Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1722

 

 

 

 

 

   2018 оны 09 сарын 11 өдөр

      Дугаар 182/ШШ2018/01722

               Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Ч.Ч

Хариуцагч: НЗД

 

            урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ч.Ч миний бие боловсролын салбарт нийт 36 жил ажиллаж байгаа бөгөөд 73 дугаар сургуулийн захирлаар 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан ба боловсролын салбарт ажиллах хугацаандаа төр засгаас миний ажил хөдөлмөрийг үнэлж нийт 5 салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан. Ингээд ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байтал гэнэт 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр НЗДаас Б/52 тоот захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

-тус сургуулийн төгсөгчдөөс нийт 25.220.053 төгрөгийн хандивийг хувийн дансаар авч үйл ажиллагаа зохион байгуулсан,

-үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийн орлогыг сургуулийн данс бүртгэлд тусгадаггүй,

-төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан,

-байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэж үзсэн.

Миний захирлаар нь ажиллаж байсан Баянгол дүүргийн 73-р сургууль 1953 онд байгуулагдсан, 470 хүүхдийн суудалтай, 3 ээлжээр хичээллэдэг сургууль байсан. 2012 онд манай сургуулийн барилга Улсын мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурах аюултай гэсэн акт тавигдсаны үндсэн дээр би сургуулийн захирлын хувьд шинэ байртай болохын тулд Нийслэлийн боловсролын газар, Боловсрол соёл, шинлэх ухаан, спортын яаманд санал хүргүүлсний эцэст эхний ээлжинд 640 хүүхдийн суудалтай сургууль баригдахаар шийдвэрлэгдсэнийг сургуулийнхаа хүчин чадал, нөхцөл байдлын талаар зохих албан тушаалтнуудад дахин санал хүргүүлсний дүнд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг концессийн гэрээгээр бариулж 2017 оны 09 дүгээр сарын 15-нд хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинэ сургуулиа хүлээж авахад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай наад захын боловсролын байгууллагад хэрэглэгдэх ямар ч хэрэглэгдэхүүн байгаагүй, хөндий хоосон байшин хүлээж авсан бөгөөд Боловсрол соёл, шинлэх ухаан, спортын яамнаас 17 ангийн ширээ, сандал, самбар, шкаф олгож, бусад анги танхим, мэргэжлийн кабинетууд, коридор, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж багш, сурагч хүүхдүүдэд эрүүл аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх нүсэр их ажил бидэнд үлдсэн. Шинэ сургууль ашиглалтанд орж байгаа тул багш, ажилчид, сурагчид, төгсөгчид, үе үеийн ахмад багш ажилчид, эцэг, эх гээд бүгд маш сэтгэл хангалуун, баяр хөөртэйгээр сургууль дээрээ цугларч, сургуультайгаа танилцан улсын жишиг сургуулийн хэмжээнд хүргэцгээе гэсэн саналыг өөрсдийнхөө сайн дурын үндсэн дээр гаргаж хандив тусламж өгөх тухай санал маш ихээр ирсэн тул би сургуулийн шинэ барилгыг хүлээн авах, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгийнхэн маань бүгд үйл ажиллагаа маш сайн зохион байгуулж хандиваар цугларсан 25.220.053 төгрөгийг цэвэр сургуулийнхаа үйл ажиллагаанд зарцуулж тайлан мэдээгээ багш ажилчид, эцэг, эх, төгсөгчид болон ахмад багш ажилчиддаа нэг бүрчлэн тайлагнаж бид урам зоригтойгоор ажил үйлсээ үргэлжлүүлж байсан. Бидний ингэж хөл хөөрцөг болон баярлах нь аргагүй зүйл байсан юм.  Учир нь бид бүхэн сургуулийн байргүйн улмаас 4 жил хагас тарж бутарч энэ тэнд байцгаагаад буцаж нийлж нэгдсэн нь тэр байсан юм. Хандивын мөнгөнөөс өөртөө хувьдаа авч ашигласан, захиран зарцуулсан нэг ч төгрөг байхгүй, түүний зарцуулалтанд хяналт тавьж харин ч өөр хэн нэгэн идэж уух вий гэдгээс урьдчилан сэргийлж ажиллаж байсан болно. Хэрвээ сургуулийн төсөвт ангийн, танхим кабинет, хичээлийн хэрэглэгдэхүүний төсөв мөнгө сурагчдын хэрэгцээ шаардлагад хүрэхүйц хэмжээнд тусгагддагсан бол бид бүхэн ийм арга хэмжээ зохион байгуулах ямар ч шаардлага байгаагүй юм.

Үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийн орлогыг сургуулийн данс бүртгэлд тусгадаггүй гэсэн үндэслэлийн тухайд, сургуулийнхаа бүх өмч хөрөнгийг зохих дүрэм журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар бүртгүүлэх хүсэлтийг нэг бүрчлэн хүргүүлж, бүртгүүлж байсан ба энэ тухай албан бичгүүд байгаа.

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулсан гэх тайлбарыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага бие даасан байгууллага учраас зарим тохиолдолд төсөвт нэг бүрчлэн тусгагддаггүй зарим зардлыг өөрийн орлогоос олсон мөнгөнөөс зарцуулах хэрэгцээ шаардлага тулгардаг. Тухайлбал шинэ жилийн үеэр сайн ажилласан багш ажилчидаа шагнаж урамшуулах, баярын арга хэмжээ зохион байгуулах, дүүрэг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагддаг багш, сурагчдын уралдаан тэмцээний зардал, шилдэг сурагчдаа шагнаж урамшуулах, ахмад настанг жилд 2 удаа хүлээн авах зэрэг тохиолдлуудад төсөвт тусгайлан тусгагдсан зүйл байдаггүй тул өөрийн орлогоос үйл ажиллагааны зардал гаргадаг бөгөөд мөн нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байгуулсан Хамтын гэрээнийхээ биелэлтийг хангах ажлын хүрээнд зарим зардлууд гардаг юм. Үүнд зарцуулсан санхүүжилтийг мөн зориулалт бусаар ашигласан гэж үзэх нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тушаалын үндэслэл болсон заалтуудын хамгийн сүүлд байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэл байна. Миний хувьд байгууллагынхаа эд зүйл болгоныг өөрийнхөө гэр оронтой адилтган үзэж үндсэн хөрөнгө болон бусад эргэлтийн зүйлсийг арвижуулж нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласнаас биш үрэгдүүлж өөртөө ашиглах гэсэн сэтгэл зүйгээр огт хандаж ажиллаж байгаагүй билээ. Иймд хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нэг сарын 988.907 төгрөг, нэг өдрийн 44.950 төгрөгөөр бодож нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: НЗДын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирал Ч.Ч нь ажил олгогчийн итгэлийг алдаж, байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Иймд нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирал Ч.Чд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/52 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 73 дугаар сургуулийн захирал Ч.Ч нь хандив цуглуулж авахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”, 17.3 “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” заалтуудыг зөрчсөн.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хэсгийн 1.3-т “Сургуулийн захирал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ”, 5 дугаар хэсгийн 5.1-д “Ажилтан тухайн сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, энэхүү гэрээ болон дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй", 6 дугаар хэсгийн 6.2.6-д “... ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон”, 7 дугаар хэсгийн 7.1 “Апбан үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтын 3-т “Үйл ажиллагаандаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, зарлиг, захирамж, тогтоол, тушаал шийдвэр, албан даалгавар, албан шаардлага, заавар журам, зөвлөмж, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах”, “Г” хэсгийн 2-д “Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, НЗДа болон Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, ажлын байранд тавигдсан шалгуур шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.” гэж тодорхойлсон. Захирал Ч.Ч хувийн дансаар 25 сая төгрөгийн хандив авах ажиллагааг зохион байгуулсан, спорт заал, мухлаг, бүжгийн заалыг түрээслэж орлого олсон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу зочдод, ахмадуудад гэх мэтээр зарцуулсан, нийслэлийн өмчийг түрээслэх журмыг мөрдөөгүй, бусдаас хандив хүсэж болохгүй тухай зөвлөмжүүдийг мөрдөж ажиллаагүй.

Иймд Ч.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, сахилгын шийтгэл ногдуулах тухай НЗДын захирамж, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ч.Чын товч анкет, ажил байдлын тодорхойлолт, түүний бүтээлийн жагсаалт, Ч.Чын авч байсан шагнал, одон, медалуудын фото зураг,Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн танилцуулга фото зураг, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас, үр дүнгийн гэрээний урамшуулал олгох тухай Баянгол дүүргийн засаг даргын захирамж, Ч.Чын цалингийн тодорхойлолт, нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлт дүгнэх хуудас, Нийслэлийн өмчийн харилцааны газарт илгээсэн эд хогшлыг эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэх тухай өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэл, хүсэлт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын тушаал, бүртгэлд авах эд хөрөнгийн жагсаалт, данс бүртгэлд хөрөнгө бүртгэх тухай Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирлын тушаал, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, 73 дугаар сургуулийн орлогын баримт, Ажлын хэсэг байгуулах тухай Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирлын тушаал, 73 дугаар сургуулийн төгсөгчдийн хандивын мөнгөөр авсан эд зүйлсийн фото зураг, 73 дугаар сургуулийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай НЗДын А/826 тоот захирамж, ажлын хэсгийн дүгнэлт, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын илтгэх хуудас, Дотоод аудитын албаны албан бичиг, Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын байцаагчийн акт, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, 73 дугаар сургуулийн үндсэн хөрөнгийн тайлан, 73 дугаар сургуулийн санхүүгийн хяналтын тайлан, 73 дугаар сургуулийн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, кассын зарлагын ордерууд, зарлагын баримтууд, түрээсийн гэрээ болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ч 2009 оноос Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан ба НЗДын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/52 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг үндэслэж буюу захирал Ч.Ч албан үүргээ гүйцэтгэхдээ тус сургуулийн төгсөгчдөөс нийт 25.220.053 төгрөгийн хандивыг хувийн дансаар авч үйл ажиллагаа зохион байгуулсан, үйл ажиллагааны явцад бий болсон хөрөнгийн орлогыг сургуулийн данс бүртгэлд тусгадаггүй, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн зэрэг зөрчлүүд нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч дээрх захирамжинд заасан зөрчлүүдийг гаргаагүй, ажил олгогч түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж марган сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.Чын гаргасан зөрчил  Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан НЗДын захирамж хуулийн дагуу гарсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Ажил олгогч ажилтантай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний 6.2.6 буюу байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон ноцтой зөрчил гаргасан, энэ нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гэж үзсэн байна.

            НЗДын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 тоот захирамжаар хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан байна. 73 дугаар сургуулийн барилга шаардлага хангахгүй байсны улмаас 4 жил өөр газарт хуваагдан хичээллэж байсан байх ба 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шинэ барилга хүлээн авч үйл ажиллагаагаа явуулах болжээ.

            Сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/18 дугаар тушаалаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгыг хүлээн авах, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.

            Багш Ш.Саранчимэг ажлын хэсэгт орсон ба түүний дансаар шинэ сургууль ашиглалтанд орж буйтай холбоотойгоор ахмад багш, эцэг эх, төгсөгчдийн хандивийн 25.220.053 төгрөг орж зарцуулагдан, буйдан, ширээ сандал, номын шүүгээ, бахархлын шкаф, сагсны самбар, 3 ширхэг принтер болсон байна. Өмч хамгаалах зөвлөлийн хурлаар дээрх эд хөрөнгийг байгууллагын дансанд бүртгэхээр шийдвэрлэж, сургуулийн захирал 2017-10-10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт 20.626.000 төгрөгийн эд хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэх зөвшөөрлийг хүсэж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга уг зөвшөөрлийг 2017-11-08-ны өдрийн тушаалаар олгож, данс бүртгэлд тусгасан байна. Бусад самбар, жаазтай зураг, хиймэл цэцэг, тууз, ваар зэргийг сургуулийн давхрын үйлчлэгч нарт хүлээлгэн өгч хариуцуулсан баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна. Дээрх хандивын үйл ажиллагааг захирал санаачилж зохион байгуулсан гэх байдал тогтоогдохгүй байна.

            Сургуулийн захирал байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн байдал харагдахгүй байна. Спорт заал болон сургуулийн сул талбайг түрээслэж зарим нэг орлого олсон байх ба ахмадуудын хүндэтгэл, шинэ жилийн арга хэмжээ, бэлгэнд, Өвөр монголын өөртөө засах орны шеф сургуулийн уулзалт, уралдаан тэмцээнд, мөн өлгүүр, сандал авах, 00-ын өрөөний тохижилт, цоожны гол солих зэрэг зүйлд зарцуулсан байдал тогтоогдож байна. Харин 429.500 төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулсан нь тогтоогдсон ба захирал ня-бод сануулах арга хэмжээ авчээ.

            Нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам-д зааснаар нийслэлийн өмчийг түрээслэхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах ёстой, зөвшөөрлийг авах гэхэд барилгыг хүлээн аваагүй, данс бүртгэлд тусгагдаагүй байгаа гэсэн хариу өгсөн гэж тайлбарлаж байх ба сургуулийн барилгыг нийслэлийн өмчид хүлээн авсан баримт байхгүй, сургуулийн данс бүртгэлд тусгагдаагүй нь тайлан, бүртгэлээс харагдаж байна. Түүнчлэн сургуулийн захирал дээрх байдлаар зайлшгүй шаардлагатай зардал гаргахын тулд орлого олох үйл ажиллагаа явуулсан, олсон орлого зориулсан зүйлдээ зарцуулагдсан гэж үзнэ.

            Нэхэмжлэгч өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр өмч эзэмших гэрээний үүргээ “бүрэн хангалттай” биелүүлж, 2018 онд “Нийслэлийн тэргүүний өмч эзэмшигч байгууллага”-аар өргөмжлөгдсөн нь хэрэгт ирүүлсэн өргөмжлөлөөр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч дүүргийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг А үнэлгээтэй хангаж, 2018 оны 04 дүгээр сард үр дүнгийн гэрээний урамшуулал авсан байна.

            Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэсэн нөхцөл үгүйсгэгдэж байна.

            Харин нэхэмжлэгч зарим орлогыг данс бүртгэлд тусгаагүй, орлогыг төрийн сангаар дамжуулаагүй Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмыг зөрчсөн зөрчилд оролцоотой байх ба энэ нь илүү захиргааны зөрчлийн шинжтэйн гадна захирал нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт сул тавьсан зөрчил байна. Захирал хийх ажлаа дүрэм журам зөрчиж хийсэн ба түүнийг эрх мэдэл хэтрүүлж хийсэн гэж үэхгүй болно. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй зөрчил ноцтой зөрчилд тооцогдохоор заагаагүй байхад ажил олгогч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас халсан нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч урьд нь ямар нэг сахилгын зөрчил гаргаж байсан баримт байхгүй байна.

            Дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 68 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2.300.830,48 ((745.053+743.553+744.553):3:22х68) /ээлжийн амралтын хугацааг хасаж тооцсон/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Ч.Чыг Нийслэлийн Баянгол дүүрэг дэх ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан 73 дугаар сургуулиас 2.300.830,48 төгрөгийг гаргуулж Ч.Чд олгосугай.

 

  1. Ч.Чд олгох 2.300.830,48 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 51.763,28 төгрөг гаргуулж улсад олгосугай

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоноийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД