Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00855

 

 

Г.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00908 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1264 дүгээр магадлалтай,

Г.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчирын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч Г.Тэмүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд Капитрон банкнаас зээл авсан боловч түүнийгээ цаг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас зээлийн гэрээний асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүхийн 2019.04.02-ны өдрийн 452 тоот тогтоолоор надаас 89,181,805 төгрөг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20Б-2 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2201023734 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гаражийн зориулалттай, 346.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулсан байна. Би энэ хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн явдал гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20Б-2 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2201023734 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, гаражийн зориулалттай, 346.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан ажиллагааг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 2157 дугаар шийдвэрээр Г.Тэмүүлэнгээс 89,918,519 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам Найрамдлын зам 20-б-2 тоот хаягт байрлах, 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2019.05.22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19290683 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Г.Тэмүүлэнд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Г.Тэмүүлэнгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2019.9.11-ний өдөр 19290683/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19290683/02 тоот тогтоолоор орон сууц, гаражийг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019.12.12-ны өдрийн 4/28890 дүгээр албан бичгээр Г.Тэмүүлэнд 2019.12.13-ны өдөр өөрт нь биечлэн өгсөн. 2019.12.17-ны өдөр Г.Тэмүүлэн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч Капитрон банк ХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019.12.20-ны өдрийн 19 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Виннэр-Вэй ХХК нь 355,846,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/22 тоот албан бичгээр төлбөр төлөгч Г.Тэмүүлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчирт 2020.01.02-ны өдөр тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Дээд шүүхийн 2019.04.02-ны өдрийн 001/ХТ2019/00452 дугаартай тогтоолоор Гомбосүрэнгийн Тэмүүлэнгээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 89,918,519 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 736,714 төгрөгийн хамт гаргуулан Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төлбөр төлөгч Г.Тэмүүлэн нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00908 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Виннэр Вэй ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Эрхид овогт Гомбосүрэн Тэмүүлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/01559 дугаартай /хх-16/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1264 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Тэмүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.07-ны өдрийн 2257 дугаартай магадлалаар Г.Тэмүүлэнгээс 89,181,805 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгуулахаар, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20б-2 тоот хаягт байрлах 346 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

2.   Хариуцагч сайн дураар төлбөрөө төлөхгүй байгаа үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн 2019.05.22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч төлбөрийг биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрт заагдсан хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналаа ирүүлэхийг талуудад мэдэгджээ.

Төлбөр төлөгч хураагдсан эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хэт өндрөөр үнэлсэн гэж үзэн эс зөвшөөрч, шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоолгохоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

3.   Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 355,846,000 төгрөг болохыг тодорхойлж ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, үнэлгээг 2020.01.02-ны өдөр төлбөр төлөгчид утсаар мэдэгдэж, үнэлгээний тайлан, үнийн талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчийн өмгөөлөгчид мөн өдрөө гардуулж өгсөн тухайгаа Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх-87-89/

4.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, өмчлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн ... гэж тайлбарласан,

Хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ...нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Анхан шатны шүүх ...шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй, ...шинжээч Виннэр Вэй ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан, ...үнэлгээг үндэслэл бүхий гарсан, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотолсон баримтаа шүүхэд гаргаагүй... гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

5.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэхийн зэрэгцээ хэрэгт цугларсан баримтад тулгуурлан ...шинжээчээр томилогдсон Виннэр Вэй ХХК хөрөнгийг үнэлэхдээ эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээч нь хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлж, зах зээлийн жишиг үнийн дүнгээр үнэлгээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй... гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

6.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар гомдолдоо үндэслэл бүхий дурдаагүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00908 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1264 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчираас 2020.07.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЦОЛМОН

                                                                      ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД