Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.М

          Шүүгдэгч М.Л нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн М.Л-т холбогдох эрүүгийн ..... дугаартай  хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 8 сарын 28-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаан монтаж мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 278-р ангид харуул ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, Д аймгийн С сумын 6 дугаар баг Боржигоны 6-2 тоотод оршин суух, Эх орны төлөө, Энхийн төлөө медаль авч байсан, урьд ял шийтгэлгүй, Т овогт М-ын Л РД:/ /.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн С сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” бааранд иргэн Г.Д-той  тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас нүүрэнд нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  Шүүгдэгч М.Лшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 3 сарын 18-ны өдөр ажлынхаа хүмүүстэй явж байгаад согтсон байсан. Г.Д-той бага зэрэг муудалцаад цохисон.” гэв.

 

           Шүүгдэгч М.Л-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “2022 оны 3 сарын 18-нд “Монгол цэргийн баярын өдөр”-ийг тэмдэглэхээр ажлынхаа Х, С, Н, Д, Д-гийн эхнэр С, Б, У, Б, В, Б, Н нарын хамт “Нитро” бааранд орсон. Сүүлд манай ажлын дүү нар болох Д, Д Д, Д нар ирсэн. “Нитро “баарны 1 давхарт байх бүжгийн талбайд бүжиглэж байгаад дээшээ 2 давхарт ширээнд очтол Х, Д хоёр барьцалдаад авсан. Манай ажлынхан салгаж байсан. Би Дид хандан “ахын дүү яагаад муудсан юм, юунаас болсон юм бэ?” гэж асуутал Г.Д өөдөөс томроод “Ална шүү” гээд байхаар нь баруун гараараа Г.Д-ийн нүүр хэсэгт цохисон. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

 

          Хохирогч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд ажлынхаа М.Д, Б.Д нарын хамт С сумын 7 дугаар багт байрлах “Нитро” бааранд ороход тэнд манай ажлын М.Л, С, Д, Б, В, Б, Н, Х, Б, Дгийн эхнэр С, Н гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бааранд орохоос өмнө М.Д, Б.ДавааД бид 3, хоёр ширхэг Сэнгүр нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво уусан байсан юм. Тэгээд ажлынхантайгаа “Нитро” баарны 2 давхарт байх нэг ширээнд хамт суусан. Ороод нэг их удаагүй байхад Х ах гаднаас орж ирснээ “Танай оныхон яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд баруун гараараа миний зүүн шанааны доод хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тэвэрч аваад “Та яагаад байгаа юм бэ? манай оныхон яасан юм, ямар асуудал гаргасан юм” гэхэд ажлынхан бид хоёрыг салгасан. Намайг Х ахтай зууралдаад байж байх үед Л ах миний дагз хэсэгт 2-3 удаа цохисон. Ажлын хүмүүс Х ах бид хоёрыг салгаад намайг С ах “Нитро” баарны 2 давхрын урд булан руу аваад явтал араас Л ах ирсэн юм. Тэгэхээр нь би Л ахад хандан “та яагаад намайг араас цохиод байгаа юм бэ?” гэж хэлтэл зүгээр байж байгаад баруун гараараа миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Би хамраа дараад суутал, хамраас цус гарч эхэлсэн ба хүмүүс хамар чинь хугарчихсан байна, эмнэлэг явах хэрэгтэй гэхээр нь эмнэлэг явахаар “Нитро” баарнаас гартал цагдаа нар ирчихсэн байсан. Энэ гэмтэл Л ах намайг цохих үед үүссэн. Тэр хүн миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохисны улмаас хамраас цус гарч эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч миний хамрыг хугарсан байна гэсэн. Тухайн үйл явдал болсон шөнөөс хамар хэсэг хавдаж өглөө нь харахад зүүн нүдний дээд, доод зовхи хөхөрсөн байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

      Гэрч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 18-нд “Монгол цэргийн баярын өдөр”-ийг тэмдэглэхээр ажлынхаа хүмүүсийн хамт “Нитро” бааранд орсон. Биднийг байж байтал сүүлд нь Г.Д Д, ДД нарын хамт ирсэн. Удалгүй Д, ДавааД нар явсан. Тэгээд байж байгаад нэг хартал манай ажлын Х ах Г.Д нар муудалцаад барьцалдчихсан байсан. Тэгэхээр нь очоод салгаад Х ахаас юу болсон яагаад Даргалагч:-той муудалцсан талаар асуухад “Дийг би эрээн хувцастай олон нийтийн газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж болохгүй гэж шаардлага тавьтал үг сонсохгүй байна ” гэж хэлээд Х ах надад хандан “чи дүү нартаа юм хэлэхгүй байна” гэж хэлэхээр нь би яах юм бэ? ах аа “баярын өдөр юм чинь” гэж хэлсэн. Тухайн үед бид “Нитро” баарны 2 давхарт сууж байсан бөгөөд манайхан өндөрлөхөөр болж би доошоо буугаад тооцоо хийчихээд буцаад иртэл манай сууж байсан ширээнд цагдаагийнхан ирсэн байсан. Би яасан юм бол гээд хартал Г.Д хамраа дарчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд хамрыг нь дартал Д-ийн хамар чихэгдчихсэн байсан. Доос хэн цохисон юм бэ? гэж асуухад Лхамаа ах цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

          Гэрч Э.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн баярын өдөр”-ийг тэмдэглэхээр ажлынхаа Б, Цэрэнжаргал, Өлзиймаа, Л нарын хамт С сумын 7 дугаар багт байрлах “Нитро” бааранд орсон. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх. Бааранд манай ажлын хэдэн хүн байсан. Тэгтэл араас манай ажлын Г.Д гэх залуу орж ирсэн. Би ажлынхаа хүмүүсийн хамт “Нитро” баарны 2 давхарт ширээнд суусан. Ширээнийхээ хажууд нэг давхарт байх бүжгийн талбай руу хараад зогсож байтал Л, Д гэх манай ажлын хоёр залуу хэрэлдэж маргалдаад байхаар нь би “та хоёр боль, яах гэж хэрэлддэг юм” гэж хэлчихээд зогсож байтал ард хүн орилсон. Тэгэхээр нь эргээд хартал Г.Д хана налаад зогсчихсон хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь халааснаасаа алчуур гаргаж ирээд Д-ийн цусыг тогтоож байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Би Л, Д хоёрыг хэрэлдэж маргалдахаа боль гэж хэлээд эргэж хараад удаагүй байхад ард хүн орилсон. Тэгээд дахин эргээд харахад М.Лнь Г.Дийг цохисон, түүний хамраас нь цус гарч байсан. Миний бодлоор Г.Д-ийн биед дээрх гэмтлийг М.Л учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /

 

           

 

 
   

Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №115 дугаартай:

 

      1. Г.Д-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

       4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус, тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 /,

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/

           Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

           Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/

           Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 45/

           Д аймгийн С сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/

           Хохирогч Г.Д-ийн Цагдаагийн газарт гаргасан “надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 49/

          Д аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 сарын 06-ны өдрийн 12 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 54-55/

           Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт ял тохирох талаар прокурорын санал /хх-ийн 56/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Л нь 2022 оны 3 сарын 18-ны орой 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн С сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” бааранд Г.Дийг “ална шүү” гэж хэллээ гэх шалтгааны улмаас  нүүрэнд нь цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:

        шүүгдэгч М.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Г.Д-той бага зэрэг муудалцаад цохисон” гэх, түүний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Г.Д өөдөөс томроод “ална шүү” гээд байхаар нь баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон.” гэх,

        хохирогч Г.Д-ийн: “....Л ахад хандан “Та яагаад араас намайг цохиод байгаа юм бэ?” гэж хэлтэл зүгээр байж байгаад баруун гараараа миний хамар хэсэгт 1 удаа цохисон юм. Би хамраа дараад суутал, хамраас цус гарч эхэлсэн ба хүмүүс хамар чинь хугарчихсан байна, эмнэлэг явах хэрэгтэй гэсэн. Энэ гэмтэл Л ах намайг цохих үед үүссэн.” гэх

       гэрч Н.Б-гийн: “2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн баярын өдөр”-ийг тэмдэглэхээр ажлынхаа хүмүүсийн хамт “Нитро” бааранд орсон.  ....Г.Д хамраа дарчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд хамрыг нь дартал Д-ийн хамар чихэгдчихсэн байсан.” гэх

        гэрч Э.С-ын: “...Би ширээнийхээ хажууд нэг давхарт байх бүжгийн талбай руу хараад зогсож байтал Л, Д гэх манай ажлын хоёр залуу маргалдаад байхаар нь би “Та хоёр боль, яах гэж хэрэлддэг юм” гэж хэлчихээд зогсож байтал ард хүн орилсон. ... эргээд хартал Г.Д хана налаад зогсчихсон хамраас цус гарсан байдалтай байсан. ...Тэгээд дахин эргээд харахад М.Лнь Г.Дийг цохисон байсан. Тухайн үйлдлийн улмаас Г.Д-ийн хамраас нь цус гарч байсан. Миний бодлоор дээрх гэмтлийг Г.Д-ийн биед М.Л учруулсан.”гэх мэдүүлгүүд болон Д аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Г.Д-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэн болохыг тогтоосон 115 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Л-ыг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Л нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Л-т  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулав.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч М.Л-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч М.Л-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

        Шүүгдэгч М.Л-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч М.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч М.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Т овогт М-ын Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч Т овогт М-ын Л-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У