй утсаар холбогдож хэн хутгалсан талаар асуухад Бооноо гэх эрэгтэй хүн хутгалчхаад гэрээс гараад явсан гэж хэлсэн...яарч сандарсан байдалтай эрэгтэй хүн алхаж байсан. Тухайн үед автомашины гэрэлд уг этгээдийн өмсөж явсан хувцасны гадна тал буюу хэвлий хэсэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай яв байхыг хараад тухайн этгээдийг шалгах зорилгоор дуудахад өөдөөс ирж байсан чиглэлээ өөрчилж буцаад хурдтай алхсан...Дуудлага мэдээлэл өгсөн иргэн Д.Б-т сэжигтэй этгээдийг харуулахад хохирогчийг хутгалаад гарч явсан гэх Бооноо мөн болохыг таньсан...хэргийн газар үзлэг хийх явцад хашааны хаалганы ертөнцийн зүгээр зүүн талаас хар өнгийн хутга олсон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 50-52 дахь тал/,

Гэрч С.Л-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би эхнэр Б болон хүү Билгүүн 2 настай нарын хамт хуурай ах Даваасүрэнгийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо эмийн ургамал гэдэг газар ирээд нэг хоносон. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Даваасүрэн ахын гэрт би эхнэр Даваасүрэн ах бид гурав архи уусан би сүүлийн 4 хоног дараалан архи ууж байгаа болохоор унтаад өгсөн байна лээ нэг сэрээд ухаан ороход Бооноо гэх эрэгтэй бас өөр нэг танихгүй хүнтэй цуг ирж Даваасүрэн ахын гэрт архи уусан тэгээд Бооноо цуг архи уусан эрэгтэй хүнээ хутгалсан юм шиг байна лээ Даваасүрэн ахын гэрийн үүдэнд танихгүй эрэгтэй хүн цусаа гоожуулсан шалан дээр хэвтэж байсан. Өөр зүйл санахгүй байна. Би Даваасүрэн ахаас бусад 2 хүнийг нь бол танихгүй хутгалсан хүнийг нь Бооноо гэдэг гэснээс өөр зүйл мэдэхгүй. Зодоон маргаан хутга шөвөг болох үед нь би унтсан байсан болохоор юу ч хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дахь тал/,

Гэрч Ж.А-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний төрсөн дүү Бадамхатан 1977 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баян- Овоо суманд төрсөн айлын 5 дахь хүүхэд, дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй, нэг охинтой гэхдээ холбоогүй байдаг, эцэг, эх маань нас барсан. Эхнэрээсээ салаад 10 гаруй жил болж байгаа, 1999 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр арван жилийг төгсөж байсан. 2003 онд Хөдөө аж ахуй дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэдэг. Одоо болохоор нэг компанид том машин барьдаг гэж байсан. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо эмийн ургамлын задгай тоотод надтай хамт амьдардаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44 дэх тал/,

Яллагдагч *******-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өмгөөлөгч Ц.М-ыг оролцуулан мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.. Тэгээд би талийгаачийн дээр гараад цохих гэтэл нүдний үзүүрт нэг зүйл харагдахаар нь аваад талийгаачийн дээрээс доош цохисон. Тэгсэн гараас нь цус гараад байна гээд Туяа надад хэлэхэд нь би хартал нээрээ цус гарсан байсан. Тэгсэн Туяа Цагдаагийн байгууллагад хандах талаар ярьсан учраас би гэрээс гараад гадаа зогсож байхдаа гартаа хар өнгийн иштэй хутга байсныг хараад хашааны зүүн урагшаа шидээд гэр лүүгээ харьсан. Хэсэг хугацааны дараа би гэрээсээ гараад ер нь явж очдог юм билүү гэж бодоод гудамжаар явж байхад өөдөөс хоёр цагдаа ирээд бариад автомашиндаа суулгаад Даваасүрэн ахын гэрт очиход түргэн, цагдаа болсон байсан...үнэхээр буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 137-139 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Талийгаач Ж.Б-гийн цогцост зүүн гарын бугалгын нэвт хатгагдсан шарх, бугалгын дотор тараагуур судасны салаа /A.Collateralis ulnaris/-Hbi бүрэн тасрал, бугалгын мэдрэл /N.Radialis/-H хагас тасрал, бугалгын тараагуур судас /А.Brachialis/-Hbi бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...Шүүх биологийн шинжилгээгээр

4

шинжилгээгээр A II бүлгийн цустай байна..." гэх 1093 дугаартай дүгнэлт,

/хх-ийн 67-80 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “...******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. ******* нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна...7. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх 417 дугаартай дүгнэлт, /хх-ийн 118-119 дэх тал/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-14 дэх тал/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-19 дэх  тал/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 53-57 дахь тал/,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн баримт зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын 16-183 тоотод Д-ийн гэрт  хохирогч Ж.Б-тай архи ууж байгаад үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зүүн гарын бугалга орчимд нь хутгаар хутгалж түүний амь насыг хохироосон болох нь:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Талийгаач Ж.Б-ийн цогцост зүүн гарын бугалгын нэвт хатгагдсан шарх, бугалгын дотор тараагуур судасны салаа /A.Collateralis ulnaris/-Hbi бүрэн тасрал, бугалгын мэдрэл /N.Radialis/-H хагас тасрал, бугалгын тараагуур судас /А.Brachialis/-Hbi бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ...2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. гэсэн шинжээчийн дүгнэлт,

Гэрч Д.Б-ийн.... Бооноод хандаж чи харанхуй шөнө айлд орж ирчихээд үймүүлээд байхын гэж хэлэхэд Бооноо гал тогооны шүүгээнээс хар иштэй хутга аваад нөгөө залуутай маргалдаж байхдаа чи дуугүй байгаараа чамайг яаж ч чадна шүү гэж хэлээд монгол гэрийн урд хэсэгт цохих шиг болсон чинь нөгөө залуу арагшаа хэвтээд өгсөн. Тэгсэн Г.Даваасүрэн ах намайг гэрэл асаачих гэж хэлэхээр нь би гэрийн хойд талд очиж гэрэл асаахад Б үүдэнд эргэлдээд байсан. Г.Даваасүрэн ах түргэн тусламж, цагдаад өөрийнхөө дугаараар дуудлага өг гэхээр нь би дуудлага өгч байхад Б гэрээс гараад явсан. Б-г гэрээс гарч явсны дараа нөгөө залуу газарт ямар ч хөдөлгөөнгүй цус алдаад хэвтэж байсан. гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Л-ийн... Даваасүрэн ахын гэрийн үүдэнд танихгүй эрэгтэй хүн цусаа гоожуулсан шалан дээр хэвтэж байсан. гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... Тэгээд би талийгаачийн дээр гараад цохих гэтэл нүдний үзүүрт нэг зүйл харагдахаар нь аваад талийгаачийн дээрээс доош цохисон. Тэгсэн гараас нь цус гараад байна гээд Туяа надад хэлэхэд нь би хартал нээрээ цус гарсан байсан. Тэгсэн Туяа Цагдаагийн байгууллагад хандах талаар ярьсан учраас би гэрээс гараад гадаа зогсож байхдаа гартаа хар өнгийн иштэй хутга байсныг хараад хашааны зүүн урагшаа шидээд гэр лүүгээ харьсан. гэсэн мэдүүлэг,

  Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 123 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-14 дэх тал/,

 зэрэг хэрэгт  хуульд  заасан  журмын  дагуу  бэхжүүлж цуглуулсан   нотлох баримтуудаар  нотлогдож   тогтоогдсон байна.

           

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь Ж.Б-ийн амьд явах эрхэд халдаж  хутга буюу зэвсэг хэрэглэн алсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох эрсдэл буюу хүн нас барах боломжтойг мэдсэн, мэдэх боломжтой байсан үед хүсэж үйлдсэн, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байдаг.

          Шүүгдэгч   *******-н    гэм буруугийн  үйлдлийг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иймд  *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

 

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч *******-д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, мөн шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан учирсан хохирол, шинж чанар, гэмт хэрэг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Иймд 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд  9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Учир нь хор уршигт хохирол нэхэмжилсэнийг төлж барагдуулсан, гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж байгаа гэсэн саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа “...Шүүгдэгч ******* нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байгаа учраас тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэсэн саналыг гаргасан.

 

Эрүүийн хуулийн 6.7 дугаар зүйлд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 1 дэх заалтад “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..” л гэж заасан болохоос заавал шинжтэй биш. Мөн шүүгдэгч *******-н холбогдсон гэмт хэрэг нь хүний амь хохирсон. Хэдийгээр оршуулгын зардал гэх мэт хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх боловч Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд: “...Хүн бүр амьд явах эрхтэй...” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй..” гэж зааснаар хүний амь насыг хохироосон хор уршиг арилаагүй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, оршуулгын зардлыг нөхөн төлсөн байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан ч засрал хүмүүжлийг олоогүй, зэргийг харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 9 жил хорих ял оногдуулж эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудал:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал 6.970.000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч ******* хохирол төлбөрт 7.000.000 төлсөн, түүнийг хохирогч Ж.Б хүлээн авсан, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар *******-д  9  /есөн/ жил хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д  оногдуулсан 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ

 

                                                    ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ

 

                                                    ШҮҮГЧ                                     С.ОЛЗОД