Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

           Нарийн бичгийн дарга Б.Ц

           Улсын яллагч Б.С

           Шүүгдэгч Б.Д, Ц.А нарын өмгөөлөгч: Ж.Ч,

         Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч: Т.Д

         Шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А, Б.Д, М.Б нарт холбогдох эрүүгийн 2022001200174 дугаартай  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлснийг 2022 оны  05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн  

Монгол Улсын иргэн  

Монгол Улсын иргэн 

    Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

    Шүүгдэгч Б.Д, Ц.А, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 20-ны үед Д аймгийн Г сумын нутаг болох Нүхт, Гүн шанд гэх газруудаас буюу Улсын тусгай хамгаалалттай газраас тусгай зөвшөөрөлгүйгээр 5.96 тонн жонш олборлож газрын хэвлийд 3.003.840 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2019 оны 01 сард бид гурав 2 хэсэг газраас 5 тн жонш түүсэн. Тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би модон эдлэлийн мужааны ажил хийдэг. Хохирлыг энэ ондоо багтааж төлж барагдуулна” гэв.

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид 3 нийлж 2 газраас жонш түүсэн. Тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Хүмүүс ухаж байгаа сургаар очиж жоохон, жоохон жонш авсан. Гэм буруугаа хүлээж, ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирлыг энэ ондоо багтааж цалингийн орлогоосоо төлж барагдуулна.” гэв.

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би хувиараа хонь ноослох, ямаа самнах зэрэг өөрт олдсон ажлыг хийдэг. Ажил хийгээд энэ ондоо хохирлыг төлж барагдуулна” гэв.

 

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Г сумын нутагт орших тусгай хамгаалалттай газрын Нүхт, Гүн шанд гэх газраас Арьяа, Б, Д гэх хүмүүс жонш ухаж тээвэрлэн хашаандаа буулгасан байсан. Тухайн үед энэ үйл явдлыг цагдаагийн газраас шалгаад прокурорт хянуулаад хамгаалалтын захиргаа руу шилжүүлсэн. Би энэ гомдол мэдээллийг хүлээн аваад зөрчлийн хэрэг нээж  холбогдогч нарыг шалгаад хууль бусаар тээвэрлэсэн 5 тонн 960 кг жоншийг нь хурааж аваад Д аймгийн захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох худалдан борлуулах устгах комисст хүлээлгэн өгсөн. Тухайн үед жоншийг комиссын дарга Эрдэнэсүрэн, аймгийн өмчийн албаны дарга Ууганбаяр нарт хүлээлгэж өгсөн. Мөн 1 ширхэг молдок байсныг нь комисст хүлээлгэн өгсөн. Ингээд би шалгалтын явцад эдгээр хүмүүсийг зөрчил гаргасан гэж үзэж МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүн тус бүрийг 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тэгтэл эдгээр хүмүүс хугацаандаа мөнгөө төлөөгүй байсан учир прокурорт хандаж прокурорын дүгнэлтээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тэгтэл захиргааны хэргийн шүүхээс миний шийдвэрийг хүчингүй болгож энэ хүмүүсийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Иймд байгаль орчинд учруулсан хохирол болох 3.003.840 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 86-87 /

      Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд хоёр дахь удаагаа өгсөн. “ Тухайн үед Г сумаас жоншийг тээврийн хэрэгсэл дээр ачиж ирсэн. Машиныг ачаатай байхад нь пүүн дээр гаргаж жинлэж үзэхэд 23.320 тн байсан. Харин машиныг ачаагүй үед нь жинлэж үзэхэд 17.360 тн байсан. Тэгээд машиныг ачаатай жингээс ачаагүй байх үеийн жинг хасаад 5.960 тонн жонш гэж гаргасан юм. Хохирлоо гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг/1-p хх-ийн 158/

         Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна, цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч Ганзоригийн хамт Г суманд очиж ажиллагаа явуулсан. Тухайн үед сумаас дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсан санагдаж байна. Тухайн асуудалд Д, Б, А гэх хүмүүсийг холбогдуулан шалгасан. Эдгээр хүмүүсийн хууль бусаар олборлосон жоншийг Г сумын төвийн баруун урд талд хашаанд хураасан байсныг очиж үзсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160/

         Гэрч Г.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сард, өдрийг нь санахгүй байна. Хураан авсан жонш ирж байгаа болохоор хүлээж авах шаардлагатай байна гээд аймгийн төвд байдаг “Ган-Илч” ХХК-ийн нүүрс буулгадаг газарт очиж тэр жоншийг жинлэж дараа нь аймгийн цагдаагийн газрын хашаанд авч ирж буулгасан. Тэр жоншийг ханаас хураан авсныг нь мэдэхгүй. Тухайн үед Г сумаас ирж байгаа гэж байсан. Жонш хүлээн авч байхад “Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”-ны байгаль хамгаалагч Б хамт байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 162/

 

           Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 01-02/

           Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-ийн 24/

           Д аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 39-04-207/1 дугаартай  “Хууль бусаар түүсэн жонш, молдок хураах тухай”акт, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 50-54/

           Хууль бусаар ухаж, тээвэрлэсэн байсан жоншийг хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /хх-ийн 55-56/

           Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол /1-р хх-ийн 57-58/

           Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрүүд /1-р хх-ийн 63-65/

           Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 117/ШШ2020/0004 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 72-75/

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 77-83/

          Геологийн төв лабораторийн 2020 оны 12 сарын 09-ний өдрийн дээжинд хийсэн шинжилгээний дүн /1-р хх-ийн 98-99/

         Эд мөрийн баримт эд зүйл хураан авах тухай прокурорын тогтоол /1-р хх- ийн 144/

         Сайхан Ариун дэлхий ХХК-ийн шинжээч Т.О-ийн2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №03/05 дугаартай:  

         1. Эвдрэлд орсон талбайгаас 2019 оны 01 дүгээр сард иргэн Ц.А, Б.Д, М.Б нар жонш олборлож 82% агуулгатай ягаан жонш болон цагаан жонш 5.96 тонныг олборлохдоо хэвлийг гэмтээж ухаш үүсгэсэн байна.

          2. 5 тонн 960 кг жоншийг авахад үүссэн орон зайг тооцож үзэхэд 5960 килограммыг эзлэхүүнд шилжүүлэхэд 5960х1.12= 6675.2 м3 ухаш үүссэн байна.

          3. Газрын хэвлийд үүссэн хохирлыг тооцож үзэхэд 3003840 төгрөгийн хохирол учруулсан байна.

           4. Иргэн Ц.А, Б.Д, М.Б нар нь хууль бусаар жонш олборлохдоо байгаль орчинд нийт 3.003.840 төгрөгийн хохирол учруулсан байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 148-151/

          Д аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Э-ын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/1220 дугаартай: “...дээрх солбицлын цэгүүд нь Их газрын чулууны уулын тусгай хамгаалалттай газарт давхцаж байна” гэх албан бичиг, гэрэл зураг /1-р хх-ийн 153- 155/

         Д аймгийн Г сумын үнэлгээний комиссын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн: “ДУА улсын дугаартай Hyundai Grase маркийн авто машин 500.000 төгрөг, ДУЭ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн авто машин 2.500.000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 166-167/

          ДУА улсын дугаартай Hyundai Grase маркийн, ДУЭ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /1-р хх-ийн 168-169/

          Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

  

Шүүгдэгч Б.Д, Ц.А, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 20-ны үед Д аймгийн Г сумын нутаг Нүхт, Гүн шанд гэх Улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Ц.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2019 оны 01 сард бид гурав 2 хэсэг газраас 5 тн жонш түүсэн. Тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Гэм буруугаа ойлгож байна.” гэх,

шүүгдэгч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид 3 нийлж 2 газраас жонш түүсэн. Тусгай хамгаалалттай газар гэж мэдээгүй. Хүмүүс ухаж байгаа сургаар очиж жоохон жоохон жонш авсан. Гэм буруугаа хүлээж, ойлгож байна.” гэх,

Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх,

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц-ийн: “2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Г сумын нутагт орших тусгай хамгаалалттай газрын Нүхт, Гүн шанд гэх газраас Арьяа, Б, Д гэх хүмүүс жонш ухаж тээвэрлэн хашаандаа буулгасан байсан. Би энэ гомдол мэдээллийг хүлээн аваад зөрчлийн хэрэг нээж холбогдогч нарыг шалгаад хууль бусаар тээвэрлэсэн 5 тонн 960 кг жоншийг нь хурааж Д аймгийн захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох худалдан борлуулах устгах комисст хүлээлгэн өгсөн. Би шалгалтын явцад холбогдогч нарыг зөрчил гаргасан гэж үзэж МУ-ын Зөрчлийн тухай хуульд зааснаар хүн тус бүрийг 500.000 төгрөгөөр торгосон. Тэгтэл эдгээр хүмүүс хугацаандаа мөнгөө төлөөгүй учир прокурорт хандаж прокурорын дүгнэлтээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхээс миний шийдвэрийг хүчингүй болгож энэ хүмүүсийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Байгаль орчинд учруулсан хохирол болох 3.003.840 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх

        гэрч Б.Б-ий: “...Би 2019 оны 01-р сард, өдрийг нь санахгүй байна, цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч Ганзоригийн хамт сумаас дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Г суманд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан санагдаж байна. Тухайн асуудалд Д, Б, А гэх хүмүүс холбогдуулан шалгасан. Эдгээр хүмүүсийн хууль бусаар олборлосон жоншийг Г сумын төвийн баруун урд талд хашаанд хураасан байсныг очиж үзсэн...” гэх,

         гэрч Г.Б-ы: “...Би 2019 оны 02 сард, өдрийг нь санахгүй байна, хураан авсан жонш ирж байгаа хүлээж авах шаардлагатай байна гээд аймгийн төвд байдаг “Ган-Илч” ХХК-ийн нүүрс буулгадаг газарт очиж тэр жоншийг жинлэж дараа нь аймгийн цагдаагийн газрын хашаанд авч ирж буулгасан....” гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Геологийн төв лабораторийн 2020 оны 12 сарын 09-ний өдрийн дээжинд хийсэн шинжилгээний дүн, Сайхан Ариун дэлхий ХХК-ийн шинжээч Т.О-ийн2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №03/05 дугаартай шинжээчийн дүгнэлт, Д аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Э-ын2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/1220 дугаартай: “...дээрх солбицлын цэгүүд нь Их газрын чулууны уулын тусгай хамгаалалттай газарт давхцаж байна” гэх албан бичиг зэргээр нотлогдож байна.

     

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нарын үйлдэл нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, тэдэнд холбогдуулж Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзлээ.

 

            Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж хуульчилжээ.

     Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д “иргэн аж ахуй нэгж байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого”, мөн хуулийн 7.2.4-д“хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” мөн хуулийн 7.2.5-д байгалийн баялгийг хууль бусаар бэлтгэж борлуулсны орлого нь Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрөхөөр заасан байна. Иймд хүрээлэн буй орчинд учирсан 3.003.840 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банк дахь дансанд төвлөрүүлэх нь зүйтэй байна.

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нараас байгаль орчинд учирсан хохирол 3.003.840 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Ц.Агаас 1.001.280 төгрөгийг, шүүгдэгч Б.Доос 1.001.280 төгрөгийг, шүүгдэгч М.Баас 1.001.280 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн банк дахь 100900013040 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

       

      Шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналын дагуу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ..........тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1658 ДУЭ улсын дугаартай Бонго пронтер, 8147 ДУА улсын дугаартай Hyundai Grace маркийн  тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч Б.Д, Ц.Анарын эзэмшил, өмчлөлд байсан болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг тэднээс тэнцүү хэмжээгээр гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны урд хадгалагдаж байгаа 5 тонн, 960 кг жоншийг улсын орлого болгож,  улаан өнгийн молдокыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Д аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Б овогт Ц-ын А, шүүгдэгч Р овогт Б-ын Д, шүүгдэгч О овогт М-ын Б нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б овогт Ц-ын А, шүүгдэгч Р овогт Б”ын Д, шүүгдэгч О овогт М-ын Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нар биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т зааснаар шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нараас байгаль орчинд учирсан хохирол 3.003.840 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Ц.А-гаас 1.001.280 төгрөгийг, шүүгдэгч Б.Д-оос 1.001.280 төгрөгийг, шүүгдэгч М.Баас 1.001.280 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн банк дахь 100900013040 тоот дансанд төлүүлсүгэй.

       6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.

        7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны урд хадгалагдаж байгаа 5 тонн, 960 кг жоншийг улсын орлого болгосугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар хэрэгт хураан авсан улаан өнгийн молдокыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Д аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

       9. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

      10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Б.Д, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У