Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/874

 

2022         06         10                                  2022/ШЦТ/874

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шинжээч эмч Г.Ханхүү,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.М,

Хохирогч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-д холбогдох эрүүгийн 2206 00000 1509 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Б овогт *******  

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны 100 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Г.М-ын нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт бүх зүйлээ хэлсэн байгаа. Би тэр өдөр согтуу байсан. Том охин луу залгасан байсан байсан учраас тэнд очсон. Би хийсэн үйлдэлдээ буруутай, толгойн зүүн тал руу нь цохьсон гэв.

Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр өглөө үүрийн 5 цагийн үед хаалга хүн тогших чимээнээр би сэрсэн, яваад очтол Б байсан. Өмнө нь 4-5 удаа ирэхдээ ямар нэгэн байдлаар уусан, согтуурсан байдалтай ирдэг байдаг. Тэр өдөр ч гэсэн бас согтуу ирсэн. Орж ирээд ярилцах зүйл байна гэсэн, ярилцаад сууж байтал улайн цайм намайг гэрийн нимгэн халад, тавчиктай байхад одоо чи манайхаас зайл гэж гэрээс хөөж эхлэхэд нь Б болон өөрт аягалаад тавьчихсан байсан усыг сэр согтуу минь гэж нүүр лүү нь цацсан байдаг. Тэрнээс үүдэж би алгадуулсан. Би зугтааж жижиг өрөө рүү гүйх замдаа цохисон мэдрэмжийг авсан. Гараа атгаж цохисон уу, маш хүчтэй цохилтуудыг мэдэрч байсан. Миний араас хаалга өшиглөөд, аяга бариад ороод ирсэн. Би тайвшруулаад бага, багаар хувцсаа өмсөөд гарч зугатаасан. Намайг үсдэж унагах үед би баруун мөрөө гэмтээсэн байх, гар хөдлөхгүй байсан гэв.

Шинжээч эмч Г.Ханхүү шүүхийн хэлэлцүүлэгт:  2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.М-ыг өөрийн биеэр үзэж 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 5339 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Г.М-ын биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэлбайна.
            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн дүгнэлт, Солонго нүдний эмнэлгийн эмчийн үзлэг тус бүрийг тусгаж, өөрийн биеэр үзлэг хийж дүгнэлтийг гаргасан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн

тэмдэглэл,

 /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

Хохирогч Г.М-ын шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 54 дүгээр байрны 10 тоот гэртээ би ганцаараа байсан. Тэгтэл манай нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд “чиний 500,000 төгрөгийн цалин чинь намайг л болгож байгаа, хүүхдүүддээ ч мөнгө өгч чадахгүй...” гэх мэт зүйл хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би *******-ыг сэргээх зорилгоор ууж байсан цэвэр усаа нүүр рүү нь цацчихсан. Тухайн үед миний ууж байсан цэвэр ус тасалгааны дулаантай ус байсан. Тэгтэл Б нь гараараа миний зүүн хацар руу 1 удаа алгадаж, гараа атгаж байгаад миний толгойн зүүн хэсэгт цохиод байсан. Тэгээд би зугтах гэтэл миний толгойн үснээс зулгааж зогсоосон ба гараараа миний толгойн зүүн хэсэгт 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5339 дугаартай “Г.М-ын биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, 

/хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн Г.М-д хийсэн бичлэг

/хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга

/хавтаст хэргийн 40-48 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны 100 тоот гэртээ согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Г.М-ын нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5339 дугаартай “Г.М-ын биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт

Шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт ******* Г.М нар нь хууль ёсны гэр бүл болохоо хэн аль нь тайлбарласан болохыг дурьдаж байна.

 

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч ******* нь хохирогч Г.М-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан, эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д... бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ гэж хуульчилжээ. 

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч ******* нь эхнэр хохирогч Г.М-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч ******* нь эхнэр Г.М-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******-ын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч: “Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах, хохирогчид хөнгөн гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй байна гэсэн саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчаас тавьсан эрүүгийн хариуцлагын саналтай санал нийцэхгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч 3 хүүхдээ өөр дээрээ авсан, эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэхэд тухайн хүний ар гэрийн амьдралд хохирол учруулахуйц нөхцөл байдал тогтоогдож байгаа. Яагаад гэвэл өрх толгойлсон эцгийн байр суурийг гүйцэтгэж байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дээр тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.  6.7-д энэ хэрэгтээ гэм буруугаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн зүгээс хохирол төлбөргүй гэсэн боловч хохирол төлөхөд татгалзах зүйл байхгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогчоос уучлалт гуйж байгаа энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд  шүүхээс торгуулийн ялыг оногдуулж өгөөч. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэхээс гадна зорчих эрхийг хязгаарлах, торгох ялын санкц байгаа. Энэ хуулийн зүйл заалтаар өмгөөлөгчийн зүгээс дээрх зүйлүүдийг харгалзан үзээд торгох ялыг оногдуулж өгөөч. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас харахад шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг бүрэн биелүүлэх боломжтойг харгалзан үзээч гэсэн саналыг гаргасан.  

Шүүгдэгч *******: Би байнгын ажил хийхгүй бол ар гэрийн маань амьдрал зогсох гээд байдаг. Би одоогийн байдлаар аав, ээж, 3 хүүхдээ ганцаараа ажил хийж авч явж байгаа. Аав маань ажил хөдөлмөр эрхлээгүй манай 3 хүүхдийг харж байгаа. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзээд надад торгуулийн ял оноож өгөөч. Хохирогчоос уучлалт гуйж байна гэсэн саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Г.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гэм хорын хохиролтой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ