Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 188

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Т.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Г.Баярмаа, хохирогч З.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тунгалагийн Ууганбаатарт холбогдох эрүүгийн 201625031946 дугаартай, 186/2016/0189/э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, замын компанид жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух , ял шийтгэлгүй, Боржигон овогт Тунгалагийн Ууганбаатар /РД:ТА94120410/,  

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/  

 Т.Ууганбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 27-28 нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны урд талд иргэн З.Баасанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг заамдаж нүүр нь тус газар нь мөргөж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ                                                                            

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч Т.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би Бумхандын юмыг цүнхнээсээ гаргаж өгч байхад хохирогч ирээд шууд цохиод авсан. Тухайн үед намайг нилээд зодсон. Үсдээд доошоо дараад элэгдэхээр нь би биеэ хамгаалаад зугтаах санаатай 2, 3 удаа мөргөсөн. Тэгтэл чулуу бариад араас гүйгээд байсан гэв.

1.2. Хохирогч З.Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би хөдөө 2 сар гаран ажиллаж байгаад 26-ны шөнө гэртээ ирсэн. 27-нд нь би эхнэртэйгээ 10 цагийн үед залгаа очоод авъя, өнөөдөр 11 цаг гээд эрт хаачих гэхэд би өөрөө яваад очъё, чи наанаа байж бай гээд байсан. Гэрт маань савтай тал пиво байсан учир би тэрнээс 2 удаа хийж уусан. Тэгээд 12 цагийн үед эхнэртэйгээ ярих гээд утас руу нь залгахад утас нь цэнэггүй болоод унтарсан. Жоохон байж байгаад 12 цаг 40 минутын үед эхнэрээ тосох гээд гарахад манай эхнэр шүүгдэгчтэй цуг ирж байсан. Шүүгдэгч Ууганбаатарыг би зүс танина. Тэгээд би шөнө 1 цаг болж байхад юу хийгээд танихгүй эрэгтэй хүнтэй явж байдаг байна гэж бодоод хардсан. Шүүгдэгч манай эхнэрийг машинтай хүргэж ирсэн. Манай эхнэрийн барьсан юм нь тийм ч хүнд зүйл байгаагүй, эмэгтэй хүн даахаар л зүйл байсан. Би эхнэрээ энэ залуутай хардаад маргалдсан. Манай эхнэр миний 1 гарнаас зуурж байхад шүүгдэгч намайг мөргөсөн. Шүүгдэгчийг 1 удаа мөргөхөд миний хамраас цус гарахаар нь би 2-уулаа сууж байгаад ярилцъя гэхэд дахиж 2 удаа мөргөсөн. Намайг шүүгдэгч 3 удаа мөргөснөөс болж өнөөдөр би эрүүл мэндээрээ хохирсон гэв.

            Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Наранбатын:..Т.Ууганбаатар бид хоёр хамар хашааны хүүхдүүд байгаа, цэцэрлэгт байхаасаа л хойш нэг нэгийгээ таньж мэддэг найз нөхөд юм. Манай найз түргэн аашгүй, архи дарс уугаад зодоон цохион хийгээд байдаггүй, гэтэл саяхан л нэг зодоон цохион хийсэн талаар сонссон, үг хүн нь  зөв боловсон харьцдаг хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-14/, 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мөнхбаатарын:...Т.Ууганбаатар бид хоёр энэ зун Багахангай дүүрэгт замын ажилд экскваторын жолоочоор ажиллаж байсан, ингээд бие биенээ таньж мэддэг болсон. Т.Ууганбаатартай хамт ажиллаж байх хугацаандаа бол хүнтэй зөв харилцаа үүсгэдэг, илүү дутуу зүйл байдаггүй архи дарс хэрэглэдэггүй ер нь техник барьж байгаа хүн архи дарс хэрэглэдэггүй.  Цуг ажилладаг болохоор нэг нэгийгээ таньж мэддэг найз нөхдийн холбоотой болсон. Зан төлөвийн хувьд хүнтэй зөв боловсон харьцдаг хүн юм. Бид хоёр хамт байхдаа архи  дарс хэрэглэж  байсан удаа байхгүй гэх мэдүүлэг. /хх-15/, 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бумхандын:...2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байсан санагдаж байна, мартчихсан байна. Ажилаа тараад гэртээ харих гээд явж байхад  Т.Ууганбаатартай тааралдаад чи хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад гэртээ харих гэж байна гэхээр нь тэгвэл намайг дөхүүлээд өгөөч гэсэн чинь Т.Ууганбаатар тэгье гээд миний барьж явсан хоёр тортой зүйлийг бариад манай гэрт хүргэж өгсөн.  Тэгээд  явсаар байгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 72 дугаар байрны гадна ирэхэд манай нөхөр Баасанжаргал  өөдөөс гарч ирээд миний хажуугаар зөрөөд гарсан тэгэхээр нь хөөе намайг танихгүй хажуугаар гараад явчихлаа  хэлэхэд  манай нөхөр Т.Ууганбаатарыг хараад энэ хэн юм, юу юм бэ гээд Т.Ууганбаатартай манай нөхөр З.Баасанжаргал нь намайг түлхээд унгаачихсан юм тэр үед Т.Ууганбаатар нь яаж байгаа юм вэ гээд миний санаж байгаагаар З.Баасанжаргалын нүүр хэсэгт 2 удаа мөргөсөн тэгээд манай нөхөр З.Баасанжаргалын хамраас цус гараад эхлэхэд Ууганбаатар зууралдаж болиод Баасанжаргалыг тавьсан энэ үед гэртээ орсон. Удалгүй Баасанжаргал орж ирсэн. Тухайн үед Баасанжаргал, Ууганбаатар хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар зодолдсон, цохилцсон зүйл байхгүй, зууралдаж байхад Ууганбаатар нь манай нөхөр З.Баасанжаргалын нүүр хэсэгт толгойгоороо хоёр удаа мөргөсөн гэх мэдүүлэг. /хх 16-17/,

            2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13570 тоот актын:

1. З.Баасанжаргалын биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн, хамрын ясны хугарал, тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал хамрын нуруунд зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт. /хх-19/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хохирогч З.Баасанжаргалын эмчилгээний баримт /хх 21-23/, Т.Ууганбаатарыг сэжигтнээр тооцсон тогтоол, тэмдэглэлүүд /хх 34-36/, Т.Ууганбаатарыг  яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд /хх 37-38/, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, Т.Ууганбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                          

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Т.Ууганбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 72 дугаар байрны урд талд  иргэн З.Баасанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг заамдаж нүүр тус газар нь мөргөж түүний биед зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хамрын ясны хугарал, тархи  доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн зовхины цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч З.Баасанжаргал, гэрч  Б.Бумхандын... 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байсан санагдаж байна, мартчихсан байна. Ажилаа тараад гэртээ харих гээд явж байхад  Т.Ууганбаатартай тааралдаад чи хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад гэртээ харих гэж байна гэхээр нь тэгвэл намайг дөхүүлээд өгөөч гэсэн чинь Т.Ууганбаатар тэгье гээд миний барьж явсан хоёр тортой зүйлийг бариад манай гэрт хүргэж өгсөн.  Тэгээд  явсаар байгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 72 дугаар байрны гадна ирэхэд манай нөхөр Баасанжаргал  өөдөөс гарч ирээд миний хажуугаар зөрөөд гарсан тэгэхээр нь хөөе намайг танихгүй хажуугаар гараад явчихлаа  хэлэхэд  манай нөхөр Т.Ууганбаатарыг хараад энэ хэн юм, юу юм бэ гээд Т.Ууганбаатартай манай нөхөр З.Баасанжаргал нь намайг түлхээд унгаачихсан юм тэр үед Т.Ууганбаатар нь яаж байгаа юм вэ гээд миний санаж байгаагаар З.Баасанжаргалын нүүр хэсэгт 2 удаа мөргөсөн тэгээд манай нөхөр З.Баасанжаргалын хамраас цус гарсан....гэх мэдүүлэг / хх 16-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13570 тоот акт, шүүгдэгч Т.Ууганбаатарын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Т.Ууганбаатар нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ууганбаатарт холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн  98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Ууганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлээс хохирогч З.Баасанжаргалын бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан  зардал болох 135.000 төгрөгийн  баримт нь нотлох  баримтын шаардлага  хангаж байна. Иймд шүүгдэгч Т.Ууганбаатар нь хохирлын мөнгө болох 135.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 900005406 дансанд тушаасан байх тул тус данснаас гаргуулж  хохирогч З.Баасанжаргалд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч нь “Орбита” эмнэлэгт мэс засалд орох гэж байгаа 3500000 төгрөг, “ЭМЖЖ” ХХК-нд чих хамар хоолойн төрөлжсөн мэргэжлийн улсын үйлчилгээтэй эмнэлэгт шижилгээний төлбөр 50.000 төгрөг, комьютерийн зураг 140.000 төгрөг, мэс заслын төлбөр 900.000 төгрөг, ор хоногийн төлбөр 5 хоног нь 80.000 төгрөг нийт 4.670.000 нэхэмжилж байгаа боловч дээрхи зардал нь бодит гарсан зардал бус харин цаашид хийлгэх эмчилгээний зардлын  төлбөр байх тул дээрхи  зардлыг шүүх гаргаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Харин хохирогч З.Баасанжаргал нь нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн Ууганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ууганбаатарыг  300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ууганбаатар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

            4. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 900005406 данснаас  135.000 төгрөгийг  гаргуулж  хохирогч З.Баасанжаргалд олгосугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц хохирогч З.Баасанжаргалд буцаан олгосугай.

7. Хохирогч З.Баасанжаргал нь цаашид эмчлүүлэх эмчилгээнийхээ зардлыг нотлох баримтаа  бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ууганбаатарын  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ