| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/03127/И |
| Дугаар | 102/ШШ2018/03035 |
| Огноо | 2018-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2018/03035
| 2018 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2018/03035 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн, 21 дүгээр хороо, горькийн 17 дугаар гудамж, 415 тоотод оршин суух, Д овогт Б.С /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 21 дүгээр байр, 24 тоотод оршин суух, Х овогт Т.С /РД:хй84022738/-д холбогдох,
48,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Содном миний бие Т.Сандагдоржид арматурын үйлдвэр барих гэж байгаа гэхэд нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу зээлээр 2015 оны 3 дугаарсарын 25 өдөр 1 дүгээр таталтаар дараах зүйлсийг зээлээр худалдахаар хүлээлгэн өгсөн. Үүнд:
1/ Нэг бүр нь 2,000 төгрөгийн үнэтэй гал тоосго 5440 ширхэг. Нийт үнэ 10,880,000 төгрөг болсон.
2/ Нэг бүр нь 1,100 төгрөгийн үнэтэй хуучин гал тоосго 4,000 ширхэг. Нийт үнэ 4,400,000 төгрөгболсон.
3/ Нэг тонн нь 1,000,000 төгрөгийн үнэтэй гал цемент. Нийт 3,000,000 төгрөг болсон.
4/ Нэг бүр нь 200 төгрөгийн үнэтэй улаан тоосго нийт 40,000 ширхэг. Нийт үнэ 8,000,000 төгрөгболсон.
2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу зээлээр 2015 оны 9 сарын 18 өдөр 2 дахь таталтаар дараах зүйлүүдийг нийлүүлсэн. Үүнд:
1/ Нэг бүр нь 2,000 төгрөгийн үнэтэй гал тоосго 2,000 ширхэгийг нийлүүлсэн. Нийт үнэ 4,000,000 төгрөг болсон.
2/ Нэг бүр нь 2,000 төгрөгийн үнэтэй улаан тоосго 2,000 ширхэгийг нийлүүлсэн. Нийт үнэ 4,000,000 төгрөг болсон.
3/ Нэг бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй гал цемент 11 шуудайг нийлүүлсэн. Нийт үнэ 550,000 төгрөг болсон. Ингээд нийт 32,030,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Т.Сандагдорж нь дээрх төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгана гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байгаа болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3 дахь хэсэгт хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Ингээд тооцож үзэхээр нэг хоногийн алданги 160,150 төгрөг болж байгаа. Нийт хэтэрсэн хугацаанд алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 16,015,000 төгрөгийн алдангид тооцохоор байна. Иймд хариуцагч Т.Сандагдоржоос тоосго, цементийн үнэ болох 32,030,000 төгрөг алдангид 16,015,000 төгрөг, нийт 48,045,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч зээлээр авсан барааны үнээс нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Содном нь хариуцагч Т.Сандагдоржоос талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Тоосго зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 32,030,000 төгрөг, алданги 16,015,000 төгрөг, нийт 48,045,000 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.
“...Уг гэрээгээр нийт 32,030,000 төгрөгийн үнэ бүхий тоосго болон цемент нийлүүлсэн ба төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүрэгтэйгээр оролцоно. Харин нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгчийн “...хариуцагч 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу хүлээн авсан тоосго, цементийн үнэ 32,030,000 төгрөгийг огт төлөөгүй” гэх тайлбарт хариуцагч тал ямар нэг байдлаар хариу тайлбар өгөөгүй учир энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн 32,030,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.
Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заасан.
Нэгэнт талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Тоосго зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 4.3-т “Зээлээр авсан тоосгоны хуваарьт төлбөр төлөх хугацаа хэтэрвэл зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн хоногийн 0.5 хувиар алданги тооцно” гэж тусгагдсан тул нэхэмжлэгчийн шаардсан гэрээний хариуцлага буюу алдангид 16,015,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.С-оос 48,045,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С-оос 398,175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ