Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0255

 




 

 

 

        


 

“Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

            Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

            Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

            Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

            Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц

            Нэхэмжлэлийн шаардлага: “ЭБЦТС/202301002 дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “ОС” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, “ЭБЦТС” ТӨХК болон “ОС” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

            Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: О аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0004 дүгээр

            Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-ийн ЭБЦТС/202301001 дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

            Хэргийн индекс: 119/2023/0035/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас “ЭБЦТС” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК-ийн ЭБЦТС/202301001 дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““ЭБЦТС/202301002 дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “ОС” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “ЭБЦТС” ТӨХК болон “ОС” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. О аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрээр: 

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.4, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 30 дугаар зүйлийн 30.4.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ЭБЦТС” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК-ийн ЭБЦТС/202301001 дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн  Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““ЭБЦТС/202301002 дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “ОС” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, “ЭБЦТС” ТӨХК болон “ОС” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчийн “ОС” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь хууль бус  гэсэн үндэслэлээ “ОС” ХХК нь хятадын бараа нийлүүлэхээр санал болгосон, борлуулалтын орлогын хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй бараа  нийлүүлсэн туршлагын талаарх мэдээлэл шаардлага хангахгүй, гэрээний хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байгаа нь тогтоогдохгүй.

            “ОС” ХХК нь өмнөх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байхад хугацаанд нь биелүүлсэн гэх тодорхойлолт гаргаж өгсөн, үүнийг үндэслэн шаардлага хангаагүй тендерийн шалгаруулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаад тендерийн үнэлгээний хороог буруутгах боломжгүй, холбогдох байгууллагаас гаргасан, өгсөн тодорхойлолтыг үндэслэн үнэлгээний хороо дүгнэлтээ гаргасан  гэж үзнэ. Тендерийн баримт бичигт байгаа уг тодорхойлолт хууль бус, шаардлага хангаагүй, хуурамч материал бүрдүүлж тендерт оролцсон болохыг нотолсон ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байх тул...” гэж дүгнэж, Гуравдагч этгээдийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн гэж үзэж байна. 

            Учир нь хавтаст хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн компанийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох зорилгоор ирүүлсэн 2 ширхэг гэрээ, түүнийг дагуу бараа хүлээлцсэн баримт 2 ширхэг, гэрээ дүгнэсэн протокол2 ширхэг, 1 ширхэг тодорхойлолт зэргээс үзэхэд гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн болох нь тодорхой нотлогддог ба шүүх хуралдааны явцад ч үүнийг шүүхээс нүдээр хасан  хэр нь ийнхүү дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй. 

            Мөн уг 2 ширхэг гэрээ нь энэхүү захиргааны хэргийн хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-тай байгуулсан гэрээ байх бөгөөд хугацаа хэтэрчхээд байхад хугацаандаа гэж хүлээж авсан, түүнийхээ дагуу хугацаандаа үүргээ биелүүлсэн гэсэн тодорхойлолтыг 1 албан тоотоор өгсөн нь тендерийн баримт бичигт гэрээ тус бүр дээр захиалагчийн тодорхойлолтыг хавсаргахаар заасныг зөрчсөн байхад үүнийг нотлогдохгүй гэж дүгнэж байгаа нь шүүх нэт нэг талыг барьж нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэн хуульд нийцэхгүй шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй. 

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт "Б" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т зааснаар Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа нийлүүлж, давуу эрх тооцуулахаар тендерийн материалыг бүрдүүлж ирүүлснийг тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлэсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг зөрчөөгүй ...тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу тендерийн баримтыг бүрдүүлэх, хэрвээ тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан, хэн нэгэнд давуу байдал олгосон, хууль бус материал шаардсан бол холбогдох байгууллагад гомдол гаргах, тодруулга авах зэргээр хандах боломжтой ....гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ-аас гаргуулан авсан байх бөгөөд тухайн гэрчилгээнд үйлдвэрлэгч биш "Б" ХХК-ийн нэрийг заасан нь тендерийн баримт бичгийг тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч "Б" ХХК нь Монгол Улсын гарал үүсэлтэй бараа гэдэг үндэслэлээр давуу эрх тооцуулах хүсэлт гаргасан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэгч гэдэг үндэслэлээр давуу эрх тооцуулах хүсэлт хүсэлт гаргаагүй, тендерийн баримт бичигт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт шаардаагүй тул тендерийн баримт бичигт тусгаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй" гэж тус тус дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. 

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаар тогтоолоор батлагдсан "Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй барааны жагсаалт"-ын 13-т "Өнгөт болон хар төмөрлөгийн бүтээгдэхүүн", 13.5-д "Өнгөт төмөрлөг бүтээгдэхүүн /катодын зэс, зэсийн хайлш, зэс утас, зэс голтой уян кабел, бүрээсгүй хөнгөн цагаан /ган голтой/АС утас, хөнгөн цагаан голтой бүрээстэй СИП кабель, хүчний болон хоёрдогч хэлхээний кабель, холбогч эд анги" гэж заасанд ямар ч эргэлзэх зүйлгүйгээр багтсан байхад түүнийг харгалзан үзээгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгоно", 10.1.1-т "Монгол Улсын гарал үүсэлтэй болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд", 101 дүгээр зүйлийн 10.1-т "Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно", 101.2-т "Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална" гэж тус тус заасныг зөрчиж байх ба хуульд нийлүүлэх бараа нь Монгол Улсаас гаралтай бол давуу эрх тооцохоор зааснаар аль компани үйлдвэрлэсэн, ер нь үйлдвэрлэгч мөн үү биш үү гэдгээс хамаарч давуу эрх тооцох талаар заагаагүй байхад хуулиас давсан шалгуурыг тавьж, ийнхүү нэхэмжлэгч компанийг тендерт шалгаруулахаас, тэр тусмаа давуу эрх тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. 

Түүнчлэн тендерийн бичиг баримт ТШЗ 19.7-д Дотоодын давуу эрх тооцуулах нотлох баримтыг ирүүлэх гээд тэр дундаа МҮХАҮТ-аас гэрчилгээ авах гэж заасны дагуу нэхэмжлэгч компаниас уг гэрчилгээг авсан, мөн дээр нь дотоодын үйлдвэрлэгч гэдгээ нотлох зорилгоор жижиг дунд үйлдвэрлэгчийн бүртгэлийн лавлагааг хавсаргасан байдлыг хариуцагчийн зүгээс буруу үнэлж дүгнэн, тендерээс хассан шийдвэрийг гаргаж түүний дагуу мэдэгдэл хүргүүлэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн лавлагаа хугацаа дууссан гэж үзсэн, мөн МҮХАҮТ-ын гэрчилгээ орчуулаагүй, "ХЧ" ХХК-д бус "Б" ХХК-д олгосон гэрчилгээ гэх үндэслэлээр мэдэгдэл ирүүлсэн байдаг. 

Тэгвэл тендерийн бичиг баримтад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн бичиг баримтыг ирүүлэхийг шаардаагүйн зэрэгцээ Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих тухай хуульд хугацаатай бүртгэх зохицуулалт байхгүй байхад зөвхөн лавлагааны хугацаа дууссан гэдгээр жижиг дунд үйлдвэрлэгч биш мэтээр дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчихийн зэрэгцээ МҮХАҮТ-ын гэрчилгээ нь өрөө батлагдсан загвараараа монгол болон ангил хэлийг хослуулан хэрэглэж гаргадаг гэрчилгээ байхад түүнийг дахин орчуулах ёстой гэдэг хууль бус шаардлагыг тавьж байгаа нь дээр дурдсан хууль болоод журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Цаашилбал дээр дурдсанчлан нийлүүлэх бараа бүтээгдэхүүн нь дотоодын үйлдвэрийнх болох нь нотлогдсон бол дотоодын давуу эрх тооцохоор хуульд зааснаас үйлдвэрлэгч нь хэн байхыг нотлох, түүндээ заавал гэрчилгээ авахыг тендерийн бичиг баримтуудад болон хуульд заагаагүй бөгөөд харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно", 27 дугаар зүйлийн 27.2.3-т "энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх" гэж тус тус заасныг зөрчиж байна. 

3.3. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар тохирлын гэрчилгээ нь дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотолсон баримт биш гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй бөгөөд энэхүү шаардлагаа тендерийн баримт бичигт тодорхой заасан байна" гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь тендерийн үнэлгээний хороо 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тухайлан манай компаниас ирүүлсэн тохирлын гэрчилгээ нотлох баримт болохгүй гэх заалтыг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.7-д оруулсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн бөгөөд тэр ч утгаараа манай компанийн зүгээс тендер шалгаруулалтад оролцохдоо дотоодын давуу байдал тооцуулах үүднээс барааны тохирлын гэрчилгээгээ хавсаргаж өгсөн. 

Түүнчлэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш явагдсан тендер шалгаруулалтад оролцсон давхардсан тоогоор нийт 15 компаниас ганцхан манай компани л дотоодын давуу эрх тооцуулахыг хүссэн, мөн ганцхан манай компаниас тохирлын гэрчилгээг гаргаж өгсөн байсан тул дан ганц манай компанийг тендер шалгаруулалтад тэгш өрсөлдөх боломжийг маань хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хариуцагчийн дээрх үйлдэл нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийн үндсэн дээр ийнхүү өөрчлөлт орсон байх ба түүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр уг өөрчилсөн тендерийн бичиг баримтын дагуу шалгаруулалтыг явуулж, уг өөрчлөлтийг бидэнд мэдэлгүйгээр, гуравдагч этгээдэд давуу боломжийг олгож, цаашлаад БНХАУ-аас импортоор бараа бүтээгдэхүүн худалдан авч, нийлүүлэхээр гэрээ байгуулж байгаа нь хууль зөрчсөн байхад анхан шатны шүүхээс цаг хугацааны хувьд тендерийн бичиг баримттай бүрэн танилцах боломжгүй, мэдэгдээгүй нөхцөл байдлуудтай уялдуулан дүгнэлт хийх шаардлагатай байсан. 

Цаашилбал ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.20 "Монгол Улсын гарал үүсэлтэй бараа" гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг", Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 "тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор тус тус заасан ба "Б" ХХК-ийн УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээг дотоод /Монгол Улс/- ын үйлдвэрлэгч гэдгийг нотолсон баримт гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна", 14.2-т "Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрнө", 14.3-т "Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно", 14.4-т "Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна" гэж тус тус зааснаас үзэхэд "ХЧ" ХХК-д Монголын Улсын Стандарт, хэмжил зүйн газраас олгосон УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад төдийгүй олон улсад ч хүчин төгөлдөр болох нь тодорхой байхад түүнийг яагаад үнэлж дүгнэн дотоодын давуу эрх тооцохгүй талаар тендерийн бичиг баримтад тусгасан асуудалд дүгнэлт хийж, тэр нь хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. 

Түүнчлэн хэдийгээр тендерийн бичиг баримттай холбоотойгоор манай компани нь өрсөлдөөнийг хязгаарласан талаар гомдол гаргаагүй боловч хариуцагчийн зүгээс "СИП утас"-ны гарал үүслийг буюу дотоодын үйлдвэрийнх гэдгийг нотлохыг шаардаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна", 11.1.2-т “үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, 11.1.3-т "барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй", 11.1.4-т "энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэх" гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. 

3.4. Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр буюу хурлын тэмдэглэлээс харвал нэхэмжлэгчид дотоодын давуу эрх тооцохгүй тул шууд шаардлага хангахгүй гэж үзсэн, гэтэл дотоодын давуу эрх тооцохгүй ч гэсэн бусад шаардлагыг бүрэн хангаж байхад шаардлагад нийцсэн гэж үзээд дараагийн шаардлагад нийцсэн гэж үзсэн компаниудтай, тухайлбал шалгарсан гэх "ОС" ХХК-тай үнийн саналаар нь өрсөлдүүлэн шалгаруулалтыг явуулах ёстой байсан ч шууд хасаж байгаа асуудалд шүүхээс дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т "Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ", 2-т "Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараахь тодорхой бүрэн эрхтэй байна", 3/энэ хуульд өөрөөр заагаагүй бол экспортын барааны гарал, үүслийг гэрчлэх; 5/экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадалгаа гаргах, 3-т "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан бараа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжих бараа бол түүний гарал үүслийг биржийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилнэ" гэж тус тус зааснаас үзэхэд тендерийн бичиг баримт ТШЗ 19.7-д хуулиар эрх олгогдоогүй этгээдээр тодорхойлолт авахыг шаардсан заалтыг тухайлан оруулсан нь хууль зөрчиж байгаа асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл МҮХАҮТ нь экспортод буюу гадаад улс руу Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн гаргахад гарал үүслийн гэрчилгээ олгохоос Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа хэрэглэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох эрхийг хуулиар олгоогүй байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч компанийн зүгээс гарал үүслийн гэрчилгээ олгуулах хүсэлт гаргасныг МҮХАҮТ хүлээн авч, нэгэнт хариуцагч байгууллагаас тендерийн бичиг баримтдаа ийм хууль бус шаардлагыг тусгаж байгаа бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т "Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн" гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд дэмжих зорилгоор гарал үүслийн гэрчилгээг гаргаж өгсөн байдаг.  

Гэвч МҮХАҮТ-аас олгосон гэрчилгээ нь барааны гарал үүсэл буюу Монгол Улсад үйлдвэрлэсэн гэдгийг л нотолж байгаа болохоос биш тухайн барааг аль компани үйлдвэрлэснийг нотлох эрх, үүрэг байхгүй, тэгээд ч тендерийн хуулиар ч аль компани үйлдвэрлэгч вэ гэдгийг нотлох ёстой гэсэн хуулийн шаардлага тавигдаагүй бөгөөд тухайн бараа нь Монгол Улсад үйлдвэрлэгдсэн үү, гадаад улсаас оруулж ирсэн үү гэдэг л хамааралтай гэдгийг хуульд тодорхой заасан. Иймд О аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 119/ШШ2024/0004 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “ЭБЦТС” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК-ийн ЭБЦТС/202301001 дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “... ЭБЦТС/202301002 дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “ОС” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр болон түүний дагуу гаргасан, захиалагч “ЭБЦТС” ТӨХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Т1-102 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийж, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “ЭБЦТС/202301002 дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “ОС” ХХК-ийг шалгаруулж, “Б” ХХК-ийг хассан тухай тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, ““ЭБЦТС” ТӨХК болон ОС” ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, уг шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлийг “... хариуцагч нь Сангийн яамны зүгээс хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу дахин үнэлгээг хийхдээ, дахин шийдвэрээ гаргасан гэх боловч өмнөх албан бичгээрээ хариу өгсөн нь хуульд нийцээгүй, ... Сангийн яамны 2023 оны 03/5816 дугаар албан бичигт “... тухайн бараа нь хуулийн 101.1-т заасан чанар, стандартын шаардлага хангасан, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа эсэхийг нягтлах” гэснийг нягталж шалгаагүй, ... Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолд заасныг анхаарч үзээгүй, дотоодын давуу эрх тооцоогүй нь хууль зөрчсөн, ... Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2 “Тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлага: ... 2022 онд борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх гэж заасныг “ОС” ХХК хангаагүй, 2022 оны борлуулалтын орлого 60 хувь буюу 475.050.600 төгрөгөөс дээш байх байтал ... 428.806.500 төгрөг, .... гэрээндээ захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаагүй, хугацаа хэтрэлттэй байхад хугацаандаа гэх хуурамч тодорхойлолтыг авсан, ... Нийлүүлэх бараа нь Монгол Улсын гарал үүсэлтэй байх талаар заасан, ...  тендер ирүүлсэн этгээд заавал өөрөө үйлдвэрлэгч байхыг хууль зүйн хувьд шаардаагүй, ... “ХЧ” ХХК-ийн цахилгааны дамжуулах утасны “МС” үйлдвэрийн “Сип” утас болон “АС” утсыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/01 тоот үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, албан ёсны гэрээт борлуулагчийн эрхтэйгээр гэрээ байгуулсныг үндэслэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг санал болгосон байхад дотоодын давуу эрх тооцоогүй шийдвэр гаргасан нь хууль бус, ... Тендерийн баримт бичигт  ... энэ талаар хуулиас давсан шаардлага тавьсан,  ... тендерийн баримт бичиг боловсруулах журам зөрчсөн, ... “ХЧ” ХХК нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргадаггүй, ... Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS/IEC 610889:2000 стандартыг баримтлан үйлдвэрлэлээ явуулдаг байхад Монгол Улсаас гарал үүсэлтэй болохыг нотлоогүй гэсэн үндэслэлээр тендерийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн, ... “ОС” ХХК нь нийлүүлэх бараагаа БНХАУ-аас оруулж ирэхээр байхад шалгаруулсан нь  Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолыг зөрчсөн ...” гэж тайлбарлажээ.

            2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгоно”, 10.1.1-т “Монгол Улсын гарал үүсэлтэй болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд”,  10.4-т “Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл, эсхүл энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.6, 10.1.7-д заасныг нотлох баримтыг ирүүлнэ” гэж заасан.

            2.3. Мөн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 19.7-д “Хуулийн 10 дугаар зүйлийн давуу эрх тооцуулах барааны Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Барааны үнийн задаргаанд Монгол улсын гарал үүсэлтэй болохыг заагаагүй, гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд давуу эрх тооцохгүй. МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээг ирүүлнэ. Тохирлын гэрчилгээ нотлох баримт болохгүйг анхаарна уу” гэж заасан.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заагдсан барааны гарал үүсэл, өртгийн талаарх мэдээлэл эсхүл Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг нотолсон баримтыг ирүүлснээр давуу эрх тооцогдох бөгөөд дээрх тендерийн баримт бичигт заасан баримтуудыг ирүүлээгүй тохиолдолд давуу эрх бүхий этгээд гэж тооцогдохоогүй байна.

2.4. Гэтэл “Б” ХХК-аас Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрчилгээг орчуулаагүй, мөн Стандарт, хэмжил зүйн газрын УБД0002240 дугаар Тохирлын гэрчилгээ /Мон-Сип үйлдвэрийн хавсралтад заасан бүрээсгүй гант (АС) хөнгөн цагаан цахилгаан дамжуулагч утас, XLPE полиэтилен тусгаарлагч болон бүрээстэй (СИП) хөнгөн цагаан цахилгаан дамжуулагч утас/ бүхий “ХЧ” ХХК-тай нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дистрибьюторийн гэрээ байгуулж, 2022/01 дугаар үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон талаарх холбогдох баримтуудыг тендер шалгаруулалтад хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг дээрх Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.7-д заасантай нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзсэн нь буюу нэхэмжлэгчид дотоодын давуу эрх тооцогдох үндэслэлгүй гэж үзэж тендерээс нь татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл хууль зүйн үндэслэлтэй байна.

            2.5. Нөгөөтэйгүүр хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендер шалгаруулалтыг явуулсан хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх, шүүх уг тендер шалгаруулалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүрээнд хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” гэж зааснаар тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарахаар байх бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан.

            2.7. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзэх тохиолдолд энэ талаарх тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгчээс тендерийн баримт бичгийн давуу эрх тооцохтой холбоотой шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй, захиалагчаас тодруулга авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулж, нэхэмжлэгчид давуу эрх тооцоогүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

            2.8. Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу “хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-ийн ЭБЦТС/202301002 дугаартай “СИП утас” нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №10 хурлын шийдвэрийн “... гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд дотоодын давуу эрх тооцохгүй, МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ ирүүлнэ. Тохирлын гэрчилгээ нотлох баримт болохгүйг анхаарна уу” гэж тендерийн бичиг баримтад нэмэлтээр тусгахаар шийдвэрлэсэн хэсэн болон түүний дагуу өөрчлөлтийг хийсэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 19.7-д дээрх агуулгаар тусгасныг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан байх боловч анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 119/ШЗ2023/0338 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШТ2023/0991 дугаар тогтоолоор уг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт заасны дагуу тус тогтоол нь эцсийн шийдвэр байхаар хуульчилсан. Ийнхүү нэгэнт тендерийн баримт бичгийн дотоодын давуу эрх тооцох талаарх зохицуулалт хүчин төгөлдөр болох нь нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

            2.9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЭБЦТС” ТӨХК-ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар “СИП утас” нийлүүлэгчийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж,  2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэлээр бүх тендерээс татгалзаж, мөн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай хуралдааны тэмдэглэлээр 2 дахь удаагаа бүх тендерээс татгалзсан шийдвэр гаргасан тул шууд гэрээ байгуулах аргаар тендерийг шалгаруулахаар тендер сонгон шалгаруулалтын онцгой журмыг хэрэглэхээр шийдвэрлэж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, “СИП” утас нийлүүлэх үнийн саналын баримт бичгийг боловсруулж урилга нийтлэх, тендерийн баримт бичиг худалдах үнэ тогтоох” асуудлыг хэлэлцэж, 10 дугаартай  тэмдэглэлээр “Гэрээ шууд байгуулах аргаар “СИП” утас худалдан авах үнийн саналын баримт бичгийг өөрчлөн баталж, цахимаар тендерийг зарлаж, тендерийн урилгыг Засгийн газрын цахим худалдан авалтын сайтад нийтэлсэн байна.

            2.10. Уг тендерт “Б” ХХК, “ОС” ХХК, “ГИ” ХХК гэсэн 3 компани тендерийн урилгыг хүлээн авч, тендер ирүүлж оролцсон байх бөгөөд “ГИ” ХХК-иас 597.796.100 төгрөг, “ОС” ХХК-иас 779.289.785 төгрөг, “Б” ХХК-иас 789.688.020 төгрөгийн үнийн саналыг тус тус хүргүүлжээ.

            2.11.Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тэмдэглэл буюу Үнэлгээний хорооны дүгнэлтээр “ГИ” ХХК-г “гэрээний хугацаанд багтаан хүлээлгэн өгөх албан бичиг ирүүлээгүй, мөн нийлүүлэлтийн хуваарь дээр 7-45 хоног гэж ирүүлсэн байгаа нь нийлүүлэх хоног тодорхойгүй, ... ирүүлсэн гэрээ болон тодорхойлолт хуурамч, ... төсөвт өртгийн 50 хувиас дээш байх гэсэн шаардлагыг хангахгүй, санал болгож ирүүлсэн үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлт зөрүүтэй ...”, “Б” ХХК-ийг “... МҮХАҮТ-ын гэрчилгээг орчуулаагүй, ... албан ёсны гэрээт борлуулагчийн гэрээ байгуулсан ХЧ ХХК-нд олгосон МҮХАҮТ-ын гарал үүслийн гэрчилгээ ирүүлээгүй, мөн ХЧ ХХК-д олгосон Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт хугацаа дууссан нь дотоодын давуу эрх тооцох үндэслэлгүйгэж тус тус дүгнэн “ОС” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж, тендерт шалгаруулсан байна.

            2.12. Улмаар “Б” ХХК-ийн Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03/5816 дугаар албан бичгээр “... тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийг 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэх хариу өгсний дагуу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/-ээр “ОС” ХХК-тай гэрээ байгуулах дүгнэлтийг дахин гаргасан.

            Нэхэмжлэгчээс тус дүгнэлттэй холбогдуулан дахин Сангийн яаманд гомдол гаргасан байх боловч Сангийн яам 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03/6227 дугаар албан бичгээр “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлсэн байх тул шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

            2.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэн”, 31.1.3-д “гэрээ шууд байгуулах”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно”, 34.1.1-т “энэ хуулийн 30.4.3, 36.18-д заасан тохиолдолд” гэж тус тус заасан.

Захиалагчаас тендер шалгаруулалтын үр дүнд дахин тендерээс татгалзах хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд шууд гэрээ байгуулах дээрх хуулийн зохицуулалтад, мөн хамгийн бага үнийн санал бүхий тендер ирүүлсэн этгээдтэй гэрээ байгаа байгуулсан нь төрийн худалдан авах ажиллагааны хэмнэлттэй байх  зарчимд  тус тус нийцсэн байна.

            2.14. Нэхэмжлэгчээс “ОС” ХХК-г тендерт шалгаруулсан нь хууль бус гэсэн үндэслэлээ ““ОС” ХХК нь хятадын бараа нийлүүлэхээр санал болгосон, борлуулалтын орлогын хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын талаарх мэдээлэл шаардлага хангахгүй, гэрээний хугацаа хэтэрсэн” гэж тайлбарлаж маргасан байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн ТШЗ 18.2-т “Борлуулалтын орлогын хэмжээ: 2022 онд борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх” гэж зааж, төсөвт өртгийг 791.751.000 төгрөгөөр баталсан.

            2.15. Харин “ОС” ХХК-ийн тендерт хүргүүлсэн баримтаас үзэхэд 2022 оны борлуулалтын орлого нь 1.076.576.300 төгрөг болох нь тогтоогдсон буюу батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх /475.050.600 төгрөгөөс дээш байх/ шаардлагад нийцсэн, энэ талаар Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03/5816 дугаар гомдол хянасан тухай албан бичигт “... “ОС” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайланд борлуулалтын орлогын хэмжээ 1.076.576.30 төгрөг байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т заасныг хангасан байх тул шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх хариуг өгсөн, нэхэмжлэгчээс “ОС” ХХК “борлуулалтын орлогын хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас дээш байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлийг баримтаар нотолж тайлбарлаагүй байх тул шүүх хүлээн авах үндэслэлгүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь дотоодын давуу эрх тооцуулах тендерийн баримт бичгийн шаардлага хангасан болох нь тогтоогдохгүй байх тул “... “ОС” ХХК-ийг хятадын бараа нийлүүлэхээр санал болгосон байхад гэрээ байгуулсан” гэж буруутган маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

            2.16. Мөн нэхэмжлэгчээс “... 2 гэрээндээ захиалагчийн тодорхойлолтыг хавсаргаагүй, хугацаа хэтрэлттэй байхад хугацаандаа гэх хуурамч тодорхойлолтыг авсан” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ талаарх баримт нотолгоог хууль бус, хуурамч болохыг тогтоосон эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр байгаа талаарх эх сурвалжийг зааж маргаагүй, энэ талаар холбогдох баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            2.17. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК-д “СИП” утас нийлүүлдэг “ХЧ” ХХК-д олгосон тохирлын гэрчилгээ нь тухайн бүтэгдэхүүн тогтоосон шаардлагад нийцсэн болохыг зөвхөн тодорхойлсон, дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотолсон гарал үүслийн баримт гэж үзэх үндэслэлгүй, захиалагчаас энэ талаар тендерийн баримт бичигт тусгайлан заасан, уг тендерийн баримт бичиг өөрөө хүчин төгөлдөр байх тул уг шаардлагад нийцүүлэн үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг шүүх хууль бус, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

            2.18. Иймээс нэхэмжлэгч “Б” ХХК-д “СИП” утас нийлүүлдэг “ХЧ” ХХК-ийг дотоодын үйлдвэрлэгч гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв маргааны үйл баримтын зөв үнэлж дүгнэсэн  байх тул нэхэмжлэгчийн  “Нийлүүлэх бараа нь Монгол Улсын гарал үүсэлтэй байх талаар зааснаас тендер ирүүлсэн этгээд заавал өөрөө үйлдвэрлэгч байхыг хууль зүйн хувьд шаардахгүй, ... “ХЧ” ХХК-ийн цахилгааны дамжуулах утасны “МС” үйлдвэрийн “Сип” утас болон “АС” утсыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/01 тоот үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, албан ёсны гэрээт борлуулагчийн эрхтэйгээр гэрээ байгуулсныг үндэслэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг санал болгосныг дотоодын давуу эрх тооцоогүй шийдвэр гаргасан нь хууль бус, ... “ХЧ” ХХК нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргадаггүй учир Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS/IEC 610889:2000 стандартыг баримтлан, түүнд үндэслэн үйлдвэрлэлээ явуулдаг тул Монгол Улсаас гарал үүсэлтэй болохыг нотлоогүй гэж дурдан, энэ үндэслэлээр тендерийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн ...” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль үндэслэлгүй.

            2.19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2-д “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон энэ хуулийн 32-34 дүгээр зүйлээр зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна” гэж зааснаар хариуцагчаас “ОС” ХХК-ийг тендерт сонгон шалгаруулсан нь буруу биш, тендерийн сонгон шалгаруулалт хуульд нийцсэн, тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай уг үнэлгээний дүгнэлтийг үндэслэн “ЭБЦТС” ТӨХК болон “ОС” ХХК-ийн хооронд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЭБЦТС/Б1-14/2023 дугаартай гэрээг шүүх хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 


 

                        ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ