Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/03260

 

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2018/03260

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 7-1 байр, 82 тоотод оршин суух, Х овогт Ч.М /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 11А байр, 50 тоотод оршин суух, С овогт Л.З /РД:/-Т холбогдох,

 

1,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мэнд-Амар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Мэнд-Амар миний бие бусдад автомашин захиалсан байсан. Гэвч уг хүндээ залилуулсан бөгөөд автомашины оронд нь 2017 оны 6 дугаар сард автомашины гоёлын обудууд авсан юм. Өөрийн алдагдлаа нөхөх үүднээс гоёлын обудуудаа зарахаар шийдсэн. Ингээд зар тавихад Л.Зоригтбаатар надтай холбогдож надаас худалдан авахаар болсон. Тодруулбал, Л.Зоригтбаатар нь надаас “...обудаа надад зарчих” гэж сар гаруй гуйсан тул би 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийн үнэ бүхий гоёлын обудаа түүнд өгсөн. Би тухайн нэг обудыг 250,000 төгрөгөөр, 4 обудыг нийтдээ 1,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Гэвч тэрээр обуд авснаас хойш надад нэг ч төгрөг төлөөгүй, зугтсаар байна. Иймд хариуцагч Л.Зоригтбаатараас 4 обудны үнэ болох 1,000,000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 80,000 төгрөг, нийт  1,080,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мэнд-Амар нь хариуцагч Л.Зоригтбаатарт холбогдуулж 1,080,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...би Л.Зоригтбаатарт автомашины гоёлын обудаа 1,000,000 төгрөгөөр зарсан ба тэрээр мөнгөө хугацаанд төлөөгүйгээс болоод түүнийг эрэн сурвалжлуулах, шүүхэд хандахад 80,000 төгрөгийг зарцуулсан. Ингээд нийт 1,080,000 төгрөг нэхэмжилнэ” гэж тайлбарласан.

 

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын агуулга, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба тэрээр уг гэрээний үүргийг, мөн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс учирсан хохирлоо хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Л.Зоригтбаатар нь түүнээс 1,080,000 төгрөгийг шаардсан дээрх нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байжээ. Гэвч хариуцагч ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.З-аас 1,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т олгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.З-аас 30,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.М-т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ХАНГАЛ