Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 165

 

П.Амарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч П.Амар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0126 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор П.Амарын нэхэмжлэлтэй, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Амарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 тоот тушаалын П.Амарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4453775 төгрөгийг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулан П.Амарт олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0126 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нэхэмжлэгч П.Амар нь Дорнод хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилладаг байсан бөгөөд Дорнод хамгаалалтын захиргааны бүтэц орон тоог жил бүр салбарын яам баталдаг юм. Салбарын яам байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог огт батлаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс дур мэдэн байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж цалин хөлсийг нэмэх боломжгүй. Манай байгууллагад ажиллаж байгаа улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч бүр цалин хөлсөө байгаль хамгаалагчийн цалингаар авч үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ “улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчдыг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхдээ батлагдсан төсөвт багтааж улсын байцаагчийн цалингаар цалинжуулах боломжгүй бол улсын байцаагчийн эрхийг нь цуцалж байгаль хамгаалагчаар ажиллуулах ёстой” гэжээ.

Улсын байцаагчийн эрхийг мэргэжлийн хяналтын газраас олгодог бөгөөд цалинг улсын байцаагчийн цалингаар цалинжуулах шаардлагатай бол салбарын яам байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж төсвийг зайлшгүй нэмэх шаардлагатай байна.

2. П.Амар нь улсын байцаагчийн эрхтэй боловч анх ажилд томилогдсон тушаал болон үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгаль хамгаалагчийн ажил үүргийг гүйцэтгэж байсан. Ажлын байрны тодорхойлолт болон ажилд авсан тушаалд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллуулах талаар ажил олгогч байгууллагын шийдвэр гараагүй болно.

З. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн. нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гаруй хугацаагаар өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, П.Амарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл муутай байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч П.Амар нь Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 4453775 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэл ТЗ-6 байсныг ТЗ-2 болгож өөрчилсөн, нэхэмжлэгчээс “улсын байцаагчийн эрхтэй тул ТЗ-6-аар цалинжих ёстой” гэсэн үндэслэлээр маргаж байна.

П.Амар нь Дорнод хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчийн орон тоонд ажиллаж байсан болох нь түүний ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зохих шатны Засаг даргатай зөвшилцөн дархан цаазат газарт хамгаалалтын захиргаа байгуулах эрхтэй байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг батлах бүрэн эрхтэй байна. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн А-06 дугаар тушаалаар Дорнод тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны бүтэц, орон тоог батлахдаа “байгаль хамгаалагч” гэсэн орон тоог баталсан, харин “улсын байцаагч” гэх орон тоог батлаагүй байна.

Нэхэмжлэгчээс “байгаль хамгаалагчийн орон тоонд ажиллаж байсан боловч улсын байцаагчийн ажлыг гүйцэтгэж байсан тул ТЗ-6-аар цалинжуулах байсан, эрх бүхий байгууллагад уламжилж, улсын байцаагчийн орон тоог батлуулах байсан” гэж хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан, орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.

Иймд, хариуцагч Дорнод хамгаалалтын захиргаанаас дээрх сайдын тушаалын дагуу нэхэмжлэгчийг байгаль хамгаалагчаар, ТЗ-2 гэсэн албан тушаалын зэрэглэлээр цалинжуулж байсан ньТөрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “цалин, орон тоо нь яамны хэмжээнд шийдвэрлэгдээгүй нь албан тушаалын зэрэглэл бууруулах үндэслэл болохгүй, улсын байцаагчийн үүргийг гүйцэтгэж байсан” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь буруу бөгөөд хариуцагч ямар хуулийг зөрчсөн, ямар буруутай үйл ажиллагаа гаргасан талаар тодорхой дүгнээгүй, байгууллагын дарга зөвхөн батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажиллах зарчмыг анхаараагүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нь байгаль орчны улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байхаар зохицуулсан боловч энэхүү улсын байцаагчийн эрх олгосон байдал нь тухайн байгууллагын батлагдсан орон тоо, цалингийн хэмжээг өөрчлөх, төсөвт шууд нөлөөлөх хуулийн үндэслэл биш болно.

Нэхэмжлэгчээс “цалингийн зэрэглэл нэмэгдүүлэхээр удаа дараа захиргаанд хандаж байсан, дээд шатны байгууллагад уламжилсан гэдэг боловч ямар нэгэн байдлаар шийдэж өгөөгүй” гэх боловч П.Амар нь 2013 оны 1 дүгээр сарын 18-наас эхлэн албан тушаалын зэрэглэл буурч, цалин багассан болохыг мэдэж байсан атлаа хуульд заасан хугацаанд байгууллагын бүтэц, орон тоог батлах эрхтэй байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд маргаагүй байх тул захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй байна. 

Иймээс “...бүтэц, орон тоог жил бүр салбарын яам батладаг, байгаль орчны

хяналтын улсын байцаагч ажиллуулах шийдвэр байхгүй, 3 жил гаруй хугацаа өнгөрсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0126 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Амарын “Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 тоот тушаалын П.Амарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4453775 төгрөгийг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ 

ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ