Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/958

 

2022         06          22                                  2022/ШЦТ/958

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Н.Ганчимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00000 1944 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Их буурал зочид буудлыг ажиллуулдаг гэх Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 18-586 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

Б овогт *******

Холбогдсон хэргийн талаар: 

Яллагдагч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их буурал зочид буудлын гадаа хохирогч Г.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохиж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Болсон явдлаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Иргэнээс 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой 21 цаг 30 минутад гаргасан “иргэн Г.А бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тзмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

- Хохирогч Г.А-ын “...тухайн үед О намайг боож унагаасан. Бас нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Сүүлд царайг нь хараад таньсан.  Цуг явсан хүн нь намайг цохиж зодоогүй. Би тухайн байгууллагын цонхыг уурандаа хагалсан асуудлаараа хорооны хэсгийн байцаагчид Зөрчлийн хуулиар торгуулсан.  Надад гомдол санал байхгүй, би 138,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Надад хохирлын мөнгө гэж миний Хаан банкны 5145065003 дугаарын дансанд 1,200,000 төгрөгийн хохирлын мөнгө хүлээн авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Ч-ын “2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их буурал төвийн урд талын дугуй засварын газар ажил дээрээ байсан. ...цагийг нь тодорхой санахгүй байна. Их буурал төвийн захирал О ах их буурлын гадаа нэг согтуу эрэгтэй хүнтэй зодолдож байсан ба би тэр хоёр дээр очоод салгасан. Намайг очих үед О ахтай зодолдож байсан эрэгтэй хүний нүүр хамраас цус гоожиж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6744 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: хамрын нурууны уг хэсэгт хөндлөн байрласан 2,5 см урт оёдол бүхий шархтай, хамрын нуруу, 2 нүдний зовхины дотор булан хэсгийг хамарч овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. ,.1.Г.А-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-тийн 36-37 дугаар хуудас/,

- Яллагдагч *******-н “...тэр залуугийн биед учирсан гэмтлийг би ноцолдож байгаад газар унагаахдаа учруулсан, хүлээн зөвшөөрч байна. ..Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Яллагдагч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их буурал зочид буудлын гадаа хохирогч Г.А-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохиж, хохирогчийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6744 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: хамрын нурууны уг хэсэгт хөндлөн байрласан 2,5 см урт оёдол бүхий шархтай, хамрын нуруу, 2 нүдний зовхины дотор булан хэсгийг хамарч овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. ,.1.Г.А-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Г.А-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.  

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Г.А-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Иймд хуульд зааснаар торгуулийн ял шийтгэлийг хамгийн бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг 90 хоногийн хугацаанд төлөх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

           

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч нь хохиролд баримтаар 130,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ээс хохирогчид учруулсан төлбөрт 1,200,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр  тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршигийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт  *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг  тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.А энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршигийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.АЮУШЖАВ