Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/928

 

2022        06          17                                         2022/ШЦТ/928

 

                             

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02614 1026  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

О овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Х нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр монелийн  19-434 тоотод байрлах Н.Б-н гэрийн тооноор дотогш нэвтрэн орж компьютерийн 13 инчийн дэлгэц, делл брэндийн компьютерийн гар, делл брэндийн компьютерийн маус, мичта гэсэн бичиглэл бүхий плитка, 6 метрийн урттай залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Н.Б-д 197.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч У.С: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Н.Б-н“2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхнэр н.Оюунтүлхүүр төрөх гээд бие нь эвгүйрхээд охин Буянтогтох бид 3 гэрээ түгжээд гараад явсан. Тэгээд эхнэрээ эмнэлэгт хэвтүүлж, хоол өгчихөөд гэртээ 19 цаг 45 минутад ирэхэд хаалганы цүүц бага зэрэг хөшсөн юм шиг байсан. Үүдний тамбарны дээвэр доош суусан, булан хэсэгт зай гарсан, дээрээс нь гишгэсэн юм байдалтай байсан. Дотор нь ороход компьютерийн 13 инчийн дэлгэц, делл брэндийн компьютерийн гар, маус, 6 метрийн урттай 1 D залгуур, мичта гэсэн бичиглэл бүхий улаан шилэн плитка алга болсон байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч З.Мөнх-Эрдэнийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 02/415 дугаартай шинжээчийн “2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN 000310028424, MN000310030615 дугааруудад бүртгэгдсэн Б овогтой Хохирогч:-н зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-41 дүгээр тал/

- Дамно ХХК-ийн үнэлгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 46-47 дугаар тал/

- 2021 оны 07 дугаар 31-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-16 дугаар тал/

- *******-ийн ялын тооцоо /хх-ийн 118 дугаар хуудас/

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:...Би 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цайз орчимд ганцаараа архи уугаад согтчихсон байсан тул айлын гэрээс орж эд зүйл авсан талаараа санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр монелийн  19-434 тоотод байрлах Н.Б-н гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, компьютерийн 13 инчийн дэлгэц, делл брэндийн компьютерийн гар, делл брэндийн компьютерийн маус, мичта гэсэн бичиглэл бүхий плитка, 6 метрийн урттай залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хохирогч Н.Б-н мэдүүлэг, шүүгдэгч *******-н мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн эд зүйл үнэлгээний тайлан, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Н.Б-д 197.400 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

          Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. *******-д холбогдох гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 12 хоногийн хугацаагаар ял шийтгэгдсэн байгаа. Өмнөх эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгүүлэх саналтай байна гэв. 

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: *******-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Тухайн гэмт хэргийг бол ял шийтгүүлэхээсээ өмнө нь үйлдсэн гэмт хэрэг байгаа. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнээ сайн санахгүй байгаа учраас нэгтгэн шийдүүлж чадаагүй. Хэрвээ нэгтгэн шийдүүлээд үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж өмнө нь ял шийтгүүлж байхдаа нэг мөр шийдүүлсэн бол тухайн хүний эрх зүйн байдал нь арай дээрээр шийдүүлэх боломжтой байсан. Нэг төрлийн гэмт хэрэг дээр удаа дараа дахин ял шийтгүүлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тодорхой хэмжээгээр дордуулж байгаа учраас  шүүхээс харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгөөч. Мөн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хуульд заасан хорих ялаас доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

         

          Шүүгдэгч *******: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг харж үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хохирол нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, урьд нь ял шийтгүүлж байсан, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв. 

Мөн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 543 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 11 хоногийн ялыг нэмж нийт эдлэх ялыг тогтоож цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2022.04.21-ний өдрөөс эхлэн 82 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Бусад асуудал:

 

Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул  шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х-д 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт *******-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 543 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 11 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 11 хоногоор хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д  оногдуулсан 3 жил 8 сар 11 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ