Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1190

 

2022         08         10                                          2022/ШЦТ/1190

 

                             

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч М.Оюунбат

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ш-ийн Б-т холбогдох эрүүгийн 2206 00000 1874 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, 299 гэх паб караокены 2 давхрын 3 тоот өрөөнд 23 настай, эмэгтэй Б овогтой А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байх үед нь хохирогчийн өмд рүү нь өөрийн гарыг оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, улмаар өмдийг нь хүч хэрэглэн тайлж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:   

- Хохирогч Б.Аг-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчимд нөхрийн хамт хоёр найзтайгаа уулзахаар болж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ногоон саарал өнгийн 299 нэртэй караоке пабын №3 тоот өрөөнд орсон. Тэгээд бид 1 литр эден, 0.75 литрийн Соёрхол архи авч дөрвүүлээ хамт уусан бөгөөд манай нөхөр архинаас 1-2 татаад уугаагүй тул би гэр бүлийн хоёр найзын хамт хувааж уусан юм. Би уугаад, дуу дуулж байгаад өөрийн ухаангүй болсон бөгөөд өнөөдөр өглөө сэртэл “нөхөр чи юу болсон талаараа санаж байна уу, чамайг хүн хүчиндсэн цагдаа дээр очоод бичлэгээ үз" гэж хэлсэн. Би дуу  дуулж байснаа л санаж байна, өөр зүйл санахгүй байна.Өглөө сэрээд би 00 орж бие зассан, усанд ороогүй, өмсөж байсан дотуур өмдтэйгөө байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

- Гэрч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...эхнэр тасарчихаар нь би 00 цаг 50 минутын орчимд өргөж гарч чадахгүй байсан тул №3 дугаарын өрөөнд шалан дээр үлдээгээд такси барихаар хамгаалагчийг нь дагуулж гарсан юм. Такси зогсоогоод буцаж орж ирэхэд №3 дугаарын өрөөний үүдэнд нь нэг эмэгтэй хаалга дараад зогсож байхаар нь би эхнэрээ авъя гэхэд байж байх хэлээд гараас бариад авахаар нь түлхэж унагаагаад өрөөнд орж ирэхэд өрөөний голд эхнэр шалан дээр хэвтэж байсан бөгөөд өмд нь тайлагдсан байсан. Хаалганы ард нэг залуу өмдөө татаад зогсож байсан. “Тэгээд чамд ямар хамаатай юм, чи юу юм, хэн юм” гэх зэргээр намайг хэл амаар доромжпоод байсан ба намайг түлхээд, нэг удаа мангасдсаъ. Манай эхнэр тасарсан ухаангүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны орой №3 дугаарын өрөөнд орсон хүмүүсээс эхнээсээ гарч эхэлсэн бөгөөд эхнэр нь тасраад уначихсан, дийлэхгүй байна гээд манай ажилтантай хамт гарсан. Тэгээд такси бариад нөхөр нь эхлээд дээшээ гарсан бөгөөд удалгүй орилолдоод эхэлсэн, бид нараас нь гүйгээд очиход эхнэрийнх нь өмдийг тайлчихсан шалдан байсан. Тэгтэл нөхөр нь өрөөнд байсан улаан цамцтай залуутай маргалдаж байсан, уг улаан цамцтай залуу нь №2 дугаарын өрөөнд үйлчлүүлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өрөөнөөс гараад хажуу өрөөг онгойлгосон чинь шалан дээр нэг эмэгтэй нүцгэн хэвтэж байсан ба хажууд нь нэг залуу зогсож байсан, би эргээд өрөөндөө ороод Б “чиний хамт явж байсан залуу нөгөө орилоод байсан эмэгтэйг нүцгэлчихсэн байж байна гэж хэлсэн. Би буцаж нөгөө өрөөний хаалгыг нээхэд хажууд нь зогсож байсан залуу өмдөө шувталсан байсан. Шатаар гарч ирсэн хоёр залуугийн нэг нь намайг холд эхнэрээ авъя гэхээр нь би оруулаагүй байж байтал намайг хойш түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6128 дугаартай: “...Б.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.А-ийн үтрээний наалдац арчдасанд эр бэлгийн эс илэрсэн. ДНХ-ийн харьцуулах шинжилгээ хийх шаардлагатай. Б.А нь АВО системээр 0/1/ бүлгийн цустай байна. Б.Агиймаа нь бэлгийн замын халдварт ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихаминиод өвчингүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, 299 гэх паб караокены 2 давхрын 3 тоот өрөөнд 23 настай, эмэгтэй Б овогтой А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байх үед нь хохирогчийн өмд рүү нь өөрийн гарыг оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, улмаар өмдийг нь хүч хэрэглэн тайлж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орж хүчиндсэн нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.А-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүнийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.  

Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ. 

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нь хохирогчид хохиролд 2 сая төгрөг төлж хохирогч гомдол саналгүй гэснийг дурдлаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Ш-ийн Б-ыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй согтуурсан үед хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орж, хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 2.5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар *******-т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ