Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/769

 

 

 

 

 

 

 

 

  2022          9           28                                     2022/ШЦТ/769

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч А.Азжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бад холбогдох эрүүгийн 2211 01173 1452 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Мэргэн номин” ХХК-ын захирал ажилтай, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц.Б, регистрын дугаар гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь ... тоотод 2022 оны 7 дугаар сарын 13-ны өглөө хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ш.Мтай маргалдаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9892 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

- Яллагдагч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 61, 63 дахь тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ц.Быг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт хотхоны 01 тоотод 2022 оны 7 дугаар сарын 13-ны өглөө хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ш.Мтай маргалдаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Бад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ц.Б нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт хотхоны 01 тоотод 2022 оны 7 дугаар сарын 13-ны өглөө хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ш.Мтай маргалдаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 05 цагийн үед нөхөр Ц.Б, хүү Мэргэнбаатар нарын хамт Хүй долоон худаг орсон юм. Тэнд очоод морь үзэж байтал манай нөхөр хамт ажиллагаа энэ тэрд явж байсан хүмүүстэйгээ таараад архи уусан. Нээх их согтоогүй. Би 12 цагийн үед тэндээс гараад машинаа бариад 15 цагийн үед зуслан буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт хотхон 1 дүгээр байшиндаа ирсэн юм. Хүү Мэргэнбаатар машинд унтсан байсан учир машинд нь унтуулчхаад гэр лүү ороод 2 давхарт байх унтлагын өрөөндөө орсон. Тухайн үед Ц.Б надаас түрүүлээд өрөөнд орж ирээд хэвтчихсэн унтсан юм шиг байсан. Би хажуугаар нь орж хэвтээд унтах гэтэл шууд босож ирээд дайраад унахаар нь би “...хүүе би ядарч байна, би бэлгийн харьцаанд орохгүй...” гэтэл аймар дайраад байсан. Би шөнө унтаагүй ядарч байна гээд уурласан чинь пизда чинь гээд зүүн гараараа миний баруун хэсэгт 1 удаа алгадаад босоод гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9892 дугаартай: "...Ш.Мын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

- Яллагдагч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд тэндээсээ гараад шууд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт хотхон 1 тоотод байх зуслангийн байшин руу явсан. Гэрт ороод амрахаар 2 давхартаа эхнэр Ш.Мын хамт гарсан. Унтахаар хэвтээд би эхнэртэй бэлгийн харилцаанд орох гэсэн чинь эхнэр уурлаад байхаар нь уур хүрээд нэг удаа алгадчихаад гараад яваад өгсөн. Хажуу айлын гэрт ороод бөх үзээд байж байтал эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд оруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь эхнэр Ш.Мыг бэлгийн харилцаанд орсонгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Ш.Мын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ц.Бын идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Ш.М нь “...Миний бие Ц.Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” /хавтаст хэргийн  63 дахь тал/ гэх тул шүүгдэгч Ц.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ