Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 149

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар

                Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, 2 дугаар гудамж, 3 тоотод Чандмань Жаргалант овгийн Санжжавын Арсланбаяр /РД:МЛ63031627/-ын нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, Худгийн өвөр гэх газарт оршин суух, Чонос овогт Гүрбадамын Галтбаатар /РД:МЛ71031411/-д холбогдох

                Зээлийн гэрээний үүрэгт 7000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Арсланбаяр,  хариуцагч Г.Галтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Арсланбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхоны гүүрэн дээр гуанз гаргаад ажиллаж байхад Сарантуяа гэгч эмэгтэй утасдаад Галтбаатар зээл хаах 7 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Чи туслаад өгөөч гээд дахин дахин утасдаад байхад нь өөрөө ирж уулз гэж хэлснээр Галтбаатар 2018 оны 08 дугаар сарын 09-10-нд 2 өдөр манай гадаа машиндаа сууж өглөөнөөс орой хүртэл намайг мөнгө олж өгөхийг хүлээж байгаад 10-ны өдөр найзаараа дамжуулж өдрийн хүүтэй мөнгө найзаас нь зээлж аваад тэр дороо Хөтөлд би бараа авангаа Галтбаатар Сарантуяа хоёртой цуг мөнгө ирж ирэхийг хүлээж байсан учир 18 цаг дөхөж байхад дэлгүүрээс гараад мөнгө орж ирсэн байсныг мэдэж Төрийн банк дээр очиход Жаргалсайхан эдийн засагч гэр рүүгээ харихаар гарч ирэхэд нь зээл хаах гэсэн юм виза унших уу гэтэл та ХААН банкнаас хурдан /хаахаас нь өмнө/ аваад ир би хүлээж байя гэсний дагуу машинтай ХААН банк дээр очсон. ХААН банк яг намайг оронгуут хаалгаа барьсан. Би тэндээ мөнгөө аваад Галтбаатартай төрийн банк дээр ирэхэд биднийг Жаргалсайхан теллертэйгээ хүлээж байгаад орлого авсан. Би мөнгө тоолж өгч Галтбаатар гарын үсэг зурахдаа нээрээ би мартчихаж 5 сая хэдэн зуун ч билээ үлдсэн ш дээ гээд үлдсэнээр нь би охиныхоо зээлийг хаагаад буцаж гүүрэн дээр ирээд үлдсэн мөнгөө таниас аваад махан дээр 2-3 хоног эргүүлээд хүүтэй нь 08 дугаар сарын 13-нд өгнө гэж тохиролцоод би орлогоосоо мөнгө өгч байхад худалдагч С.Оюунбилэг эгч ирээд машинаас буусан. Тэгэхэд нь би Оюунчимэг эгчид би мөнгө өгөх ёстой Галтбаатараа чи маргааш мах ачаад явахдаа авчихгүй юу гэхэд Галтбаатар тэг тэг гээд 250000 төгрөг буцааж өгөөд Оюунчимэг эгчид Галтбаатар та 10 минут хоцорсон бол мөнгөө авч чадахгүй байх байлаа гээд инээлдээд өнгөрсөн. Түүнээс хойш Галтбаатар мах ачиж явна гээд маргааш орой нь ирээд дутуу 250000 төгрөгийг авч явсан. Түүнээс хойш утсаар ярилгүй таг чиг болохоор нь би нөхөртэйгөө хөдөө гэрт нь очиход хоёулаа эзэнгүй байсан. Хажуу айлаас нь асуухад үхэр алаад Дархан явсан гэх боловч дахиад дараа нь очиход авгай нь байсан. Мөнгөө нэхэхэд банк зээл гаргахгүй хаасан зээл гаргалаа л бол таны мөнгийг авч өгнө гээд бичиг баримтаа харуулсан мөртлөө тэр Сарантуяа чинь манай мөнгийг өгөхгүй байгаа Сарантуяагаасаа мөнгө авч өг гээд бидний хооронд маргаан болсон. Дараа нь Сарантуяатай шүүхдээд Сарантуяа эгчээс авлагагүй Арсланбаяр мөнгөө нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж шүүхийн шийдвэр гарсан. Гэвч би ах дүү шиг өгөө аваатай сайн сайхан харилцаатай байсан үеэ бодоод шүүх цагдаа гээд яах вэ боломжоороо өгөөд дуусгах байх гээд зөндөө хүлээсэн. Одоог хүртэл нэг ч төгрөг өгсөнгүй. Тиймээс би Галтбаатараас 7 сая төгрөг нэхэмжилж байна. Галтбаатараас миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Арсланбаяр шүүх хуралдаан дээр гаргасан шаардлагадаа: “...Би Орхоны гүүрэн дээр гуанз ажиллуулдаг юм. 2015.08.06-ны өдрөөс Сарантуяа эгч надтай яриад Галтбаатарт малчныхаа зээлийг хаах 7.000.000 төгрөг хэрэгтэй гэнэ. Чи мөнгө олж чадах уу гэхэд нь би мөнгө ч хэцүү дээ. Хүн мөнгө өгөхгүй байх гэж хэлсэн. Маргааш нь дахиад над руу ярихаар нь би Галтбаатарыг өөрөө ирж уулз. Би хүнээр дамжуулахгүй гэж хэл гэж хэлсэн. 9-нд Галтбаатарыг ирэх гэж байна гэж сонсоод хийдийн баярт хэрэглэх гэрээ ачаад ир гэж хэлээд гэрээ ачуулсан. Тэгэхэд Сарантуяа ирээгүй Галт ганцаараа ирсэн. Тэр өдөр ийш тийшээ утасдаад мөнгө олдоогүй. Тэр өдөржингөө Галт манай гадаа машинтайгаа байсан. Маргааш нь ирэхдээ Галт Сарантуяатай хамт ирээд Сарантуяа ногооны газар үзнэ гэж яваад буцаж ирж манайд байж байсан. Тэр 8 сарын 10-ны өдөр манай найз Галя над руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгө өндөр хүүтэй мөнгө байсан. Бараг өдрийн хүү нь 200.000 төгрөг болохоор байсан. Банк хаах гэж байсан болохоор ямар ч байсан Хөтөл орж байя гээд Хөтөл орсон. 4 цагийн үед бараа татаад байж байтал дансанд мөнгө орж ирсэн. Бараагаа авчаад Төрийн банкны Жаргалсайхан руу эгч нь зээл хаах гэсэн юм хэдэн цагт хаадаг вэ гэхэд та хүрээд ир хүлээж байя гэж хэлсэн. Банк дээр очоод мөнгөө хийх гэтэл Хаан банк орж мөнгө авах хэрэг гарсан. Би Хаан банк руу ганцаараа орж мөнгөө аваад тэр чигээр нь тэвэрч очоод Төрийн банк руу ороход Жаргалсайхан болон нэг теллер хүүхэн сууж байсан. Тэр өдөр бороо орж байсан болохоор их яаруу сандруу би мөнгөө тэврээд Галт бид хоёр орж мөнгөө тушаасан. Теллер нь 5.800.000 төгрөг гэж хэлж байсан. Тэгэхэд Галт өө нээрээ тийм шүү дээ. Би мөнгө тушаасан шүү дээ гэсэн. Арсланбаяраас гээд хийчихээр малчны зээл гарахгүй гээд ярилцаж байгаад Галтаас гээд хийсэн. Би ард нь утасны дугаараа бичсэн. Галтбаатар гарын үсгээ зураад би мөнгөө тоолж өгсөн. Би тэгэхэд өөрийнхөө болон охиныхоо зээлийг ч хийсэн. Эхлээд Галтбаатарын зээлийг хийсэн. Галтбаатар гарч яваад би үлдэж байгаад зээлээ хийсэн. Бид нар явж байхдаа хүү нь их гарах юм байна даа гэж би хэлэхэд Галт за яах вэ, яахав ганц үхэр чононд өгөө л биз гэж ярилцаж явсан. Үлдсэн мөнгөө гүүрэн дээр очиж тоолж өгөөд Би Галтбаатарт нөгөө зээл чинь гарахгүй болчих вий дээ чи Сэлэнгээтэй ярьчих гээд Төрийн банкны дарга хүүхэнтэй ярихад оройтсон ч хамаагүй хүрээд ир гэсэн. Тэгэхэд орой гэрт нь очоод уулзахаар боллоо гэж байсан. Тэгээд байж байтал дэлгүүрийн Оюунаа эгч ирсэн. Би Галтаас надад 250.000 төгрөг зээлчих. Би чамайг маргааш үхэр ачаад явахаар чинь өгчихье гэж хэлээд 250.000 төгрөг авсан. Галт инээгээд та жаахан удсан бол мөнгөгүй үлдэх байлаа даа гэж хэлээд бид гурав салсан. Галт үлдсэн мөнгөн дээрээ эргэнэ гээд нэг эвгүй хэлэхээр нь би чи мөрийтэй тоглодог юм биш биз дээ гэж асуухад үгүй гэж байсан. Нөгөөдөр нь манайд баахан багш нар ирээд нэг шил архи задлаад хуушуур хийлгээд сууж байсан чинь Галт ирээд намайг дуудсан. Үхэрээ алаад явж байна. Мөнгөө авъя гэхээр нь Амараа руу яриад мөнгө аваад ир гэхэд Соёлоогоор миний цүнхтэй мөнгийг өгөөд явуулсан байсан. Галт мөнгөө аваад явсан. Галт тэр өдрөөс хойш надтай яриагүй. Утсаар залгахаар утсаа авахгүй байсан. Нэг өдөр надад мөнгө өгсөн хүүхний хамаатных нь хүн ирээд гүүрэн дээр намайг луйварчин, залилагч авгай гээд олон хүмүүс хоол идэж байхад цохиж авч нүдний булай болгож байсан. Тэгэхэд манай нутгийн Цогтгэрэл ах хүртэл байсан. Галтад мөнгө өгөх гэж байхад Баяраа надад мөнгө өгөөд хэрэггүй юм биш үү гэж сануулж байсан болохоор би хүн амьтан ирж зодож нүдлээ гэж хэлээгүй. Тэгээд би Баярааг аваад хөдөө зусланд нь очихоор явсан. Хөдөө очиход эднийд хүн байгаагүй. Хажуу айлын хүн нь үхэр гаргаад явсан гэхээр би энэ хоёр надад мөнгө өгөх гээд үхэр алаад явж байгаа юм байна гээд тайвшраад байж байтал бас байдаггүй. Хэд хоногийг дараа дахиад очиход Дуламжав ганцаараа гэртээ байж байсан. Сарантуяагаас мөнгө авч байж өгнө гэж хэлсэн. Дуламжав Галтыг Улаанбаатар явсан гээд худлаа яриад байсан. Би уулан дээр гараад Галттайгаа ярь гээд уулан дээр гарч утсаар ярих гэхэд утас нь холбогдохгүй байна гээд байсан. Миний даралт ихсээд огиод байхаар нь Дуламжавд та нар чинь ямар хүн өрөвддөггүй юм бэ гээд уйлж унжаад ярьсан чинь өгөх гэж л байна шүү дээ. Малчны зээл гарвал өгнө гэж байсан. Даралт ихсээд байхаар нь эм байна уу гэхэд ямар эм байдаг юм. Наад эхнэрээ аваад яваач гээд байсан. Намайг орилж чарлаад уйлаад байхад Дуламжав Галттай ярьсан. Тэгээд л би яваад өгсөн. Эд нар банкнаас зээл авахаараа өгнө гээд байсан мөртлөө банкнаас мөнгөө авчихсан л байсан. Одоо би Галтад өгсөн 7.000.000 төгрөгөө авмаар байна гэжээ.

 

Хариуцагч Г.Галтбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...“Нэхэмжлэгч С.Арсланбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Арсланбаяраас мөнгө төгрөг зээлсэн асуудал огт байхгүй юм. Харин Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Сарантуяа нь өөрөө хэрэглэх зорилгоор намайг гуйж Төрийн банкнаас надаар малчны зээлийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авахуулсан байсан юм. Энэ мөнгөө хугацаандаа төлөхгүй учир Сарантуяа нь Арсланбаяраас 2015 оны 08 дугаар сард зээл авч надаар авахуулсан банкны зээлийг хаасан. Сарантуяа нь надаар зээл авахуулахдаа зээлийг төлөх хугацаанд нь төлнө гэсэн учраас би түүнд итгэж зээл авч өгсөн юм. Гэтэл намайг эргээд Арсланбаяртай нийлж өр төлбөрт унагаж байгаад гомдолтой байна. Сарантуяа нь надад мөнгөө төлөхгүй байсан учир би түүнд мөнгөө хийгээч гэдгийг нь хэлсэн. 7 дугаар сард дахиад хэлсэн. Энэ үед мөнгийг  чинь өсгөөд 7 хувийн хүүтэй өгнө гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 10-нд зээлийн эргэн төлөлтийн хугацаа болсон. Энэ үед зээлээ төлөхийг шаардахад чи зээлийнхээ эргэн төлөлтийг хийж бай зээл төлөх хугацаанд чамаас зээлсэн мөнгөө 7 хувийн хүүтэй бодоод өгчихнө гэж хэлсэн юм. Би түүний өмнөөс банкинд 2 удаа нийт 3500000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн. Би 2014 оны 12 дугаар сараас эхлэн удаа дараа зээлийнхээ эргэн төлөлтийг хийхийг шаардаж байсан. Ийм байдлаар явсаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход Сарантуяа эгч надад Арсланбаяраас мөнгө авахаар боллоо гээд бид хоёр миний машинтай Орхон голын гүүр дээр Арсланбаярын цайны газарт ирж бид хамт Хөтөлд ирсэн. Би Арсланбаяраас мөнгө зээлье гэж хэлээгүй, бид гэрээ хэлцэл ч байгуулаагүй. Сарантуяа эгч надаас авсан мөнгөө Арсланбаяраас авч  зээлийг хаалгасан тул би Арсланбаярт ямар ч өр байхгүй. Арсланбаяр нь нэхэмжлэлдээ Сарантуяа утсаар залгаж мөнгө авсан талаар бичсэн байна. Энэ үнэн. Сарантуяа утсаар залгаж мөнгө авсан хамт явж байсан гэдэг нь үнэн. Арсланбаяр нь Сарантуяаг надад өртэй, надаар зээл авахуулсан тэр мөнгөө төлөх гэж байна гэдгийг сайн мэдэж байгаа, Сарантуяаг төлж чадахгүй гэж үзээд надаас мөнгө нэхэж тэр хоёр хуйвалдаж байгаад маш их гомдолтой байна. Би Арсланбаярыг надаас мөнгө нэхэж ирэхэд нь та Сарантуяа эгчид зээлүүлсэн биз дээ би таниас мөнгө аваагүй Сарантуяагаасаа нэхээч гэж хэлэхэд өр зээлэнд орсон хүнээс юуг нь авдаг юм гэж хүртэл хэлж байсан. Тэр ч бүү хэл Арсланбаяр нь Төрийн банкны орлогын ордерыг хуурамчаар үйлдэж намайг цагдаагийн байгууллагад өгч дарамтлах гэсэн оролдлого хийсэн. Бид Арсланбаярт банкнаас мөнгө авч өгнө гэж огт хэлээгүй ингэж хэлэх ч шалтгаан байхгүй. Би Арсланбаярыг мөнгө зээлүүлээч гэж гуйгаагүй, түүнээс мөнгө аваагүй учир юу гэж түүнд ингэж хэлэх вэ? Харин намайг зээлийн эргэн төлөлтийн хугацаа боллоо гээд шаардахаар Сарантуяа нь Арсланбаяраас мөнгө авч өгсөн. Арсланбаяр, Сарантуяа хоёр нийлж цагдаад өгсөн болохоор би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харамсалтай  нь Сарантуяа нь надаас зээлсэн/ноолуурын мөнгө/ мөн миний түүний мобайл банкийг ашиглаж хүүхдүүд рүүгээ явуулсан мөнгийг банкнаас авахуулсан мөнгөний эргэн төлөлт гэж зүтгэж би үүнийг няцааж чадаагүй учир шүүх Сарантуяагийн талд асуудлыг шийдвэрлэсэн би хохирч үлдсэн. Гэхдээ шүүх ноолуур зарсан мөнгөө Сарантуяад зээлүүлсэн болон Арсланбаяраас Сарантуяагийн надад авч өгч банкны өр зээлийг хаасан мөнгөний асуудлыг миний тухайн үед гаргасан нэхэмжлэлтэй хамааралгүй асуудал гэж үзсэн. Би 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Арсланбаяраас мөнгө зээлээгүй, харин Сарантуяа надаар авахуулсан зээлээ төлөхийн тулд мөнгө авч өгч би банкны зээлээ хаасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Галтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад Арсланбаяр эгчтэй ямар ч авлага өглөг байхгүй. Би Сарантуяад 2014 оны 02 сард зээл авч өгсөн юм. Түүнээс хойш дундах төлөлтүүдийг би өөрөө хийж байсан. Зээл хаах өдөр чинь бүгдийг нь нийлүүлээд өгчихнө. Зээл хийгээд явж бай гэсэн. Надад мөнгөний хэрэг байсан тул би 2018 оны 05 сараас эхлээд мөнгөө шаардаж эхлэсэн. Ярихаар эгчид нь мөнгө байгаа хүнд зээлүүлчихсэн гэж хэлсэн. 8-ны өглөө эгч нь Орхоны гүүрэн дээр байдаг хүнд мөнгөө зээлүүлчихсэн яваад ирье гэхээр нь явсан. Тэр үед манай авгай эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгж байгаад мөнгө орж ирээгүй гээд байхаар нь би та яг маргааш мөнгөө хийнэ шүү гэж хэлээд явсан. 9-ний орой хонинд явж байгаад банк руу утсаар залгахад зээл чинь ороогүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш өглөө нь Сарантуяа эгч рүү яриад та 9-нд хийнэ гэсэн чинь 10 болчихлоо гэхэд мөнгө бэлэн Орхоны гүүр ороод авъя гэхээр нь Орхон явсан. Тэнд очоод уулзаж гарч ирээд арай мөнгө нь ороогүй байна гэсэн. Тэгэхээр нь би та чинь яасан тоглоомтой юм бэ. Хүний зээл хэтрүүлчихлээ гэж хэлсэн. 2 өнгөрч байхад Хөтөл явахаар болоод Арсланбаяр эгч бараагаа татсан. Тэгээд Хаан банк руу ороод Сарантуяа энэ хоёр мөнгөө авчраад 7.000.000 төгрөг надад өгсөн. Би тэрнээс Төрийн банкинд ирээд бид хоёр ороод 5.808.000 төгрөг хийх байсан. Үлдэгдэл 1.273.000 орчим төгрөг үлдсэн. Би Төрийн банк руу ороход нэг залуу гарч ирээд Арслан эгчээ хүүхдийн чинь зээл хэтэрчихлээ гэж байсан. Тэгээд би мөнгөө хийж Арсланбаяр эгч ч гэсэн зээлээ хийсэн байх. Би гүүрэн дээр очоод барааг нь буулгасан. Арсланбаяр үлдээд надтай охин нь яваад барааг нь аваачиж өгсөн. Арсланбаяр эгч надаас 250.000 төгрөг зээлсэн. 14-ний орой би 250.000 төгрөгөө буцааж авсан. Хүнийг гүтгэж болохгүй. Үнэн зөвөөр нь ярих хэрэгтэй. 10 хоноогүй байхад манайд очсон байсан. Би малчнаа хот руу аваачиж өгөх гээд гэрийг нь ачаад явсан. Манай хүн дээр очоод манай хүнийг дарамталсан байсан. Манай хүн Сарантуяа гэдэг хүнээсээ ав гэж хэлсэн байсан. Би Сарантуяагаас авах ёстой мөнгөө л авсан болохоос Арслан эгчээс мөнгө аваагүй. Тэгэхэд миний машины түлхүүрийг аваад явчихсан байсан. Би очоод түлхүүрээ авъя гээд бараг зодолдохоо шахсан. Би Арсланбаяр эгчээс авна гэж авсан бол би өөрөө гуйгаад авна. Сарантуяагаар дамжуулах хэрэг байхгүй. Сарантуяа гэдэг хүн нь өөрөө тэгж хэлж байсан. Та ч өөрөө Сарантуяа гэдэг хүнийг мэдэж байгаа шүү дээ. Миний мөнгөөр дэлгүүрээ эргэлдүүлж байсан ч юм билүү мэдэхгүй шүү дээ. Надад хүүд шатах ямар ч сонирхол байхгүй. Та Сарантуяатайгаа л учраа олох байхад над руу ингэж дайраад байгаад би гомдолтой байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зохигчдын  хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Арсланбаяр нь хариуцагч Г.Галтбаатараас зээлийн гэрээний үүрэгт 7000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч С.Арсланбаяр нь хариуцагч Г.Галтбаатар надаас 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тиймээс би Г.Галтбаатарт зээлүүлсэн 7000000 төгрөгөө хүүгүй нэхэмжилж байна гэнэ.

 

Хариуцагч Г.Галтбаатар би С.Арсланбаяр гэдэг хүнээс мөнгө зээлээгүй, мөнгө зээлэх ч шаардлага байхгүй, Сарантуяа гэдэг хүн надаар Төрийн банкнаас авахуулсан зээлээ хаахын тулд Арсланбаяраас тухайн үед мөнгө авч надад өгсөн. Би Арсланбаярт төлөх өр зээл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэнэ.

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитойгоор шинжлэн судалж үзээд дараах байдал тогтоогдлоо.

Нэхэмжлэгч С.Арсланбаяр нь хариуцагч Г.Галтбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7000000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Г.Галтбаатар нь нэхэмжлэгч С.Арсланбаяраас мөнгө зээлж авахаар Орхон голын гүүр орчимд түүний үйл ажиллагаа явуулж байсан гуанз дээр нь удаа дараа очиж уулзаж байсан талаар хариуцагчийн хүсэлтийн дагуу гэрчээр асуугдсан Г.Ганхуяг, шүүх хуралдааны явцад хариуцагч Г.Галтбаатар мэдүүлэгтээ С.Арсланбаяраас мөнгө авах талаар уулзаж байсан гэсэн тайлбар, мэдүүлэг,

Хариуцагч Г.Галтбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Тэгээд Хаан банк руу ороод Сарантуяа энэ хоёр/Арсланбаяр/ мөнгөө авч ирээд 7.000.000 төгрөг надад өгсөн. Би тэрнээс Төрийн банкинд ирээд 5.808.000 төгрөг хийх байсан. Би 5808000 төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 1.273.000 орчим төгрөг үлдсэн. ... Арсланбаяр эгч надаас 250.000 төгрөг зээлсэн. 08 дугаар сарын 14-ний орой С.Арсланбаяраас буцааж авсан гэх тайлбар,

 

Ю.Жаргалсайхан гэрчээр мэдүүлэхдээ: ...2015 оны 08 сарын 10-ны өдөр Арсланбаяр эгч зээл хийх гээд замдаа явж байна гэхэд нь би байж байя та хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед би Төрийн банкны харилцааны мэргэжилтэн, зээлийн эдийн засагч байсан. Тэгээд би ажлаасаа гарах гээд байж байтал Арсланбаяр эгчтэй таараад Арсланбаяр эгч нэг эрэгтэй хүнтэй хамт явж байсан нь Галтбаатар ах байсан юм байна. Тэгээд Хаан банкны данснаас мөнгөө аваад шууд зээлээ төлж болох уу? гэж асуусан. Арслан эгчийн охин нь Галтбаатар бас манайд зээлтэй. Хугацаа хэтрэлттэй байсан тул би охиных нь зээлийн тухай ярих гэж Арслан эгчтэй ярьдаг байсан. Теллер дээр очоод Арслан эгч цүнхнээсээ мөнгө гаргаж байсан. ...Би өрөөндөө байж байгаад Галтбаатарын зээл төлөгдлөө гэнгүүт нь гараад явчихсан юм. ... Арслан эгч цүнхнээсээ мөнгө гаргаж ирж байсан. ... Бөөн л мөнгө гаргаж ирж байсан, хэн нь хэнийхээ зээлийг төлсөн эсэхийг мэдэхгүй гэх,

Б.Соёл гэрчээр мэдүүлэхдээ: ... Тэгээд байж байтал Арсланбаяр чи миний түрийвчтэй мөнгийг гаргаад ирээч гээд хашгирсан. Би мөнгийг нь авч өгөөд гарахад Галт ирсэн байсан. Тэр хоёр мөнгө төгрөгөө өгөлцөж авалцаж байхад би байгаагүй. Би гадаа сараанд очоод суусан байсан. Арсланбаяраас би юу болоод та хоёр ингээд мөнгө төгрөг өгч байгаа юм гэсэн чинь Галт надаас мөнгө зээлж байгаа гэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 7.000.000 төгрөг гэхээр нь би хөөх ямар их юм бэ гэж хэлж байсан. Чи мөнгөтэй юм бол надад 2.000.000 төгрөг зээлчээч гэж тоглоом наадам болгож хэлж байсан юм гэх,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №116 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Арсланбаяр гэрчээр шүүх хуралдаанд оролцож мэдүүлэхдээ: ...Галт, Сараа бид гурав  ХААН банк руу явсан. ХААН банкинд очиход би ороод л хаалгаа бариад би хамгийн сүүлийн гүйлгээгээр 7000000 төгрөгөө бэлэн аваад машиндаа суугаад эргээд Төрийн банк дээр ирсэн. Төрийн банк руу Галт бид хоёр орсон юм. ... Уг нь Галт надад 7000000 төгрөг хэрэгтээ гэж хэлсэн юм тэгсэн чинь яг зээлийг хаах болсон чинь 5808000 төгрөг байсан юм байна лээ. Тэгэхээр нь би Галт руу 5808000 төгрөгийн үлдэгдэл байгаа юм байна шүү дээ гэсэн чинь Галт өө тийм шүү дээ би төлснөө мартчихаж яах вэ энэ дүнгээр нь авчихъя гэсэн юм. ... Тухайн үед Сарантуяа эгч Галтаар дамжуулж/мөнгө/ авч байсан юм бол Галт надад энэ талаар яагаад хэлээгүй юм бэ гэх,

 

Төрийн банкны 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орлогын мэдүүлгээр 1510000015618 тоот дансанд 5808000 төгрөг төлсөн, гүйлгээний утга хэсэгт Галтбаатараас гээд нэхэмжлэгч С.Арсланбаярын тухайн үед ашиглаж байсан Мобикомын үүрэн телефон утасны 94606565 дугаар бичиж Г.Галтбаатар гарын үсэг зурсан баримтаар,

Төрийн банкны мемориалын баримт буюу хариуцагч Г.Галтбаатар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5807625 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн  баримт,

Хариуцагч Г.Галтбаатарын Төрийн банк дахь 151000015618 дансны /депозит/ хуулга зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад зохигчдын өгсөн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Г.Галтбаатар нэхэмжлэгч С.Арсланбаяраас 7000000 төгрөгийг зээлж авсан эсэх талаар маргахаас, 7000000 төгрөгийг хариуцагчийн буюу зээлдэгчийнөмчлөлд шилжүүлэн өгсөн, авсан эсэх талаар талууд маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1дэх хэсэгт заасан зээлийн гэрээг аман хэлцэл хэлбэрээр хийгдсэн/ байгуулагдсан/  гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Галтбаатар, түүний өмгөөлөгч Д.Даваахүү нар нь С.Арсланбаяраас 7000000 төгрөгийг зээлээгүй иргэн Сарантуяад урд өмнө зээлсэн мөнгөний үлдэгдэлийг авсан, Сарантуяа нь С.Арсланбаяраас ямар журмаар 7000000 төгрөгийг авч өгснийг мэдэхгүй, би өгсөн мөнгөө авч байна гэж ойлгосон гэж маргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар, нотолгооны бусад хэрэгслээр давхар нотлох үүрэгтэй боловч энэ үүргийнхээ дагуу нотлох баримтыг гаргаж ирүүлсэн, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзлыг үйл баримтаар нотлож чадаагүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Г.Галтбаатар нь 7000000 төгрөгийн зээлийг зээлдүүлэгч С.Арсланбаярт буцааж төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт“Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хүү тооцож нэхэмжлээгүй болно.

Нэхэмжлэгч С.Арсланбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 126950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Галтбаатараас улсын тэмдэгтийн хураамж 126950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Арсланбаярт олгохыг дурьдаад.

                Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан”Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                            

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Галтбаатараас зээлийн гэрээний үүрэгт 7000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Арсланбаярт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Галтбаатараас 126950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Арсланбаярт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ