Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1124

 

2022        07          25                                   2022/ШЦТ/1124

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

   Улсын яллагч Б.Дэлгэрмаа /тээврийн прокурор/,

  ХохирогчБ.Д,
            Иргэний хариуцагч Ц.А,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-ын Х-д холбогдох эрүүгийн 2203 00238 0306 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Монгол улсын иргэн,

 

М овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний 14 цаг 08 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансар хороолол, “Баянцээл” төвийн баруун талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, “Toyota Corsa” маркийн 66-97 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 16.1, 16.3-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Д, М.Ц, Ц.П /Ц.П-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй/ нарыг мөргөж, Б.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Баянцээлийн баруун замаар доошоо зах руу явж байсан. Тормос гишгээд зогсож чадаагүй очиж мөргөсөн. Хамгийн түрүүнд цагдаа, түргэн дуудсан гэв.

 

            Хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлттэй танилцахад буруу тэмдэглэл хөтөлсөн байсан. Дөнгөж ажилд ороод удаагүй байсан. Такси хөлсөлж эмнэлгээр явсан 341.000 төгрөг, цалинд 940.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн 1.149.564 төгрөгөөс 354.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 749.546 төгрөгийг нэхэмжилж байна. Биеийн байдлын хувьд толгой, хөл, гар байнга өвдөж байгаа, дотор муухайрч байгаа. Чагтан холбоос суналттай бас урагдалтай гэж хэлсэн гэв.

 

            Иргэний хариуцагч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2014 онд уг автомашиныг зарсан. Зарснаас хойш нэрийг шилжүүлээгүй. 2 эзэн дамжаад 3 дахь эзэмшигч нь ******* байсан. *******-г худалдаж авахад засварын газар сэлбэгэнд байсан гэж хэлсэн. Нэрийг нь нотариатаар шилжүүлэх байсан. Өмнөх 2 эзэмшигч нь нэрээ шилжүүлэхгүй байсаар байгаад эвдрээд сэлбэгэнд байхад нь авсан байсан. 2 сараас хойш над дээр торгуулийн баримт ирээд байсан. Тэгээд би ямар хүн дээр байгаа гэдгийг мэдэхгүй байсан. Тэгээд 06 дугаар сард цагдаагийн байгууллагаас над руу залгаад ийм хэрэг болсон гэж хэлсэн гэв. 

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Д-гийн “Би 2022.05.01-ний өдөр 14 цагийн үед ээжийн эгч М.Ц болон түүний охин Ц.П нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянцээл” төвийн харалдаа баруун талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явган хүний гарцаар гарч явахад хойноос урагшаа чиглэлийн 3 эгнээтэй замын 2-3-р эгнээг дуусгаад 1-р эгнээнд явахад хөх саарал өнгийн суудлын автомашин зогсохгүй тэр чигээрээ яваад бид 3-г мөргөж унагаасан. Би тэндээсээ эгч дүүгийн хамт Гэмтлийн эмнэлэгт очиж өвдөг, нурууны рентген зураг авахуулахад өвдөгний нарийн эмирай авахуулах шаардлагатай шүү гэж эмч хэлсэн. Би маргааш нь Гэмтлийн эмнэлэгт ирж өвдөгний томографийн зураг авахуулаад шүүх эмнэлгийн эмчид үзүүлэхэд нарийвчилсан эмирай авахуулаад ир гэхээр нь Гэмтлийн эмнэлэгийн урд байрлах хувийн эмнэлэгт авахуулахад өвдөгний чагтан холбоосны урагдалтай байна гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч М.Ц-ийн “ Би 2022.05.01-ний өдөр 14 цагийн үед Баянхошуу явахаар охин Ц.П болон нагац дүү Б.Д нарын хамт гэрээс гарч Сансарын Баянцээлийн хойд цагдаагийн постны харалдаа явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд зам хөндлөн гараад хойноос урагшаа чиглэлийн 3 эгнээтэй замын 1-р эгнээнд явж байхад хойноос урагшаа чиглэлд 1-р эгнээгээр явсан саарал өнгийн суудлын автомашин бид 3-ыг мөргөж унагаасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6771 дугаартай “1. Б.Д-гийн биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, баруун тохой, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6772 дугаартай “1. М.Ц-ийн биед баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 999277 дугаартай дүгнэлтээр “...3. ...2-р тэнхлэгийн тоормос зогсоогүй нь зам тээврийн осолд нөлөөлсөн байх боломжтой. ...4. Уг автомашин нь тоормосны хийн, хийн шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Ажлын тоормосны систем стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-62 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч С.Х нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний 14 цаг 08 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансар хороолол, “Баянцээл” төвийн баруун талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, “Toyota Corsa” маркийн 66-97 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 16.1, 16.3-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Д, М.Ц, Ц.П нарыг мөргөж, Б.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, М.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Д, иргэний нэхэмжлэгч М.Ц нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6771, 6772 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 999277 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******-н мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүх дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй,  хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч М.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч М.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймээс шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

Хохирогч Б.Д нь эмчилгээний зардалд баримттай 760.546 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь баримтаар 354.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Ц эмчилгээний зардалд баримттай 226.000 төгрөгийг нэхэмжжилсэн ба шүүгдэгч ******* нь баримтаар 226.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөнийг дурдах нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүхэд нэмж хохирлын баримт ирүүлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүхээс шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг хэдий ч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г эрүүгийн хариуцлагын саналдаа: Миний үйлчлүүлэгч маргааш нөгөөдөргүй ажилд орох гэж байгаа. Сарын 700.000 төгрөгийн цалинтай. 13, 21 насны 2 хүүхэд, хүргэнийхээ хамт амьдардаг. Эхнэр нь орхиод явчихсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцон явган хүний гарцаар гараад дуусч явсан зорчигчийг мөргөж гэмтээсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 4 дүүргээс гарч явахыг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 4 дүүргээс гарч явахыг хязгаарлах ял  оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсэнийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.149.564 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогчид 354.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.  

Мөн иргэний нэхэмжлэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд 226.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогчид 226.000 төгрөгийг хохиролд төлсөн байна.

 

Хохирогч нь анхан шатны шүүх хуралдааны явцад такси хөлсөлж эмнэлгээр явсан 341.000 төгрөг, цалинд 940.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч шүүхийн шатанд баримтаа ирүүлээгүй тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хохирогч нь дээрх хэлэлцэхгүй орхисон цалин болон цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй ба шүүгдэгчийн жолоодож явсан авто машины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ иргэний хариуцагч Ц.А-ийн нэр дээр байгаа гэх боловч шүүгдэгч ******* нь уг машиныг өөр хүнээс 1 жилийн өмнө худалдан авсан өөрийн эзэмшилд байгаагаа мэдүүлж байна. Иймээс хэрэгт Ц.А-ийг иргэний хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт *******-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 4 дүүргээс гарч явахыг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 4 дүүргээс гарч явахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 795.564 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д олгож, Ц.А-ийг иргэний хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Энэ хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлыг хохирогч нар цаашид баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ