Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1211

 

2022        08          15                                         2022/ШЦТ/1211

 

                             

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Г,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Б овогт *******, Б овогт Ч. Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206007160721 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Бовогт*******,

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын .....тоотод байдаг иргэн Д.-ийн монгол гэрийн тооноор хууль бусаар орж, гэрт байсан Панасоник брендийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн шөнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 36-А гудамжны 735-б тоотод оршин суух иргэн Н.Э-ийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, гэрт байсан мөнгөн бөгж 2 ширхэг, төмөр бөгж 1 ширхэг, хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн өрөөсөн ээмэг 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, 22 инчийн хэмжээтэй LG загварын зурагт 1 ширхэг, 5 кг малын мах, 5 кг цагаан будаа, 1 ширхэг цоож зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 254.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 28 дугаар гудамжны ...тоотод байрлах хохирогч Н.О-ны эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр буюу автомашины гаражид хууль бусаар нэвтэрч, аккумулятор, залгуур, холбогч, гагнуурын аппарат, хөрөө зэрэг эд зүйлсийг авч, бусдад 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч******* нь ганцаараа 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Отгонтэнгэр” дэлгүүрийн арын хаалгаар хууль бусаар нэвтрэн орж, “Кент” тамхи 10 хайрцаг, “Майлд” тамхи 10 хайрцаг, “Парламент” тамхи 10 хайрцаг, бэлэн 200.000 төгрөг, 1 хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.М-т 409.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.  

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Д.Э-н гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 3 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-10 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Ө-с хураан авсан Панасоник гэсэн бичиглэлтэй зурагтыг хохирогч Д.Э-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/,

- Хохирогч Д.Э-н “Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 44-798а тоотод өөрийн төрсөн дүү Ц.Энхзулын хамт амьдардаг ба 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай дүү Энхзул бид хоёр 13 цагийн орчимд гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх эгч Эрдэнэчимэгийн гэрт очиж хоносон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай Энхзул гэртээ ирээд би өөрөө ажилдаа явсан байсан ба Энхзул над руу 12:40 цагийн орчимд залгаад “манай гэрт хулгайч орсон байна, гэртээ ороод ирэхэд тооноор хүн орж ирсэн юм шиг байна. Зурагт байхгүй байна, гэрийн гадаа куртка байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юманд битгий хүрээрэй гээд ажлаасаа гарсан ба шууд цагдаагийн байгууллагад хандсан. Би ажлаасаа гараад шууд гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой, гэрийн тооны гялгар уутыг урсан байдалтай байсан ба гэрийн авдарт байсан эд зүйлсийг мөн гаргаад тавьсан байсан. Манай гэрээс Панасоник брэндийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагт алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Э-н “Намайг гэртээ ирэхэд манай гэрийн хашааны хаалга түгжээтэй байсан боловч гэрийн тооно онгорхой байгаа харагдсан ба гэрийн хаалга түгжээтэй байхаар нь гэрийнхээ хаалгыг нээгээд ороход манай гэрийн авдар онгорхой, зурагт байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

- Гэрч Ж.Ө-н “Эдгээр Панасоник, ЛЖ загварын зурагтуудыг би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө буюу өчигдөр өглөө 10 цагийн орчимд Нямдорж над руу залгаад “зурагт худалдаж авах уу ах аа” гэхээр нь би Цагаан давааны эцсээс урагшаа байх тэдний гэрт түүний зааж өгсний дагуу очих үед Нямдорж болон Сүхбаатар гэдэг зүс таних залуу, өөр нэг залуугийн хамт гурвуулаа байсан. Нямдорж та тэгвэл хоёуланг нь 50.000 төгрөгөөр авчих гэхээр нь би эхнэр П.Уранцэцэгтэй утсаар ярьж байгаад 50.000 төгрөг түүнд дансаар шилжүүлэн өгөөд хоёр зурагтыг нь аваад явсан. Тухайн үед Нямдорж надад зурагт зарах үедээ “ахтайгаа маргалдсан. Өөрийнхөө зурагтуудыг зарахаар болсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр хуудас/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/,

- Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрөнд харьцуулсан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

-*******-ийн яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын эхээр шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах Цайзын 40а дүгээр гудамжны 764 тоотод оршин сууж байсан найз, шоронд хамт ял эдэлж байсан *******-той хамт амьдарч байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө бид хоёр тэдний гудамжнаас хойш 2 дахь гудамжинд байх саарал өнгийн гүйдэг төмрөн хаалгатай айлын хашаанд орох үед дотор нь 2 монгол гэр байсан, урд айл нь цоожгүй, арынх нь гэр цоожтой байхаар нь ******* тэр гэрийн тооноор ороод хавтгай дэлгэцтэй, саарал өнгийн зурагт гаргахаар нь би гэр дээр нь гарч байгаад зурагтыг нь аваад *******-ийн гэр лүү нь явцгаасан. ******* бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийхээр болсон. Ямар нэгэн шалтгаан байхгүй. ******* тэр зурагтыг, өөр нэг хулгайлсан зурагтын хамт танилаа утсаар дуудаад 50.000 төгрөгөөр зарсан. Бид хоёр тэр мөнгөөр нь хоол ундны зүйл худалдан авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

- 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 187-192 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

- Хохирогч Н.О-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 200/,

- Хохирогч Н.О-ы “2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагт гэртээ ирэхэд хаалга хаалттай хэвийн байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед бие засахаар гарахад байшингийн баруун талд гаражийн хаалга онгорхой байсан тул ороход 90 амперын 2 ширхэг аккумулятор, хананд өлгөөтэй байсан цагаан өнгийн уртасгагч, машины холбогч, ширээн доор байсан улаан өнгийн 250 амперын Кено загварын гагнуурын аппарат, цахилгаан модны хөрөө зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тухайн үед ажилтай байсан учраас цагдаад мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221/,

- Гэрч*******-ийн “Би 2022 он гарснаас хойш урьд өмнө хамт ял эдэлж байсан  хэрэг хам *******-нд амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 40а гудамжны 764 тоот гэрт нь түүнтэй хамт амьдарч байсан. Би нэг өдөр *******-ийн төрсөн ах буюу уг гэрийн эзэн Бямбацогтын хамт барилга дээр ажил хийдэг байсан ба орой ажил хийгээд гэрт нь ирэх үед гагнуурын аппарат, цахилгаан хөрөө, цахилгаан уртасгагч гэх зэрэг эд зүйлс байсан. Ямар учиртай багаж болохыг нь би мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-228/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 232-233/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-22/,

- Гэрч Б.Ч-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 23/,

- Хохирогч Н.Э-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 24/,

- Хохирогч Н.Э-ийн “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай хажуу айлын Чулуунбагана гэдэг эгч утсаар яриад манай гэрийн  хаалганы цоожийг эвдээд  хулгайч орсон байна, цагдаа дуудсан гэж хэлж байсан. Манай гэрээс зурагт, хонины мах, будаа, манай өвөөгийн хэрэглэж байсан хөөрөг, хүзүүний гинж, бөгж зэрэг хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31/,

- Гэрч Ч-ны “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед ус авах гээд ороход цоож нь эвдэрчихсэн газар уначихсан байдалтай байхаар нь хаалгыг нь бага зэрэг нээж харчихаад гэртээ орж ирээд цагдаагийн байгууллагад хандсан. Би хаалгаар харахад авдар нь онгорхой, зурагт нь байхгүй, авдарных нь урд эмх замбараагүй байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-35/,

- Гэрч Ж.Ө-ын “Би Нямдорж гэдэг хүнээс хулгайн эд зүйлс худалдан авсан байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө буюу өчигдөр өглөө 10 цагийн орчимд Нямдорж над руу залгаад “зурагт худалдаж авах уу” гэхээр нь би Цагаан давааны эцсээс урагш байх тэдний гэрт түүний зааж өгсний дагуу очих үед Нямдорж болон Сүхбаатар гэдэг зүс таних залуу, өөр нэгэн залуугийн хамт гурвуулаа байсан. Ингээд том зурагтыг нь авъя гэж хэлээд асааж үзэхэд асахгүй байхаар нь жижиг зурагтыг нь асааж үзэх үед ажиллаж байсан ба ингээд жижиг зурагт нь 50.000 төгрөгөөр авах болох үед Нямдорж 2 зурагтыг нийлүүлээд 70.000 төгрөгөөр авчих гэхэд би асахгүй зурагт авахгүй гэхэд Нямдорж тэгвэл та хоёуланг нь 50.000 төгрөгтөө аваад явчих гэхээр нь би эхнэр П.Уранцэцэгтэй утсаар ярьж байгаад 50.000 төгрөг түүнд дансаар шилжүүлэн өгөөд хоёр зурагтыг нь аваад явсан. Тухайн үед Нямдорж надад зурагт зарах үедээ “ахтайгаа маргалдсан, өөрийнхөө зурагтуудыг зарахаар болсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 47-48/,

- Хохирогч Б.М-ын “Манай эхнэр над руу 10 цагийн үед утсаар яриад “манай дэлгүүрт хулгай орсон байна” гэж ярихаар нь би цагдаад өгсөн үү гэхэд цагдаа дуудчихсан гэсэн. Манай дэлгүүрээс Кент тамхи 10 хайрцаг, Майлд тамхи 10 хайрцаг, Парламент тамхи 10 хайрцаг, бэлэн 200.000 төгрөг, эрэгтэй пүүз зэрэг эд зүйл алдагдсан. Манай дэлгүүрийн гадна талын хаалгыг цоожлоод хашаан дотор байдаг дэлгүүрийн арын хаалгыг онгорхой орхиод эхнэр гэр лүү орчихсон хойгуур хулгайч хашаа даваад дэлгүүрийн арын хаалгаар орж тамхи, бэлэн мөнгө зэрэг эд зүйл авч явсан байсан. Хашааны хаалга мөн цоожтой байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Б-ын “2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед Отгонтэнгэр дэлгүүрийн гадна талын хаалгын түгжээ, арын хаалгыг онгорхой орхиод, гэр лүүгээ орж аяга угаагаад гарч ирэх хооронд хашаа давж хүн орж ирээд 30 хайрцаг тамхи, бэлэн 200.000 төгрөг авсан байсан” гэх мэдүүлэг,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 44 дүгээр гудамжны 798а тоотод байдаг иргэн Д.Э-ийн монгол гэрийн тооноор хууль бусаар орж, гэрт байсан Панасоник брендийн 32 инчийн ЛСД дэлгэцтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн шөнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 36-А гудамжны 735-б тоотод оршин суух иргэн Н.Э-ийн эсгий гэрийн хаалганы цоожийг эвдлэх, хууль бусаар нэвтрэн орж, гэрт байсан мөнгөн бөгж 2 ширхэг, төмөр бөгж 1 ширхэг, хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн өрөөсөн ээмэг 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, 22 инчийн хэмжээтэй LG загварын зурагт 1 ширхэг, 5 кг малын мах, 5 кг цагаан будаа, 1 ширхэг цоож зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 254.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 28 дугаар гудамжны 649 тоотод байрлах хохирогч Н.О-ны эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр буюу автомашины гаражид хууль бусаар нэвтэрч, аккумулятор, залгуур, холбогч, гагнуурын аппарат, хөрөө зэрэг эд зүйлсийг авч, бусдад 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч******* нь ганцаараа 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ганцаараа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Отгонтэнгэр” дэлгүүрийн арын хаалгаар хууль бусаар нэвтрэн орж, “Кент” тамхи 10 хайрцаг, “Майлд” тамхи 10 хайрцаг, “Парламент” тамхи 10 хайрцаг, бэлэн 200.000 төгрөг, 1 хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.М-т 409.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э, Н.О, Н.Э, Б.М, гэрч Ц.Э, Ж.Ө,*******, Б.Ч, Г.Б нарын мэдүүлэг, эд зүйсэд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******,******* нарыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон харилцан бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч *******,******* нар нь хохирогч нарын гэрт тооноор болон цоожийг эвдэн орж тэдний эзгүйд эд хөрөнгийг нь авч гаран бусдад худалдаж хэрэглэсэн байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх ашиг хөрөнгөнд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч *******,******* нар нь хохирогч нарын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан хохирол учруулсан нь шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч *******,******* нарт прокуророос тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь хулгайлсан эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй, харин******* нь Орхон аймагт ганцаараа үйлдсэн хэрэг буюу Б.М-т учруулсан 409.500 төгрөгийн хохиролоо төлөөгүй байх тул шүүгдэгч*******-оос гаргуулан Б.М-т олгох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

            Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжаар *******-д оногдуулсан 1 жил 11 сар 27 хоногийн хорих ялаас/1хавтас 64-70хх/ эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн *******-ийн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч*******-д ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэнийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч М-ын хохирол 409500 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгч*******-оос гаргуулж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг халив, хар өнгийн хос гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 338 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар шилжүүлэн цагдан хоригдсон байх ба шүүгдэгч ******* нь 102 хоног, шүүгдэгч******* нь 83 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р-ийн Н, Б овогт Ч-ийн Т нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-д 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч*******-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаар захирамжаар оногдуулсан 1 жил 11 сар 27 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн *******-ийн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 4 жил 7 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ийн урьд цагдан хоригдсон 102 хоног,*******-ийн цагдан хоригдсон 83 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******-оос 409.500 төгрөгийг гаргуулан хохирогч Хэнз овогт Б-гийн М-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг халив, хар өнгийн 1 хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                               

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.АЮУШЖАВ