Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1399

 

   2022       09         30                                   2022/ШЦТ/1399

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Дид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03433 0055 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч С.Д нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны автомашины зогсоолд байрлуулсан Ч.Энх-Амгалангийн эзэмшлийн Вонго 13 загварын автомашины дээд ангийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 350,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

  Эрүүгийн 2106 03433 0055 дугаартай хэргээс:

 

  Шүүгдэгч С.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “урьд өдөр нь би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өглөө нь шартаад бие муу байхаар нь Цайз захын ойролцоо байх Бөхөн гээд нэртэй дэлгүүрээс 100 граммын Ерөөл архи авч уугаад цааш яван Цайз зах руу орсон. Цайз зах хавиар онцын ажил хийлгүй явж байгаад өдөр 13 цагийн орчим Цайз захаас ертөнцийн зүгээр баруун тийш, төв зам дагуу замынхаа хойд талаар алхаад явж байтал Гэгээ хотхоны зогсоолд Bongo маркийн автомашин байсан бөгөөд тухайн машины тэвшин дээр нь эд анги бололтой нэг зүйл байхаар нь би аваад хашаанаас нь гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/

 

  Хохирогч Ч.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Bongo J3 маркийн тээврийн хэрэгслийн моторын крешиг буюу дээд эд ангийг хулгайд алдсан. Тухайн өдөр 15-16 цагийн үед Гэгээ хотхон буюу өөрийнхөө гэрийн хашаан дотор машинаа тавиад 17 цагийн үед гарч ирэхэд миний машины тэвшин дээр байсан дээрх эд анги байхгүй болсон байсан. Би гэртээ ороод хяналтын камер шүүж үзэхэд миний зүс мэдэх Дагва гэх хүн аваад явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч Ё.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай хотхоны хашаанд байсан машины дээрээс эд зүйл алга болсон юм. Энэ өдөр манай хотхоны камер шүүхэд 165-175 орчим өндөр нуруутай цайвар ногоон куртик өмссөн эрэгтэй хүн эд зүйл аваад машин гардаг хаалган доогуур гараад явж байгаа бичлэг байсан. Сүүлд нь 2-3 хоногийн дараа нөгөө хүн цайз зах дээр явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан, /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-46 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.Дийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 47-60 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Дид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны автомашины зогсоолд байрлуулсан Ч.Энх-Амгалангийн эзэмшлийн Вонго 13 загварын автомашины дээд ангийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  шүүгдэгч С.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Гэгээ хотхоны зогсоолд Bongo маркийн автомашин байсан бөгөөд тухайн машины тэвшин дээр нь эд анги бололтой нэг зүйл байхаар нь би аваад хашаанаас нь гарсан” гэх /хх-ийн 78/

  хохирогч Ч.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний машины тэвшин дээр байсан дээрх эд анги байхгүй болсон байсан. Би гэртээ ороод хяналтын камер шүүж үзэхэд миний зүс мэдэх Дагва гэх хүн аваад явж байсан.” гэх /хх-ийн 20-21/

гэрч Ё.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай хотхоны камер шүүхэд 165-175 орчим өндөр нуруутай цайвар ногоон куртик өмссөн эрэгтэй хүн эд зүйл аваад машин гардаг хаалган доогуур гараад явж байгаа бичлэг байсан. Сүүлд нь 2-3 хоногийн дараа нөгөө хүн цайз зах дээр явж байсан” гэх мэдүүлгүүд /хх-ийн 96/

Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 32-33/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог тул шүүгдэгч С.Дийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

 

Шүүгдэгч С.Д нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Ч.Энх-Амгалангийн эзэмшлийн вонго машины моторын крешигийг авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч С.Дийн хулгайлан авсан Вонго машины моторын крешигийг хохирогч мэдүүлэгтээ 380,000 төгрөгөөр үнэлж байгаа боловч Дамно ХХК-ий эд зүйлийн үнэлгээгээр тус эд ангийг 350,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Иймд хохирогч Ч.Энх-Амгаланд үнэлгээгээр тогтоогдсон 350,000 төгрөгийг шүүгдэгч С.Доос гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дид 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч С.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 3 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас 24 цагийг хасч тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

Хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Дийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дийн цагдан хоригдсон 3 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас 24 /хорин дөрвөн/ цагийг хасч тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс  өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доос 350,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Энх-Амгаланд олгосугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА