| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2018/00152/И |
| Дугаар | 152 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 152
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар /9056009/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, 1-36 тоотод оршин суух, Зургаадай овогт Бадамсүрэнгийн Батцэнгэл/РД:МЛ66091507, утас-94178051/-д холбогдох
Албаны орон сууцыг чөлөөлүүлж, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 435500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул, хариуцагч Б.Батцэнгэл, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бадамсүрэн овогтой Батцэнгэл нь төрийн албанд ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сард тэтгэвэрт гарсан. Уг орон сууц нь төрийн албан хаагчийг орон байраар хангах зориулалттай бөгөөд Батцэнгэл нь гэрээнд заасан нөхцөлийг удаа дараа зөрчиж удаа дараа мэдэгдэл өгч ажилласан боловч түрээсийн төлбөр төлөлгүй 1 жил болж байгаа тул Төрийн албан хаагчийн орон сууцыг чөлөөлүүлж түрээсийн үлдэгдэл төлбөр болох 435500 төгрөгийг төлж барагдуулахыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:... “Сант сум дахь Төрийн албан хаагчийн орон сууц нь анх ямар нэгэн төлбөр мөнгө авалгүйгээр төрийн албан хаагч нарыг зүгээр суулгадаг байсан юм. Батцэнгэл эгч тухайн үеэс өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байгаа. Өөрөө Сант сумын 13 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан юм. 2012 оноос эхлэн уг төрийн албан хаагчийн орон сууцыг сарын 5000 төгрөгийн түрээстэй болгосон. Уг 12 айлын орон сууц нь төрийн өмчийн буюу Сант сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил өмчлөлийн орон сууц байгаа юм. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №25 дугаар тогтоолоор 2015 оны 01 дүгээр сард түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж 1м2 талбайг 3000 төгрөгөөр тооцох болсон. Батцэнгэл эгчийн амьдарч байгаа орон сууц нь 25,5м2 бөгөөд сард 76500 төгрөгийг төлж байхаар гэрээнд тусгаж өгсөн. Би Батцэнгэл эгчтэй хувийн болон албаны журмаар хэд хэдэн удаа уулзаж түрээсийн төлбөрийг төлөхийг сануулж мэдэгдэл өгч байсан. Би 2 удаа орон сууц чөлөөлж өгөхийг мэдэгдэж мэдэгдэх хуудсыг өөрт нь хүртэл гардуулж өгч байсан. Батцэнгэл эгчид би та одоо тэтгэвэрт гарч байгаа юм чинь тэтгэвэрээ бөөнд нь өгдөг мөнгөөрөө нэг гэр аваарай гэж хэлж байсан удаа ч байгаа. Батцэнгэл эгч 2017 оны 01 дүгээр сараас эхлээд 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 1 ч төгрөг өгөөгүй байгаа. Би хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сард Батцэнгэл эгчийг та түрээсийн гэрээний 2.4 дүгээр заалтад заасан үүргээ биелүүлээгүй учир байр чөлөөлж өг гэж мэдэгдлийг өгч байсан. Түүнээс хойш байрыг чөлөөлж өгөөгүй учраас манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо Батцэнгэл эгчийг байрнаас албадан гаргуулж түрээсийн төлбөрт 435500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. ... Хамгийн гол нь манай Засаг даргын тамгын газар нь орон нутагт шинээр ирж байгаа төрийн албан хаагч нарыг орон байраар хангах үүрэг хүлээсэн байдаг. Сая л гэхэд сумын эмнэлэгт шинээр их эмч ирсэн. Гэтэл уг эмч нь орон байргүй би явлаа гэх шаардлагыг гаргаад байгаа учраас аргагүй эрхэнд л Батцэнгэл эгчийг байрнаас гаргах болоод байна. Дээр нь Батцэнгэл эгч өөрөө байрны түрээсийн төлбөрийг төлөлгүй бараг 2 жил болох гэж байна. Мөн манай дарга нь гэрээний үүргээ зөрчиж байгаа айлуудыг байрнаас гарга гэсэн үүргийг надад өгсөн байгаа гэжээ.
Хариуцагч Б.Батцэнгэл шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Тамгын газраас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Уг нэхэмжилсэн 435500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцыг чөлөөлөх тал дээр төлбөрийг барагдуулчаад үргэлжлүүлэн суух хүсэлтэй байна. ...Одоо энэ сум орон нутаг намайг тэтгэвэрт гарсан байрны мөнгөө төлөх чадваргүй гээд байрнаас хөөж байгаад нь гомдолтой байна. Өөрийн гэсэн орох оронгүй тул байрыг чөлөөлж өгч чадахгүй 6 ам бүл бид чинь хэний гэр оронг гуйж явах вэ дээ. Байрны төлбөр болох 430000 төгрөгийг хүнээс зээлж төлж барагдуулсан. Үлдсэн мөнгийг нөхрийн цалин буухаар төлнө гэжээ.
Хариуцагч Б.Батцэнгэл нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...”Нэхэмжлэлтэй танилцсан. Өөрийн гэсэн байргүй болохоор байрыг нь чөлөөлж өгч чадахгүй байсаар байгаад мөн хоёулаа ажилгүй болохоор мөнгөө төлж чадахгүй хураагдаад ийм байдалд орчихлоо. Нэхэмжилсэн мөнгийг нь төлсөн байгаа. Өөрөө орох оронгүй болохоор орон сууцыг нь чөлөөлж чадахгүй байна. Би насаараа төсвийн байгууллагад ажилласан. Манай тэр байранд төсвийн байгууллагад ажилладаггүй хүмүүс зөндөө л байгаа. Хөөж гаргаж байгаа бол бүгдээрээ л гарах байх. Би чөлөөлөхгүй гэж хэлээгүй. Орон байртай болсныхоо дараа чөлөөлж өгнө гэж хэлсэн. ... Би 430000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 5500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дутуу мөнгөө нөхрийн цалин буухаар өгнө гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Б.Батцэнгэлд холбогдуулан Албаны орон сууц чөлөөлүүлж, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 435500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар хариуцагч Б.Батцэнгэлийг Орон сууц ашиглах тухай гурван талт гэрээний 2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул албаны орон сууцыг чөлөөлүүлж, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд албаны орон сууцны хөлс 435500 төгрөг гаргуулж авах эрхтэй. ...гэж маргана.
Хариуцагч Б.Батцэнгэл нь миний бие Сант сумын Засаг даргын тамгын газрын шаардсан албаны орон сууцны түрээсийн төлбөр 435500 төгрөгийн 430000 төгрөгийг төлсөн баримт нь байгаа учир би 430000 төгрөгийг төлөхгүй үлдэх 5500 төгрөгийг маргах зүйлгүй төлнө, орон сууцыг өвлийн хүйтэн улирал болж байгаа учир би одоо суллаж өгөх боломж байхгүй. Тиймээс орон сууц чөлөөлөх шаардлагыг зөвшөөрөхгүй. Би орон сууцыг чөлөөлж өгөхгүй гэж хэлээгүй. Би өөрийн орон гэргүй учир урин дулаан орохоор орон сууцыг чөлөөлж өгөх болно. ...гэж маргадаг.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитойгоор шинжлэн судалж үзээд дараах байдал тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын нь хариуцагч Б.Батцэнгэлээс Албаны орон сууц чөлөөлүүлж, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 435500 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын менежер А.Одхүү, Сант сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Л.Хүрэлмаа, Орон сууц ашиглагч/түрээслэгч/ Б.Батцэнгэл нар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №08 дугаартай Орон сууц ашиглах гурван талт гэрээг байгуулж, сумын засаг дарга болон Орон нутгийн өмчийн албаны дарга нар уг гэрээг батлав гэж гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.
Тиймээс нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар, хариуцагч Б.Батцэнгэл нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №08 дугаартай эд хөрөнгө хөлслөх буюу албаны орон сууц ашиглах гэрээ байгуулагджээ. Дээрх гэрээнд гэрээний талууд болох Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын менежер А.Одхүү, иргэн Б.Батцэнгэл нар гарын үсэг зурсан байна. Зохигчид эд хөрөнгө хөлслөх буюу албаны орон сууц ашиглах гэрээ байгуулагдсан эсэх, мөн эд хөрөнгө хөлслөх буюу албаны орон сууц ашигласны хөлс 435500 төгрөгийг төлөх эсэх талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хөлслүүлэгч хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээхээр хуульчилж өгсөн байна. Тиймээс уг гэрээний буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл /эд хөрөнгө/ нь мөн хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт заасан албаны орон сууц буюу Сэлэнгэ аймгийн Сант сумын Төрийн албан хаагчийн 12 айлын байрны 1-36 тоотод байрлах 25.5м2орон сууц байна.
Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дэх хэсэгт заасны дагуу хөлслөгчийн ашигласан албаны орон сууцыг 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд ашигласны хөлс 435500 төгрөгийг шаардах эрхтэй болно. Хариуцагч Б.Батцэнгэл нь орон сууц ашиглах тухай гурван талт гэрээний 2.4 дэх заалтыг 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар зөрчсөн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар шүүх хуралдааны явцад өгсөн тайлбартаа мэдүүлсэн. Хариуцагч Б.Батцэнгэл нь 435500 төгрөгийн шаардлагаас 430000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын хариуцагч Б.Батцэнгэлээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт буюу албаны орон сууц ашигласны хөлс 435500 төгрөгөөс 430000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Батцэнгэлээс 5500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дах хэсэгт зааснаар албан тушаалын эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэсний дагуу Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил, өмчлөлийн Төрийн албан хаагчийн орон сууцны 1-36 тоотод байрлах 25.5м2 байрыг хариуцагч Б.Батцэнгэлийн эзэмшил ашиглалтаас чөлөөлж албадан гаргах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага тус бүрт төлөх нийт 83915 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Хариуцагч Б.Батцэнгэлээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрт төлөх улсын тэмдэгтийн хураамж нийт 77057 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулж,
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 311 дүгээр зүйлийн 311.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Батцэнгэлийг Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгийн газрын өмчлөлийн төрийн албан хаагчийн орон сууцны 1-36 тоотоос албадан гаргаж, албаны орон сууц буюу эд хөрөнгө ашигласны хөлс 435500 төгрөгөөс 5500 төгрөгийг хариуцагч Б.Батцэнгэлээс гаргуулж, нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгийн газарт олгуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 430000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Батцэнгэлээс 77057 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй..
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ