Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1213

 

    2022         08         16                                   2022/ШЦТ/1213  

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Х-ын Ж-т холбогдох эрүүгийн 2106 00000 2132 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх,

А овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн дүгээр байрны хажууд явж байсан Ч.Г-ыг гар утсаа өгч бай гэж хэлэн Самсунг Жи-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтан хохирогч Ч.Г-д 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:    

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-7 дахь тал/,

- Хохирогч Ч.Г-ын "Би өнөөдөр МУБИС дээр багшлах эрхийн дамжаа төгсөөд Ховд аймгаас 2 литр нэрмэл архи ирсэн хүрээд ирээч хэмээн Сүхбаатар намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байранд дуудсан юм. Сүхбаатарын гэрт очоод литр нэрмэл архийг хувааж уугаад 22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ заам хөндлөн гараад Улаанхуаран 79 дүгээр байрны хажууд гэр рүүгээ алхаж байтал цагаан өнгийн юүдэнтэй малгайтай залуу миний араас ирээд цагдаагийн алба хаагч байна, бичиг баримтаа шалгуул гэж надад хэлэхэд би гар утасны резинен гэрний ард талд бичиг баримтууд байсан юм. Гар утсаа гаргаад иргэний үнэмлэхээ үзүүлтэл гар утасны хамт аваад шууд зугтаасан, хаашаа гүйсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Би гар утсаа 2017 онд 800.000 төгрөгөөр Самсунг Жи-7 маркийн гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хар өнгийн гэртэй, шилэн наалт нь зүүн талдаа бага зэрэг цуурсан байсан. Улаан хацартай 173 метр өндөртэй, цагаан юүдэнтэй цамцтай, хар бэлтгэлийн өмдтэй, 34-35 настай гэмээр бүдүүн хоолойтой хүн байсан. Би тэр хүнийг дахин харвал шууд зааж чадна" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,

- Улаанхуарангийн 79 дүгээр байрны гадна талын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 21 дэх тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд *******-ын яллагдагчаар өгсөн "Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн автобусны буудлын урд байрлах байрны голоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 79 дүгээр байрны голоор нэг үл таних залуу алхаад явж байсан. Тухайн үед 22 цаг орчим болж байсан. Тэр залуугийн ардаас очоод утсаа өгч бай гэж хэлээд утсыг нь аваад зугтсан. Би хохирогчид гар утсыг нь өгч нөхөн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дахь тал/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн автобусны буудлын урд байрлах 79 дүгээр байрны дэргэд явж байсан хохирогч Ж.Г-ын Самсунг жи 7 маркийн гар утсыг  аваад зугтсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

*******-ын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утсыг биет байдлаар нь буцааж өгч хохирлыг барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******анчивт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 09 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах. Уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна гэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай захирамжаар шүүгдэгч *******-ын 7 сар 15 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн сольж нэмж, нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 19 хоногоор тогтоосон байх бөгөөд ялын тооцоогоор 02 жил 01 сар 15 хоногийн хорих ял үлдсэн байна.

Шүүгдэгч *******-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролгүй байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 8 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж урьд үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/  жил 9 /ес/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь урьд 4 удаагийн ял шийтгүүлсэн, хорих ял эдэлж байсан, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан боловч засрал хүмүүжлийг олохгүй ахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан байх ба хохирогч Ч.Г-ын Самсунг Жи-7 маркийн гар утсыг буцааж өгсөн байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт *******-г “Эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар *******-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай захирамжаар шүүгдэгч *******-ын нийт эдлэх ялыг 2 жил 10 сар 19 хоногоор тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/  жил 9 /ес/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 2 /хоёр/  жил 9 /ес/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-ын цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ