Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 3323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 12а дугаар байрны 1 тоотод оршин суух, “Өрнөлпроект” ХХК /РД: 2090171/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 16100, Москвагийн гудамж 7, Актив төвийн 506 тоот, “Батбаян дэлгэрэх” ХХК /РД: 5685966/-д холбогдох,

 

30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Оюундарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “Өрнөлпроект” ХХК-ийн төлөөлөгч Ш.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өрнөлпроект” ХХК нь “Батбаян дэлгэрэх” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах Д.Саранцэцэгийн үйлчилгээ, оффисын барилгын өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, “Батбаян дэлгэрэх” ХХК нь зургийн ажлын үнэнд 45 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. “Батбаян дэлгэрэх” ХХК нь гэрээний дагуу 45 000 000 төгрөг төлөхөөс нийт 25 000 000 төгрөг төлсөн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй. “Өрнөлпроект” ХХК нь гэрээт хугацаандаа ажлын зургийг боловсруулж дуусган, улсын магадлалаар хянуулан захиалагчид үлдэгдэл төлбөр болох 20 000 000 төгрөгийг төлөөд зургаа ав гэсэн боловч одоогоор зургийн мөнгө төлөх боломжгүй байна, барилгаа барьж дуусгаад өгье гэж гуйх болсон. Компаний удирдлагын зүгээс итгэл үзүүлээд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зургийг хүлээлгэж өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 22-нд албан ёсоор акт үйлдсэн. “Батбаян дэлгэрэх” ХХК 2016-2017 онд барилгаа барьж дуусгасан. Түүнээс хойш бид гэрээний үлдэгдэл 20 000  000 төгрөгийг олон дахин нэхсэн боловч төлөх бололцоогүй байна, жоохон хүлээгээч гэж аргацааж, хойшлуулсаар өдийг хүрсэн. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцож /1 хоногийн алданги 60 000 төгрөг, 430 хоногийн алданги 25 800 000 төгрөг боловч Иргэний хуулийн дагуу алданги 50 хувиас хэтрэхгүй тул/ 10 000 000 төгрөг, үндсэн үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг “Батбаян дэлгэрэх” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн төлөөлөгч З.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Өрнөлпроект” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үйлчилгээ, оффисын барилгын өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээгээр зураг төсөл нь 7 давхар барилгын зориулалттай байх атал “Өрнөлпроект” ХХК нь 5 давхар барилгын зураг төсөл боловсруулж өгсөн нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээний үнийг 45 000 000 төгрөгөөр тохиролцсон нь үнэн бөгөөд 25 000 000 төгрөгийг нь манай компани төлж барагдуулсан. Одоо “Өрнөлпроект” ХХК-иас анх байгуулсан гэрээний дагуу 7 давхар барилгын иж бүрэн зураг төслийг зохих байгууллагуудаар баталгаажуулан манай талд хүлээлгэн өгсөн тохиолдолд нэхэмжилж буй мөнгийг саадгүй төлнө. Алдангийн хувьд нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацааг хэтрүүлж ажлыг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал мөн гэрээний үүргээ зөрчсөн тул алданги төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өрнөлпроект” ХХК нь хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ...нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацааг хэтрүүлж ажлыг хүлээлгэн өгсөн тул алданги төлөх үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна. Гэрээний 1.1, 1.2-д зааснаар нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний баруун талд баригдаж  буй Д.Саранцэцэгийн орон сууцны барилгын 5 давхар каркасан барилгын зориулалтыг өөрчилж, шинээр төлөвлөх, түүнтэй залгаж барьсан суурийг буулгаж, буурин дээр 7 давхар каркас барих, уг 2 каркасыг нийлүүлж үйлчилгээ, оффисын барилга болгох зураг төсөл боловсруулах, хариуцагч нь ажлын хөлсөнд 45 000 000 төгрөгийг төлөхөөр заажээ. Уг гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасан зураг төслийг хийж гүйцэтгэн хариуцагч талд хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсөнд 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг талуудад үүсжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд мөн зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар 7 давхар каркас барих барилгын зураг төслийг хийж гүйцэтгэхээр заасан байх боловч 5 давхар барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөлтийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/4328 дугаар албан бичгээр нотлогдож байна. Түүнчлэн, нэхэмжлэгч уг ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлгэн өгсөн акт болон 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зураг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр гэрээгээр 7 давхар барилгын зураг төслийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэхээр заасан байх боловч хариуцагч нь энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, ажлын хүлээн авсан, хариуцагч нь гуравдагч этгээдэд барилгыг хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т заасан биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн “...гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэвэл үлдэх төлбөрийг бүрэн төлнө” гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээний ажлын хөлс үлдэгдэл 20 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөн зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Түүнчлэн, мөн зүйлийн 232.4-т зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн зүйлийн 232.5-т зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. Харин мөн зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Өөрөөр хэлбэл, алданги болон торгууль нь гэрээний хариуцлагын бие даасан тусдаа зохицуулалт.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний 4.2-т талууд торгуулийн талаар тохиролцсон байх бөгөөд харин алдангийн талаар заагаагүй байна. Иймд талуудыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алдангийн гэрээг бичгээр хийсэн гэж үзэх боломжгүй буюу талуудыг алдангийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-иас 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Өрнөлпроект” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН