Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
Хэргийн индекс | 105/2022/1187/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1209 |
Огноо | 2022-08-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1209
2022 08 15 2022/ШЦТ/1209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Ц.Г, /хохирогч/
шүүгдэгч Ч.Т /хохирогч/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Г, Б овогт Ч.Т нарт холбогдох эрүүгийн 2206 00000 2151 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Б овогт Ц.Г
Монгол Улсын иргэн,
Б овогт Ч.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “VIPE” лоунжид хохирогч Ч.Т-тай хоол хэрхэн сайн хийх талаар маргалдаж улмаар зодолдох явцдаа хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун өвдөгт зулгаралт, дээд, доод уруул, дагз, зовхи, хамар хацар, хүзүү, цээж, нуруу, бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “VIPE” лоунжид хохирогч Ц.Г-тай хоол хэрхэн сайн хийх талаар маргалдаж улмаар түүний чихийг хазаж баруун чихний тасрал, хүзүү, сарвуунд зулгаралт, цээж баруун шуу, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ч.Т-ын “...Би Bluefin ресторанд ерөнхий тогоочоор 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хиллд хүлээн авалттай байж байгаад 22 цагийн орчимд ажил тарсан. Тэгээд ажил тараад надтай ажиллаж байсан Өнөрбаяр, Батзориг, Ганбаатар бид дөрөв хамтдаа нэг шил архи уухаар болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах трейдийн гадна уусан. Тэгээд гадаа архи уугаад байж байхад Өнөрбаяр, Батзориг хоёр өглөө ажилтай гээд явсан ба Ганбаатар бид хоёр тэндээ архи ууж үлдээд дотогшоо Vibe лоунжид орж сууж байхдаа бид хоёр хоорондоо маргалдаж үл ойлголцсон яг ямар шалтгаанаар маргалдсан болохоо сайн санахгүй байна. Бид хоёр маргалдаж байхад Г нь намайг цохиод зодоод байсан ба дээрээс босохгүй байхад нь миний амьсгаа давчдаад хэцүү байсан учир босохын тулд Ганбаатарын чихнээс хазсан. Тэгээд бид хоёр салаад би ариун цэврийн өрөө рүү ороод нүүрээ угаагаад байж байхад цагдаа нар ирсэн ба цагдаа нарыг ирэхэд Г-ын чихнээс цус гарсан байдалтай байсан. Миний уруул сэтэрч хавдсан, толгойн ард дагз хэсгээр хавдсан өвдөлт ихтэй, зүүн талын хацар хавдсан хүндвэртэй, хамраараа амьсгалж чадахгүй байна хамарт нөжтэй байгаад байгаа, хүзүү хөндвөртэй улайж зулгарсан байна. Уг гэмтлүүдийг Г надад учруулсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/,
- Хохирогч Ц.Г-ын “...Тэгээд Түмэнбаяр бид хоёр сүүлд авсан нэг шил архины талыг гадаа ууж байгаад үлдсэн талыг ресторан дотор орж уухаар болоод дотогшоо орж уугаад сууж байхдаа ажлынхаа талаар буюу хоол хэрхэн яаж хийх талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдсан ба Т нь намайг чадваргүй худлаа гар гэх мэтээр намайг басамжпаад үгээр идээд байхаар нь бид хоёр босож маргалдаад би уурандаа Т-ыг нэг удаа цохиод авахад Т нь намайг барьж аваад бид хоёр хоорондоо зодолдсон. Түмэнбаяр бид хоёр зодолдож байх үед би Т-ын дээр гараад ерөнхийдөө зодоод байсан ба тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан боловч Т нь над руу дахиж дайраад бид хоёр дахин ноцолдож байгаад газарт унахад Т нь намайг хүзүүгээр тэврээд татаж байгаад миний баруун чихнээс хазсан. Т нь намайг хазахад би дээшээ болох гэж бага зэрэг зулгаасан байх гэж бодож байна ямар ч байсан тэнд байсан хүмүүс бид хоёрыг дахиж салгаад бид хоёр хамтдаа ариун цэврийн өрөө ороод нүүр гараа угаагаад толинд харахад миний чих зүгээр сэтэрсэн юм шиг харагдсан ба ариун цэврийн өрөөнд байж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би цагдаагийн хэлтэс дээр байж байгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд энэ байгаа чигээр нь оёод өгч болно гэсэн эсвэл хувийн эмнэлгээр яваад нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болно гэсэн тул нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр болсон” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13 хуудас/,
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 06 дугаар сарын 03- ны өдөр гаргасан 7811 дугаартай “...Ц.Г-ын биед баруун чихний тасрал, хүзүү, сарвуунд зулгаралт, цээж баруун шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой, баруун чихний тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5% тогтонги алдагдуулна, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдсан тул хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 29-30 хуудас/,
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 06 дугаар сарын 03- ны өдөр гаргасан 7817 дугаартай “...Ч.Т-ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун өвдөгт зулгаралт, дээд, доод уруул, дагз, зовхи, хамар хацар, хүзүү, цээж, нуруу, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 22-23 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “VIPE” лоунжид хохирогч Ч.Т-тай хоол хэрхэн сайн хийх талаар маргалдаж улмаар зодолдох явцдаа хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун өвдөгт зулгаралт, дээд, доод уруул, дагз, зовхи, хамар хацар, хүзүү, цээж, нуруу, бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “VIPE” лоунжид хохирогч Ц.Г-тай хоол хэрхэн сайн хийх талаар маргалдаж улмаар түүний чихийг хазаж баруун чихний тасрал, хүзүү, сарвуунд зулгаралт, цээж баруун шуу, сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 06 дугаар сарын 03- ны өдөр гаргасан 7811 дугаартай “...Ц.Г-ын биед баруун чихний тасрал, хүзүү, сарвуунд зулгаралт, цээж баруун шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой, баруун чихний тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5% тогтонги алдагдуулна, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдсан тул хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 06 дугаар сарын 03- ны өдөр гаргасан 7817 дугаартай “...Ч.Т-ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун өвдөгт зулгаралт, дээд, доод уруул, дагз, зовхи, хамар хацар, хүзүү, цээж, нуруу, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч, хохирогч Ц.Г, Ч.Т нар нь бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ч.Т-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал, шүүгдэгч Ч.Т нь хохирогч Ц.Г-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал зэрэг нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Ч.Т-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал, шүүгдэгч Ч.Т нь хохирогч Ц.Г-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдлүүд, тэдэнд харилцан учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Г, Ч.Т нарын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Ц.Г, Ч.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Ц.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Т-т 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Г, Ч.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Г, Ч.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г, Ч.Т нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ц.Г нь шүүгдэгч Ч.Т-с 1,276,350 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, хохирогч Ч.Т нь шүүгдэгч Ц.Г-аас гэм хорын хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч Ц.Г нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г, Ч.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Г, Ч.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Г, Б овогт Ч.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Т-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г, Ч.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч нар нь цаашид энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г, Ч.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ