Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 14

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

СҮА дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: СБА БУсумын ... дугаар багийн иргэн Б-н А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СБА ХХААГД-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “СБА ХХААГД-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А /онлайн/, хариуцагч СБА ХХААГД Т.Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой А миний бие нь 2017 онд төрийн албаны шалгалтад тэнцэж Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 187-р тогтоолоор “Төрийн жинхэнэ албанд орох иргэний нөөц”-д бүртгэгдэж төрийн жинхэнэ албан хаагч болох эрхтэй болсон.

2018 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн МХГт “Хүний нөөц, хууль эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн”-ээр түр томилогдон ажиллаж байгаад, 2019 оны 3 дугаар сард жирэмсний амралт авч ажлаас бүр чөлөөлөгдсөн. Улмаар дахин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн”-ээр түр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Захиргаа аж ахуйн албаны даргаар томилогдсон.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/174 дүгээр тушаалаар бүтэц орон тоо батлагдсан. Үүнд захиргаа аж ахуйн дарга гэсэн орон тоо байгаа боловч энэ албан тушаалын оронд нярав гэсэн орон тоог бий болгож ажиллаж байсан. Ингээд 2019.04.04-ний өдрийн А/171 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар уг албан тушаалыг баталсан.

Тухайн үед ажиллаж байсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ажилчдын мэдээллийн цаг дээр Захиргаа аж ахуйн албаны даргын батлагдсан сул орон тоо манайд байгаа. Энэ орон тоон дээр Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Д.Бийг ажиллуулна, Ааар Бийн хийж байсан ажлыг хийлгэнэ гэж мэдээлэл хийж, тушаал төлөвлөхийг даалгасан. Даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох хууль, тогтоомж судлаад үзэхэд Б нь “сахилгын шийтгэл” авахуулсан хугацаа нь дуусаагүй байсан тул даргад хэлэхэд, тэгвэл болохгүй юм байна. Албан тушаалын тодорхойлолт дээр мэргэжил таарах хүн манайд алга. Харин чиний мэргэжил таарч байна, мөн эрхэлж байгаа албан тушаалтай чинь одоо хийх албан тушаалын чиг, үүрэг ойролцоо, тухайн албан тушаал хийх болзол шаардлага хангаад байна гэж хэлээд намайг томилсон.

Захиргаа аж ахуйн албаны даргаар томилогдохдоо би төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Бөөс энэ тухай асуухад “Чи төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, нөөцөд бүртгэлтэй, мэргэжил, ур чадвар тохирч байгаа бол болно” гэсэн хариу өгсөн. Мөн тухайн албан тушаалд томилогдоход Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар албан бичиг явуулахад, тухайн албан тушаалыг хийхэд зөрчилгүй гэж хариу ирсэн. Түүнчлэн газрын дарга тухайн албан тушаал дээр төрийн албаны шалгалтад тэнцсэн хүн ажиллуулж байгаа тул тусгай шалгалт зарлах тухай албан тоот Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдэхэд өдийд зарлах болоогүй гэсэн хариу өгсөн.

Мөн СҮА дахь Төрийн албаны салбар зөвлөлд Хүнс, Хөдөө аж ахуйн газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/100 тоот албан бичгээр Захиргаа аж ахуйн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод зөвшөөрөл олгох тухай албан бичиг хүргүүлсэн боловч, “Төрийн албаны төв зөвлөл албан тушаалын тодорхойлолтыг ойрын хугацаанд хэлэлцэхгүй” гэсэн гэж хариу өгсөн.

Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Б өөр аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөгдсөн албан тушаалын тодорхойлолтыг авч, даргаараа батлуулан хэрэглэж болно гэж зөвлөсний дагуу би Төрийн албаны зөвлөлийн сайтад батлагдсан албан тушаалын тодорхойлолт цэсэд байрлуулсан байсныг авч албан тушаалын тодорхойлолтыг батлуулсан.

Ингээд тухайн ажил үүргээ гүйцэтгээд явж байтал 2020.12.02-ны өдрийн Б/21 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би ажлаас чөлөөлөгдөхдөө 4 сартай жирэмсэн байсан. Тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны төв зөвлөлд мөн хандсан болно.

Миний бие дээрх хууль бус шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг барьжээ. Уг заалтад чадахуйн зарчимд үндэслэж томилохоор зохицуулсан. Би энэ болзлыг хангасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтыг барьжээ. Хуулийн зүйл заалтыг тодорхой заагаагүй бүхэлд нь хэрэглэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт “Захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Миний бие төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс ажилд орсон.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.7-д заасан шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна”, Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 2.2.6 дахь хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албанд орсон тухай нотлох баримт бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны шалгалтад орж тэнцсэнийг нотлох баримт бичиг байна гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч байх үндсэн шаардлага, шалгуурыг хангасан зохицуулалт тул өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6 дах заалтыг барьжээ. Би гүйцэтгэх албан тушаалын ажил эрхэлж байсан ба ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй, гаргасан шийдвэр ч байхгүй байхад, мөн хуулийн 43 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх тухай зохицуулалт бөгөөд тухайн ажлын байранд шинээр томилогдсон учир хамааралгүй зохицуулалт барьж үндэслэлгүйгээр, жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөх тухай тушаалд төрийн албанаас чөлөөлөх тухай хуулийн зүйл заалтыг тодорхой заагаагүй, ажлаас халагдах шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6 -т заасан зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны акт нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4 “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн заалтыг зөрчиж огт хамааралгүй хуулийн зүйл заалт барьсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал би шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Мөн түр орлон гүйцэтгэгчээр томилогдоогүй зэрэг болно. Энэ нь 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1 “Утга агуулгын илэрхий алдаатай” 47.1.2 “Бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.6 “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар уг тушаал нь бүхэлдээ илт хууль бус хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэж байна.

Намайг ажлаас чөлөөлөхөд би 15 недельтэй жирэмсэн, эмчийн хяналтад орчихсон байсан. Энэ тухай хэлэхэд хүлээж аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д сонсох ажиллагааг явуулах оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангасан байх гэсэн зохицуулалттай байхад боломж хангаагүй, 27.6-т сонсох ажиллагааны явц үйл ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлж гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэсэн байхад тушаалд энэ тухай тусгаагүй, 27.7-д сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэрт заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй байтал хэрэгжүүлээгүй.

Намайг шалтгаан нөхцөл тодорхойгүй, хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас халсан гэж үзэж байна. Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх тухай зохицуулалт байгаа. Энэ зүйлд заасан ажлаас чөлөөлөгдөх үндэслэл надад огт байхгүй, ажлаас чөлөөлөх шалтгаан нөхцөлийг шалган тогтоогоогүй, энэ тухай тушаалд огт дурдалгүйгээр өөрийн үзэмжээр хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх “Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2, “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтуудыг, мөн Төрийн албаны зөвлөлийн 2020.10.28-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан заалтуудыг ноцтойгоор зөрчсөн.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон. Түүнчлэн “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай “ хууль гарч олон нийтийн үйл ажиллагааг хориглосон. Тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “ ... хуулийн         дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж тодорхой зохицуулсан. Түүнчлэн 13 дугаар зүйлийн 13.2.5 дахь хэсэгт “хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” тухай зохицуулсан байхад намайг ажлаас халж энэ хуулийн заалтыг зөрчсөн.

Эдгээр цаг хугацааны зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаас болж, төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах ажил хойшлогдож байсан тул төрийн байгууллагууд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэнийг шууд томилох явдал цөөнгүй гарсан. Цар тахлын улмаас 2019.06.01-ээс 2020.04.30-ны хооронд төрийн албаны тусгай шалгалт нэг ч удаа зохион байгуулагдаагүй. Энэ хугацаанд манай аймагт нийт 29 хүн төрийн захиргааны албан тушаалд, төрийн албаны тусгай шалгалт өгөхгүйгээр томилогдсон тухай Авлигатай тэмцэх газраас гаргасан судалгаа байдаг.

Би ганцаар томилогдоогүй, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй нь надаас шалтгаалаагүй. Манай байгууллагад гэхэд л төрийн захиргааны албан тушаалд 4 албан хаагч төрийн албаны тусгай шалгалт өгөлгүйгээр шууд томилогдсон. Эдгээр хүмүүс одоо ч ажиллаж байна. Мөн Т.Г.О нь өөрөө төрийн албаны ерөнхий шалгалтад 2-3 удаа орсон боловч тэнцээгүй бөгөөд төрийн захиргааны албан тушаалыг 10-аад жил эрхэлж байна. 2020 онд уг шалгалтад тэнцэж “төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн” боловч мөн төрийн албаны тусгай шалгалт өгөлгүйгээр 2020.11.24-ний өдөр тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод удалгүй 2020.12.02-ны өдөр намайг шууд ажлаас чөлөөлсөн.

Тус газарт түүний эхнэр Мал үржлийн албаны мэргэжилтэн албан тушаалтай Б.Б төрийн албаны тусгай шалгалт өгөлгүйгээр төрийн захиргааны албан тушаалд томилогдсон. Намайг төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн мөртлөө өөрийн эхнэрээ төрийн албан хаагчийн тангараг өргүүлсэн үйлдэл нь төрийн албаны хуулийн үндсэн зорилт, зарчим, Үндсэн хуульд заасан тэгш байх эрхийг ноцтойгоор зөрчиж, ашиг сонирхлын зөрчил гаргаж, миний эрх зүйн байдлын дордуулсан.

Иймд СБА ХХААГД-ын 2020.12.02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч СБА ХХААГД Т.Г.О шүүхэд ирүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

1. 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 33.2-т төрийн жинхэнэ албаны шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт (тухайн албан тушаалын) байна гэж заасан. Дээрх шалгалтуудыг өгч тэнцээд Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, чиглэл болгосноор томилогдож тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болно. Нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт буюу тухайн албан тушаалын шалгалтыг өгөөгүй.

2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилно гэж заасныг зөрчиж томилогдсон. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын Б.Аыг ажилд томилох тухай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 дугаар тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмын 2.2 дахь заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарна гэж үзэж байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 23.4-т Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална гэж заасан байдаг. Б.Аын төрийн албаны зөвлөлөөр хянуулж зөвшөөрөл авсан албан тушаалын тодорхойлолт байгууллагад байхгүй.

4. Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч болоогүй хүнийг ТЗ-7-1 шатлалаар цалинжуулж байсан нь хууль зөрчиж байна гэв.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд хандан “СБА ХХААГД-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Маргаан бүхий акт болох СБА ХХААГД-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 43 дугаар зүйлийн 43.3.3, 43.6, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралтыг тус тус үндэслэн Хөдөө аж ахуйн ололт нэвтрүүлэлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Захиргаа, аж ахуйн албаны дарга Б.Аыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Б.А нь СБА ХХААГД-ын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Хүний нөөц, эксштэйншин, сургалт хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд томилогджээ.

 

Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн бөгөөд нөөцөд байх хугацаандаа төрийн жинхэнэ албан тушаалд томилогдолгүй нөөцөд бүртгэлтэй байх хүчинтэй хугацаа нь дууссан, мөн Захиргаа, аж ахуйн албаны даргаар томилогдсоныхоо дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 371 дүгээр тогтоолоор төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн, тусгай шалгалтад /тухайн албан тушаалын/ ороогүй байхдаа тус албан тушаалд томилогдсон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар тухайн болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх, боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс томилох учиртай.

 

Тийнхүү томилох боломжгүй тохиолдолд мөн хуулийн 27.1.4-т зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэдээс зохих журмын дагуу томилох ёстой.

 

Нэхэмжлэгч Б.А нь төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны төв байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад оролцоогүй байхдаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргаар томилогдсоныг хуулийн дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 61 дүгээр зүйлийн 61.1.10-д заасан “хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа”-г эдлэхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглох” хуулийн заалт нэхэмжлэгчид хамаарахгүй юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэгдүгээрт, захиргааны байгууллагаас хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх гэсэн хоёр нөхцөл хоёулаа хангагдсан тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх учиртай.

 

Тодруулбал нэхэмжлэгчээс шүүхэд хандаж сэргээлгэхээр шаардаж буй эрх нь хууль ёсны байж хамгаалагдах бөгөөд Б.Аыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргаар томилох процесс нь өөрөө хууль зөрчсөн байх тул эрх сэргэх ойлголт энэ тохиолдолд байхгүй юм.

 

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.Аын хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул “СБА ХХААГД-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аын “СБА ХХААГД-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНХАНД