Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 162

 

Ж.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02892 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Нийн

Хариуцагч НШГАнд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “АИУ ХХК” ХХК, иргэн Ж.Н нараас 425 615 493 төгрөгийг гаргуулж, “ХБ ХХК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэвч уг шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчиж хийгдэж байна гэж үзэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар төлбөр төлөгч Ж.Н миний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбай бүхий 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан болохыг мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.6, 77.7 дахь хэсэгт тус тус зааснаар надад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2 дахь албадан дуудлага худалдааны тухай, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай нэг ч мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй.

            Миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжны 16 тоотод байршилтай 969 м.кв талбай бүхий 3 давхар үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг 4 128 300 000 төгрөгөөр үнэлсэн байхад үнэлгээг 50 хувиар бууруулан дуудлага худалдаанд оруулсан нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж, хэт доогуур үнэлж оруулсан нь үндэслэлгүй. Иймд миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч НШГАны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр “АИУ ХХК” ХХК, Ж.Н нараас 425 615 493 төгрөг гаргуулж, “ХБ ХХК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “АИУ ХХК” ХХК, Ж.Н нарын төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016908 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 16 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан.

            Төлбөр төлөгч “АИУ ХХК” ХХК-ийн шүүхийн шийдвэрт заасан хаяг болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж Элеганс төвд байрлах хаягаар очиж 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/336 дугаар тогтоол болон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/33098, 3/33096 дугаар мэдэгдлийг тус компанийн ажилтан Б.Мөнхтуулд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулан өгч төлбөр төлөгчид өгөхийг даалган үлдээсэн. Мөн албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч иргэн Ж.Нийн хаягаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХБ ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/336 тоот тогтоол болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай Ж.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр НШГАнд хандан мэдэгдэх хуудас хүргүүлээгүй тухай гомдол гаргахад 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор хариу өгсөн. Уг тогтоолд “... албадан дуудлага худалдаанд оруулах тухай 10/336, 3/33098, 3/33096 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн хаягаар явуулсан” гэсэн. Би ямар хуулийн этгээдийн байгууллагад хамааралгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэр нь иргэн Ж.Нээр гарсан. Ингээд надад мэдэгдэл, тоот хүргүүлээгүй, би хүлээж аваагүй тул шүүх хуралдаанд хариуцагчийн хариу тайлбараар мэдэж авсан.

            Мөн тус тогтоолд “... ажилтан н.Мөнхтуулд гардуулсан”, “... гүйцэтгэх захирал Ж.Нд” гэсэн. Надад ямар ч ажилтан байхгүй бөгөөд би хуулийн этгээд байгуулаагүй, гүйцэтгэх захирал биш. Үүнийг би мэдэгдэх хуудас хүргүүлээгүй үйлдлээ зөвтгөх гэсэн шалтаг гэж үзэж байна.

            Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөгч авч, гэрээ байгуулан өөрийн өмгөөлөгч Ш.Б-г шүүх хуралдаанд оролцуулах болсон байтал өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргахад шүүгч хүсэлтийг хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлж, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа ярь гэж тулгасан. Өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, мөн өдөр хариуцагч талаас хэд хэдэн нотлох баримтуудыг гаргаж өгөхөд түүнтэй танилцуулаагүй. Уг маргаанд Ш.Базаррагчаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаад, би түүнээс татгалзаж, Б.Сутайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Ш.Б ирээд, дахин энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор болсон. Гэтэл шүүх өмнө нь энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан гэх үндэслэлээр хэргийн материалтай танилцуулаагүй. Иймд шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь НШГАнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Н, “АИУ ХХК” ХХК нараас 423 392 531 төгрөг гаргуулан “ХБ ХХК” ХХК-д олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгдөөгүйгээс төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримтад үндэслэн 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 276 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ./хх-44, 46-56 дугаар тал/

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар НШГА нь Ж.Нийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн Жамъян гүний гудамж, 16 тоот 969 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгыг 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 0155/91 тоот, 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0155/26 тоот тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0150/03 тоот тогтоолоор хураасан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийн үнийн саналаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон байна.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/002142 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 916 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2016/00814 дүгээр тогтоолоор хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, хариуцагч НШГА ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/372 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ болох 4 128 300 төгрөгийн 70 хувиар тооцон, 2 889 810 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон энэ талаар нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүйгээс худалдан борлогдоогүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт “... анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна” гэж заасан тул НШГАны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/336 тоот тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах хугацааг товлон, энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлжээ. /хх-92, 93 дугаар тал/

Дээрхээс дүгнэхэд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч болон эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэх, албадан дуудлага худалдаа явуулах зэрэг ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43, 46, 47, 48 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцүүлэн явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Нийн итгэмжлэлийн дагуу өмгөөлөгч Ш.Базаррагчаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа танилцаж байсан баримтуудыг хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг ханган шүүхэд гаргаж өгсөн байна. Уг баримттай нэхэмжлэгчийн шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай танилцсан байх тул нэхэмжлэгч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. /хх-163/

Шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-114 дүгээр зүйлд заасан дэгийн дагуу явуулах бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж буй өмгөөлөгч Ш.Базаррагчаа талуудын хүсэлтийг шүүх шийдвэрлэсний дараа хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзэж, хурлыг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

                                                                                             Ч.ЦЭНД