Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 169

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: О.Баттөмөр,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион,

шүүгдэгч: С.Буянцог,

            шүүгдэгч: С.Батбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баярням /0226/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Сэнгээгийн Буянцог,

 

Монгол овогт Сүхбатын Батбаяр нарт холбогдох эрүүгийн 2016 2602 1541 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн ландшафт архитектурын 3 дугаар ангийн оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 4 дүгээр байр, 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ 98080472, Бүргэд овогт Сэнгээгийн Буянцог,

 

Монгол улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн   Заамар суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ОХУ-ын Новосибирск хотын Технологийн их сургуулийн хэлний бэлтгэл ангийн оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 13 дугаар гудамжны 370 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ 98080472, Монгол овогт Сүхбатын Батбаяр.

 

Шүүгдэгч С.Буянцог нь С.Батбаяртай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар цэцэрлэгийн хашаанд шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, Б.Батзориг, Б.Бат-Өлзий нарын эрх чөлөөнд халдан, хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан,

С.Батбаяр нь С.Буянцогтой бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар цэцэрлэгийн хашаанд шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, Б.Батзориг, Б.Бат-Өлзий нарын эрх чөлөөнд халдан, хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Буянцог мэдүүлэхдээ:

С.Батбаяр бид 2 фитнессээ тараад явж байтал түүн рүү 1 хүн утсаар яриад, бид 2 85 дугаар цэцэрлэгийн хашаанд очсон. Тэнд байсан Б.Батзоригийг манай найзтай харьцдаг гэж сонсоод фэйсбүүк хаягийг нь асуусан юм. Тэр үед бид нартай хамт Р.Батдорж байсан. Б.Батзориг өөрийнхөө фэйсбүүкт манай эмэгтэй найзын зургийн доор “хөөрхөн шүү” гэсэн утга бүхий коммэнт бичсэн байхаар нь би түүнтэй ямар холбоотой, үерхдэг эсэхийг нь асуух гэж уулзсан юм. Би хохирогч Б.Батзоригоос удаа дараа “намайг таних уу” гэж асуусан нь үнэн. Тэнд олон хүн хамт байсан учраас би тэднээс “ичээд” Б.Батзоригтой тусдаа уулзаж, асуусан. Би хохирогч Б.Бат-Өлзийгийн хацар руу цохиж, харин Б.Батзоригийг мөргөсөн нь үнэн. Би Б.Батзоригийн эмчилгээний төлбөрт 50 000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо бид бие биенийгээ ойлгож, сайн найзууд болсон. Цаашдаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй, биеэ зөв авч явна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Батбаяр мэдүүлэхдээ:

С.Буянцог нь хохирогч Б.Батзориг дээр ямар зорилгоор очсоныг нь би мэдэхгүй. С.Буянцог тэр үед Б.Батзоригоос фэйсбүүк хаягийг нь асууж байсан. Би Б.Батзоригийн дух хэсэгт, харин Б.Бат-Өлзийн шанаа хэсэгт нь цохисон. Би Б.Бат-Өлзийд 50 000 төгрөгийн хохирол төлсөн. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, цаашдаа хүмүүстэй зөв боловсон харьцаж байна. Эцэг, эхийнхээ хараа хяналтад үгэнд нь сайн орж байна. Энэ гэмт хэргийн улмаас ар гэр болоод би өөрөө их хохирсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна гэв.

 

  Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Батзориг мэдүүлэхдээ:

...Б.Бат-Өлзий бид 2 “одоо харъя” гэж хоорондоо ярилцаад Номин, Хүслэн, Бат-Өлзий бид нарыг явтал араас Буянаа гэх залуу нь намайг дуудахаар нь би эргэж хараад “яасан хөгшөөн” гэхэд уг залуу намайг хүзүүдэж бариад “хоёулаа уулзаадахъя” гээд цэцэрлэгийн арк тойрч гарангуутаа “чи намайг таньж байна уу” гэхээр нь би “танихгүй байна” гэж хэлэхэд тухайн залуу намайг чи фэйсбүүк нэрээ хэл дээ гэхээр нь фэйсбүүк хаягаа хэлэхэд “чи намайг үнэхээр танихгүй байна уу, яагаад инээгээд байгаа юм бэ” гэснээ шууд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би тэнцвэрээ алдаад доош тонгойсон бөгөөд дээш босоод харахад манай найз Б.Бат-Өлзий хүрч ирээд Буянаад “яасан бэ, хөгшөөн” гэж асуухад Буянаа шууд л Б.Бат-Өлзийгийн шилэн хүзүүнээс барьж байснаа шууд хойш татаад газар унагахаар нь би Буянаа дээр очоод “эвээр ярья” гэж хэлэхэд намайг заамдаж аваад дахиад нүүрний хэсэгт гараараа цохиод намайг газар унагаагаад дээр гарахад Буянаатай хамт явж байсан хар өнгийн саравчтай малгайтай залуу нь миний толгойн дагзны хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би Буянаагийн гарыг тавихад тэр намайг дахиад цохиж авахаар нь би нүүрээ дараад доошоо хараад сууж байхад “чи намайг үнэхээр танихгүй байна уу” гэж асуухаар нь “би чамайг үнэхээр танихгүй байна” гэж хэлэхэд хажуу талаас хар өнгийн саравчтай малгайтай залуу дахиад нүүр рүү гараараа цохиж авахаар нь би тэр залуучуудаас “одоо болъё” гээд гуйхад Буянаа нь Б.Бат-Өлзийг “явж бай” гэсэн. Б.Бат-Өлзий “би найзтайгаа хамт явъя” гэж хэлсэн. Би хажуугаас “би найзтайгаа явчихъя” гэж хэлэхэд дахиад намайг цохиж авсан. Бид 2 ерөөсөө маргалдаагүй. Харин ч бид хоёрыг зодохоор нь “одоо больчих” гээд гуйсан. Тэр залуучууд намайг яагаад зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй,  намайг зүгээр байж байхад л зодсон. Надаас дахин, дахин “чи намайг таньж байна уу” гэж асуугаад байсан. Яг ямар шалтгаанаар асууж байсныг нь мэдэхгүй. Намайг Буянаа болон хар өнгийн саравчтай малгайтай залуу 2 зодсон ба миний зүүн нүд хөхөрч хавдсан, толгой хөдөлсөн. Надад одоо ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний биеийн байдал зүгээр болсон” гэжээ. (хэргийн 14, 15 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Б.Бат-Өлзий мэдүүлэхдээ:

     ...Тэр үед С.Буянцог гэх залуу араас ирээд Б.Батзоригийг хүзүүдээд бид нарын сууж байсан газар руу буцаад аваад явсан. Тэгэхээр нь би С.Батбаяр, Батдорж хоёроос “иймээ, тиймээ асуудал байхгүй биз дээ” гэсэн чинь С.Батбаяр нь “янз бүрийн асуудал байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Буянцогоос “яасан, юу болсон юм бол” гэж асуусан чинь тэр миний өөдөөс тулж ирээд “чи яах гэж байгаа юм” гэхээр нь би “юу болсон юм гэж асууж байна” гэхэд миний шилэн хүзүүнээс болон Б.Батзоригийн шилэн хүзүүнээс бариад бид хоёрыг толгойгоор мөргөлдүүлэх гэж оролдоход нь би эсэргүүцээд хойшоо гэдийсэн чинь намайг гэдийх үед хойш нь шилэн хүзүүнээс татаад арагш унагаасан. Тэгээд нүүрэнд тулж ирээд нүд рүүгээ заагаад “чи ийшээ цохьчихлоо шүү дээ” гээд над руу уурлахаар нь би “цохиогүй” гэж хэлсэн чинь шууд үгийн зөрүүгүй миний зүүн хацар руу гараараа 1 удаа цохисон. Би хацраа бариад буцаад дээшээ харсан чинь Б.Батбаяр цаанаас нь миний баруун талын нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед би манараад доошоо сандал дээр суусан бөгөөд нэг харсан чинь Б.Батзориг газар дээшээ хараад хэвтчихсэн, С.Буянцог дээрээс нь хоолойг нь боосон, С.Батбаяр толгойны хажууд нь явган суучихсан байдалтай байсан бөгөөд тэр хоёр хоёулаа Б.Батзоригийн нүүр рүү гараараа цохиж байхаар нь би С.Буянцогийн гэдсээр тэврээд, салгах гээд “одоо хөгшөөн больчих л доо” гэж гуйсан. Тэгтэл С.Буянцог босч ирээд над руу дайрсан бөгөөд Батдорж нь хүрч ирээд С.Буянцогийг цээжээр нь тэврээд “одоо болно” гэхэд С.Буянцог хөлөөрөө миний нүүр рүү өшиглөөд, зүүн нүдний доор шалбарсан. Би хэсэг манараад байж байгаад, найзыгаа аваад явсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би С.Батбаяр, С.Буянцог нартай эвлэрсэн гэжээ. (хэргийн 18-20 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Р.Батдорж мэдүүлэхдээ:

                  ...Тэгсэн чинь Б.Бат-Өлзий, С.Буянцог дээр “чи яагаад байгаа юм” гээд очсон чинь С.Буянцог Б.Бат-Өлзийг “чамтай яриагүй байна” гээд түлхсэн. Тэр үед Б.Бат-Өлзий хөл алдаад хойшоо унахдаа С.Буянцогийн нүд рүү гараа саваад санаандгүй цохисон. С.Буянцог эргүүлээд Б.Бат-Өлзийг нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед С.Батбаяр цаанаас хүрч ирээд Б.Бат-Өлзийгийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд зодолдоод эхлэхээр нь би гүйж очоод болиулаад салцгаасан. Тэгсэн чинь С.Буянцог, Б.Батзоригтой барьцалдаж аваад тэр 2 ноцолдоод байсан тэгэхээр нь би очиж салгаад байж байтал Б.Батзориг түлхэгдээд газар унасан бөгөөд С.Буянцог, Б.Батзоригийн дээрээс заамдаад байсан. Тэгэхээр нь би салгаад бүгдээрээ 2 тийшээ болоод сууж байгаад, гар барьцгаагаад уучлалт гуйгаад салаад явцгаасан...гэжээ. (хэргийн 24, 25 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-С.Оюунномин мэдүүлэхдээ:

     ...Тэд нар бие биенийгээ танихгүй. С.Буянцог, Б.Батзоригийг фэйсбүүкээр мэддэг гэж байсан. Тэд нар хоорондоо өс хонзон гэх зүйл байхгүй. Б.Батзориг нь Буянаагийн өмнө нь үерхэж байсан охинтой нь харьцдаг байсан юм билээ. Тэгээд байж байхад Б.Бат-Өлзий очоод тэр хоёр үл ойлголцоод С.Буянаа Б.Бат-Өлзийг түлхсэн бөгөөд Б.Бат-Өлзий унахдаа цохисон. Тэгээд маргалдаад эхэлсэн. Б.Бат-Өлзийг С.Буянцог цээж рүү нь 1 түлхсэн. С.Батбаяр нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон. Б.Батзоригийн хоолойг С.Буянцог нь боож, нүүр рүү нь хэдэн удаа цохисон. С.Батбаяр толгой руу нь 1 удаа өшиглөсөн гэжээ. (хэргийн 26, 27 дугаар хуудас)

 

                  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6993 тоот дүгнэлтэд:

                  1. Б.Батзоригийн биед зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

                  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

                  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

                  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6990 тоот дүгнэлтэд:

                  1. Б.Бат-Өлзийгийн биед 2 нүдний зовхи, нүдний алиманд цус хуралт, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

                  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

                  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

                 

                  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

     С.Буянцог нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 67 дугаар хуудас)

 

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

     С.Батбаяр нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар цэцэрлэгийн хашаанд шүүгдэгч С.Буянцог, С.Батбаяр нар нь бүлэглэн хохирогч Б.Батзоригийг “фэйсбүүк хаягаа хэл, намайг танихгүй байна уу” гэж үл ялих зүйлээр шалтаглан өдөөн хоргоож, улмаар нүүр рүү С.Буянцог мөргөх, С.Батбаяр дух руу цохиж түүний бие махбодид нь зовхинд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл,

хохирогч Б.Бат-Өлзий нь С.Буянцогийг найз Б.Батзоригийг зодохоо болиоч гэж гуйхад нь түүний хацар хэсэгт цохих,

шүүгдэгч С.Батбаяр нь хохирогч Б.Бат-Өлзийгийн шанаа хэсэгт нь цохих зэргээр бие махбодид нь 2 нүдний зовхи, нүдний алиманд цус хуралт, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батзориг, Б.Бат-Өлзий нарын мэдүүлэг, гэрч Р.Батдорж, С.Оюунномин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6990, 6993 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Буянцог, С.Батбаяр нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч нар С.Буянцог, С.Батбаяр нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.Буянцог арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

С.Буянцог, С.Батбаяр нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан, сурч боловсрох боломжоор нь хангахын тулд тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан болно.

 

Гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм бурууг харгалзан С.Буянцог, С.Батбаяр нарт ялгамжтай ял оногдуулсан ба тэднийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэж 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 2016 2602 1541 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа хэргийн 4, 8, 9, 10, 11, 12 дугаар хуудсанд байгаа тогтоол болон тайлбарыг 2015 оны 5 дугаар сарын 19, 25, 8 дугаар сарын 06-ны өдөр гэж зөрүүтэй бичсэнийг тус тус дурдах нь зүйтэй.