Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 06

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн БУсумын ..... дүгээр багийн иргэн Б.Э-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: СҮА ЗД, СҮА ЗДТГ нарт холбогдох,

           

Нэхэмжлэлийн шаардлага: “СҮА ЗДын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.Э-г шилжүүлэн ажиллуулах тухай” Б/55, “Б.Г-г албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/56 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.Эг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/69 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Эг Сүхбаатар аймгийн ЭМГ даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, гуравдагч этгээд Б.Г, нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие 2009 онд төрийн албаны тусгай шалгалт “ЭМГ даргын” сонгон шалгаруулалтад орж тэнцэж 2010 онд аймгийн Засаг даргын захирамжаар ЭМГ даргын албан тушаалд томилогдсон төрийн захиргааны албан тушаалтан болно. 2010-2017 оны 2 сар хүртэл ЭМГ дарга, 2017-2018 онд Нийслэлийн Хүрээ амаржих газарт их эмч, 2018 оны 10 сарын 12-ноос 2020 оны 11 сарын 17-ыг хүртэл ЭМГ даргаар 9.2 дахь жилдээ ажиллаж байна. 2020 онд Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн, 2020 оны 11 сарын 17-нд АЗД Б/55 дугаар захирамж гарган Б.Эг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар шилжүүлэх нэрээр ЭМГ даргаас чөлөөлж сул орон тоо гарган Б/56 тоот захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б овогтой Гыг үүрэг гүйцэтгэгчээр томилон Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны хуулийг зөрчин ажил хөдөлмөрөө сонгох, ажлын болон нийгмийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн болно.

АЗД Б/55 дугаар захирамжийн талаар урьдчилан мэдэгдээгүй, захиргааны акт гаргах үндэслэлээ танилцуулж, зөвшөөрөл аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчжээ. Аймгийн Засаг даргын Б/55 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 30.1 дэх заалт АЗДд Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн даргыг томилох эрх олгоогүй, 67.1-д АЗД солигдох нь төрийн жинхэнэ албан хаагчийг солих үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 44.1-д төрийн албаны удирдах албан тушаалд тасралтгүй 10 ба түүнээс дээш жил /ЭМГ даргаар 9 жил, их эмчээр 1 жил/, 28.1 дэх заалт Төрийн удирдах жинхэнэ албанд хугацаа заахгүй, 44.1-д мэргэшсэн байх эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн /боловсрол, хөдөлмөр халамж, соёл, спорт урлагийн салбарт мэргэшээгүй, ур чадвар эзэмшээгүй/, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 34/31 тоот тушаалын 4.1-д ээлжийн амралттай үед шилжүүлэхийг хориглоно. Удирдлагын хооронд зөвшилцөнө /Төрийн албаны тухай хуулийн 44.1/, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.6-д ЭМГ даргыг Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөнө гэсэн боловч зөвшилцөөгүй. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь сул орон тоо бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд томилохоос өмнө Авлигатай тэмцэх газарт хянуулна гэсэн боловч хянуулаагүй.

Аймгийн Засаг даргын 2020 оны Б/56 дугаар захирамж нь ЭМГ даргын үүрэг гүйцэтгэгчээр Б овогтой Гыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 7.1, 8.1, 46.2 дахь заалтыг зөрчин төрийн захиргааны албан хаагч биш, нөөцөд байхгүй, COVID-19 хуулийн 3.2-т шууд томилох заалт биш бөгөөд цахимаар болон танхимаар сонгон шалгаруулалт хийх заалтыг баримтлан Төрийн албаны тухай хуулиар баталгаажсан төрийн албаны тусгай шалгалт “ЭМГ даргын сонгон шалгаруулалтад” орж тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч миний ажлын байрыг сул орон тоо болгон нийгмийн болон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 30.1.10-т заасны дагуу аймгийн Засаг даргын 2020 оны Б/55, Б/56 дугаартай захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Эг аймгийн ЭМГ даргаар томилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Э миний бие 2020 оны 12 сарын 17-нд тус шүүхэд аймгийн Засаг даргын Б/55, Б/56 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулж, ЭМГ даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлд дараах хоёр шаардлагыг нэмэгдүүлж байна.

1. Аймгийн Засаг даргын Б/55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, 2020 оны 12 дугаар сарын 13-аас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ЭМГ даргын албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ТЗ-10-5 шатлалаар үндсэн цалин 1088000, ахлах түшмэлийн тэргүүн зэргийн нэмэгдэл 32 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, хоолны 5000x22=110000 төгрөг нийт 1818160 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу АЗДар төлүүлэхээр нэмэгдүүлэх,

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

Тайлбар: 2020 оны аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 тоот тушаал гаргах талаар надад мэдэгдээгүй бөгөөд АЗД, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай тохиролцсон албан бичгийг тушаал гаргахын өмнө мэдээгүй. Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалт аймгийн Засаг даргын Б/55 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт тохиролцсон албан бичгүүд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаалыг үндэслээгүй нь уг тушаалын хууль зөрчсөнийг илтгэж байна. Иймд АЗДар ажилгүй байсан хугацааны цалинг төлүүлэх, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүний их эмч мэргэжилтэй, төрийн албанд 25 жил ажиллаж байна. 2009 онд Сүхбаатар аймгийн ЭМГ даргын сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэнээр 2010 онд тус газрын даргаар томилогдсон. 2017 онд ЭМГ даргын ажлаас чөлөөлөгдөөд 2018 оны 10 дугаар сард эгүүлэн томилогдсон. 2017 онд чөлөөлөгдөх хугацаандаа 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл БНСУ-д ажилласан. Солонгосоос ирээд 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Н-ийн ХАГ-т их эмчээр ажиллаж байсан. Үүнийг нотлох баримт болох нийгмийн даатгалын дэвтэр болон ажил олгогчтой хийсэн гэрээ, тушаал зэрэг нь хэрэгт байгаа болно.

Сүхбаатар АЗД намайг Улаанбаатар хотод амарч байх хугацаанд дуудсан. Ингэж дуудахдаа орон нутгийн сонгууль дуусаад 2 сар боллоо. Сонгуулиар маш олон эмч нар иргэдийн Төлөөлөгчийн Хуралд сонгогдсон. Аймгийн НЭийн дарга түр орлон гүйцэтгэгчээр явж байгаа тул томилох шаардлагатай байна, ир гэсэн. Би ирээд Засаг даргатай хоёр удаа уулзсан. Эхний удаа уулзахдаа НЭийн даргаар Б.Г-г томил, Уламжлалтын эмнэлгийн даргаар Хүрэлбаатарыг томил. Хоёулаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч шүү гэж хэлсэн. НЭ2н даргыг ЭМГ дарга томилдог. Нэгэнт ЭМГ дарга Засаг даргатай зөвшилцдөг учир саналыг эргэж яръя гэтэл маргааш нь дахиж дуудсан. Дахин уулзахад таныг НЭийн даргаар томилъё учир нь салбар дотор сэлгэн ажиллаж байгаа учир Гыг ЭМГ даргаар, Уламжлалтын эмнэлгийн даргаар Хүрэлбаатарыг томилъё гэсэн. Тухайн үед энэ талаар ярьж байхад Хүрэлбаатар эмч хамт байсан. Дараа нь ЭМГ эдийн засагч Баярбаатарыг дуудаж бид хамтдаа ярилцаж байгаад гарсан. Түүний дараа оройн 09 цагийн үед намайг дуудаад М төлөөлөгч биеийн байдал нь муудаж хямраад НЭийн дарга болно гээд уурлаад байна. Иймд НЭийн даргаар Мыг, ЭМГ даргаар Гыг томилно. Харин таныг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар татаж ажиллуулна. Та хэл амгүй энэ ажил дээр оччих гэсэн. Би тэр ажилд очихгүй, би төрийн захиргааны албан хаагч, би өөрийн салбартаа ажиллана. Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажлыг хийх мэдлэг, мэргэшил надад байхгүй гэж хэлэхэд тэр ажилд очвол оч, очихгүй бол боль, таны саналыг асуугаад байх юм байхгүй. Маргааш таныг халсан тушаал чинь гарна, ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн. Та хэрвээ хууль бус зүйл хийвэл би шүүхээр явна гэж хэлэхэд за гэсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед Тамгын газраас хүн яриад эхний ээлжинд таны халагдсан тушаал гарч байна гэсэн. Дараа нь би ОТтэй уулзаад ямархуу байдлаар гарсан бэ гэхэд яаж гаргахаа мэдэхгүй эхлээд халсан байдлаар төсөл нь яваад сүүлдээ шилжүүлсэн маягаар солигдсон гэж хэлээд 1 цагаас таны ажлыг очиж хүлээлцэнэ гээд ОТ ирээд захирамжийг уншин танилцуулахад халсан биш шилжүүлсэн байсан. Тэгээд би Засаг даргатай уулзаад яагаад халсан тушаал гаргана гэж хэлчихээд шилжүүлсэн тушаал гаргасан юм бэ гэхэд олон юм битгий яриад бай, дуртай газраараа яв, шүүхээр яваад юу олж долоох юм гээд муудалцсан. Та иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгчөө томилохын тулд төрийн захиргааны албан хаагчийн ажлыг дураараа өөрчилж болохгүй гэж хэлсэн.

Засаг даргын захирамж өөрөө хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргыг Тамгын газрын дарга томилдог болохоос аймгийн Засаг даргын захирамжаар томилдоггүй. Тус захирамжид Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилж ажиллуулсугай гэсэн байсан. Хоёрдугаарт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д тухайн албан тушаалд 10 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан гэсэн зүйл байгаа. Гэтэл миний хувьд Солонгос улс болон Хүрээ амаржих газарт ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Хоёр өөр газар хоёр өөр албан тушаалд ажиллах ямар ч боломж байхгүй.

Засаг дарга нь хуульд нийцүүлэн захирамж гаргах ёстой. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хориглох заалтад “ээлжийн амралттай” байхад шилжүүлэн томилохыг хориглоно гэсэн заалт байна. Миний ээлжийн амралттай байсан талаарх нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилсон Б/69 дүгээр тушаалыг гаргахдаа Э дарга надтай огт уулзаагүй. Би өөр ажил, албан тушаалд очихгүй гэдгээ хэлээд маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу гомдол бичиж очтол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учир 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гомдлыг хүлээж авахгүй, 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ханд гэсэн. Тэгээд эргэж ирээд хандах гэтэл гэрийн хорионд орсон. Тэгтэл таныг 17-ны өдрөөс эхэлж Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлсэн учир 7-8 хоног ажил тасалсан гэж үзээд бүртгэл явж байна. Таныг халах гэж байна гэж хэлсэн учраас аргагүйн эрхэнд Тамгын газрын дарга руу яриад би энэ ажил дээр очъё, одоогоор гэрийн хорионд байгаа учир биеэр очиж уулзах боломжгүй байна гэж хэлсэн. Би 12 дугаар сарын 12-ны өдөр Тамгын газарт биеэр очсон. Намайг тухайн ажил руу шилжүүлээд 1 сар болсон учир иргэний хувьд ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ явуулах ёстой. Ингээд С рүү яриад миний урьдчилсан мэдүүлгийг явуулсан уу, хариу ирсэн үү гэхэд хариу чинь татгалзаж ирсэн гэсэн. ЭМГ даргаас шилжүүлсэн тушаал дунд чөлөөлж гэсэн үг явж байсан. Ингээд чөлөөлөгдөнө гэхээр би төрийн захиргааны албан хаагч биш болчихож байна. Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байхад нэг шалгалт ирэхэд би ажилгүй болох юм байна. Яагаад гэхээр хууль зөрчиж томилогдсон учраас. Төрийн албаны салбар зөвлөл дээр 9 хүний хууль бус томилгооны талаар өргөдөл ирсэн гэсэн, түүний нэг нь би байсан. Би Бтэй уулзахад таны талаар гомдол очсон шалгаж байгаа гэсэн. Хуулийн хэлтсийн дарга Болдхүүтэй уулзахад анхнаасаа хууль бус гэдгийг мэдэж байсан гэхдээ таныг шүүхэд нэхэмжлэл гаргана гэж бодоогүй. Та шүүхэд хандахын оронд эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сар өөрийн хүсэлтээрээ чөлөө авчих тэгвэл 3 сарын хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчаасаа халагдахгүй нөөцдөө байж байна. Харин 3 сарын дараа ажилдаа оръё гэвэл Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилж болно гэсэн. Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга нь 8 дугаар сарын 1-нд сонгуульд оролцоно гээд ажлаа өгсөн байсан. Энэ сул орон тоог 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд уламжилж 14 хоногийн дотор орон тоог зарлаж хүн томилох ёстой байсан. Гэтэл орон тоог зарлахгүй, сүүлд нь хүмүүсээ байршуулахын тулд мерит зарчмаараа түр нэг ахлах түшмэлээ томилоод явж байсан. Дараа нь Тамгын газрын дарга Э, хүний нөөцийн ажилтан Мөнхчимэг нартай уулзаад миний ажлын байр биш болчихлоо. Би уг нь тусгай шалгалт өгөөд ЭМГ даргын ажилд орсон хүн гэхдээ чөлөөлөгдчихлөө. Би эрүүл мэндийн удирдлагаар сурсан. Харин Удирдлагын академид төрийн захиргааны удирдлагаар сураагүй, төрийн захиргаагаар мэргэшсэн хүн биш. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь маш олон салбарыг хариуцаж ажилладаг юм байна. Тэгэхээр энэ албан тушаалд миний мэдлэг хүрэхгүй байна гэж хэлэхэд Тамгын газрын дарга нээрээ чөлөөлж гэх үг орсон болохоор таны ЭМГ даргын сонгон шалгаруулалтад орсон чинь хүчингүй болж байгаа юм байна, та Засаг даргатай уулз гэсэн. Би Авлигатай тэнцэх газарт урьдчилсан мэдүүлгээ хянуулж байхдаа Хасбаатар гэх хүнтэй ярихад таны урьдчилсан мэдүүлгийг хянахгүй гээд явуулсан байхад дахиж юу гэж мэдүүлэг гаргасан юм бэ гэсэн.  Тэгээд энэ бүх асуудлыг хэлээд Засаг даргатай уулзахад тэр хамаагүй. Чи өөрөө хүлээн зөвшөөрөөд ороод ирсэн байгаа юм биш үү, ажлаа хийвэл хий, шүүхээрээ явбал яв чи юу олж долоодог юм гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Хууль бус шийдвэрийг хүчингүй болго гэж гомдлын хариу Тамгын газарт ирсэн байгаа. Төрийн албаны тухай хуулиараа ийм хариу ирсэн тохиолдолд хууль бус шийдвэрээ хүчингүй болгоод 7 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу өгөх ёстой байтал тэгээгүй. Тамгын газраас авсан цалингаа буцааж Тамгын газрын данс руу шилжүүлсэн. Миний хувьд хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Орон сууцны зээлтэй, хүүхдүүд оюутан учир би амьдрахын тулд одоо аймгийн НЭт эмчээр ажиллаж байна гэв.

 

Хариуцагч Сүхбаатар АЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс нь аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах бодлогыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нийгмийн олон салбарт хүрч ажилладаг чухал үүрэгтэй онцлог хэлтэс юм.

2020 оны орон нутгийн сонгуультай холбогдуулан Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Мөнхзаяа үүрэгт ажлаасаа 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс чөлөөлөгдөж, тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон
гүйцэтгэгчээр нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн түр томилогдон ажиллаж байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж,
дотооддоо тархаж, цаг үеийн нөхцөл байдал өдөр хоногоор өөрчлөгдөн хүндэрч
байгаа энэ цаг хугацаанд аймгийн чухал бодлогыг тэргүүлэн авч явах хэлтсийн хувьд мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий удирдлагыг яаралтай сонгож, томилон ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага бий
болсон. Бид судалж үзээд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019
 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.3 дахь заалтыг үндэслэн аймгийн ЭМГ даргаар ажиллаж байсан Б.Эг албан тушаалын тодорхойлолтын шалгуур, нөхцөлд нийцсэн, мэдлэг туршлага, чадвар бүхий мэргэшсэн төрийн албан хаагч бөгөөд тухайн байгууллагад тасралтгүй 10 жил ажилласан зэргийг нь харгалзан үзэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажилд шилжүүлэн ажиллуулахаар АЗД, түүний Тамгын газрын дарга нар харилцан тохиролцож, аймгийн Засаг даргын 2020 оны Б/55 дугаар захирамж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаалыг гаргаж шийдвэрлэсэн.

Б.Э нь аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний
өдрийн 11 дүгээр захирамжаар ЭМГ даргын албан тушаалд анх
томилогдон тасралтгүй 10 жил 9 сар тухайн албан тушаалд ажилласан ба 2017 оны
аймгийн Засаг даргын Б/11 дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, тухайн албан тушаалд ажилласан жил тасрах нөхцөл байдал үүсэж байсан боловч шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/65 дугаар захирамжаар ЭМГ даргын албан тушаалдаа эгүүлэн томилогдож, хууль тогтоомжид заасан ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс, олговроо нөхөн тооцуулж, ажилласан жилийн хугацаа тасалдалгүй болсон байдаг.
Түүний гаргасан нэхэмжлэлд дурдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчин ажил хөдөлмөрөө сонгох, ажлын байр болон нийгмийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу төрийн албан хаагчийн хувьд ажиллах нөхцөл баталгааг дордуулаагүй ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, цалингийн шатлал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлтэй холбоотой гомдол гаргагчийн нийгмийн баталгаа, эрх зүйн байдлыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр захирамжийн 2 дахь хэсэгт зааж өгсөн ба өмнөх албан тушаалд ажиллаж байсан нөхцөл байдлаас дордуулаагүй болно.

ЭМГ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон аймгийн Засаг даргын 2020 оны Б/56 дугаар захирамж нь Б.Эд чиглэсэн захиргааны акт биш ба түүний эрх, ашиг сонирхол буюу нэхэмжлэлд дурдсан хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаа зөрчигдсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Аймгийн Засаг даргын Б/55 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаалыг гаргахын өмнө аймгийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийж, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн шийдвэрийг эцэслэн гаргахаас өмнө биечлэн танилцуулсан ба түүний өгсөн тайлбарыг аймгийн Засаг даргын туслах баримтжуулан тэмдэглэсэн. Мөн дээрх шийдвэрүүдийг мэдэгдсэн ба нэхэмжлэлдээ ч аймгийн Засаг даргын Б/55 дугаар захирамжтай танилцан ажлаа хүлээж авсан талаараа дурдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх
боломжгүй байна гэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан журмын 2.3-т заасныг тус тус үндэслэн ЭМГ дарга Б.Эг албан тушаалын тодорхойлолтын шалгавар, нөхцөлд нийцсэн, мэргэшсэн төрийн албан хаагч, тухайн байгууллагад тасралтгүй 10 жил ажилласан зэргийг харгалзан үзэж Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажилд шилжүүлэн ажиллуулахаар удирдлагууд харилцан тохиролцож, албан бичгээр баталгаажуулснаар Б/55 дугаартай захирамжийг гаргасан.  АЗД нь Нийгмийн бодлогын хэлтсийн даргыг томилох эрх бүхий субъект биш, шилжүүлсэн гэж үзэж байгаа. Захирамж шилжүүлсэн агуулгатай гарсан. АЗД, Засаг даргын Тамгын газрын дарга нар харилцан тохиролцсоны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаалаар Б.Эг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилох шийдвэрийг гаргасан. Б.Эг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилсон нь түүний Төрийн албаны тухай хуульд заасан эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Түүний эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэг дэв, цалин хөлс, нийгмийн баталгааг нь буруулаагүй хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн болохоос чөлөөлөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлийг маргаан бүхий 2 захиргааны актад хоёуланд нь үндэслэл болгоогүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч СҮА ЗДын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1. Аймгийн Засаг даргын Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, 2020 оны 12 дугаар сарын 13-аас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ЭМГ даргын албан тушаалд эгүүлэн томилох хүртэл ТЗ-10-5 шатлалаар үндсэн цалин 1088000, ахлах түшмэлийн тэргүүн зэргийн нэмэгдэл 32 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, хоолны 5000*22=110000 төгрөг нийт 1818160
төгрөгийг төлүүлэх тухайд:

Нэхэмжлэгч Б.Эг шилжүүлэн ажиллуулах талаар аймгийн Засаг
даргын 2020 оны Б/55, аймгийн ЗДТГ-ын даргын Б/69 тоот шийдвэрүүд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан бөгөөд 2020 оны 11 дугаар сарын 27-ны өдөр  түүнтэй ажил хүлээлцүүлэхээр томилогдсон ажлын хэсэг цахимаар Нийгмийн
бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлыг нь хүлээлцүүлж, 11 дүгээр сарын 27-ны өдрөөс ажилласнаар тооцож эхэлсэн. Б.Э-н цалин хөлсийг
аймгийн ЗДТГ-ын даргын 2020 оны Б/69 дүгээр тушаалын дагуу ТЗ-10-5 шатлалаар,
 ахлах түшмэлийн тэргүүн зэргийн нэмэгдэл 32 хувь, төрийн албан хаасан хугацааны
нэмэгдэл 25 хувь, хоолны нэмэгдэл 80,000 төгрөг байхаар тооцож, аймгийн Засаг
даргын Тамгын газрын нягтлан бодогч Б.Эрдэнэцэцэг 2020 оны 11 дүгээр сард 2 өдөр, 12 дугаар сард бүтэн ажилласнаар тооцож, цалинг холбогдох нэмэгдлүүдийн хамт хууль тогтоомжийн хүрээнд бодож олгосон.

Б.Э нь аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 24-нийг
дуустал ажлын 20 өдөр ажилласан бөгөөд энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхэд нь удирдлагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, ажилд томилсон тушаал хэвээр байгаа ба цалин хөлсийг 12 сард бүрэн олгосон байхад 2020 оны 12 дугаар
сарын 25-ны өдөр аймгийн НЭийн даргын Б/176 дугаар тушаалаар эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажилд орсон нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байна.

Харин Б.Э нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг
даргын Тамгын газраас олгосон 11 сарын 27, 28, 12 сарын цалинг буцааж төлж байна гэсэн утга бүхий өргөдөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргалд ирүүлж, олгосон цалинг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрийн сангийн
5062216615 тоот дансанд хийсэн ба байгууллагын зүгээс түүний цалинг нь буцаан шилжүүлэх боломжтой. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлт албан ёсоор ирүүлээгүй байж, Б.Э нь ажлаа таслан ирэхгүй байгаа ба тухайн захиргааны актаар хүлээсэн үүрэг нь дуусгавар болоогүй байгаа болно.

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын
17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухайд:

АЗД 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1085 тоот албан бичгээр Б.Эг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар шилжүүлэн ажиллуулах талаар Засаг даргын Тамгын газрын даргад санал хүргүүлсэн ба 2020.11.17-ны өдрийн 3/1086 тоот албан бичгээр шилжүүлэн томилоход татгалзах зүйлгүй гэдгээ тухайн албан тушаалтан илэрхийлж, харилцан тохиролцсоноор аймгийн Засаг даргын Б/55, аймгийн ЗДТГ-ын даргын Б/69 дүгээр шийдвэрүүдийг гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тайлбар хэсэгт дурдсанаар АЗД Б/55 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт харилцан тохиролцсон албан бичгүүд болон аймгийн ЗДТГ-ын Б/69 тоот тушаалыг үндэслээгүй байгаа нь Б/69 дүгээр тушаал хууль зөрчсөнийг илтгэж байна гэжээ. Захирамжлалын баримт бичгийн үндэслэх хэсэгт байгууллагын албан тоотыг үндэслэх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 29.1-д заасан тухайн шийдвэрийн хувийн хэрэгт хавсаргаж үлдээх бөгөөд Б/69 дүгээр тушаал нь эрх зүйн үр дагаврын хувьд аймгийн Засаг даргын Б/55 дугаар захирамж гарсны дараа албажиж гарах ёстой шийдвэр тул өмнө нь гарсан Б/55 дугаар захирамжид энэхүү тушаалыг үндэслэх боломжгүй юм.

Б.Эг томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69
дүгээр тушаал 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан ба тухайн цаг хугацаа
нь Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”
178 дугаар тогтоолтой уялдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/594 дүгээр захирамжийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан үед хорио цээрийн дэглэмийг зөрчин түргэний машинд суун Улаанбаатар хот руу зорчсон ба эргэж ирээд 14 хоног гэрийн хөл хорионд орсон байсан. Энэ үедээ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Этэй утсаар холбогдон /2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр 14-15 цагийн орчимд/ “Би маргаашаас Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилдаа ормоор байна, гэхдээ Улаанбаатар явж ирээд 2 хонож байгаа болохоор аймгийн онцгой комиссоос намайг 14 хоног гэрийн хорионд байх хэрэгтэй гэсэн тул зайнаас ажиллая” гэж хэлсэн байдаг.

Тухайн үеийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр
орлон гүйцэтгэгч Х.Э түүний хүсэлтийг зөвшөөрч, цахимаар ажлаа хүлээлцээд ажлаа хийх боломжтой гэж тохиролцоод хүний нөөцийн ахлах
мэргэжилтэн О.О, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
О.С нарын утасны дугаарыг мессежээр явуулан, эдгээр хүмүүстэй
холбогдож ажилдаа орох болсон, цахимаар ажлаа хүлээлцэх талаар хэлээрэй гэсэн
байдаг. /Мессежний зургийг хавсаргав./ 27-ны өдрөөс ажлаа цахимаар хүлээлцэж, зайнаас ажиллахаар тохирсон учир маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө хүний нөөцийн ахлах мэргэжилтэн О Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаал, хавсралтын хамт ажил хүлээлцүүлэх комиссын дарга Д.Бийн албан өрөөнд нь оруулан өгч,
Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар Б.Э шилжин ажиллах болсон, Улаанбаатар хот зорчиж ирээд гэрийн хөл хорионд байгаа тул Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Э Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б, Б.Э нарын ажлыг цахимаар хүлээлцүүлэх болсон гэдэг мэдээллийг өгсөн ба Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Э Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бийг дуудан шинээр томилогдсон хэлтсийн даргынхаа ажлыг цахимаар хүлээлцэхээр тохиролцсон тул бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг өгсөн байдаг.

Д.Б нь Б.Этай 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн
орчим утсаар холбогдож /......... дугаараар/ Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон шийдвэрийг бүрэн уншиж, танилцуулаад ажлын хэсгийнхэн бичиг баримт болон хариуцах чиг үүргийнх нь талаар цахимаар
танилцуулан ажлыг хүлээлцүүлсэн. 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын

09-ний өдөр хүртэл зайнаас буюу онлайнаар ажлаа хийж байгаад гэрийн хөл хорионы хугацаа дуусмагц, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн биеэр ирж ажиллаж эхэлсэн, ажилд анх ирсэн өдөр нь комиссын гишүүн, нярав С.А
хэлтсийн даргын хувьд хамаарах эд хөрөнгийг нь жагсаалтаар гарган хүлээлгэн өгч акт үйлдэн Б.Э гарын үсэг зурж, хүлээн авсан байдаг.

Үүнээс үзэхэд Б.Э Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлаа бүрэн хүлээж авсан, түүнийг томилсон шийдвэрүүдтэй цахимаар танилцаж, хүлээн зөвшөөрсөн, ажилдаа биечлэн ирж, ажлаа хийж байсан зэрэг нь дээрх тодорхой үйл баримтуудаар нотлогдож байгаа юм. Б.Б-той цахимаар ажлаа хүлээлцэн и-мэйл хаяг, фэйсбүүк хаягаа өөрийн утасны дугаараас явуулан Нийгмийн бодлогын хэлтсийн дотоод чат группэд орж, цахимаар ажлаа хийсэн. /Утасны мессеж, дотоод чатын зураг хавсаргав/

Өмнө нь гаргасан үндсэн нэхэмжлэлдээ ээлжийн амралттай үед шилжүүлэн
ажиллуулах шийдвэр гаргасан гэж маргасан байдаг. Гэвч ЭМГ
даргаар ажиллаж байхдаа 2020 оны 10 дугаар 20-ны өдөр ээлжийн амралтын
мэдэгдлээ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон
гүйцэтгэгч Ж.Т-д гарган 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 29 хоногийн хугацаатай 12 дугаар сарын 11-ний өдөр ажилд орохоор шийдвэрлүүлсэн байдаг.

Б.Э-г ээлжийн амралттай байх үед дэлхийн олон улс оронд соvid-19 цар тахал тархсан хүндхэн цаг үед Монгол улс дотооддоо халдвар тархах аюул
нүүрлэж, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол гарч орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, аймгийн онцгой комиссын гишүүн, аймгийн шуурхай штабын менежер, ЭМГ даргын хувьд Б.Э нь ээлжийн амралттай байх хугацаанд ажилдаа зайлшгүй орох онцгой нөхцөл байдал үүссэн тул аймгийн онцгой комиссын дарга бөгөөд АЗД М.И, Б.Эг ажилдаа орох үүрэг өгсөн байдаг. /М.Иын утасны билл, Аймгийн онцгой комиссын хурлын тэмдэглэл, шуурхай штабын хурлын тэмдэглэлүүд, ирцийн бүртгэл хавсаргав/

ЭМГ дарга бол цар тахлын үед Шуурхай штабын менежерийн үйл ажиллагааг хариуцах чиг үүрэг бүхий чухал албан тушаалтан юм. Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/566 дугаар захирамжаар Шуурхай штабын баг томилон менежерээр ЭМГ даргыг томилсон.

Ийнхүү улс оронд гамшгийн нөхцөл үүссэн үед тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, ээлжийн амралттай гээд хойш суух эрхгүй, ингэсэн тохиолдолд ёс зүйн зөрчилд тооцох боломжтой бөгөөд цар тахлын нөхцөлд онц чухал албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтныхаа хувьд өөрөө тухайн үедээ ойлгож, ажилдаа ирсэн гэж үзэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ ирж 2 албан бичигт гарын үсэг зурсан, мөн онцгой комисс, шуурхай штабын хуралд 2020 оны 11 дүгээр сарын 11, 13, 15, 16, 17-ны өдрүүдэд оролцож, ажилласан зэргээс нь ажиллаж байсан нь нотлогдоно.

Иймд түүний маргаж буй шийдвэрүүдийг бид ээлжийн амралтаа эдэлж байх
хугацаанд нь гаргаагүй ба ЭМГ даргын үүрэгт ажлаа хийж байхад нь гаргасан. Цар тахлын үед үйл ажиллагаа нь тасралтгүй явж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, халамжийн бодлогуудыг зангидах, оновчтой бодлогоор хангах шаардлагатай чухал хариуцлагатай албанд ажлын шаардлагаар Б.Эг шилжүүлэн томилсон ба аймгийн Засаг даргын 2020 оны Б/55, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр шийдвэрүүд түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эерэг нөлөөлөлтэй шийдвэрүүд гаргасан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй

байна гэжээ.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу тайлбар хэлье. Нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах талаарх шийдвэр 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан. Б.Э нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар 2020 оны 11 дүгээр сарын  27-ны өдрөөс 12 дугаар сарын  24-ний өдрийн хооронд ажилласан. Ажиллах хугацаанд нь албан тушаалын цалин, бусад нэмэгдлийг өмнөх ажиллаж байсан үеийн түвшинтэй нь ижил тооцож олгосон. Манай байгууллага сар бүрийн 20-ны өдрөөс дараа сарын 20-ны өдрөөр тасалбар болгож цалинг тооцдог учир ажилд орсон өдрөөс тооцон бүтэн сарын цалинг олгосон байгаа. Одоо ч гэсэн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилсон шийдвэр нь хэвээр байгаа. Учир нь ажлаас чөлөөлөгдье гэсэн хүсэлтээ албан ёсоор өгөөгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан “10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн заалтыг үндэслэж, удирдлагууд хоорондоо тохиролцсоноо албан бичгээр баталгаажуулж Б/69 дүгээр тушаалыг гаргасан байдаг. Аймгийн Засаг даргын Б/55 дугаартай захирамжийг гаргах талаар урьдчилан 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзаж мэдэгдсэн. Аймгийн шуурхай штаб хуралдаж байсан хурлын дундуур Засаг дарга өрөөндөө дуудаж уулзаж мэдэгдэхэд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн байдаг. Иймд захирамж гаргах талаар мэдэгдсэн гэж үзэж байгаа. Ингээд удирдлага хоорондоо харилцан тохиролцсоны дагуу Засаг даргын Б/55 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Б.Эг ЭМГ даргаас Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, Тамгын газарт чиглэл өгсөн. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаал нь Засаг даргын Б/55 дугаар захирамжийн биелэлтийг хангаж гарсан шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь заалтыг хангасан гэж үзэж байна. Захирамжлалын баримт бичгийн үндэслэх хэсэгт байгууллагын албан тоотыг бичдэггүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар тухайн  шийдвэрийг хувийн хэрэгт нь хавсаргаж үлдээх бөгөөд Б/69 дүгээр тушаал нь эрх зүйн үр дагаврын хувьд Б/55 дугаар захирамжийн дараа гарсан. Ийм учраас Б/55 дугаар захирамжид энэхүү тушаалыг үндэслэх боломжгүй гэв.

 

            Гуравдагч этгээд Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Га миний бие  СҮА ЗДын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаартай захирамжаар аймгийн ЭМГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. АЗД нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 30.1.10-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т заасан заалтын дагуу томилогдсон гэж үзэж энэхүү үүрэгт ажлыг гүйцэтгэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э анх шүүхэд хандан “СҮА ЗДын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55, Б/56 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Б.Эг Сүхбаатар аймгийн ЭМГ даргаар томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “СҮА ЗДын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СҮА ЗДын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55, Б/56 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Эг Сүхбаатар аймгийн ЭМГ даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг ЭМГ төсвөөс гаргуулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь СҮА ЗДын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр захирамжаар аймгийн ЭМГ даргаар томилогдон ажиллаж байжээ.

 

Маргаан бүхий акт болох СҮА ЗДын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан журмын 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Эг албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан ЭМГ даргын албан тушаалаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс чөлөөлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлжээ.

 

Улмаар СҮА ЗДын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2019 оны 275 дугаар тогтоол, 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан журмын 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Эг аймгийн ЭМГ даргын албан тушаалаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шилжүүлэн томилжээ.

 

АЗД болон Засаг даргын Тамгын газрын дарга нь Б.Эг аймгийн ЭМГ даргын албан тушаалаас чөлөөлж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар шилжүүлэн томилохдоо Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалд үндэслэлгүй халдаж, хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзлээ.

 

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн ЭМГ даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч АЗД нь ЭМГ даргыг чөлөөлсөн шийдвэр гаргахдаа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөх ёстой байтал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шүүхээс нэхэмжлэгч Б.Эг ЭМГ даргын албан тушаалаас чөлөөлсөн Б/55 дугаар захирамжийг гаргахдаа Эрүүл мэндийн сайдтай зөвшилцсөн эсэх талаарх нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлсэн эсэх талаар тодруулга явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөөгүй ...” гэж мэдүүлсэн зэргээр хуулийн энэ заалт зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэжээ.

 

Хуулийн дээрх заалтын агуулга нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахдаа тухайн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байхыг шаардаж байна. 

 

Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжин ажиллахыг зөвшөөрсөн өөрийнх нь хүсэл сонирхол заавал байх ёстой, түүнийгээ бичгийн хэлбэрээр үйлдэж баталгаажуулсан тохиолдолд түүнийг шилжүүлэн ажиллуулах нөхцөл бүрдэх юм. 

 

Хариуцагч нь маргаан бүхий Б/55, Б/69 дүгээр захиргааны актуудыг гаргахдаа Б.Этай тохиролцоогүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “... төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх ...” хуулийн шаардлагыг хангаагүйн дээр, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөө, хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр болжээ. 

 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Э нь аймгийн ЭМГ даргаар 10-аас дээш жил ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ч энэ нь түүнийг өөр ажил, албан тушаалд шууд шилжүүлэн ажиллуулах үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт нь 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулахыг тэдгээрийн удирдлагад үүрэг болгосон заалт биш юм. 

 

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.”, 4.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцолгүйгээр дараах тохиолдолд шилжүүлэн ажиллуулахыг хориглоно.” гэж, 4.1.1-д “ээлжийн амралттай” гэж тус тус зохицуулсан байхад нэхэмжлэгч Б.Эг ээлжийн амралттай байх хугацаанд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон нь хууль бус бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгох нэг үндэслэл болж байна.

 

Б.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь хэрэгт авагдсан ээлжийн амралтын мэдэгдэл, Б.Э-н 2020 оны цалингийн картаар тус тус нотлогдож байгаа болно.

 

Иймд хариуцагчийн “... Б.Э нь ЭМГ даргаар 10 жил 6 сар тасралтгүй ажилласан төрийн жинхэнэ албан хаагч тул “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.3-д заасны дагуу удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлсэн. Төрийн жинхэнэ албан хаагч нэг байгууллагад 10-аас доош жил ажилласан тохиолдолд түүнтэй харилцан тохиролцож, баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах хуулийн зохицуулалттай. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий актуудыг гаргах үед ээлжийн амралтаа эдэлж байгаагүй, ажиллаж байсан...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

3. Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Б.Эг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.гэж заасныг зөрчжээ.

 

Тодруулбал Б.Э-г аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргасныхаа дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэхийг хянах боломжгүй байдалд хүргэсэн байна.

 

Зүй нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянан үзсэний дараа тухайн албан тушаалд томилох хуулийн зохицуулалттай.

 

4. Дээрх үндэслэлээр Б.Эг аймгийн ЭМГ даргын албан тушаалаас чөлөөлж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон аймгийн Засаг даргын 2020 оны Б/55, Засаг даргын Тамгын газрын даргын Б/69 дүгээр тушаалуудыг шүүхээс хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Б.Эг аймгийн ЭМГ даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул Б.Г-г ЭМГ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/56 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэсэн заалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагатай холбоотой хэсгийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж, ажилгүй байсан 38 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.994.324 (хоёр сая есөн зуун ерөн дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв) төгрөгийг Сүхбаатар аймгийн ЭМГ төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэлээ.

 

6. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СҮА ЗДын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55, Б/56 дугаар захирамж, СҮА ЗДын Тамгын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Эг Сүхбаатар аймгийн ЭМГ даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.994.324 (хоёр сая есөн зуун ерөн дөрвөн мянга гурван зуун хорин дөрөв) төгрөгийг Сүхбаатар аймгийн ЭМГ төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, СҮА ЗДын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД