Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар    2022/ШЦТ/77                

 

 

2022          06             09                                                        2022/ШЦТ/77                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Гантулга,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх /цахимаар/,

Шүүгдэгч: Ц.Адъяахүү нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Адъяахүүд холбогдох эрүүгийн 2229000330038 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Хар толгойн бууц гэх газарт оршин суух, Сум дундын 16-р шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хунцагаан овогт Цэцэгжаргалын Адъяахүү /РД:КЙ87081772/,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Адъяахүү нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Бласт” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр “Бласт” ХХК-ны хашаанд орхисон буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг худалдан борлуулж, 3.200.000 төгрөгийн хохирол учруулан “Завших” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн яллагдагч Ц.Адъяахүү нь Улаанбаатар хот, Саппорогийн ард талын буудалд байрлах байх үедээ Д.Төгсжаргалын фейсбүүк цахим орчинд “тэмээний мах авна” гэж байрлуулсан зарын дагуу холбогдож “Тэмээний мах зарна түлшний мөнгө явуулчих махаа авч очоод үлдэгдэл тооцоогоо хийе” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Хаан банкны 5025215876, 5020669981 дугаарын дансуудаар 400.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Адъяахүүд холбогдох эрүүгийн 2229000330038 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Адъяахүү мэдүүлэхдээ:

Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хамт архи ууж байсан хүмүүс архи дуусчихлаа, чи ганц юм олоод ир гээд байхаар нь ийм зүйл хийчихсэн байсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа. Уул нь төлөх гээд ямаа малаа самнах гэж байсан чинь бие өвдөөд 5,000,000 төгрөгийн эмчилгээ хийлгээд ирсэн. Хохирол төлбөрөө ажил хөдөлмөр эрхлэхээрээ төлнө. Мөн гэр бүл, ах дүүгээсээ дэмжлэг авч төлнө. Би Бласт компанид харуулаар 10 гаруй хоног ажилласан, тэр үедээ машины 4 дугуйг авч, сум руу орж Ганбаатар гэдэг хүнд зарсан, мөн тэмээний мах авна гэсэн зар руу ярьж, мах аваачиж өгнө гэж хэлээд 400.000 төгрөг авсан. Би зүрхний судас бөглөрөх, зүрхний шигдээс гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарч ирсэн. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шүүгдэгч өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн, өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байгаагаа, хийсэн зүйлийнхээ бурууг ойлгож байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд шүүгдэгчийг гэм буруутай байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Адъяахүү нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол энэ зүйл ангийг хэрэглэн ял хариуцлагыг хөнгөрүүлэн тогтоох боломжтой. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журмыг хорих ял оногдуулахаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14, 77 дахь тал/,

 

-Д.Төгсжаргалын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Төгсжаргалын гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35-36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Очмаагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-43 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Орхонсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

 

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 54, 57-58, 62-65 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Адъяахүүгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

-Ч.Баттулгын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 78 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Баттулгын гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85, 88-89 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Адъяахүүгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106, 109 дэх тал/,

 

-Ж.Ганбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 111 дэх тал/,

 

-“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 616 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

-Шүүгдэгч Ц.Адьяахүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 124-143, 158-163 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.Адъяахүү нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Бласт” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр “Бласт” ХХК-ны хашаанд орхисон буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох давхар чиргүүл чирдэг долийн 4 ширхэг дугуйг худалдан борлуулж, Ч.Баттулгад 3.200.000 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ц.Адъяахүү нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Саппорогийн ард талын буудалд байрлаж байх үедээ Д.Төгсжаргалын фэйсбүүк цахим орчинд “тэмээний мах авна” гэж байрлуулсан зарын дагуу холбогдож “Тэмээний мах зарна түлшний мөнгө явуулчих махаа авч очоод үлдэгдэл тооцоогоо хийе” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Хаан банкны 5025215876, 5020669981 дугаарын дансуудаар нийт 400.000 төгрөгийг шилжүүлэн авч, Д.Төгсжаргалд 400.000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтас хэргийн 23-26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Төгсжаргалын өгсөн ".. Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг орон нутгийн Таван толгойн уурхайн 4 дүгээр амны урд байх “Хацгайт их хайрхан” ХХК-ийн кемп дээр байхдаа манай угаагч ажилтай Баярцэцэг гэх эмэгтэйг чи фейсбүүк хаягаараа байнга фейсбүүк орж байдаг юм чинь Өмнөговь аймгийн зарын групп дээр "тэмээний мах авна" гээд зар тавиад миний гар утасны дугаарыг тавьчих гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал тухайн өдөр 22 цагийн орчим над руу 95581464 гэсэн утасны дугаараас залгаад дуудлага ороод ирэхээр нь би утсаа аваад ярьтал надад өөрийгөө Хархүү гэж танилцуулсан хүн би 3 тэмээ 10 хонины мах зарна та авах уу? гэхээр нь би үгүй ээ, би 1 тэмээний мах авна гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал над руу дээрх дугаар дахиж залгаад та 1 тэмээгээ ав ав би Ханбогд сумаас малын гарал үүслийн бичиг аваад одоо гарах гэж байна та надад түлшний мөнгө төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би танихгүй хүнд юу гэж би түлшний мөнгө төгрөг шилжүүлэх вээ дээ гэж хэлсэн чинь тухай залуу миний нэрийг асуухаар нь би нэрээ хэлсэн чинь намайг Борхүүгийн баз байна гэх мэтээр миний таньдаг хүн болгоны нэрийг хэлээд яриад байсан тэгээд надад би хүн хулхидаад явдаг хүн бишээ гээд байхаар би түлшний мөнгө болох 100.000 төгрөгийг Очмаа гээд хүний дансанд хийж өгсөн. Тэгээд би унтаж байтал шөнө 00 цагийн орчимд над руу ахиж утасдаад би Цогтцэций сум руу ороход 90 километрт дутуу явж байна манай эхнэр Өмнөговь аймаг дээр хагалгаанд орох гээд яаралтай мөнгө хэрэг болоод байна та 300.000 төгрөг шилжүүлээд өгөөч би өглөө мах аа аваад очихоороо үлдэгдэл төлбөр тооцоогоо хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би Орхонсүрэн гэх хүний данс руу шөнө 300.000 төгрөг шилжүүлээд чи нүүрс тээврийн 2 дахь километрт ирээд залгаарай гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө хүрээд ирэх болов уу? гэж бодоод хүлээгээд ирэхгүй байгаад байсан. Тэгж байсан чинь 11 цагийн үед над руу залгаад би тэгж байгаад хүрээд очно оо 47 дахь километр дээр машин эвдэрчихээд байна би өөрөө очоод ярья гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй... би залилуулсан юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...Би Ханбогд суманд байх найз нөхөд танил хүмүүсээсээ асуухад тухайн залууг Нүдээ гээд хочтой Адъяахүү мөн байхаа гэж хэлж байсан...Би гомдолтой байна 400.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Очмаагийн өгсөн “...Тухайн өдөр мөнгийг манай ажилладаг Өгөөмөр Алтай нэртэй зочид буудалд байрлаж байсан хүн миний данс руу шилжүүлээд авмаар байна та дансныхаа дугаарыг өгчих гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5025215876 дугаарын дансаа өгсөн чинь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 22 цаг 40 минутад Хаан банкны 5019148431 дугаарын данснаас 100.000 төгрөг орж ирсэн. Манай Өгөөмөр алтай буудалд өрөө авахдаа Адьяадорж гэсэн нэртэй КИ83112218 регистрийн дугаартай Өмнөговь аймаг, Даланзадгад гэсэн хаягтай бичиг баримтаар бүртгүүлж 2022 01.02, 2022.01.03-нд хоёр хоноод 2022.01.04-ний өглөө гараад явсан...“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-43 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Орхонсүрэнгийн өгсөн "...би хөдөөнөөс ирсэн хүн байгаа юм аа миний утас унтарчихлаа та дургүйцэхгүй бол би таны данс руу мөнгө хийлгээд авъя гэсэн тэгэхээр нь би тэр залууд надад виза карт байхгүй гэж хэлэхэд тэр залуу ямар ч байсан таны данс руу мөнгө шилжүүлээд авий мөнгө шилжүүлэх хүн одоо хийх гээд байгаа юм аа таны данс руу мөнгө шилжүүлээд таксины жолооч гуйгаад карт руу нь шилжүүлээд бэлнээр шилжүүлээд авчихая гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөөнөөс ирсэн хүн мөнгө төгрөггүй явж байгаа юм байна тус болье гэж бодоод л тэг тэг гээд зөвшөөрөөд өөрийнхөө Хаан банкны 5020669921 дугаарын дансаа өгсөн. Тэгсэн чинь миний данс руу Хаан банкны 5019148431 дугаарын данснаас 300.000 төгрөг ороод ирсэн. Миний данс руу 300.000 төгрөг шилжүүлснээс 11.700 төгрөгөөр ТҮЦ-нээс ус ундаа авсан. Мөн таксины жолоочийн данс руу 261.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тамхи авахаа мартчихсан байна гэхээр нь би өөрт байсан 7500 төгрөгөөр тамхи асаагуур авч өгөөд дансанд байгаа мөнгөнөөс нь хасаж тооцсон. Тэгээд үлдэгдэл 20.000 орчим төгрөгийг тэр залуу надад баярлалаа та гэр рүүгээ таксинд суугаад яваарай та наад мөнгөө өөртөө үлдээчихээ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

 

-Д.Төгсжаргалын Хаан банкны 5019148431 дугаарын данснаас 5025215876 дугаарын дансанд 2022.01.03-нд 100.000 төгрөг, 5020669981 дугаарын дансанд 2022.01.04-нд 300.000 төгрөг тус тус шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэсгийн 54 дэх тал/,

 

-Т.Орхонсүрэнгийн Хаан банкны 5020669981 дугаарын дансанд Хаан банкны 5019148431 дугаарын данснаас 2022.01.04-нд 300.000 төгрөг шилжиж орж ирсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэсгийн 57 дахь тал/,

 

-Н.Очмаагийн Хаан банкны 5025215876 дугаарын дансанд Хаан банкны 5019148431 дугаарын данснаас 2022.01.03-нд 100.000 төгрөг шилжиж орж ирсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэсгийн 64 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Баттулгын өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сард Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Бласт” ХХК-ийн хашаанд өөрийн эзэмшлийн давхар чиргүүл холбодог долио тавьсан юм. Тухайн үед миний доль нь 8 ширхэг шинэ дугуйтай нь хүлээлгэн өгсөн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 13-нд авахаар ирэхэд обудтой 4 ширхэг дугуй нь алдагдсан байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандах болсон...Миний 4 ширхэг дугуй обудын хамт алдагдсан. Би алдагдсан 1 ширхэг дугуйг обудын хамт 900.000 төгрөгөөр үнэлж байна...Одоо надад нийт 3.600.000 төгрөгийн хохирол учирсан байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  84-85 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ганбаатарын өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой Цогтцэций сумын иргэн Адъяахүү над руу залгаж 4 ширхэг шинэ дугуй байна авах уу? Гэж холбогдсон. Тэгэхээр нь үнэ хэд вэ гэж асуухад 1 ширхгийг 500.000 төгрөгөөр зарна гэхээр нь би 1 ширхгийг 400.000 төгрөгөөр авья гэхэд Адъяахүү “За тэгвэл та сумын төв дээрээс портер аваад ир" гэж хэлсэн. Миний өөрийн дугуй байгаа юм гэж хэлээд манай хашаанд 21 цагийн орчим портер машин дээр 4 ширхэг дугуй ачаад аваад ирсэн. Би дугуйнуудыг нь буулгаад 1 ширхэг дугуйг 400.000 төгрөгөөр бодож нийт 1.600.000 төгрөгийг Адъяахүүд өгсөн...Би тухайн дугуйнуудыг өөрийнхөө эзэмшлийн Норд бенз маркийн машинд тавиад тээвэрт явж чадалгүй байсаар байгаад машинаа тэр чигт нь зарчихсан юм. Би хулгайн эд зүйл байсан гэж огт мэдээгүй. Би Адъяахүүгээс өөрөөс нь ямар нэгэн асуудалтай дугуй зараад байгаа юм биш биз дээ гэж асуухад үгүй миний өөрийн дугуй байгаа юм гэж хэлж байсан...Би машинаа 202 оны 12 дугаар сарын эхээр Ганбаа гэх хүнд зарсан бүтэн нэрийг нь сайн санахгүй байна. Одоо миний машин хаана явж байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр дугуйнууд бүгд ашиглагдаад дуусаан байх гэж бодож байна... " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

 

-Ж.Ганбаатарын Хаан банкны 5555078219 дугаарын данснаас Хаан банкны 5587019904 дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “нүдээ” гэх утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 111 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Адъяахүүгийн өгсөн “...Цогтцэций сумаас баруун зүгт байдаг хөдөө гэртээ байж байгаад манай урд талд байдаг тэсэлгээний кемпийн манаачаар би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх сайн санахгүй байна кемпийн хашаан дотор байсан Чиргүүл чирдэг машины ар талын 4 ширхэг дугуйг обудтай нь тайлж аваад тэр өдөрт нь хүн дуудаад Цогтцэций сум руу заруулсан. Би хамт явж нэг дугуйг 400.000 төгрөгөөр зарж нийт 1 600.000 төгрөгөөр зарсан. Би 2021.01.02-03-ны өдрүүдэд байсан санагдаж байна. Би тэр үед Улаанбаатар хотод Саппоро төвийн ард талын буудалд байж байгаад 88110110 дугаар руу залгаад “тэмээний мах авах уу, зар тавьсан байна гэж хэлсэн чинь тэр хүн тэмээний мах авна гэхээр би "тэмээний мах зарна, Цогтцэций сумын уурхай дээр хүрээд очье. Түлшний мөнгө хэрэгтэй байна" гэж хэлээд тэр хүнээс нийт 400.000 төгрөгийг дансаар авч ойр зуурын хэрэглээ буудал хоолны мөнгө гэж үрээд дуусгасан ...Би архи ууж байгаад хүнээс 400.000 төгрөг авсан. Машины дугуйг бас архи уусан согтуу үедээ аваад бусдад зарчихсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Адъяахүү нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх ба шүүгдэгч Ц.Адъяахүү нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Бласт” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Бласт” ХХК-ийн хашаанд орхисон буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох давхар чиргүүл чирдэг долийн 4 ширхэг дугуйг худалдан борлуулж, Ч.Баттулгад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

“Залилах” гэж бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байхыг хэлэх ба шүүгдэгч Ц.Адъяахүү нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Саппорогийн ард талын буудалд байрлаж байх үедээ Д.Төгсжаргалын фэйсбүүк цахим орчинд “тэмээний мах авна” гэж байрлуулсан зарын дагуу холбогдож “Тэмээний мах зарна, түлшний мөнгө явуулчих махаа авч очоод үлдэгдэл тооцоогоо хийе” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Хаан банкны 5025215876, 5020669981 дугаарын дансуудаар нийт 400.000 төгрөгийг шилжүүлэн авч, Д.Төгсжаргалд 400.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Ц.Адъяахүүгийн дээрх үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Адъяахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Адъяахүүг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Адъяахүү, түүний өмгөөлөгч И.Олонмөнх нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Д.Төгсжаргал, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Ч.Баттулгыг тус тус томилсон нь үндэслэлтэй, тэд гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 27, 80 дахь тал/

 

Хохирогч Ч.Баттулга нь “Бласт” ХХК-ийн хашаанд орхисон давхар чиргүүл ачдаг долийн 4 ширхэг дугуйгаа алдаж, түүнд 3.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 616 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “4 ширхэг дугуй нэгжийн үнэ 800.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн  84-85, 115 дахь тал/,

 

Хохирогч Д.Төгсжаргал нь өөрийн Хаан банкны 5019148431 дугаарын данснаас 5025215876 дугаарын дансанд 2022.01.03-нд 100.000 төгрөг, 5020669981 дугаарын дансанд 2022.01.04-нд 300.000 төгрөг тус тус шилжүүлж хохирсон болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтас хэсгийн 31-32, 54 дэх тал/

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүгээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Баттулгад, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Төгсжаргалд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ц.Адъяахүү нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Бласт” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр “Бласт” ХХК-ны хашаанд орхисон буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох давхар чиргүүл чирдэг долийн 4 ширхэг дугуйг худалдан борлуулж, Ч.Баттулгад 3.200.000 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ц.Адъяахүү нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Саппорогийн ард талын буудалд байрлаж байх үедээ Д.Төгсжаргалын фэйсбүүк цахим орчинд “тэмээний мах авна” гэж байрлуулсан зарын дагуу холбогдож “Тэмээний мах зарна түлшний мөнгө явуулчих махаа авч очоод үлдэгдэл тооцоогоо хийе” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун далдлах замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Хаан банкны 5025215876, 5020669981 дугаарын дансуудаар нийт 400.000 төгрөгийг шилжүүлэн авч, Д.Төгсжаргалд 400.000 төгрөгийн хохирол учруулсан “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялын нийт хугацааг 3 жил байхаар тогтоолгох” саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс “...шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс улсын яллагчаас шүүгдэгчид хорих ялаар шийтгэх санал гаргасан нь

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзсэн ба шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...би зүрхний шигдээс гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн” гэх мэдүүлэг, эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, хорих ялын хугацааг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Адъяахүү нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчид нарт хохирлыг ажил хөдөлмөр эрхлэхээрээ төлнө. Мөн гэр бүл ах, дүү нараас дэмжлэг авч төлнө...” гэж мэдүүлсэн ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нөхөн төлөх талаар ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогч нартай хохирлын талаар харилцан ярилцаагүй, эвлэрсэн зүйлгүй, хохирлоо хэзээ, ямар эх үүсвэрээс, хэрхэн төлөхөө илэрхийлж чадаагүй учраас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байх тул шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн гаргасан “...шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах” саналыг үндэслэлгүй гэж үзэж, саналыг хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Адъяахүүд хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2229000330038 дугаартай хэрэгт 2229000010041 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдав.

 

Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЗ/124 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчийг албадан ирүүлж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоосон боловч уг захирамжаар шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Хунцагаан овогт Цэцэгжаргалын Адъяахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяахүүгээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Баттулгад, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Төгсжаргалд тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч нь Ц.Адъяахүү нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2229000330038 дугаартай хэрэгт 2229000010041 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Адъяахүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН