Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/03147

 

2018 оны 10 сарын 23 өдөр

    Дугаар 102/ШШ2018/03147

Улаанбаатар хот

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө гудамж, Гурван гол холдинг байр, 4 давхарт оршин байх, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам, материал импекс Б корпус, 304 тоотод оршин байх, “Д” ХХК-д холбогдох,

 

110,265,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “Петрожамп” ХХК болон “Далайван ундарга” ХХК-иуд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 60/17 тоот нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээтэй холбогдуулан бид нэмэлт гэрээ байгуулж, шаардлагатай дизель түлш нийлүүлдэг бөгөөд нийт 60,000 литр буюу 89,400,000 төгрөгийн дизель түлш нийлүүлэхээр хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэвч “Далайван ундрага” ХХК-ийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан гэрээгээр нийлүүлэх дүнд хүрээгүй. Ингээд хариуцагч нь 73,510,000 төгрөгийн дизель түлш авсан хэдий ч үүнээс огт төлөлт хийгээгүй. Бидний зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 12-нд байгуулсан нэмэлт гэрээний дагуу төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөх ёстой байсан. Гэтэл тогтсон хугацаанд төлөхгүй байсан тул шүүхэд хандсан. Бид удаа дараа төлбөр барагдуулах хүсэлтийг хариуцагч байгууллагад хүргүүлж байсан ч тэдний зүгээс зохих арга хэмжээг авсангүй.

Иймд хариуцагчаас гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөрийн үлдэгдэл 73,510,000 төгрөг, талуудын хооронд гэрээгээр харилцан тохирсон алданги 36,755,000 төгрөг, нийт 110,265,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бидний байгуулсан гэрээний 3.5-д худалдан авагч нь төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан. Гэрээний дагуу төлбөрийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэхэд төлөх ёстой байсан. Энэ өдрөөс алданги тооцохоор үндсэн үүргээсээ хамаагүй илүү гарч байгаа. Ингээд бид хуульд заасны дагуу алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиар тооцон нэхэмжилж байгаа юм гэжээ.  

  

Хариуцагчийн төлөөлөгч Т.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй89,400,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч бидний хүсэлтээр73,510,000 төгрөгийн түлшийг бодит байдал дээр хүлээн авсан, мөн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж чадаагүй нь үнэн. Энэ тал дээр маргах зүйл алга. Бидний зүгээс түлшийг авч ажил гүйцэтгэж байсан бөгөөд тэр үеийн ажлуудаа гүйцэтгэсэн ажлын хөлсийг одоог хүртэл бүрэн аваагүй өөрсдөө алдагдалд орж анх байгуулсан нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Шүүхийн зүгээс алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэж л хүсэх байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Петрожамп” ХХК болон хариуцагч “Далайван ундарга” ХХК-иуд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр №60/17 тоот “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр “Петрожамп” ХХК нь нийт 89,400,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг “Далайван ундарга” ХХК-д нийлүүлэх, харин “Далайван ундарга” ХХК нь төлбөрийг 30 хоногийн дотор төлөх үүргийг харилцан хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

“Далайван ундарга” ХХК-ийн хүсэлтийн дагуу “Петрожамп” ХХК нь гэрээгээр тохирсон 89,400,000 төгрөгийн бус 73,510,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг нийлүүлсэн болон уг төлбөрийг “Далайван ундарга” ХХК нь буцаан төлж барагдуулаагүй байгаа тал дээр зохигчид маргаангүй байна.  

 

“Петрожамп” ХХК нь хариуцагч “Далайван ундарга” ХХК-д холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг буюу төлбөрийн үлдэгдэл 73,510,000 төгрөг, алданги 36,755,000 төгрөг нийт 110,265,000 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.   

 

Нэгэнт “Далайван ундарга” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нийлүүлсэн дизель түлшний үнэ 73,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ. 

 

Түүнчлэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

Талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 100,265,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч“П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 659,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ХАНГАЛ