Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар    2022/ШЦТ/862    

 

    2022        06          08                                 2022/ШЦТ/862    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч *******

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт *******-д холбогдох эрүүгийн 2006033921460 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А овгийн *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын тоотод байрлах иргэн А.Д гэрийн тооноор орж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хоймор хэсэгт байсан цагаан өнгийн жижиг тольтой хувцас хийдэг тавиурын шургуулган дотор байсан 300.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, иргэн А.Д-д 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Улсын яллагч Б.Өлзийжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ... шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруу дээр маргахгүй байгаа учраас гэм буруугийн дүгнэлт дээр хэлэх зүйл алга гэв.

Шүүгдэгч *******: Гэм буруу дээр маргаан байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Д-ийн “... Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 30 минутын үед гэрээсээ гараад хөдөө яваад орой 22 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн тооноор хүн гарч байсан. Тэгээд би тухайн хүнийг бариад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэрт ороход хувцасны шүүгээ онгорхой, хувцасны шүүгээн дотор ажлын хувцсанд байсан 300.000 төгрөг алга болсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

Хохирогч А.Д-ийн “Тухайн үед би өөрийн эхнэр Басанжаргал хүү Ууганбаяр, охин Уянга нарын хамт хашаандаа ороод ирэхэд Баасанжаргал нь хүн байна гэхэд би хэн байдаг юм гэсэн тэгээд би хаалгаа нээх гэхэд манай эхнэр нээгээд хэрэггүй гэхэд тухайн залуу нь тооноор гараад ирсэн. Би тэр залууг гэрийн тооноор гараад ирэхээр ганцаараа тухайн залууг барьж аваад гарыг нь өчөөд хашаанд байх шонгоос хүлээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хэрэг үед буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар би Мон масло ХХК-д ажилладаг байсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цалин 500.000 төгрөг орчим буугаад бэлнээр аваад 200.000 төгрөг орчмоор ээждээ гурил будаа авч өгөөд үлдэгдэл 300.000 төгрөг орчмыг гэр дотор байх гоо сайхны тольтой шүүгээний голын хэсэгт эвхээд хийсэн байсан Янта гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хүрэмийн халаасанд хийсэн байсан. Манай гэрээс гарч ирсэн гэх залуугийн биед ямар нэгэн байдлаар халдаагүй халаасанд байсан эд зүйлсийг огт шалгаж үзээгүй. Би тэр залууг хүлэх гэж байхдаа ноцолдсон өөр асуудал үүсээгүй. Тэр ах харин надад ахыгаа хоёр цохьчих тэгээд ах нь явъя гэхээр нь би таныг цохиод яах вэ дээ гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандаж байсан. Манай байгууллагаас сарын цалинг  хоёр хувааж өгдөг бөгөөд сар болгоны 05, 20-ны өдрүүдэд цалин ордог. Манай эхнэр бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тухайн хашаанд гэр барьж гарсан учир хүмүүс баяр хүргэж мөнгө өгсөн байсан учир цалингийн үлдэгдэл мөнгийг халаасандаа хийсэн байсан. Ч гээд байгаа залуутай ноцолдож байхад манай эхнэр Баасанжаргал бид хоёр байсан бөгөөд Ч гээд байгаа хүнийг шонгийн модноос хүлэх гээд байж байхад манай ажлын газрын эгч болох Жавзанхорол нөхөртэйгөө хамт хүрч ирсэн. Жавзанхорол эгчийн нөхөр нь гэх хүн ирээд Ч гээд байгаа хүн дээр очоод чи айлын гэрт яахаараа дураараа ордог юм гээд нэг удаа алгадаж байгаа харагдсан. Тэрнээс өөрөөр тэр хүний биед хэн нэгэн халдаагүй. Жавзанхорол эгч нь 89018915 гэсэн дугаартай нөхөр нь хаана юу хийдэг талаар нь хэлж мэдэхгүй байна” гэх дахин мэдүүлэг /хх-ийн тал/        

Гэрч О.Ж-ийн “2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа тараад нөхөр Сүхбаатарын хамт гэрлүүгээ буюу Баянзүрх дүүрэг 14 хороо консул тоот руу явж байхад Д нь эгчээ манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн тэгэхээр нь манайх зүгээр юм уу одоо очлоо гээд яваад очиход Д нь гэртээ орох гэхэд дотор нь хүн байсан тул эхнэр Баасанжаргал нь эргээд хаалгаа түгжээд байж байхад тооноор нь гараад зугтаахад Д нь барьж авсан гэсэн. Тэгээд тухайн хн айлын гэрт орсон байсан гэхээр нь уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Өмнө нь манай гэрт хулгайч ороод эд зүйлс алдагдаж байсан учир тэр хүнийг заавал цагдаад хүлээлгэж өгсөн нь дээр байх гээд дуудлага мэдээлэл өгч байсан. Тухайн үед Д-ийн эхнэр Баасанжаргал  нь хоёр хүүхдийнхээ хамт хөдөө орон нутагт байж байгаад ирсэн ба Д нь өөрөө бол хөдөө яваагүй ажлаа тараад гэртээ ирсэн юм байна лээ. Баасанжаргал нь Д-оос өмнө гэртээ ирсэн учир хаалгаа онгойлгоход дотор нь хүн байсан учир хаалгаа түгжээд Дагвадоржийг дуудсан юм шиг байсан.”

Гэрч Л.С-ын “Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эхнэр Жавзанхорлоогийн хамт явж байхад манай эхнэр Жавзанхорлоо руу хүн залгаад манай гэр лүү хулгай орсон байна танай юм бүрэн байна уу хараарай гэж хэлсэн байсан тэгэхээр нь эргээд гэртээ буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консул тоотод очиход Д гэх залуу нэг залууг хашаан дотор байх шонгийн модноос хоёр гарыг нь урд гаргаад хүлсэн байсан. Тэгэхээр нь би тэр залууг айлын гэрт хулгайгаар орсон гэхээр  нь уур хүрээд тэр залуугийн хацар хэсэгт нэг удаа алгадсан тэгээд байж байхад цагдаа нар ирээд тухайн хүнийг хүлээж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн    тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 дахь тал/,

Хаан банкны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А.Д гэх дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 133 дахь тал/,

Гэрч А.С-ийн “Ч нь тухайн үед согтуу байсан учир эрүүлжүүлэн саатуулах байранд хийхээр болсон, гэхдээ шууд авч яваагүй эхний ээлжинд хэргийн газрын үзлэг хийхээр болоод тухайн тооноор орсон гэр лүү орж үзлэгийг явуулахад гэрийн буйдан дээрх зүйлсийг эмх цэгцгүй тавьсан байсан санаж байна, гэрийн дээд тоононы гялгар уут урагдсан байдалтай байсан, хэргийн газрын үзлэгийг хийж дуусаад тухайн газарт байхдаа хохирогч гэж хүнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг аваад Чимэдбадам гэх хүнийг аваад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн. Хэлтэс дээр ирээд Ч-ыг эрүүлжүүлэх саатуулах байранд хийх гэсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулаагүй, би өөрийн өрөөнд дагуулж орж ирсэн, өрөөнд орж ирээд Ч нь маргааш хүрээд ирье байцаагчаа гэхээр нь дараагийн дуудлага мэдээлэлтэй байсан тул яв гээд явуулсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас тэнцээгүй учир хувцас болон биед нь үзлэг хийгээгүй, дуудлага мэдээлэл ирсэн байсан тул тэрэнд явах гээд яараад Ч-ыг явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 200-201 дэх тал/,

Гэрч Ш.Б-ын “Би тухайн өдрийн бүртгэл судалгааг шалгаж үзсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн эрүүлжүүлэн саатуулах байранд ******* гэх хүн саатуулагдаагүй байсан, хэрэв саатуулагдсан бол *******-ыг саатуулсан, баримт бичиг үлдэх ёстой байсан боловч тийм баримт бичиг байхгүй байсан, эрүүлжүүлэн саатуулах байранд хоносон хүмүүсийн мэдээлэл цагдаагийн байгууллагын мэдээллийн санд тогтмол бүртгэгдсэн байх ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 205 дахь тал/

 

Хаан банкны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А.Д гэх дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын тоотод байрлах иргэн А.Д-ийн гэрийн тооноор орж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хоймор хэсэгт байсан цагаан өнгийн жижиг тольтой хувцас хийдэг тавиурын шургуулган дотор байсан 300.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, иргэн А.Д-д 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Д-ийн “... Би 2020 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 30 минутын үед гэрээсээ гараад хөдөө яваад орой 22 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн тооноор хүн гарч байсан. Тэгээд би тухайн хүнийг бариад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэрт ороход хувцасны шүүгээ онгорхой, хувцасны шүүгээн дотор ажлын хувцсанд байсан 300.000 төгрөг алга болсон байсан....” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Д-ийн “Манай гэрээс гарч ирсэн гэх залуугийн биед ямар нэгэн байдлаар халдаагүй халаасанд байсан эд зүйлсийг огт шалгаж үзээгүй. Би тэр залууг хүлэх гэж байхдаа ноцолдсон өөр асуудал үүсээгүй. Тэр ах харин надад ахыгаа хоёр цохьчих тэгээд ах нь явъя гэхээр нь би таныг цохиод яах вэ дээ гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандаж байсан. Манай байгууллагаас сарын цалинг  хоёр хувааж өгдөг бөгөөд сар болгоны 05, 20-ны өдрүүдэд цалин ордог. Манай эхнэр бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тухайн хашаанд гэр барьж гарсан учир хүмүүс баяр хүргэж мөнгө өгсөн байсан учир цалингийн үлдэгдэл мөнгийг халаасандаа хийсэн байсан. Ч гээд байгаа залуутай ноцолдож байхад манай эхнэр Б бид хоёр байсан бөгөөд Ч гээд байгаа хүнийг шонгийн модноос хүлэх гээд байж байхад манай ажлын газрын эгч болох Жавзанхорол нөхөртэйгөө хамт хүрч ирсэн. Жавзанхорол эгчийн нөхөр нь гэх хүн ирээд Ч гээд байгаа хүн дээр очоод чи айлын гэрт яахаараа дураараа ордог юм гээд нэг удаа алгадаж байгаа харагдсан.” гэх дахин мэдүүлэг,

Гэрч О.Ж-ийн “2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа тараад нөхөр Сүхбаатарын хамт гэрлүүгээ буюу Баянзүрх дүүрэг 14 хороо консул тоот руу явж байхад Д нь эгчээ манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн тэгэхээр нь манайх зүгээр юм уу одоо очлоо гээд яваад очиход Д нь гэртээ орох гэхэд дотор нь хүн байсан тул эхнэр Б нь эргээд хаалгаа түгжээд байж байхад тооноор нь гараад зугтаахад Д нь барьж авсан гэсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Л.С-ын “тэгэхээр нь эргээд гэртээ буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консул тоотод очиход Д гэх залуу нэг залууг хашаан дотор байх шонгийн модноос хоёр гарыг нь урд гаргаад хүлсэн байсан. Тэгэхээр нь би тэр залууг айлын гэрт хулгайгаар орсон гэхээр  нь уур хүрээд тэр залуугийн хацар хэсэгт нэг удаа алгадсан тэгээд байж байхад цагдаа нар ирээд тухайн хүнийг хүлээж аваад явсан” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хаан банкны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А.Д гэх дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

Гэрч А.С-ийн “Ч нь тухайн үед согтуу байсан учир эрүүлжүүлэн саатуулах байранд хийхээр болсон, гэхдээ шууд авч яваагүй эхний ээлжинд хэргийн газрын үзлэг хийхээр болоод тухайн тооноор орсон гэр лүү орж үзлэгийг явуулахад гэрийн буйдан дээрх зүйлсийг эмх цэгцгүй тавьсан байсан санаж байна, гэрийн дээд тоононы гялгар уут урагдсан байдалтай байсан, хэргийн газрын үзлэгийг хийж дуусаад тухайн газарт байхдаа хохирогч гэж хүнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг аваад Ч гэх хүнийг аваад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн. Хэлтэс дээр ирээд Ч-ыг эрүүлжүүлэх саатуулах байранд хийх гэсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулаагүй, би өөрийн өрөөнд дагуулж орж ирсэн, өрөөнд орж ирээд Ч нь маргааш хүрээд ирье байцаагчаа гэхээр нь дараагийн дуудлага мэдээлэлтэй байсан тул яв гээд явуулсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас тэнцээгүй учир хувцас болон биед нь үзлэг хийгээгүй, дуудлага мэдээлэл ирсэн байсан тул тэрэнд явах гээд яараад Ч-ыг явуулсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд  заасан  журмын  дагуу  бэхжүүлж цуглуулсан   нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч   *******-ын  гэм буруугийн  үйлдлийг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иймд  *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй  байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргаж байна. Яллагдагч ******* нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй, хохирол болох 300,000 төгрөгийг төлсөн баримтыг сая бичгийн нотлох баримтаар шинжлэн судалсан. Хохирогч бол мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Ч-д ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол мөнгөө авсан гэдгээ удаа дараа илэрхийлдэг.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1, 3 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага бол тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн  шинж, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэм хэмжээ нь ямар вэ? гэдэгт бас тохирсон байх ёстой гэсэн шударга ёсны зарчим байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-ийн 1, 2-д заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд орж байгаа гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх ямар нэгэн нөхцөл байдал бол хавтаст хэрэгт авагдсан баримтаар байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-ийн 1.3-т зааснаар нэгэнт миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээд ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн 6.7-ийн 1.3-ийг бас шүүх хэрэглэж өгөөч гэж өмгөөлөгчийн зүгээс хүсч байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд бол ам бүл олуулаа, зургуулаа амьдардаг, хамгийн том хүү нь цэрэгт явсан, бусад хүүхдүүд нь 10 жилийн сургуульд сурдаг, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Ч-ын хувьд бол хаана хар бор ажил олдоно, тэр болгоныг хийгээд ерөнхийдөө энэ ам бүл Ч-ын орлогоор амьдардаг. Мөн 3 хоногийн өмнө цэрэгт явсан хүүгийнх нь эхнэр буюу бэр нь төрөөд энэ 2 маань өвөө, эмээ болоод явж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд өмнө нь хэдийгээр удаа дараа ял шийтгүүлсэн байдаг боловч одоо  бол ам бүлийн хувьд ач нь нэмэгдээд 7 ам бүл болж байх шиг байна. Энэ үүрэг хариуцлагаа хүлээгээд одоо бол ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүйгээр явж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-ийн 1.3-ийг хэрэглэж өгөөч гэж хүсэлтээс гадна 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг мөн хэрэглээд миний үйлчлүүлэгчид оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс тавьж байна. Энэ нь 7.2-дугаар зүйлд зааснаар хамрагдаж болохоор байна гэж хуулиас харагдаж байна. Мөн олон ам бүлийг барилгын ажил, ноос, ноолуур самнах, нүх сүх ухах зэрэг ар гэрийн амьжиргаагаа залгуулдаг учраас хэрвээ шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хамрагдаж байна гэж үзээд хорих ялыг зорчих эрхийг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор бол Улаанбаатар хотын 6 дүүрэгт хязгаарлалтыг нь тавьж өгөөч. Энэ хүний амьдрал ахуй, ар гэрийн байдал, хувийн байдлыг нь харгалзан үзээч гэсэн саналыг гаргасан.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл Үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т: ...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж,

 

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т 2015 оны 12 сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/.........гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино  гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, зэргийг харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэрэг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 3.1.2-т зааснаар хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудал:

 

Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул  шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эруугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйл,  Өршөөл  Үзүүлэх  тухай хуулийн  12 дугаар зүйлийн  12.4 дэх  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Б-ын Ч-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А овогт Б-ын Ч-ыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ