| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/01219/и |
| Дугаар | 3100 |
| Огноо | 2018-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 3100
| 2018 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/03100 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:, Ү.Х.О.Б-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч:У.А ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Ч.Д,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Ө ХХКХХКомпаниудад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 162 775 716 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амаржаргал, Ө ХХК-ийн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Х.О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус банк 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр У.А ХХКомпанитай ЭХ-15/016 тоот зээлийн гэрээ байгуулж 142 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 27,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн гэрээний үндсэн зээлийн дүнг 124 000 000 төгрөг болгон өөрчилж, зээлийн гэрээний хугацааг 12 сар болгон сунгаж гэрээ байгуулсан.Мөн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ө ХХК нь У.А ХХКомпанийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд бүрэн төлнө гэдгийг баталж, өөрийн хөрөнгөөр хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний үндсэн зээл 71 958 572 төгрөг, үндсэн хүү 80685 565 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 131 578 төгрөг нийт 162 775 716 төгрөгийг У.А ХХКомпаниас гаргуулж өгнө үү.
Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Хариуцагч байгууллага 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 49 000 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1 995 000 төгрөгийг тус тус төлсөн, зээлийн хүүнд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 595 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 775 716 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөгийг тус тус төлсөн.Банк 124 000 000 төгрөгөөс зээлийн хүү, алдангийг бодож нэхэмжилсэн, банк эрх зүйн чадамжтай хүнтэй, хуулийн дагуу гэрээ байгуулсан.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу хариуцагч байгууллагын дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн.Өмнөх 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээ энэ маргаанд хамааралгүй, У.А ХХКомпанийн захиралд 124 000 000 төгрөгийн чек бичиж бэлнээр олгосон байгаа, уг мөнгөөрөө өмнөх зээлийг төлүүлсэн, банк зээлдэгчийг дарамталж хүчээр зээл төлүүлсэн зүйл байхгүй. Банкнаас олгосон зээлийг яаж зарцуулах нь зээлдэгчийн эрх байдаг.Энэ зээл бол төслийн зээл биш тул банкнаас зээлийг хэрхэн зарцуулж байгаа, зориулалтын дагуу ашиглаж байгааг хянахгүй.Банк зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардаж удаа дараа мэдэгдэл өгч, уулзаж, утсаар ярьдаг байсан.Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг барьцаа хөрөнгийн үнэлгээнд тулгаж нэхэмжилсэн гэдгийг зөвшөөрөхгүй.Зээлдэгчид зээлээ төлөх хугацаа хангалттай олгосон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар 124 000 000 төгрөгөөс тооцсон.Мөн зээлийн 124 000 000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд Ө итгэмжлэл олгосон, барьцааны гэрээнд Ч.Д гарын үсэг зурж баталгаажуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон, 124 000 000 төгрөгийн зээлийг олгосон өдөр өмнөх зээлийн үлдэгдлийг төлсөн баримт байдаг гэв.
Хариуцагч У.А ХХКХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:У.А ХХКомпани нь 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээг Ү.Х.О.Б-тай 12 сарын хугацаатай байгуулсан.Тухайн үед манай компани улсын төсвийн хөрөнгийн санхүүжилттай ажил хийж гүйцэтгээд ажлын гүйцэтгэлийн төлбөр нь хугацаандаа орж ирээгүй хугацаа алдсан, Засгийн газраас вексел гарсан боловч бэлэн мөнгө орж ирэлгүй удсан.Энэ байдлаа тус банкинд тайлбарлаж зээлийн хүүг зогсоох хүсэлтээ удаа дараа гаргаж байсан.Тухайн зээл нь компанийн өмнөх өмчлөгчийн үед хийгдсэн гэрээ болно.Энэ хугацаанд зээлийн барьцаанд байсан авто машиныг банк худалдаж 50 000 000 төгрөгийг зээлийн дүнгээс хассан байсан.Уг зээлийн гэрээ байгуулсан хугацаанд нь хүү төлөхийг зөвшөөрнө, харин гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон зээлийн хүүг төлөх үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч байгууллага У.А ХХК-тай хууль зөрчсөн гэрээ байгуулсан, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ЭХ 15016 тоот гэрээгээр 142 000 000 төгрөг олгохоор зээлийн гэрээ байгуулсан боловч дээрх мөнгийг зээлдэгчид олгоогүй, мөн өдөр барьцааны гэрээ хийж Ч.Д-гийн үл хөдлөх хөрөнгө, Д.Нэргүйгийн УБ 33-09 улсын дугаартай ланд-200 авто машиныг 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн ЭХ 15016 тоот гэрээний салшгүй хэсэг болгон гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй, банк мөнгөө олгоогүй.Зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын дараа зээлийн нэмэлт гэрээ 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж 124 000 000 төгрөгийг У.А ХХКомпанид бэлнээр өгсөн.Нэмэлт гэрээний 2.2-т 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан гэрээ нь зээл болон барьцааны гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан байгаа нь бие даасан гэрээ биш байна.Банк ЭХ 15016 тоот гэрээнд заасан 142 000 000 төгрөгийг олгоогүй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг зөрчсөн байх ба нэг тал мөнгөө шилжүүлээгүй, нөгөө тал хүлээж аваагүй байхад гэрээг хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлд тусгасан байна.Хэрэв гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл барьцааны гэрээ болон нэмэлт гэрээнүүд хүчин төгөлдөр бус болно.Хариуцагч байгууллага 124 000 000 төгрөгийг авсан ба өмнө нь 2014 онд авсан 150 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрт банк 124 000 000 төгрөгийг буцаагаад авсан байдаг, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан гэрээний хавсралт болгож барьцаааны гэрээнд Ч.Д-гээр гарын үсэг зуруулсан байдаг.Банк хариуцагч байгууллагын өмнөх зээлийн үлдэгдлийг дараагийн зээлээр нь хаасан байдаг. Хариуцагч байгууллага 124 000 000 төгрөгт маргахгүй, банк өмнөх зээлийн үлдэгдлийг төлүүлэхийн тулд дахин гэрээ байгуулсан, хариуцагч байгууллага 115 063 000 төгрөгийг төлнө, банк хөрөнгийн эзэн Д.Нэргүйд таны машиныг 50 000 000 төгрөгт тооцож авлаа гэж хэлж авсан байдаг.Хариуцагч байгууллага төлбөрийн чадвар буурсан талаар банкинд 2-3 удаа албан бичиг явуулж, зээлийн гэрээг дуусгавар болгохыг хүсэж байхад банк шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байсан.Нэхэмжлэгч банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг ашиглаж тухайн үед нь зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, барьцаа хөрөнгийн үнийн дүнг тултал нь хүлээж байгаад нэхэмжлэл гаргасан байгаа нь банкны мөнгө хүүлэх арга байна.Зээлдэгч үүргээ биелүүлэхгүй байхад гэрээгээ яагаад цуцалж болдоггүй юм бэ.Зээлийн гэрээнд зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг 2 ба түүнээс дээш удаа зөрчвөл банкны санаачилгаар гэрээг цуцална гэж заасан байна.Хариуцагч байгуллага зээлийн төлбөрийг төлөлгүй 7-8 сар болж байхад гэрээг яагаад цуцлаагүй юм бэ.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг ашиглаж зээлдэгч нарыг хохироосон байна.Гэрээний хугацаа дуусахад банк шүүхэд хандах эрх нээлттэй байхад 3 жилийн дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, банк үүргээ биелүүлэх ёстой, зээлийн гэрээний 6.1.3-т заасныг зөрчиж банк олгосон зээлийн мөнгийг өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрт авсан үйлдэл нь хариуцагч байгууллагыг зээлээ зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй, мөн олгоогүй зээлд үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, үл хөдлөх хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүсэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:У.А ХХКомпани Ү.Х.О.Бтай 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож Ч.Д-гийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, гэрээний хугацаа дууссан байна.Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээнд Ч.Долгорсүрэн гарын үсэг зураагүй тул Ч.Д-гийн үл хөдлөх хөрөнгөөр У.А ХХКомпанийн зээлийн үүргийн биелэлтийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:У.А ХХКомпанийн нэхэмжлэгч банктай 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 4.4-т “уг гэрээний хугацаа дуусмагч батлан даагчийн хөрөнгөнөөс зээлийн хохирлыг төлүүлнө” гэж заасан боловч тухайн үед надад болон компанид мэдэгдээгүй 3 жилийн хугацаанд чимээгүй байж байгаад 2018 онд ярих болсон.Гэрээний 6.1.3-т зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд банкны санаачилгаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцлахаар заасан боловч банк батлан даагчид мэдэгдээгүй, өөрөө үүргээ зөрчсөн байна.Банк зээлдэгч 124 000 000 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдлийг төлүүлэх зорилготой олгосон, зээл олгосон өдрөө өмнөх зээлийн үлдэгдлийг хаасан байгаа, 124 000 000 төгрөгөөс хүү тооцсон нь банк өөрийн үйл ажиллагааны дотоод журмыг зөрчсөн байна.Банк хэзээ ч өмнөх зээлийн үлдэгдлийг төлүүлэхийн тулд зээл олгодоггүй, гэрээнд зааснаар батлан даагчид мэдэгдээгүй байж 3 жилийн дараа батлан даагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Х.О.Б хариуцагч У.А ХХК-ид холбогдуулан үндсэн зээлийн 71 958 572 төгрөг, үндсэн хүү 80 685 565 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 131 578 төгрөг нийт 162 775 716 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
У.А ХХКомпани 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ү.Х.О.Бнаас 142 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй зээлж авахаар ЭХ-15/016 тоот зээлийн гэрээг байгуулсан боловч энэхүү зээлийн мөнгийг У.А ХХКомпани хүлээн аваагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
У.А ХХКомпани 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ү.Х.О.Бтай нэмэлт зээлийн ЭХ-15/016-01 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээнд “банк нь 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчтэй байгуулсан ЭХ-15/016 тоот зээлийн дүнг 124 000 000 төгрөг болгон өөрчлөх, ЭХ-15/016 тоот зээлийн гэрээний 3.1.3-т заасан хугацааг 12 сар болгон өөрчлөх, ...энэхүү зээлийн нэмэлт гэрээ нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ЭХ-15/016 тоот гэрээний салшгүй хэсэг нь болно, талуудын бусад эдлэх эрх, хүлээх үүрэг болон гэрээний нөхцлүүд нь 2015 оны 6 дугаар сарын 3-ны байгуулсан ЭХ-15/016 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээний нөхцөлийн нэгэн адилаар хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ” гэж талууд тохирсон байна.
Хариуцагч У.А ХХКомпани нь энэхүү зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 124 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй зээлж авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Энэхүү Ү.Х.О.Бнаас 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр авсан 124 000 000 төгрөгөөр У.А ХХКомпани нь тухайн өдрөө эргүүлэн Ү.Х.О.Бнаас өмнө нь авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг хаасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Ү.Х.О.Б нь У.А ХХКомпанитай зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан атлаа 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1-т зээлийн гэрээний зорилго нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайд нийцүүлэн банкнаас зээл олгох, зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн зарцуулалтад хяналт тавих, ...талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэж заасан атлаа У.А ХХКомпанид олгосон зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн өдрөө зээлдүүлэгч банк буцаан авсан байгаа нь дээрх зээлийн гэрээний зорилгод нийцэхгүй байна.
Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д тухайн зээлийн мөнгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгож байгаа тухай заасан байна.
Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т банкны хүлээх үүргийг заасан байх бөгөөд 6.2.1-т зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу олгох, 6.2.4-т зээлийн ашиглалтын талаарх мэдээллийг авч шалгаж зориулалтын дагуу зарцуулсан нөхцөлд зарцуулалтын хуваарийн дагуу санхүүжилтийг саадгүй олгох үүргийг банк хүлээсэн байх боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч байгууллага нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс нийт 57 760 595 төгрөгийг эргүүлэн төлсөн тооцооллын дүн дээр талууд маргахгүй байна.
Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.7-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нөхцөлд гэрээ дуусгавар болох буюу гэрээг цуцлана гэж заасан байх бөгөөд гэрээний 2.1.10-т зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөх ерөнхий хугацааг хэтрүүлсэн болон зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа буюу төлбөрийн хуваарийг хоёр ба түүнээс дээш удаа зөрчвөл үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэхээр талууд тохиролцсон байна.
Гэвч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч тал 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллага нь хууль болон зээлийн гэрээний зорилго, гэрээнд заасан үүргээ зөрчсөн, зээлдэгч мөнгөн хөрөнгийг бодитоор ашиглаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрч байгаа үнийн дүн буюу 115 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ү.Х.О.Б нь У.А ХХКомпанитай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ЭХ-15/016 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Ч.Д-гийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ны Б хэсэг 5 дугаар байрны 2 тоотод байршилтай, 100 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг тавьсан байх бөгөөд энэхүү гэрээнд өмчлөгч Ч.Д оролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Энэхүү барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийгдсэн нэмэлт зээлийн гэрээний 2.4-т “Энэхүү гэрээний дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт орсноор ЭХ-15/016 тоот барьцааны гэрээ хүчингүй болох үндэслэл болохгүй” гэж талууд тохиролцсон байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлага үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ө ХХК-тай ЭХ-15/016 тоот батлан даалтын гэрээ байгуулсан байх боловч энэхүү гэрээний талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан У.А ХХКомпаниас 115 000 000 /нэг зуун арван таван сая/ төгрөгийг гаргуулан Ү.Х.О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 47 775 716 /дөчин долоон сая долоон зуун далан таван мянга долоон зуун арван зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... дугаар хороолол, АОС-ны Б хэсэг .... дугаар байрны ... тоотод байршилтай, 100 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 109 410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 803 150 /найман зуун гурван мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ү.Х.О.Б-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН