Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75     

 

 

2022           06             02                                                       2022/ШЦТ/75                                  

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Гантулга,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч: В.Давгадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Давгадоржид холбогдох эрүүгийн 2229000370044 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Оюутолгой ХХК-ийн Гүний уурхайд өрмийн оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд баг, Хөөврийн 6-603 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Владимарын Давгадорж /РД:КЙ90073077/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч В.Давгадорж нь 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавилууд 2 дугаар баг Хөөврийн 603 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний бие, эрх чөлөөнд цохих, өшиглөх байдлаар халдаж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Давгадоржид холбогдох эрүүгийн 2229000370044 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Давгадорж мэдүүлэхдээ:

 Хохирол төлбөрт нийт 1.400.000 төгрөг төлсөн, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан тайлбартаа:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Батцэцэгийн эрх чөлөөнд халдаж, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй санал нэгтэй байна. Шүүгдэгчийн хувьд бол тухайн хохирогчийн бие эрх чөлөөнд хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч, хохирогчийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд бол 2022 оны 01 дүгээр сарын 15-аас 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжих шөнө гэж улсын яллагчийн зүгээс үзсэн байна. Яг шилжих шөнө Э.Батцэцэгийг цохиж зодсон зүйл байхгүй гэж шүүгдэгч В.Давг  адорж мэдүүлж байна. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бол түлхүүр булаалцах явцдаа түүний тархи толгойтой мөргөлдсөн гэсэн тиймэрхүү асуудал байгаа, түүний улмаас хохирол учирсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн түлхүүр булаалцах явцад өвдгөөрөө газар цохисон байх магадлалтай, тийм учраас 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжих шөнө гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна тэгэхээр гэмт хэрэг гарсан газар нь Буяннэмэхийн гэр буюу бага булгын 2-202 тоот бол тухайн гэмт хэрэг гарсан гэж үзэж байгаа тэгэхээр бол 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, 1-р баг, бага булгийн 2-202 тоотод бол шүүгдэгч В.Давгадорж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Батцэцэгийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирол учруулж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж гэм буруу дээр маргах зүйл байхгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 21-37 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40, 42-43 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Буяннэмэхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Энхтүвшингийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 н/74 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 77 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд В.Давгадоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

 

-Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 90-93 дахь тал/,

 

-В.Давгадоржийн хувийн байдлыг тодруулсан баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 110-112, 165, 168, 169 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч В.Давгадорж нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн үед Өмнөговь аймаг, Ханбогд сум, 1-р баг Номгон, Бага булаг 2-210 тоот хаягт буюу Р.Буяннэмэхийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Э.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний бие эрх чөлөөнд цохих, түлхэх, өшиглөх зэргээр халдаж, биед нь “тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотолно гэж заасны дагуу гэмт хэрэг гарсан цаг хугацаа, байршлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон болно.

 

 

 

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батцэцэгийн өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сард Владимир овогтой Давгадорж гэх хүнтэй гэр бүл болж хамт амьдрах болсон. Бид хоёр Ханбогд сумын 2 дугаар баг, хөөврийн 603 тоотод амьдарч эхэлсэн. Би 2021 оны 6 дугаар сард төрж охинтой болсон...Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цагийн үед манай нөхөр Давгадорж согтуу орж ирсэн. Би хүүхдээ хөхүүлээд байж байсан чинь миний охин битгий хөх сүү биш хор гоожиж байгаа гээд миний хөхийг базаад, түлхээд байхаар нь би боль гэсэн чинь би чамтай унтана эсвэл чамайг зодно гээд намайг өвдөг гэдэс рүү цохиод байхаар нь хүүхдээ өвөр дээрээ аваад суусан чинь чи хүүхдээрээ бамбай хийлээ, гээд чи өөр хүнтэй явалддаг, битгий хүүхэд бузарлаад бай, чамайг ална, танайхныг ална, би чамд юу ч өгөхгүй. Одоо манайхаас зайл, би эцгийг чинь дуудна гэхээр нь би юм дугараагүй байж байгаад унтсан. Өглөө нь эгч Буяннэмэхийн гэрт хүүхэдтэйгээ очоод байж байтал 10 цагийн үед нөхөр орж ирээд машиныхаа түлхүүрий авья гэхээр нь би чи хүүхдийнхээ хадгаламжийг нээчихээд машиныхаа түлхүүрийг ав гэсэн чинь намайг цамцнаас базаад доошоо шалан дээр унагахаар нь би боль гээд босоод ирсэн чинь толгой руу 2, 3 удаа цохихоор нь машиных нь түлхүүрийг гаргаж өгсөн... одоо толгой өвдөөл байгаа, өчигдөр өвдөг рүү цохисноос болоод өвдөг жоохон өвдөөд байгаа. Өмнө нь намайг тийрч, багалзуурдаж, гар хөлөөс базаад, хөх няц болгож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батцэцэгийн дахин өгсөн “... Давгадорж нь 21 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан. Амарч ирээд 7 хоногийн 5 өдөрт нь согтуу байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн орчим согтуу гаднаас орж ирээд “Надтай унт, тэгэхгүй бол чамайг зодно" гэхээр нь би унтахгүй гэсэн чинь намайг харааж доромжлоод өвдөгний хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Мөн хүүхдээ хөхүүлээд байж байхад миний хөхнөөс базаж татаад байсан. Урьд нь бас нэг удаа унтсангүй гэх шалтгаанаар намайг шөнөжин харааж доромжилж байсан. Намайг найз нөхөдтэйгөө уулзахыг байнга хязгаарладаг, гарч хүнтэй уулзаж чаддаггүй. Маргалдах болгондоо намайг дандаа гичий, янхан, писда, гөлөг, нохой гэх мэт хараалын үгээр байнгын харааж доромжилдог...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Буяннэмэхийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байхад Э.Батцэцэг над руу залгаад “Би танай гэрт ирчихсэн байна. Давгаа намайг ирж ална гээд байна, би айгаад байна. Та хүрээд ир” гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би хаалгаа түгжээд байж бай гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш удаагүй байж байгаад дахиад залгаад “Давгаа сая танай гэрт орж ирээд намайг чирээд боох гээд байсан. Би машиных нь түлхүүрийг өгөөд явуулчихлаа. Би айгаад байна. Та ирэх болж байна уу” гэж ярьсан. Тэгээд өдөр 13 цагийн орчим намайг гэртээ очиход Батцэцэг айчихсан байдалтай бүх гэрийнхээ хаалга, хашааны хаалга зэргийг түгжчихсэн, хөшигөө хаачихсан сууж байсан. Би ороод яасан талаар асуухад Давгадорж орж ирээд намайг боох гээд байсан гэж хэлсэн. Намайг очиход Батцэцэгийн аль талыг нь санахгүй байна нэг талын хацар нь хөхөрчихсөн, хөлийн өвдөг хэсэг мөн адил хөхөрчихсөн байдалтай байсан. Тэгээд би Батцэцэгийг эмнэлэгт очиж үзүүлсэн. Яг миний хажууд бол зодож цохисон асуудал байхгүй. 2020 оны 06 дугаар сард Э Батцэцэг жирэмсэн байхдаа над руу уйлж залгаад “Давгаа намайг зодчихоод явчихлаа. Намайг ирээд авчих" гэхээр нь би очоод авсан чинь уйлчихсан гэрийнх нь эд зүйлс бүгд самарсан байдалтай байж байсан тэгээд очиж аваад гэр лүүгээ авч яваад маргааш нь болоход хацар нь хөхөрчихсөн гуяны хэсэгт мөн адил хөхөрчихсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би яаж зодсон юм бэ яагаад ингээд хөхөрчихсөн юм бэ гэж асуухад “намайг боож унагаад, өшиглөөд, толгой руу алгадсан" гэж ярьж байсан. Түүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад мөн над руу залгаад Дагваа намайг зодоод байна, та хүрч ирээд намайг авчих гээд утсаар ярихаар нь би Батцэцэгийн эгч Энхцэцэгийн хамтаар Батцэцэгийг авахаар очтол Давгаа согтуу танай дүү чинь чатлаад байна уурандаа 2 удаа алгадсан нь үнэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн “1.Э.Батцэцэгийн биед тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.Э.Батцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Э.Батцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд В.Давгадоржийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 05 цагийн орчимд ажлаасаа бууж ирсэн. Шинэ жилийн өмнөхөн бид 2 бас хоорондоо хэрүүл маргаан үүсэж маргалдаад тусдаа амьдарч байсан. Би ажилдаа явахаасаа өмнө Э.Батцэцэгт машинаа үлдээгээд явчихсан байсан бөгөөд өглөө 07 цагийн орчимд машинаа авах гээд гэрт нь очиход машины түлхүүрийг өгөхгүй байсан. Тэгээд Батцэцэгийн эгч Энхцэцэг надад Батцэцэгээс машины түлхүүр авч өгсөн. Тэгээд би гэртээ хариад галаа түлээд байж байхад Батцэцэг эгч Энхцэцэгээрээ хүргүүлээд гэрт яваад очихоор нь хүйтэн гэрт хүүхэд аваад ирлээ гэж хэлээд гэр рүүгээ харь гэж хэлсэн чинь гэр рүүгээ явахгүй байсан. Тэгэхээр нь би Энхцэцэг рүү залгаад дүүгээ ирж ав гэсэн чинь ажилтай байна гээд утсаа тасалчихаар нь би Батцэцэгийг хүүхэдтэйгээ хамт аваад Батцэцэгийн гэрт ирсэн. Би тэр өдрөө Батцэцэгийн гэрт хоночхоод маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 16-ны өглөө 08-09 цагийн хооронд өөрийнхөө гэрт очиж гал түлээд гэртээ ганцаараа байж байхад 13-14 цагийн орчимд Э.Батцэцэг хүүхдээ өөрийнхөө хувцаснуудтай аваад гэрт хүрээд ирсэн. Гэрт ирчихээд байгаад байхаар нь орой 18 цагийн орчимд би гэрээсээ гараад найз Пүрэвхүүгийн гэрт очоод тэнд 3 шил архийг дөрвүүлээ хувааж уугаад шөнө 02-03 цагийн орчимд гэртээ буцаад очсон. Намайг гэртээ яваад очиход Э.Батцэцэг гэрээс яваагүй гэрт байж байхаар би уурлаад салчихсан байж яагаад явахгүй байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс Э Батцэцэг намайг “чи хүнтэй чаталсан" гээд хэрүүл маргаан үүсгээд бас урьд өмнө нь намайг ажилтай байхад миний фэйсбүүк хаягаар ороод бид 2-ын хоорондоо хэрэлдсэн хэрүүлийн шинжтэй чатуудыг миний фэйсбүүкээс постлочихсон байсан тэрнээс болж хэрүүл маргаан үүссэн. Тухайн үедээ бид 2 хэрэлдэж маргалдаж байгаад би унтаад өглөө 10 цагийн үед сэрэхэд Э.Батцэцэг гэрт орж ирчихсэн намайг бос яв. банкин дээр очиж хүүхдэдээ хадгаламж нээлгэж өөртөө 700.000 төгрөг, хүүхдэдээ 300.000 төгрөг, нийтдээ сарын 1.000.000 төгрөг өг гэж хэлсэн, тэгэхээр нь би чадахгүй надад тийм мөнгө байхгүй гэж хэлэхэд Батцэцэг гэрээс гараад явчихаар нь би машинд нь очиж суугаад хамт Буяннэмэхийн гэрт очсон. Буяннэмэхийн гэрийн гадаа очсон чинь Батцэцэг машины түлхүүр аваад гэр лүү ороод явчихаар нь би хойноос нь дагаж ороод машины түлхүүр авах гэсэн чинь хүүхдээ барьж байгаад 2-3 метрийн зайнаас над руу шидсэн тэгээд би хүүхдээ тосож аваад буцаагаад Батцэцэгт өгөхөд Батцэцэг буйдан дээр тавьж байхаар нь өмсөж явсан цамцных нь халааснаас түлхүүрээ авах гэсэн чинь надтай булаацалдаад өгөхгүй байхаар нь би хүчээр булааж аваад гараад машинаа унаад гэртээ очоод машиндаа утсаа цэнэглэж үлдээчихээд гэртээ ороод хаалгаа түгжээд унтчихсан. Тэгээд би унтаж байгаад сэрээд машинаас утсаа авах гэсэн чинь машинд утас байхгүй байсан тэгэхээр нь хашааныхаа хаалгыг дөнгөж нээж байхад цагдаа ирээд намайг цагдаагийн тасагт авч ирсэн. Маргааш нь өглөө 11 цагийн орчимд цагдаа миний утсыг Э.Батцэцэгээс авч өгсөн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Буяннэмэх эгч нь надтай утсаар ярихдаа би танай гэр бүлийн асуудалд ормооргүй байна. Намайг хүмүүс Батцэцэгтэй хамт өргөдөл бичиж цагдаад өгсөн гэж яриад байна. Би тэгээгүй шүү Батцэцэг манайхаас явахдаа би утсыг нь юм уу, машиныг нь Давгадоржоос салгаж авна гээд явсан гэж ярьж байсан. Би тухайн үед Батцэцэгийг цохиж зодсон асуудал байхгүй, түлхүүр булаацалдаж байхад хаалганы хажууд буланд цохиж хөл нь хөхөрсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч В.Давгадорж нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 108  дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Батцэцэгийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч В.Давгадорж нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж ...энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч В.Давгадорж нь хохирогч Э.Батцэцэгтэй хамтран амьдардаг, дундаасаа нэг охинтой болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батцэцэгийн өгсөн: “...В.Давгадорж бид хоёр 2020 оны 06 дугаар сард танилцаад хамт амьдарч эхэлсэн. В.Давгадорж бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа нэг охинтой. Охин маань одоо 7 сартай” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийллийн гол шинж нь хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг эдийн засгийн болон бусад байдлаар өөрийн эрхшээлд байгааг далимдуулан хүний эрхэм чанарыг үл хүндэтгэн зүй бусаар харьцаж, өөрийн хүсэл зоригийг тулган, үл ялих зүйлээр шалтаглан бие махбодод нь халдсанаар тодорхойлогдоно.

 

Иймд шүүгдэгч В.Давгадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч В.Давгадорж, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Э.Батцэцэгийн  биед “тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Э.Батцэцэгийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 33 дахь тал/

 

Хохирогч Э.Батцэцэг нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Батцэцэгийн өгсөн “надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 42 дахь тал/

Иймд хохирогч Э.Батцэцэгийг шүүгдэгч В.Давгадоржоос “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч В.Давгадорж нь хохирогчид гэм хорын хохиролд нийт 1.400.000 төгрөг төлсөн гэх боловч түүнийгээ нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч В.Давгадорж нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн үед Өмнөговь аймаг, Ханбогд сум, 1-р баг Номгон, Бага булаг 2-210 тоот хаягт буюу Р.Буяннэмэхийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Э.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний бие эрх чөлөөнд цохих, түлхэх, өшиглөх зэргээр халдаж, биед нь “тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.    

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 165 дахь тал/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч В.Давгадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч В.Давгадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В.Давгадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч  Харчин овогт Владимарын Давгадоржийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Давгадоржийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Давгадоржид оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Э.Батцэцэг “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг,  шүүгдэгч В.Давгадорж нь хохирогчид гэм хорын хохиролд нийт 1.400.000 төгрөг төлсөн гэх боловч түүнийгээ нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч В.Давгадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Давгадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН